Нүүр хуудас Танд тустай Эх орон Эрээнээс эхлэхгүй…

Эх орон Эрээнээс эхлэхгүй…

146
0
ereennii-zah
Эх орон Эрээнээс эхлэхгүй...

Жил бүрийн цагаан сараар 370 тэрбум төгрөгөө урд хөрш рүү юүлчихдэг ард түмэн дээ, манай монголчууд. Үүний 40 орчим тэрбум нь зөвхөн бэлэгний оймсонд талийдаг гэж байгаа. За тэгээд хадаг яндар, алчуур, үсний хавчаар, тэр байтугай таарсан таараагүй дотоож, аяга халбага, бээлий гээд уртаас урт жагсаалт урд хөндөлсөнө.

Шинэ он гарсаар банкууд тэтгэврийн зээл хүссэн хөгшдийн хөлд дарагдаастай. Азай буурлуудынхаа амьжиргааны мөнгө, аав ээжүүдийн цалингийн зээл, хүүхдийн тэтгэмж бүгдийг Цагаан сар хэмээх томоос том цүнхэнд цүдийтэл чихэж аваад л хил давуулаад шидчихэж байгаа юм. Үр дүнд нь Эрээний наймаачид цөм хийж, эх орны санхүү цөл шиг хатаад үлдэнэ. Зээлтэйгээ жирийлгэсээр байгаад наадамтай золгоно доо. Яаж энэ их мөнгийг Монголдоо авч үлдэх вэ гэж яахын ч аргагүй бодогддог л юм байна. За манайхаан, эх орон шингэсэн бэлэг сэлт, өмсгөл гоёл, идээ будаа бэлтгэж чадвал өөрсдөөрөө бахархаарай.

Цаана чинь “Тод”, “Янмал” гээд оймс үйлдвэрлэгчид, “Монос”, “Гоёо”, “Говь”, “Urban”, “Их тайга”…дээр нь үүрэн холбооны операторууд, өө тэгээд манай монголчуудын гэр гэртээ хийсэн, оёсон, наасан, ширсэн, бүтээсэн бүхэн хаа сайгүй “Эх орон эндээс эхэлнэ” гээд нүд булааж, сэтгэл чангаагаад л угтаж байна билээ шүү.

Сэтгэл байвал хаанаас ч үндэсний үйлдвэрлэгчдийг олоод, Цагаан сараа Монголоор амьсгалуулж болно. Монгол хүн таны зориулсан, зарцуулсан нэг төгрөг болгон өөр нэгэн монгол айлын амьдралыг хөдөлгөх хөдөлгүүр болог.

Тэгээд ч эх орон Эрээнээс эхлэхгүй. Элэг зүрх нэгтэй монголчуудын маань эрүүл зарцуулалтаас эхэлнэ…

Зохиолч, Яруу найрагч Р.Эмүжин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here