Нүүр хуудас Спорт МУГТ Н.Төгсцогт: Миний зорилго бүх холбооны бүсийг авах

МУГТ Н.Төгсцогт: Миний зорилго бүх холбооны бүсийг авах

67
0
Togstsogt
Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, зарим асуултад хариулт өглөө. /2019-0606/

Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, зарим асуултад хариулт өглөө. Тэрбээр IBO холбооны аваргын бүс хамгаалах тулаан хийхгүйгээр дараагийн тулаанаа WBC холбооны аварга Гарри Расселтэй хийхээр болжээ.

-Дараагийн тулааны тов гарсан уу?

-“Fox” телевизээс ирэх наймдугаар сарын 3-нд тулааны өдрийг товлосон. Тулааныхаа өмнө эх орондоо сайхан амрахаар шийдсэн. Гарри Рассел энэ тулаанд оролцохгүй бол түүний бүсийг хурааж авч магадгүй. Одоогоор бидэнд албан ёсны хариу ирээгүй байна. Миний өрсөлдөгч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд маш цөөхөн тулаан хийсэн. Гарри Расселын гар гэмтэлтэй учир жилд ганц л тулаан хийдэг. Тиймээс холбооны зүгээс ч түүнд хангалтгүй дүн тавьж байгаа. Энэ тулаанд Гарри орохгүй байсан ч би өөр тамирчинтай, Гарри Расселаас хурааж авсан бүсний төлөө тулалдана.

-Тулааны бэлтгэлдээ орсон уу?

-Тулааны бэлтгэл хараахан тулаагүй байгаа. Гэхдээ ялна гэдэгтээ итгэлтэй байна.

-“Venum” брэндтэй гэрээ байгуулсан гэсэн?

-Тийм. Спортын “Venum” брэндтэй нэг жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээний хугацаанд тус брэндийн тамирчин болж байгаа.

-Таны одоогийн зорилго юу вэ?

-Дэлхийн аваргын бүсийг өөрийн болгохоос гадна бүх хүнд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч байна. Тулааны спорт эрүүл мэндээс авахуулаад олон аюул эрсдэл гаргадаг. Тийм ч учраас “том, жижиг” тулаан гэсэн ойлголт байх ёсгүй. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний тулаан, авсан бүсийг “том, жижиг” гэсэн утгатай мэдээлэл гарсан. Миний зорилго бүх холбооны бүсийг авах.

-Танд өөр орноос иргэншлээ солиоч гэсэн санал ирсэн үү?

-Надад тийм санал урьд өмнө ч, одоо ч ирээгүй. Өмнө нь сонирхогчийн боксоор хичээллэж байхдаа би шилдэг тамирчдын нэг байсан. Тэр үед ч энэ төрлийн санал ирээгүй. Ирсэн ч зөвшөөрөхгүй.

-Бэлтгэлээ эх орондоо хийж болох уу?

-Монголд, АНУ-д бэлтгэл хийх тэс ондоо. Учир нь энэ спортод Америк сургуулилт гэж бий. Би суралцаад 60-70-тай хувьтай явж байна.

-Мэргэжлийн бокс руу орох шийдвэрээ яг хэдийд гаргасан бэ?

-Би хүүхэд байхаасаа л мэргэжлийн боксын дэвжээнд гарахыг хүссэн. 17 настай байхдаа ч мэргэжлийн боксын аварга болоод Монгол Улсынхаа нэрийг өргөнө гэж ярьдаг байсан. Энэ миний таван настайгаасаа хойш мөрөөдсөн мөрөөдөл. Гэтэл “Инчён-2014” Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэний дараа энэ ялагдлаасаа болж мэргэжлийн бокст орсон гэх мэдээлэл тарсан. Үнэндээ намайг Монголд сонирхогчийн боксын бэлтгэл хийж байхад гадны миний үеийн боксчид мэргэжлийн бокс руу хэдийн ороод надаас илүү амжилт гаргаад, ур чадвар нь сайжирч эхэлсэн. Тиймээс эргэж буцалтгүй мэргэжлийн бокс руу орсон.

Би олимпийн наадамд түрүүлсэн Куба улсын тамирчныг ялаад олимпийн аварга болсныхоо дараа мэргэжил рүү шилжихийг хүссэн. Гэвч олимпийн наадмыг хүлээлгүй явахаар шийдсэн.

-Таны араас залуу тамирчид мэргэжлийн бокс руу орох боломжтой юу?

-Боломж байгаа. Хэрвээ монгол боксерууд мэргэжлийн бокс руу орох боломж гарч ирвэл бүгдэнд нь туслахыг хичээдэг.

-Өөрийн тулаанаа эх орондоо зохион байгуулах боломжтой юу?

-Би Монголдоо тулаан хийх боломжтой. Нэг удаа менежер маань “Чиний сүүлийн хоёр тулааныг үзэхээр маш олон монгол үзэгч ирсэн. Тиймээс Монголд тулаан зохион байгуулвал маш олон үзэгч үзэх байх” гэсэн. Би дэлхийн аваргын бүс авсныхаа дараа эх орондоо тулаан хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ бүсээ авсныхаа дараа хэд хэдэн удаагийн бүс хамгаалах тоглолт хийнэ. Түүний дараа монголын үзэгчиддээ маш гоё тоглолт үзүүлэх болно.

-Мэргэжлийн боксчид долоо хоногт хэдэн цагийн бэлтгэл сургуулилтад хамрагддаг вэ?

-Миний хувьд долоо хоногийн зургаан өдөр хоёр удаагийн давтамжтай (өглөө, орой) бэлтгэл хийдэг. Үндсэн таван бэлтгэл 3-4 цаг. Сонирхогчийн боксыг бодвол мэргэжлийнхний бэлтгэл илүү хүнд, удаан хугацаанд үргэлжилдэг. Ням гарагт л амардаг.

-Та сүүлийн тулаанаа хийхдээ хар сүлдтэй дэвжээнд гарсан?

-Би өөрөөсөө дээш 12 үеийг мэддэг. Хар сүлдтэй дайнд орохдоо монголчууд ямар ч дайсандаа ялагддаггүй байсан. Миний хар сүлдийг Монголын хамгийн хурдан 100 адууны сүүлнээс авч хийсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here