Нүүр хуудас Улс төр Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ХАЛАМЖ БИШ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ЧИГЛЭНЭ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ХАЛАМЖ БИШ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ЧИГЛЭНЭ

12
0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө баталжээ. Төлөвлөгөөг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.

Шинэ Засгийн газар ажлаа хүлээн аваад хоёр долоо хоногийн хугацаанд дээрх төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үүнийг УИХ, Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллийн үеэр онцлов.

ТЭРБЭЭР, “ЭНЭХҮҮ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИХЭР МЭТ АМТТАЙ БИШ, ДАВС МЭТ ШОРВОГ Ч ЗАЙЛШГҮЙ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ХҮНДХЭН ШИЙДВЭР ГАРГАЖ АЖИЛЛАХААС АРГАГҮЙ. ЭНЭ ТӨЛӨВЛӨГӨӨ БҮХ ХҮНД ТААЛАГДАХГҮЙ, ТААЛАГДАХ Ч БОЛОМЖГҮЙ. ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫН АМИН СҮНС НЬ  ХАЛАМЖ БИШ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ЧИГЛЭНЭ. ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ БОЛ БАТАЛГААТАЙ, ЦАЛИН САЙТАЙ АЖЛЫН БАЙР ЮМ. ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ НЭЛЭЭД ХЭСЭГ НЬ АЖЛЫН БАЙР ОЛНООР БИЙ БОЛГОХОД ЗОНХИЛНО” ХЭМЭЭН МЭДЭЭЛЛИЙН ЭХЭНД ТОДОТГОЛОО.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын эдийн засаг 6 хувиар агшсан байна. Мөн ДНБ-ийн хэмжээ 12 хувиар доошилжээ. Энэ нөхцөл байдлаас үүдэж төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд болсон байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд зээл гаргахгүй бүх мөнгөө эрсдэлийн сан байдлаар хадгалуулжээ. Ингэснээр, мөнгөний урсгал зогсож ажлын байр хомстож эдийн засгийн эргэлт байхгүй болж байгааг мэдээлэлдээ тэмдэглэсэн. Цар тахал эхэлснээс хойш манай улсад 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болжээ.

Өнөөдрийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол 2021 он гэхэд, 130 мянган ажлын байр байхгүй болно гэдгийг эрдэмтдийн судалгаанд онцолжээ.

Тиймээс урьдын адил халамжийн бодлого хэрэгжүүлэх боломжгүй болсон тул цар тахлын цоо шинэ хэв хаягт шилжих ёстой гэдгийг тэрбээр танилцуулгадаа цохон тэмдэглэв. Цар тахалд бууж өгөх биш, хариу үзүүлэх ёстой гэдгийг тодотгоод, энэ хүрээнд шинэ бодлого, эхлэл, хамтын ажиллагаа хэрэгтэйг санууллаа.

Гэхдээ өмнөх Засгийн газрын үед авч хэрэгжүүлсэн хүүхдийн мөнгийг нэмэх, дулаан цахилгааны мөнгийг төрөөс хариуцсан нь оновчтой шийдвэр байсныг судлаачид тэмдэглэж байгааг сайшаагаад, энэ бодлого нь ирээдүйг харсан суурь нөхцөлийг хангаж байгаа гэдгийг хэллээ.

Маскаа зүүх, зайгаа барих, дархлаагаа сэргээх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сахиж амьдралын шинэ хэв маягт шилжинэ. Ингэхийн тулд, одоо эрчимтэй байгаа халдварын тархалтыг огцом бууруулах үүднээс зайлшгүй 12 хоног хөл хорих шардлагатай байгааг тэмдэглэж, цаашид эрүүл мэнд, эдийн засгийг хослуулсан төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэлээ.

Хөл хорионы хугацаанд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалав.

Ингэснээр, голомтыг түргэн илрүүлж, хумих боломж гарах бөгөөд цаашид болж өгвөл хорио тогтоохгүй байх, хэрвээ хорио тогтоох болж иргэддээ урьдчилан зарлан мэдээлдэг байх тогтолцоо руу шилжинэ хэмээгээд, эзэндээ ээлтэй үхэр жилд цар тахлыг ялсан, эдийн засгаа сэргээсэн амжилт ирнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here