Нүүр хуудас Улс төр Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийг нууцлах далдлах ажлыг 4-5 прокурор хийж байгаа!

Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийг нууцлах далдлах ажлыг 4-5 прокурор хийж байгаа!

310
0
said-Nyamdorj
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хийсэн мэдээллээс хүргэж байна /2019-03-29/

     Төрийн ордонд сэтгүүлчдэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлсэн /2019-03-29/. Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хийсэн мэдээллээс хүргэж байна.

Би өмнө Содномдаржаа, Чимгээ нарын ар гэрийнхээс уучлалт гуйсан. Одоо би нэг хүний дэргэд дахин нэг уучлалт гуйя. Гэртээ эхнэртэй хүүхэдтэйгээ шатаж нас барсан Отгонбаатар гэдэг залуугийн ээжээс нь, миний дэргэд сууж байгаа төрсөн ахаас нь, гэр бүлээс нь Монгол Улсын хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд уучлалт гуйж байна. Та нарын сая үзсэн бичлэгт “Паар” гэж яригдаад байсан. “Паарыг шатаасан биз дээ” гэж дайраад байсан. Тэр Паар гээд байгаа залуугийн ах нь юм байгаа юм. Отгонбаатарын ээж 80 гарсан хөгшин байгаа. Энэ асуудлыг сонссоны дараа гурван удаа эмнэлэгт хэвтсэн. Эрдэнэтийн Тагнуул тэр 80 гарсан хүнийг өдөржин байцаасан. Эд нар дээр бас дагасан, барьсан гүйцэтгэх ажил явсан. Одоо тэнд амьдрахад хэтэрхий хүнд, хүн болгон л чичилдэг болсон.

– Содномдаржаагийн ээж нь 77, 78 настай Жавзмаа гээд хөгшин байгаа. Энэ хүн хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийсэн. Чимгээгийн ээж нь дахиад нэг 80 гарчихсан хөгшин байгаа. Энэ гурван настай хүн л маш их зовж байгаа шүү. Миний муухай ааш гаргаж зүтгээд байгаа нь энэ гурван хүнийг амьд байхад хүүхдүүд нь алуурчин биш байсан шүү гэдгийг ойлгуулчих юм сан.

– Монголын шүүх Амгаланбаатар мессэжинд бичсэнээр хэргийг шийдсэн. Шийдвэр аль 14-нд мессэж бичиж эхэлснээс гаргачихсан байсан. Хамгийн гайхалтай нь тэр хэрэг явдал гарахад хоёр хүн ороод гарсан гэдэг нь гарцаагүй болчихсон. Хэрэг хийгээд яг хаалгаа онгойлгоод доошоо буухад нь хоёр хүүхэд шатан дээр сууж байсан гэдэг. Гэтэл одоо дөрөв болчихсон. Яагаад дөрөв болсон юм бэ гэхээр хариулт байхгүй. Тэр хоёр хүүхэд 1998 оны аравдугаар сарын 2-ны 23.45 минутад “Зөгий” гэдэг америкийн кино 25 дугаар суваг телевизээр үзэж дуусчихаад коридортоо гарч юм яриад зогсож байхад нь дээрээс нь хаалга онгойлгож эрэгтэй, эмэгтэй хүн цуварч буусан. Тэгээд гайхаад нэг нь талийгаачийн гэр рүү, нөгөө нь хүмүүсийн хойноос явсан чинь алга болсон байсан гэдэг. Гэтэл хоёр хүүхэд байсныг дөрөв болгож үржүүлсэн.

-Хуулийн хүрээнд журмаараа ажиллаж байгаа хорих байр бий шүү. Намайг шорон их бариулсан гэдэг. Би зөндөөг бариулсан нь үнэн. Ийм юм болгохгүй гэж камерын хяналтад оруулж, бүгдэн дээр нь хянагч хараад суух боломжийг олгосон. Бүгд камераар давхар хянаж байгаа. Ийм хяналтад оруулахгүйн тулд подвалыг 2000 оноос ашиглахгүй болсон байсныг зориуд урьдчилж бэлдсэн. Тэгээд тагнадаг, чагнадаг төхөөрөмжөө суурилуулсан. Тэр ажлыг нь ТЕГ-т ахлах дэслэгч цолтой байж байгаад гэнэт ШШГЕГ-ын гүйцэтгэх хэлтсийн дарга болсон дэд хурандаа цолтой хүн зохион байгуулсан. Би тэр хүнийг халсан. Сая тэр хүнийг цагдан хорин тухай ярихад прокурорынхон хамгаалаад сулласан.

-Ер нь энэ хэргийг нууцлах далдлах ажлыг 4-5 прокурор хийж байгаа. Тэдний нэгэнд нийслэлийн прокурор Баярмагнай орно. Би прокурорын байгууллагад 10 жил ажиллаж, мэргэжил гэдэг зүйлийг олж авсан хүн. Энэ байгууллагадаа хайртай. Прокурорын хоёр хуулийг батлуулсан хүн. Хянадаг алдаа гаргахаас сэргийлдэг газрыг ийм байгууллага болж хувиргасанд одоо хүртэл бий харамсдаг. Энэ бүх ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат гэдэг хүн шууд гардан хийсэн. Гүйцэтгэх ажиллагаа, мөрдөх, шалгах, шүүхээр яллах гээд дөрвөн төрлийн ажлыг нэг хүн хийсэн. Ийм зүйл угаасаа байж болдоггүй.

-Прокурор, АТГ, шүүх гээд бүгд нийлж байгаад энэ балмад юмаа хийсэн. Зорилготой шүү. Захиалагч, зуучлагч, хамжигч гэдэг зүйл тэр дотор нь байнаа, байна. Мөнгө төгрөг өгсөн, тэгж өгсөн гээд худлаа зүйлс ч зөндөө байна. Нэг болохоор дугтуйтай мөнгө, нэг болохоор чемодантай мөнгө гэж ярьж байна. Тэрэнд нэр холбогдсон хүнийг асуудаггүй, нүүрэлдүүлэхгүй, учрыг нь олохгүйгээр шууд ял тулгаад шийдсэн.

-Шүүх хурлын өмнө Амгаланбаатарын өмгөөлөгчөөр тусгай ажилтан байсан хүн орсон. Тэр хүн даалгавартай орсон. Дагалдан хийж байгаад шүүх хурал болоход гэнэт өмгөөлөгчийн эрх өгч шүүх хуралд оролцуулсан. Давж заалдахдаа миний үйлчлүүлэгч энэ хэргийг илчилж, гавьяа байгуулсан. Захиалагч, зуучлагчийг, хамтрагчийг хамтад нь шийтгэж өг гэж шүүх хурал дээр гомдол гаргасан. Ийм өмгөөлөгч гэж байх уу.

-ТЕГ-ын дарга асан Хурц, прокурор Эрдэнэбат нарыг аль алиныг нь шалгах ёстой. Шалгах байлгүй. Энэ бүх ажлыг гардаж зохион байгуулсан хүн энэ хоёр шүү.

-Сонгуультай холбож энэ асуудлыг яриагүй шүү. Олон талаас нь судалж, нотолж байж үүнийг ярьж байгаа шүү. Иргэд хэлсээр хэлмэгджээ гэдэгт 150 хувь итгэлтэй байсан. Шүүхийн бүх шийдвэрийг уншиж үзсэн. Хүн тарчлаан зовоосныхоо төлөө генерал цол авсан хүн байна ш дээ. Жишээ нь, энэ хэргийг давахаар оруулсан шүүгч Дээд шүүхийн шүүгч болсон. Дээд шүүхийн хуралд танилцуулсан шүүгч Дээд шүүхийн Эрүүгийн танхимын орлогч болсон. Хэргийг будилаантуулсан прокурор Дээд шүүхийн шүүгч болохоо шахсан. Хүн хилс хэрэгт гүтгэснийхээ төлөө шагнал авдаг, хэрэг шийддэг шүүх цагдаатай болсон нь үнэн.

-2012, 2013 оноос хойш хонгил гэж яриад байгаатай холбоотой хэдэн айхтар хэрэг бий. Түүнээс өмнө асуудал харьцангуй гайгүй байсан. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаярын үед ч тэр Ерөнхийлөгч шүүх, хууль хяналтын байгууллагын ажилд оролцоод байдаггүй байсан юм. 2012, 2013 оноос хойш эрүүдэн шүүх ажиллагаа газар авсан. 2012 оны наймдугаар сард намайг явснаас хойш энэ гаарсан.

-Татварт ажиллаж байсан Энхбат гэж хүн Хурцтай тааруу харилцаатай байсан. Үүнээс болоод шоронд хийсэн гэсэн асуудал яригдаж байсан. Тэр хэрэг дээр Жаргал гэдэг шинжээч дүгнэлт гаргасан. Ингэхдээ машин, байр хахуульд авч хуурамч дүгнэлт гаргасан гээд хоёр, гурван сар хорьсон.

-Би ч Булганыг ойлгохоо байсан. Анх хохирогч байсан. Дараа нь энэ хэрэгт сэжиглэгдэж 10 сар хоригдсон. 10 сар хоригдохдоо гуравхан удаа мэдүүлэг өгсөн. Ингэхдээ эдгээр хүмүүс хүн алсан хүмүүс биш гэж хэлсэн. Тэгэхээр нь суллаад шүүх хуралд оруулалгүй, Булганы дээр үед өгсөн ам зургаар энэ хүмүүсийг шийтгэсэн. Булган энэ хэргийг шийдвэрлэхэд тус биш ус болох мэдүүлэг өгсөн учраас шүүх хуралд оролцуулаагүй, юу ч биш болгоод хаячихсан. Булганаас надад дахин өргөдөл ирсэн. Тэрийг нь Ерөнхийлөгчөөс эхлээд том дарга нарт очсон. Одоо тэд тухайн үед 13 настай байсан миний охин руу дайрч байна гэсэн агуулгатай өргөдөл ирсэн. Энэ өргөдлийг цааш нь лавшруулж шалгана.

-Засгийн газар бичлэгийг нууцаас гаргасан. Гэхдээ олон нийтэд үзүүлэх ёстой, ёсгүй гэсэн байр суурь гишүүдийн дунд ч байна, сэтгүүлчдийн дунд ч байна. Гэхдээ үзүүлэхэд бас төвөгтэй шүү. Гишүүдэд үзүүлсний дараа нэг хэсэг нь шоконд орчихсон байсан. Царай нь барайгаад даралт яриад, дундаас нь гарч яваад, хэлэх үгээ олж аваад шоконд орсон байсан.

-2011 оны үед тэр сандлыг оруулж ирсэн. Ширээ шиг хажууд нь хүний гар, хөлийг даавуугаар чагталчихдаг. Хэсгийн төлөөлөгч нар дандаа согтуу хөлчүү юмтай зууралдаж байдаг. Согтуу хүн ирэхээр хөдөлгөөнийг нь хаагаад аминд нь халгүй болгочихъё гэж авсан. Сандаг-Очир явж байгаад авсан. Америкт бол сэтгэл мэдрэлийн эмнэлэг, дунд сургуульд хүртэл хэрэглэдэг эд. Энийг л яргын сандал гэж баахан дайрцгаасан.

-Чимгээгийн нөхөр Бямбасүрэн гэж хүнийг хориод “Цагаан сарын дараа эрээн яваад Чимгээд гутал авчирч өгсөн. Үдээстэй гутал байсан” гэсэн мэдүүлэг гаргуулж авсан. Тэгээд тэр гутлыг нь зочид буудлын хүний хэлсэн өнгөтэй тааруулсан санаа нь тэр.

-Амгаланбаатар одоо мэдүүлгээсээ буцаад эхэлсэн. Өргөдөл хүртэл бичсэн. Надад мессэж бичихийг зааж өгсөн. Мессеж бичих чадвар надад байхгүй. Тагнуулын ажилтнууд мессэж бичдэг байсан. Хэн ямар мессэж бичдэг байсныг би мэддэггүй байсан. Энэ гэмгүй хоёр хүнийг хэлмэгдүүлчихлээ. Суллаад өгөөч гээд өргөдөл гаргаад эхэлсэн.

-Дээд шүүх хүртэл энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой. Х.Баттулга Ерөнхийлөгч бид хоёр нэг л сэдвээр таардаг хүмүүс. Жудогоор таардаг улс шүү. Би дэмждэг. Бусдаар бараг таардаггүй. Гэхдээ энийг ингээд ярихаар хүн итгэдэггүй юм. Харин сая бичлэгийг үзээд үнэн юм байна гэж итгээд ийм шийдвэрүүд гарч байна.

-Эхлээд мэргэжлийн баримжаа байсан. Дараа нь баримтууд гарч ирсэн. Одоо бол би энэ хүмүүс хилсээр ял авсан гэдэгт 150 хувийн итгэлтэй болж байгаа. Би бүх шүүхийн шийдвэрийг уншиж үзсэн.

-Ажлын хэсгийнхний Зоригийн хэргийн илрүүлэх нэртэй хууль бус ажиллагааны баримт, мөнгө төгрөгийн асуудал Мөрдөн байцаах газар цаашдаа шалгах байх. Хилс хэргийн асуудлыг АТГ шалгаж байгаа. Прокурор бүрдүүлсэн хавтастай хэргээ мөрдөж байгаа газарт нь хүлээлгэн өгч шалгуулах ёстой. Прокурор материалаа өгөхгүй байгаа. Ийм балмад этгээдүүдийг прокурорын байгууллагаас үтэр түргэн зайлуулж, цэвэрлэх ёстой. Ашгүй тэр гол зохион байгуулагч Эрдэнэбат прокурор нь зайлж байх шиг байна. Шинэ прокурор томилогдоод үүнийгээ хийх байлгүй дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here