Нүүр хуудас Нийгэм Утааны эсрэг жагсаалд урлаг соёлынхон нэгдэхээр боллоо

Утааны эсрэг жагсаалд урлаг соёлынхон нэгдэхээр боллоо

313
0

Утааны эсрэг жагсаалд Никитон, SweetYmotion, Хар сарнайн Амараа, lemons, нар дуулна.
Ээж аавуудын санаачлагаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдэн оржээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр Утааны эсрэг ээж аавууд жагсаал хийж 4000 гаруй хүн цугласан билээ. Гэвч шинэ жилийн он солигдох мөчид Сүхбаатарын талбайд зохиогддог шоунд 100 мянга орчим иргэд жил бүр цугладаг байна. Энэ тоог харьцуулан шүүмжлэсэн сэтгэгдлүүд сошиал ертөнцөд нэлээд ажиглагдсан юм. Тиймээс урлагийнхан Утааны эсрэг дахин жагсахаар бэлдэж байгаа ээж аавуудтай нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаалын үеэр дуулахаар болжээ. Батчулуун, Чинбат нар Утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсныгаа хурдасгаж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болжээ. Түүнчлэн “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараа Take off хамтлагтай хамтарч УТААны тухай дуу зохиосноо “БООЖ ҮХЛЭЭ!” жагсаал дээр дуулах юм.

Утаанд дарлагдаж бууж өгөлгүй, чадах бүрээрээ тэмцэхийг уриалсан дуунууд ийнхүү ар араасаа төрж УТААны эсрэг нийгмийн хөдөлгөөнд урлагийнхан давалгаалан орж ирлээ. УТААны тухай гурван дуу бүтээгдээд байгаа бөгөөд 28-ны өдрийн жагсаалд дээр дуулагдах юм.
DJ Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожектийн хамт олон УТААНы эсрэг жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа ажээ. Энэ удаагийн жагсаалын нэр “Боож үхлээ” бөгөөд сэтгүүлч Алтантүрүү жагсаалыг хөтлөж, Лемонс хамтлаг, жазз дуучин Хулан, Mr.Dogs хамтлаг, Чоно хамтлагийн дуучин Дэрмээ нар ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр оролцох аж. Жүжигчин СТА Д.Оюунтуул, А.Туяа нар жагсаалыг дэмжиж зохион байгуулалтын ажилд туслахаа илэрхийлсэн байна.

Эндээс харахад УТААГ эсэргүүцэх жагсаал нь нийгмийн бүх салбарын төлөөлөгчдийг хамарсан илүү өргөн хүрээтэй хөдөлгөөн болон тэлж байна Мөн зохион байгуулагчдын зүгээс НҮБ-с Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон Камертон хамтлаг, Рокет Бэй нарыг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан, хариу хүлээж байгаа юм байна. Нэгдүгээр сарын 28-ны бямба гараг буюу амралтын өдөр 12.00цагаас Сүхбаатарын талбайд утааны эсрэг “БООЖ ҮХЛЭЭ” жагсаал болох юм. Жагсаалыг санаачлан зохион байгуулж байгаа “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-тай 96610308, 88333123 утсаар холбогдох боломжтой ажээ . Жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноо зохион байгуулан олноор оролцохыг ээж аавууд уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here