Нүүр хуудас Улс төр 8 хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ

8 хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ

159
0
oron-suutsnii-zeel
8 хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 14 асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журмыг баталжээ.

Ингэснээр ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гарчээ.

Тодруулбал 8 хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувиар нэмэгдэх эерэг тооцоолол гарсан бөгөөд улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар болов.

Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэнэ гэдгийг албаныхан тодотголоо.

Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хооронд гэрээ байгуулж, Монголбанкаар дамжуулан банкуудад олгох юм байна.

Улмаар банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг журмаар хоригложээ.

Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгох юм. Үүнээс гадна инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор журамд тусгажээ.

Зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү найман хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байх аж. Харин зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх бөгөөд төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно.

Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 2700 гаруй зээлдэгчид 233 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here