Эмэгтэйчүүдийн хорт хавдар тусах шалтгаан нь тамхинаас илүү хэт таргалалт болж магадгүй байгааг судлаачид тогтоожээ.
“Cancer Research UK” судалгааны байгууллагын мэдээлснээр Их Британид хорт хавдартай эмэгтэйчүүдийн 12 хувь нь тамхинаас болж хорт хавдар туссан бол долоон хувь нь хэт таргалалтаас болж хорт хавдар туссан байдаг байна.
Хэдий тийм боловч 2043 он гэхэд энэ зөрүү арилж, эмэгтэйчүүдийн хорт хавдар тусах хамгийн том шалтгаан нь тамхи биш, хэт таргалалт болох тооцоо гарсан байна.
Учир нь тамхи татдаг хүмүүсийн тоо буурахтай зэрэгцээд хэт таргалалттай хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс бодлого төлөвлөгчид хэт таргалалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхийг уриалж байна.
Түүнчлэн багадаа илүүдэл жинтэй байсан хүүхдүүд том болоод таргалалтаар өвчлөх магадлал тав дахин өндөр байдаг гэж судлаачид онцолжээ.