Нүүр хуудас Улс төр Төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

324
0

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны эрх зүйн байдлын онцлог зэргээс хамаарч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй явдал байсаар байна. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага нь зөвхөн төрийн босоо тогтолцоонд үйлчилж байгаа бөгөөд хэвтээ тогтолцоо буюу улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тодорхойгүй үлджээ. Иймээс сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон байна. Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулах, харин улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2, эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.

Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн агаад хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж тодруулсан бол хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Б.Батзориг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлал нь төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйг сайжруулах, тэдэнд хүлээлгэх хариуцлагын механизмыг тодорхой болгоход чиглэж байгаа хэдий ч энэ асуудлыг төсөлд тусгасан шиг механик байдлаар шийдэх боломжгүй, мөн Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн, төрийн албыг тогтворгүй болгох, орон нутагт улстөржилтийг улам дэвэргэж мэдэхээр заалтууд ч төсөлд тусгагдсан байна. Мөн холбогдох хуулиудад нь нэмэлт, өөрчлөлт оруулж боловсронгуй болгох замаар асуудлыг шийдэх боломж бий, түүнчлэн хариуцлагын механизмыг суулгаж өгсөн хуулийн заалтууд олон байгаа тул хуулийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг улс төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох гол хэлбэр нь улс төрийн сонгууль байдаг, гэтэл маргаан дагуулах асуудлыг завсраар нь оруулж ирж байгаа нь буруу гээд хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах горимын санал гаргасан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд энэ төсөлд дан ганц Улсын Их Хурлын гишүүн биш сонгогдсон болон томилогдсон төрийн бусад өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудал тусгагдсан байгаа. Хариуцлагын тухай асуудал нийгэмд чухлаар тавигдаж байгаа учраас энэ удаад хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаалгүйгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж, энэ хооронд улс төрийн намуудад ярилцаж зөвшилцөх, төрийн бус байгууллагууд саналаа солилцох, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгох замаар асуудалд нухацтай хандаж нягтлаад амжвал хаврын чуулганаар хэлэлцүүлэх санал гаргасан юм. Ингээд Улсын Их Хурлын Н.Энхболдын гаргасан саналаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь дэмжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here