Нүүр хуудас Улс төр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 100 сая төгрөгийн хандив өргөнө

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 100 сая төгрөгийн хандив өргөнө

684
0

Улсын Их хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар өнөөдөр /2017.01.31/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй ахмадууд  эдийн засгийн хямралаас гарахын тулд ард иргэд төрдөө хандив өргөх санаачилга гаргасныг дэмжиж, уг санаачилгад нэгдэж буйгаа гишүүд илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Парламентад орж ирэхээсээ өмнө миний бие хувийн бизнес эрхэлж байсан. Удирдаж байсан компаниасаа тодорхой хэмжээний ашиг авдаг. Ашгаасаа 100 сая төгрөгийн хандив өргөж байна.

Мөн миний удирдаж байсан компанийн захирал энэхүү уриалгад нэгдэхээ илэрхийлсэн. ТУЗ-ийн хурлаараа асуудлыг оруулж, хэлэлцээд шийдвэрлэнэ гэсэн.

Эдийн засаг хямралтай байгаа ч ажил алба эрхэлдэг төрийн албан хаагчид, бизнес нь тодорхой хэмжээнд сайн явж байгаа хувийн хэвшлийнхэн бүгд энэ санаачилгад нэгдэхийг уриалж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй ахмадууд улсаа хямралаас гаргахад зориулж хандив өргөх санаачилга гаргасныг  өнөөдрийн сониноос уншиж мэдлээ. УИХ-ын хэсэг гишүүд хоорондоо ярилцаад, энэхүү уриалгад нэгдэхээр шийдвэрлэсэн. Их, бага нь хамаагүй өөрсдийн боломжийн хэмжээнд хандив өргөнө. Гуравдугаар сард евробондын төлбөрт 580 сая ам.долларыг төлөхөд төрдөө хувь нэмрээ оруулья гэж байгаа юм. Энэ сайхан санаачилга ард түмнээс гарсан. Үүнийг УИХ-ын гишүүд бид дэмжээд нэгдэж байна хэмээн хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here