Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Хамгийн том интернетийн компани ОНЛАЙН СУРГУУЛЬ байх болов уу…

Хамгийн том интернетийн компани ОНЛАЙН СУРГУУЛЬ байх болов уу…

155
0
Online trainung
Хамгийн том интернетийн компани ОНЛАЙН СУРГУУЛЬ байх болов уу...

2030 онд хамгийн том интернетийн компани онлайн сургууль байхыг зөгнөсөн нь бий. Байгууллагууд ажилтнуудынхаа сургалт хөгжилд анхаарах хэрэгтэйг ойлгодог, тодорхой ажлууд хийдэг хэдий ч өндөр ур чадвартай ажилтнууд цөөн байдаг хэвээр.

Туршлагатай ажилтнууд олон байдаг ч хувь хүнийхээ хөгжил нь нэг цэгт хүрээд гацчихсан нэгэн цөөнгүй.

Гэтэл нийгэм, эдийн засаг, бизнес, техник технологи өдөр ирэх тусам улам хурдтай өөрчлөгдөн хөгжиж байна. Ажилтнууд хөл нийлүүлж байж байгууллага амжилттай урагшилна.

Өнөөдөр хамгийн сүүлийн үеийн мэдлэг, ур чадварт суралцах боломжийг онлайн сургалтууд олгож байна.

Онлайнаар суралцахын давуу талууд

Сэдвийн сонголттой. Зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй тул йогоос эхлээд хиймэл оюунд суралцах боломжтой. Хувь хүмүүсээс эхлээд дэлхийн шилдэг сургуулиуд хүртэл хичээлүүдээ санал болгодог. Тухайн сэдвээр аль курсыг сонгох вэ гэдэгт л илүү анхаарах хэрэгтэй болж байна.

Үнэгүй турших боломжтой бас хямд. Ихэнх онлайн курсууд үнэгүй хичээлээ үзээд шалгалт өгөөд сертификатаа авахдаа мөнгө төлөхөөр эсвэл эхний хичээлүүд нь үнэгүй тавигдсан байдаг. Иймд өөрт хэрэгтэй мэдлэг, ур чадварыг олгож буй эсэхийг турших боломжтой. Зарим онлайн хичээлүүд анхнаасаа үнэгүй байх нь ч бий.

Төрөл бүрийн төхөөрөмж ашиглаж болно. Компьютер төдийгүй ухаалаг утсаараа хэзээ ч хаанаас ч суралцах боломжтой. Утасны ойд видео хичээлүүдийг татан хадгалах нь интернетийн холболтгүй үед ч үзэхэд тусална. Мөн фитнесс, ууланд алхах, оочорлох, замын түгжрэх үед давхар суралцах ч боломжтой. Заавал тодорхой цагуудад хичээлд суудаггүй тул ажлын хажуугаар амжуулж суралцаад байх боломжтой.

Суралцах хурдаа сонгох боломжтой. Танхимын сургалтууд бүгд л нэг ижил хурдаар суралцахыг шаарддаг. Гэтэл хүн бүрийн өмнөх суурь мэдлэг, ур чадвар, туршлага нь ялгаатай байдаг. Онлайнаар суралцах үед өмнөх мэдлэг өндөр бол хурдан суралцах, бага бол удаан суралцах хэлбэрээр өөрт тохиромжтой хэмнэлийг сонгож болдог. Энэ нь сэдвээс хоцрохгүй, бүрэн дүүрэн суралцах эсвэл хөнгөн сэдвийг удаан үзэж уйдахгүй байхад тусална.

Шалгалт, сертификатаар баталгаажуулна. Онлайн курсууд тест, дасгал, практик, курсын ажлуудтай байдаг. Курсын ажлуудыг суралцагчид бие биенийхээ ажлуудыг шалган үнэлгээ өгөх байдлаар хийх нь ч бас бий. Албан ёсны сертификат авч буй тохиолдолд селфи, иргэний үнэмлэх, компьютерээр бичих хэв маяг зэргээр суралцагч яг өөрөө хийж буйгаа баталгаажуулах шийдлүүд бий.

Онлайнаар суралцахын сул талууд

Хэлний бэрхшээл. Ихэнх онлайн хичээлүүд англи болон бусад түгээмэл хэлнүүд дээр бий. Монгол хэлээр болон монгол хадмал орчуулгатай нь тун цөөн. Англи хэлээр ойлгох чадвартай хүмүүст боломж тун өргөн.

Багштай харилцаа тун бага. Онлайн курсуудад хэдэн арав, зуун мянган хүмүүс зэрэг суралцаж байдаг тул багш нарын зүгээс оюутан бүртэй тулж харилцах цагийн боломж хязгаарлагдмал. Гэхдээ онлайн форум, сошиал групп зэргээр багш нартай төдийгүй бусад суралцагчидтай харилцах бусад арга замууд бий.

Багшид шахуулж хичээлээ хийх боломжгүй. Монгол хүмүүс багшаараа шахуулж байж л хичээлээ хийдэг нь олон. Гэтэл онлайнаар суралцаж буй тохиолдолд хэн ч гэрийн даалгавраа хий гэж шахаж шаардахгүй. Бас маш хямд тул эхлүүлээд л хичээлээ хаячих нь тун элбэг. Эхэндээ тун идэвхтэй байснаа сүүлдээ цаг гаргахаа больчихдог.

Байгууллагад онлайн сургалтыг хэрхэн ашиглаж болох вэ? Сул талуудыг хэрхэн шийдэх вэ?

Монгол хадмал оруулах. Хэрэв уг курсын олгох мэдлэг байгууллагад үр өгөөж өндөртэй бол хадмал орчуулга хийн байгууллагын дотоод сургалтад ашиглаж болно.
Танхимын сургалтаар хослуулах. Ялангуяа анх удаа онлайнаар суралцаж буй ажилтнуудыг танхим, онлайн хосолсон хэлбэрээр сургах нь практик үр дүн өндөртэй байж чадна. Онлайн лекцүүдийг бие даан үзэх, харин танхимын хичээлийг семинар хэлбэрээр явуулж болно.

Ажлын байранд тавигдах шаардлагад тусгаж өгснөөр хариуцлагажуулах. Тодорхой ажлын байранд дасан зохицох хөтөлбөрт тухайн курсыг туршилтын хугацаанд амжилттай дуусгасан байх шаардлагыг оруулж болно. Эсвэл тодорхой албан тушаал дэвшихэд тавигдах шаардлагууд дунд оруулж өгөх боломжтой.

Урамшуулан сэдэлжүүлэх. Онлайн сургалтын сертификатын төлбөрийг байгууллагаас гаргах, дотоод сургагч багш нарыг урамшуулах зэргээр сэдэлжүүлэх нь онлайн сургалтын системд байгууллагад нэвтрэхэд тун чухал.

Удирдлагуудын манлайлал. Онлайн сургалтыг амжилттай нэвтрүүлэхэд өөрчлөлт хийж буй бүхий л шинэлэг төслүүдийн адилаар эхний үед эсэргүүцэлтэй тулгарах тул удирдах ажилтнуудын дэмжлэг, манлайлал амжилттай хэрэгжилтийн нэгэн хүчин зүйл болно. Захирлууд бизнесийн удирдлага, менежмент, стратеги, санхүү, маркетинг, борлуулалт, энтрепренершип, технологийн мэдлэгээ байнга хөгжүүлж байх нь компанийн дунд, урт хугацааны өөрчлөлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Би хэрхэн сурч хөгждөг вэ нийтлэлдээ өөрийн туршлагаас хуваалцсантай танилцаарай.

Онлайн сургалтын платформууд

Business 2.0 Academy. Монгол хэл дээр оффисын програмууд, и-мэйл, вэб, сошиал медиа зэрэг сэдвүүдээр цахим сургалтууд санал болгодог.

HubSpot Academy. Маркетинг, борлуулалтын үнэгүй сургалтуудтай. Бид HubSpot компанийн маркетинг, борлуулалтын шийдлүүдийг үйл ажиллагаандаа ашигладаг тул уг онлайн сургалтуудыг дотоод сургалтын системдээ ашигладаг.
Coursera. 2,000 гаруй курс бүхий онлайн сургалтын томоохон платформ. Стэнфордын их сургуулиас гаралтай. Дэлхийн шилдэг сургуулиудын хичээлүүд энд бий. Мөн монгол орчуулгатай 6 курс бий.

edX. MIT ба Харвардын хамтран байгуулсан. 1,300 гаруй курс бүхий томоохон платформ. Udemy. Дээрх хоёр платформ их, дээд сургуулийн курс хэлбэртэй бол Udemy онлайн контент бүтээгчдийн сургалтуудыг байршуулдгаараа онцлогтой. 2018 оны байдлаар 65,000 курс уг платформд байгаа нь бараг л бүх зүйлийг эндээс сурах боломжтойг илтгэдэг.

Linkedin Learning ба lynda.com. Linkedin компани 2015 онд lynda.com сайтын худалдаж авснаар онлайн сургалтын салбарт өөрийн байр сууриа эзлэн орж ирсэн. Бизнесийн, технологийн сургалтуудад илүү төвлөрдөг.
Skillshare. 19,000 курс бүхий энэ онлайн сургалтын платформ лекц бус курсын ажилд суурилан сургадгаараа онцлогтой. Бизнес, технологийн хичээлүүдтэй.
iTunes U. iPhone, iPad төхөөрөмжөө ашиглан дэлхийн томоохон сургуулиудын хичээлд суралцах боломжтой.

Танд амжилт хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here