Нүүр хуудас Улс төр “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцлээ

“Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцлээ

99
0
uchral-gishuun
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий есөн гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хууль болон төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Инновацийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хуулийг Улсын Их Хурлаас тус тус баталсан.

Эдгээр хуулийн дагуу патент, гэрчилгээ олгож, зохиогчийн эрх үүсэж байгаа боловч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй байна. Монгол Улсад 1963 оноос өнөөг хүртэл шинэ бүтээлийн 4600 патент, ашигтай загварын 2792 гэрчилгээ, бүтээгдэхүүний загварын 2711патент олгогдсон төдийгүй үндэсний мэдүүлгээр 17740, Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр, Протоколын дагуу 40000 барааны тэмдэг, зохиогчийн эрхийн 9300 бүтээл бүртгэгдэж, гэрчилгээ олгогджээ.

Монгол Улсын хувьд боловсруулах үйлдвэрлэл, мэдээлэл холбоо, боловсрол, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, урлаг үзвэр зэрэг оюуны өмч түлхүү ашиглаж буй салбарууд 2017 оны байдлаар ДНБ-ий 12.5 хувийг эзэлж байна. Тус салбаруудын эзлэх хувь хэмжээ 2010 онтой харьцуулахад 2.5 хувиар буурсан байх бөгөөд бусад салбартай зэрэгцэн хөгжихгүй байгаа нь ажиглагдаж байна гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа дээрх хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг.

Энэ нь оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх бэрхшээлийг бий болгож байна.

Оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статус болон тус байгууллагын чиг үүргийг нэгдсэн байдлаар тодорхойлсон хууль байхгүй байна. Тиймээс оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статусыг тогтоож, бүрэн эрхийг зааж өгөх нь тус байгууллага үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулах, Дэлхийн оюуны өмчийн байгууллага зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд ач холбогдолтой.

Түүнчлэн оюуны өмчийг үйлдвэрлэлд ашиглах ажиллагаа буюу инновацийн асуудал нь боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байх нь бэрхшээл үүсгэж байгаа тул инновацийн асуудлыг аж үйлдвэрийн өмчийн асуудлыг хариуцдаг оюуны өмчийн байгууллагад нэг дор хариуцуулах нь зохистой хэмээн үзэж буйгаа хэллээ.

Түүнчлэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад эдгээрээс гадна оюуны өмчийн эдийн засгийн үнэ цэнийг тогтоох, оюуны өмчийн эрх эзэмшигч болон үйлдвэрлэгчийг хооронд нь холбох мэргэжлийн этгээд хэрэгтэй байна.

Тиймээс оюуны өмчийн үнэлгээ болон зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдийг оюуны өмчийн байгууллагаас олгосон эрхийн үндсэн дээр үйл мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр зохицуулах шаардлага тулгарч байгаа учраас дээр дурдсан зайлшгүй зохицуулах шаардлагатай нөхцөл байдал, хэрэгцээнд тулгуурлан Оюуны өмчийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ танилцуулав.

Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Ингээд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Иймээс хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here