Нүүр хуудас Нийгэм ХХБ-ны ажилтнууд малчдад туслах аян өрнүүллээ

ХХБ-ны ажилтнууд малчдад туслах аян өрнүүллээ

251
0

Нийгмийн идэвхтэй Худалдаа, хөгжлийн банкны хамт олон Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “МАЛЧДАД ТУСЛАХ АЯН”-ыг дэмжиж, Монгол улсын ТоС хөтөлбөрийн “Үлгэрлэн манлайлах зарчим”-ын хүрээнд энэхүү аянаар 2017 оны сайн дурын ажлаа эхлүүлжээ.

Аяны хүрээнд өвөлжилт хүндэрсэн Дархан-Уул, Орхон, Дорнод аймгууд болон Сэлэнгэ аймгийн Хөтөл, Зүүнхараа сумдын малчдад Аймгийн онцгой байдлын комисс, Онцгой байдлын газар болон Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг зэрэг байгууллагуудтай хамтран 821 ширхэг малын нэмнээ, 1050 гаруй төлийн уут, лаа, чүдэнз, бээлий, гар чийдэн баттерэй мөн 2.0 сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн дулаан хувцас, 400 гаруй боодол өвс, 50 гаруй шуудай хивэг зэрэг нийт 10.0 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн зүйлсийг орон нутгийн салбаруудаараа дамжуулан малчдад хүргэсэн байна.

Дархан Уул: Аяны хүрээнд Дархан хот дахь бусад арилжааны банкуудаа уриалснаар Чингис хаан банк 50’000 төгрөг, Хас банк 110’000 төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк 100’000 төгрөгийн мөнгөн хандив өгчээ. Цугларсан тусламжийг хамтатган Дархан-Уул аймгийн Засаг дарга, газар, хэлтэс, агентлагуудын дарга нарын нэгдсэн хурал дээр аймгийн ХХААХэлтсийн дарга Н.Нэргүйд гардууллаа. Илгээсэн хандив, тусламжийн зүйлсийг талархалтайгаар хүлээж авч, тусламж зайлшгүй шаардлагатай байгаа малчин өрхөд хүргэхээ мэдэгдсэн.

Орхон: Орхон аймгийн Онцгой байдлын газартай хамтран малчин өрхийн бяцхан хүүхдүүдэд өвлийн гадуур хувцас, цасны өмд, бээлий, малгай, ороолт зэрэг дулаан хувцас, мөн нэмнээ, төлийн уут, гар чийдэн болон лаа, чүдэнз зэргийг бэлтгэн өгч тусаллаа.

Дорнод: Аймгийнхаа малчин өрхүүдэд Дорнод аймаг дахь Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран хэрэгцээтэй өвс, тэжээл зэрэг зүйлсийг хандивлан тусламж үзүүлжээ.

Зүүнхараа: Малчин өрхүүдэд шаардлагатай байгаа хэрэгцээт зүйлс, малын өвс тэжээл зэргийг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт хүлээлгэн өглөө. Тусламжийн зүйлсийг өвөлжилт хүндрэлтэй байгаа малчин өрхүүдэд хүргэж ажиллах юм.

Хөтөл: Өвөлжилт хүндхэн байгаа сумын 20 малчин өрхийг сонгож, ХХБанкны нийт ажилтнуудынхаа илгээсэн зүйлс дээр өвс, нэмнээ, бээлий, чүдэнз, лаа зэргийг хамтатган бэлдэж, айл бүрт очиж, хүргэж өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here