Нүүр хуудас Улс төр УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганыг хааж үг хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганыг хааж үг хэллээ.

208
0

Эрхэм хүндэт иргэд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,  УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 55 өдөр үргэлжилж, бие даасан 18 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 113 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 9 хууль, 30 тогтоол хэлэлцэн баталжээ.

Та бидний хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд, бодлогын арга хэмжээний нааштай үр дүн эхнээсээ гарч эхэллээ гэж хэлж болохоор байна.

Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2012 оноос хойш тасралтгүй унаж байсан бол 2017 оны эхний улиралд 4.2 хувиар өслөө. 2016 оны 1-р улиралтай харьцуулахад 29.0 мянган иргэн ажилтай, орлоготой болж, ажилгүйдлийн түвшин 2.5 хувиар буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 42 хувиар өсөж, гадаад худалдааны ашиг оны эхний 5 сард 1.0 тэрбум ам.долларт хүрлээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны 11 дүгээр сард 2600 төгрөгт хүрч байсныг 2350 төгрөг хүртэл бууруулж чадлаа. Нэгдсэн төсвийн орлого 2016 оны 11-р сараас хойш сар дараалан биелж, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2017 оны эхний таван сарын байдлаар 2.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 27.9 хувиар буюу 581.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, орлогын төлөвлөгөө 3.1 хувиар давж биелсэн байна. Өнгөрсөн оны мөн үед 30 сая ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 130 сая ам.долларт хүрч, 4.3 дахин нэмэгдлээ. 2016 оны 5-р сард 877 тэрбум төгрөгт хүрч байсан төсвийн алдагдал 2 дахин буурч, 2017 оны 5-р сарын байдлаар 412 тэрбум төгрөг боллоо. УИХ-аас хаврын чуулганы эхэнд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр 2017 оны улсын төсөвт тодотгол хийсэн. Нааштай эдгээр өөрчлөлт нь ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэнтэй болон манай түншүүдийн итгэл эргэн сэргэсэнтэй холбоотой юм. Ингэж хөгжлийн салхи зөв эргэж байгаа нь  улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, төр засгийн тогтвортой байдлыг ханган, зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж, ард олон, бизнес эрхлэгчдийн дэмжлэгийг авч ажиллахын төлөө хичээн зүтгэсний үр дүн юм. Та бид энэ эрчээ сулруулж болохгүй ээ. Эдийн засагт “ногоон гэрэл” аслаа, уналтыг зогсоож чадлаа гэж тайвшралгүйгээр төсвийн сахилга батыг чанд сахиж, хэмнэлтийн горимыг тууштай барьж ажиллах нь Засгийн газар, төсвийн бүх шатны захирагч нарын өдөр тутмын алтан дүрэм байх ёстой. Үрэлгэн байдал, буруу бодлогоос үүдсэн хохирол арилаагүй, бизнес эрхлэгчид болон ард иргэдэд учирч буй дарамт багасаагүй байна гэсэн шүүмжлэл хэвээр байгааг онцгой анхаарах ёстой. Цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, бусад салбаруудын өсөлтийг дэмжих, өгөөжийг нь өрх гэр, иргэн бүрт хүртээх шаардлагатай байна.  Хаврын чуулганаар хүү багатай, урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн хэд хэдэн хэлэлцээрийг батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар болсон. Төслийн хүрээнд ирэх 4 жилд 128.8 мянган иргэнийг тогтвортой ажлын байранд зуучилж, жил бүр 10.0 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн шугам сүлжээ, дэд станцуудыг 42 сая ам.доллараар өргөтгөн шинэчилж, баруун бүсэд 10 МВт-ын нарны цахилгаан станц барихаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын “Экспорт-Импорт” банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”, “Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэл” зэрэг төслүүдийг санхүүжүүлэхээр боллоо. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банкнаас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр шийдлээ. Бэлчээрийн ашиглалт, хяналт, үнэлгээг сайжруулах, хөдөө аж ахуйн түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, хоршоодод санхүүгийн ба санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, тэднийг үйлдвэрлэгчидтэй холбох, зах зээлээ өргөжүүлэхэд зориулж Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас 9.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний  нэмэлт санхүүжилт авах шийдвэрийг гаргасан. Түүнчлэн энэ чуулганаар бид иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хүний хөгжлийг дэмжсэн хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Улсад 30 жил ажилласан эмэгтэйчүүд, 35 жил ажилласан эрэгтэйчүүд өөрөө хүсвэл тэтгэвэрт гардаг байх, ажил олгогчийн санаачилгаар шахаж тэтгэвэрт гаргадгийг болиулж, 65 нас хүртлээ ажиллаж болдог эрхтэй байхаар хуульчилсан. Ээжүүд цалинтай боллоо. Тэд жирэмсний 5 сартайгаас амаржих хүртлээ, амаржсаны дараа хүүхдээ 3 нас хүртэл сар бүр тэтгэмж авдаг болно. Түүнчлэн ихэр хүүхэд төрүүлсэн эхэд нэг удаа, 0-18 насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж авах боломж бүрдүүлсэн. Монгол Улсын хүн амын 35 гаруй хувийг эзэлдэг залуучууд маань түүхэндээ анх удаа бие даасан хуультай боллоо. Энэ хуулиар залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулахаар шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 2018 оноос амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэх, улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг дэмжих зардлын ангиллыг шинээр нэмж тусгах шийдвэр гаргалаа. Тусгай сургуульд ажиллаж байгаа багш, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамааруулан ЕБС, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, ажилласан жил, ур чадвар, гүйцэтгэлтэй нь уялдуулан багш, ажилтнуудын цалин урамшууллын шинэ тогтолцоо бий болгохыг Засгийн газарт даалгасан. Хувь хүний орлогын албан татвар төлөгч жилд 84.0 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг 2018 онд 120.0, 2019 онд 160.0, 2020 онд 200.0, 2021 оноос эхлэн 240.0 мянган төгрөгт хүргэхээр боллоо. Эдийн засгийн нааштай өөрчлөлт нь 2017 он гарснаас хойш Хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгох, мөн цаашид бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгож, эдийн засгийн бодит орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх боломжийг олгож байна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш олгох шийдвэрийг Ардчилсан Нам эсэргүүцэж байгааг буруу гэж үзэж байгаагаа илэрхийлье. Миний бие Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, нэмэгдүүлэх шийдвэрийг хоёр ч удаа гаргаж байсан хүний хувьд эдийн засаг яаж ч хүндэрсэн Хүүхдийн мөнгийг хасдаггүй, мөнгө олгох шийдвэрт өөрчлөлт оруулдаггүй тогтвортой эрх зүйн орчин бий болгох ёстой гэж үзэж байна.  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, тус үйлдвэрийн хувьцаанаас нийт 3.0 сая гаруй иргэндээ эзэмшүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Эдгээр нь та бидний иргэнээ дээдэлсэн нийгмийг төлөвшүүлэх, эх орноо өөд татах эрхэм дээд зорилгыг хэрэгжүүлэх эхний алхмууд юм. Төр иргэндээ ээлтэй байх ёстой. Иргэндээ ээлтэй төр л тэднээсээ дэмжлэг авч чадна. “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийг энэ чуулганаар хэлэлцэн батлах байсан боловч УИХ дахь цөөнхийн бүлэг завсарлага авснаар эцэслэн баталж чадалгүй хойшиллоо. Багшид ажлын үр дүнгээр нь цалингийн урамшуулал олгох, мэргэжлийн зэргийг хугацаанаас нь өмнө нэмэх, ачаалал ихтэй сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн урамшуулал олгох, багш нарыг ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, ЕБС-ийн 1, 2-р ангид туслах багш ажиллуулах, багш нарыг жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зэрэг зохицуулалт энэ хуульд багтсан байсан юм. Миний бие багшаа дээдлэн, чанартай боловсролын тогтолцоо бүрдүүлж байж эрдэм чадалтай иргэн, оюунд суурилсан нийгмийг цогцлоож чадна гэж бат итгэдэг учраас уг хуулийг баталж, мөрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. УИХ ээлжит чуулганы хугацаандаа бурууд хатуу, зөвд зөөлөн байх зарчмыг баримталж ажилласан. Засгийн эрх барьж буй намын нэр дор бурууг хаацайлж, сахилга хариуцлагыг хөсөрдүүлж болохгүй. Төрийн эрх барилцаж байгаа цөөнх ч сөрөг хүчин нэрээр бүхнийг сөрж, нийгэмд ташаа ойлголт түгээж, бодлого шийдвэрийг гацааж, эх орныхоо эрх ашгийг сөрж ажилладаг байж таарахгүй. Бүх шатанд хуулиар тогтоосон хариуцлагын хэмжүүр яв цав үйлчлэх ёстой. Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд УИХ-ын ажлын хэсэг шалгалт хийсэн. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, урвуулан ашигласан байж болзошгүй этгээдийг эрх бүхий байгууллагаар шалгуулах шийдвэрийг УИХ гаргасан. Одоо гагцхүү хуулийн байгууллагын шударга шийдвэрийг хүлээж байна. Ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39.0 мянга гаруй албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглолоо. Хоригийг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг ажлаас халах, төрийн албанд дахин ажиллуулахгүй байх хүртэл арга хэмжээ авахаар хуульчилсан. Төр, засгийн аливаа асуудалд хариуцлага ярихаар эсэргүүцдэг, хууль, шүүхийн байгууллагад очоод замхардаг байж хэрхэвч таарахгүй. Иргэд биднээс хэчнээн жил цалин, тэтгэврийг нэм гэхээс илүүтэйгээр шударга ёсыг хүсэж, хариуцлага тооцохыг нэхэж байх ёстой юм бэ? Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын мөрөөр хариуцлага хүлээлгэх асуудал гацаанд орчихоод байгааг, Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудын хууль завхруулсан, дураар дургисан үйлдлийг яах ёстой болж байна вэ? Замхрах л юм бол завхрал болно гэж би бодож байна. Энэ мэт байдал нь нэгдүгээрт, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар нэг зүгт харж, нэгдмэл бодлоготой байх нь зайлшгүйг, хоёрдугаарт, шүүх, шүүгч, хуулийн байгууллагад шударга, хараат бусаар ажиллах Үндсэн хуулиар олгогдсон эрх дархыг нь нээж өгөх нь нэн чухал болсныг харуулж байна. Төр, засгийн бодлого, шийдвэрийг мушгин гуйвуулах, гүтгэн харлуулах, иргэдийг хууль бус үйл ажиллагаанд уриалах, турхирах үзэгдэл сүүлийн үед илт идэвхжиж байна. Ийм байдал үргэлжлэх тусам Монголын маань хувь заяа ээдэрнэ. Бидэнд ЭВДРЭЛ ХАГАРАЛ бус ЭВ НЭГДЭЛ хэрэгтэй байна. Болж бүтэхгүй зүйл байгаа бол хамтарч суугаад ил тод ярьдаг, зөвшилцөж ойлголцдог болох нь эх орны маань ирээдүй хойчид хэрэгтэй. Хямралыг даван туулж, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ амьжиргааг өөд татах, улмаар хөгжил дэвшилд хүрэх нь Та бидний эрхэм зорилго, дээд эрх ашиг мөн. “Зорилгоос буцах зам мянга, харин зорилгод хүрэх зам нэг л байдаг” гэсэн мэргэн үг бий. Бидэнд ХЯМРАЛЫГ ДАВАХ, ХӨГЖЛИЙГ АВЧРАХ-аас өөр зорилго байхгүй. Энэ зорилгод хүрэх ганц зөв зам нь ЭВ НЭГДЭЛ, ЗӨВ БОДЛОГО юм. Нийгмийн хийгээд нийтийн сайн сайхны төлөөх энэ замаас хазайх эрх бидэнд үгүй ээ.  Тиймээс Монголын төр түвшин, чин шударга, ёс жудагтай байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга явуулж, эрдэмтэн судлаачид, намуудын төлөөлөл бүхий Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Төслийг ард нийтээр хэлэлцүүлж, саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдын саналыг авах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Шийдвэрийн үр дүн иргэд, олон нийтийн оролцооноос хамаарах тул Та бүхэн чуулганы чөлөө цагаар энэ асуудалд онцгой анхаарч ажиллаарай.

Та бүхэнд болон нийт ард иргэддээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг дэвшүүлье. Дэлхийд ганц Монгол наадамдаа дэлгэр цэнгэлтэй, амгалан сайхан наадаарай! Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here