Нүүр хуудас Эдийн засаг 2017 онд зэсийн экспортын орлого өмнөх оныхоос буурах хандлагатай.

2017 онд зэсийн экспортын орлого өмнөх оныхоос буурах хандлагатай.

306
0

Дэлхийн зэсийн салбарын эрэлт, нийлүүлэлтэд  Чили зэсийн нөөц, олборлолтоор тэргүүлж, 2016 онд дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 23 хувийг дангаараа бүрдүүлсэн. Харин БНХАУ зэсийн хамгийн том хэрэглэгч бөгөөд хүдэр, цэвэршүүлсэн зэсийн импортоор тэргүүлдэг. Зэс цэвэршүүлэлтээр БНХАУ, Чили Япон Улс тэргүүлдэг бол цэвэршүүлсэн зэсийн экспортоор Чили, Замби улсууд тэргүүлж байна.

Зэсийн арилжаа хийгддэг үндсэн биржүүд нь АНУ-ын Comex, ИБУИНВУ-ын LME, БНХАУ-ын SHFE байдаг. Дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн төлөвлөгөөний дагуу 2017-2021 онуудад зэсийн нийлүүлэлтийн хэмжээ жилд дунджаар 0.5 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна.

Дэлхийн зэсийн эрэлт 2016 онд 23.4 сая тонн байж, үүний 45 хувийг БНХАУ дангаараа бүрдүүлсэн. Тус улсын 2020 он хүртэл баримтлах  эрчим хүчний салбарын шинэчлэл, хотжилтыг дэмжих, хуучин орон сууцыг шинэчлэх зэрэг бодлогоос шалтгаалан БНХАУ-ын зэсийн эрэлт 2017 онд 4 хувиар, 2020 он хүртэл жил бүр 2 хувиар өсөх хандлагатай байна. Мөн Евро бүсийн орнуудын зэсийн хэрэглээ барилга, автомашины үйлдвэрлэлийн салбарт өсөх төлөвтэй. Чили болон Индонези Улсад орших дэлхийн хамгийн том уурхайнуудад саатал гарсан, БНХАУ эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан, Лондонгийн металлын биржийн агуулахын нөөцийн хэмжээ сүүлийн 20 жилд байгаагүйгээр нэмэгдсэн, АНУ-ын Холбооны нөөцийн банк (ХНБ) бодлогын хүүгээ өсгөсөн зэрэг нь зэсийн үнэ сүүлийн саруудад хэлбэлзэхэд нөлөөлөв.

Олон улсын шинжээчид 2017 онд зэсийн үнэ буурч, 1 тонн зэс 5500 ам.долларт хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Энэ нь нийлүүлэлт эрэлтийн хэмжээнээс 160 мянган тонноор илүү байх төсөөлөл, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал болон баримталж буй бодлого, АНУ-ын ХНБ-наас бодлогын хүүгээ 2017 онд дахин 2 удаа өсгөх магадлал, агуулах дахь зэсийн нөөцийн хэмжээ хурдацтай өсч буй зэргээс шалтгаалж байна. Монгол Улс зэсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт, зэсийн олборлолтын хэмжээгээр 17 дугаарт, зэсийн хүдрийн экспортоор тавдугаарт бичигджээ. Энэ нь зэс олборлогч ихэнхи орнууд зэсийн хүдэр бус цэвэршүүлсэн зэс экспортолдогтой холбоотой.  Зэсийн салбар нь 2016 онд 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортлон 1.7 тэрбум ам.долларын экспортын орлогыг бүрдүүлж, нийт экспортын 36 хувийг дангаараа эзэлсэн байна.

Зэсийн экспортын 62 хувийг “Оюу Толгой” ХХК, 30 хувийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тус тус эзэлдэг. Үнийн бууралтаас үүдэн 2017 онд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.3 сая тоннд хүрч, экспортын орлого 1.4 тэрбум ам.доллар байх төлөвтэй. Ингэснээр зэсийн салбар нийт экспортын орлогын 31 хувийг бүрдүүлэн, 2016 оны үзүүлэлтээс 5 нэгж хувиар буурах магадлалтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here