11/12/2016 · niitlelch.mn (Archiv) · Archive

Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

УИХ-ын Тамгын газар, Үндэсний статистикийн хороотой хамтран өчигдөр /2016.12.10/ “Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол” сэдвийн дор сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар үг хэлж, өнөөдрийн сургалт, семинарын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны ахлах референт Д.Халиун УИХ-ын гишүүдээс судалгааны захиалга хүлээн авах, гүйцэтгэх, хүргүүлэх, судалгааны мэдээллийн сан ашиглах журмын тухай илтгэл тавьсан бол Үндэсний статистикийн хорооны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл Статистикийн байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн ҮСХ-ны Статистикийн эрдэм шинжилгээ, арга зүйн газрын статистикч Ю.Батзориг, тус хорооны Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Г.Батбуян нар илтгэл тавилаа.

Тус суралтад УИХ-ын Тамгын газрын албан хаагчид, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах болон Үндэсний статистикийн хорооны албаны хүмүүс оролцсон юм.

Сургалтад оролцогчид статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр, төрөл, цахим хуудаснаас мэдээлэл олж авах, ашиглах тухай мэдлэг эзэмшжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.