Нүүр хуудас Спорт NBA: Багууд эхний хорин тоглолтоо дуусгалаа

NBA: Багууд эхний хорин тоглолтоо дуусгалаа

136
0
NBA-01
NBA

Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг буюу NBA-гийн багууд энэ өдрүүдэд тус бүр хорь болон түүнээс дээш тоглолтууд гүйцэтгэж сунайсан урт улирлынхаа дөрөвний нэг замаа дуусгачихлаа.

Өөрөөр хэлбэл их, бага хэмжээгээр дүгнэлт өгч болохоор хугацаа өнгөрөөжээ. Мэдээж энэхүү сар хагасын хугацаа ирэх жил түрүүлэх багийг тодруулахгүй ч барианаасаа барьц алдалгүй гарч плей-оффт багтах хэмжээний чадал чансаа заах багуудыг харуулна.

Тиймээс багууд хэрхэн яаж наадав, хэн хаана бичигдэж юун дээр алдаж, онож явна вэ гэдгийг хэсэг анхаарах уу. Эхлээд ямар багууд итгэл найдварыг жаахан хөсөрдүүлж буйг харъя. Юун түрүүнд “Хьюстон Рокетс”-ын нэр дуудагдана.

Өнгөрсөн улирлыг 65 ялалттай өндөрлүүлж улирлын аварга хэмээн цоллуулж байсан баг энэ жилийг тун базаахгүй эхлүүллээ. Тревор Ариза, Люк Мба а Мутэ нарыг явуулж Кармело Энтониг авчирснаар өнгөрсөн улирлын чанга хамгаалалтаа алдаж сэлгээ муутай болсон.

Хамгаалалтын чанарыг дээшлүүлж байсан уг сагсчдыг алдах шалтгаан Крис Пол, Капелла хоёрын шинээр үзэглэсэн өндөр цалин гэж байгаа ч хамгаалалтын “нойль” мэдлэгтэй Мелогийн оронд өөр “хямдхан” хамгаалагч авсан бол ингэж доошоо унахгүй байлаа гэх хүмүүс олон байна.

Багийн лидер Харден “Тийм ээ, нэг хэсэг хэцүү байсныг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид саяхан дараалаад таван ялалт авч чадлаа. Мэдээж сэлгээ жаахан сул байна л даа. Бид үүнийгээ засах гээд оролдож байгаа. Дахиад 60 тоглолт дутуу байна, жигдрэнэ дээ” гэсэн байх юм.

Дорнод конференцийг манлайлна гээд байсан “Бостон Селтикс” бас гавьдаггүй ээ. Уг нь Хэйворд ороод ирчихсэн, Ирвинг өвдөгний гэмтлээ илаашруулж өндөр түвшинд тоглож буй гэхэд ялалт, ялагдал хосолсоор. Энэ жилийн “Бостон”-гийн тааруухан байгаа шалтгааныг Гордон Хэйвордтэй их холбоод байх шиг.

Талбайн нэг талд буюу зөвхөн довтолж буй үед тоглодог, тэр үедээ цаг их уядаг, хамгаалалтад шон мэт хөдөлгөөн муутай гэх зэргээр. Үнэний тал байх магадлалтай иймэрхүү шалтгаанаас үүдээд Стивенс түүнийг гарааны таваас хасчихсан. Хорфорд, Смарт хоёроос бусад нь ноднин жилийнхээ түвшингийн хэмжээнд хамгаалан тоглож чадахаа больчихлоо.

Смартын “Биднээс айхаа больчихлоо. Өнгөрсөн жил бид талбайд гарахдаа ясаа цайртал үзэлцэнэ гээд босдог байсан. Тийм ч учраас өрсөлдөгчид маань биднээс гал маналзуулсан тэмцлийг хүлээдэг байж. Харин одоо бушуухан бидэнтэй тоглож оноо авах юмсан гэдэг болчихож. Хэтэрхий нялцгай тоглоод байна, тэгээд л хожигдож байхгүй юу” гэж өөрсдийгөө дүгнэсэн.

Дээрх хоёр баг дээр нэмээд “Кливлэнд” азгүйчүүдийн эгнээнд багтана. Сүүлийн гурван жилийн конференцийн аварга багийн хувьд харин азгүйтэлд нь асар том шалтгаан бий. Тэр мэдээж “Хаан” Леброн Жэймс нутаг сэлгэсэнтэй холбоотой бөлгөө.

За одоо харин сэтгэл сэргээтэл наадаж буй ганц нэг багийг онцолъё.

Шилдэг багууд хахсан Өрнөд конференцийг яг одоо “Голден Стэйт” биш, “Хьюстон Рокетс” ч биш сүүлийн хэдэн жил тус багийг чимж явсан бүх лидерээ “хөөгөөд” явуулчихсан “Лос Анжелес Клипперс” тэргүүлж байгаа. Гойд онцгойрох лидергүй мөртлөө уг баг яагаад ийм сайн тоглоод байна вэ.

Тоби Харрис гэдэг солгой залуугийн “од шүүрсэн” тоглолтууд юуны өмнө уг багийг чимж байна. Тэр яг одоо Дюрант, Клей Томпсон, Кайри Ирвинг нараас илүү оновчтой довтолж байна. Бас сэлгээнээс гарах Лу Уильямс, Галлинари нарын чанартай тоглолт, Гортат, Харрел гээд төвийн тоглогчдын хамгаалалт сайжирсан гэх мэтийн үзүүлэлтүүд “Лос Анжелес Клипперс”-ийг дээш нь шидлээ.

Улирал эхлэхийн өмнө драфтын төлөө өрсөлдөх багуудын нэг хэмээн муулж байсныг санах аваас үүн шиг том амжилт гэж юу байх билээ. “Клипперс”-ийн дараа Өрнөд бүсэд “Денвер Наггетс” жагсаж буй нь бас нэгэн гайхам өөрчлөлт буюу. Өрнөд бүсийн шилдэг найман багийн хожил, хожигдлын зөрүү ганц нэгхэн ялалт ялагдлаар хэмжигдэж буй.

Гэвч “Денвер” санамсаргүй дээр бичигдээгүй, сайн тоглож чадлаараа оройд гарсан гэдгийг Леброн Жэймстэй “Лейкерс”-ийг хоёронтоо нураасан, “Голден Стэйт”-ийг Карри Гринтэй нь хамт хожиж байсан тоглолтууд батална.

Бат-Эрдэнэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here