Нүүр хуудас Эдийн засаг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн...

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

166
0
Гаалийн тариф
Гаалийн тариф
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.07/ хуралдаан 14.45 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар эхэлж Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Гадаад харилцааны яамнаас ажлын хэсэг оролцов.

УИХ-ын чуулганы 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуусан юм. Гишүүдийн хувьд Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стартегийн түншлэлийн харилцаатай. Гэтэл монголын экспортын бараа бүтээгдэхүүн дээр өндөр хураамж, татвар тавьсаар байна. Дэлхийн худалдааны гишүүн орнуудын дагаж мөрдөх ёстой дүрэм, заалт байдаг. Ялангуяа БНХАУ-руу гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний хураамж өссөн байгаа. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны зүгээс яриа хэлэлцээр хийж байгаа эсэхийг илүүтэй сонирхов.

Ажлын хэсгийн зүгээс, Стратегийн түншлэлийн харилцаатай хөрш орнуудтайгаа экспортын тариф, тарифын үнэ буулгахын тулд Евро-Азийн холбоотой хамтран ажиллаж байгаа. Уг холбоонд ОХУ тэргүүтэй таван орон байдаг. Энэ холбоонд тодорхой санал тавиад ажиллаж байна. Харин БНХАУ-тай 30 хувиар тариф хөнгөлөх асуудал яригдаж байгаа. Хоёр хөрш улс маань Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. БНХАУ-ын ӨМӨЗО монголоос гаргаж байгаа нүүрс, зэсийн баяжмалын хураамжийг нэмэгдүүлсэн. Урьдчилсан байдлаар 2-3 заалт зөрчсөн явдал ажиглагдсан. Бид Дэлхийн худалдааны байгууллагад маргаан гаргах эрхтэй. Тийм ч учраас Гадаад харилцааны яам энэ талаар судалж, ажиллаж байгаа гэж хариулсан юм.

Үүний дараа уг хуулийн төсөлд байнгын хорооноос найруулгын засвар хийсэн зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Анхны хэлэлцүүлэг хийсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Тогтоолын төслийг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох, үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг оролцсон юм. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох, үндсэн чиглэлийн жагсаалтаас Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр хууль, тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах 18 төслийг хэлэлцэх юм байна.

Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Ц.Нямдорж, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн, Монгол Улсад 560 орчим хууль байгаагаас ирэх дөрвөн жилийн хугацаанд 260 хуульд гар хүрэхээр болж байна. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулиуд өнгөрсөн жил гараас гарсан байхад дахиад нэмэлт оруулна гэж байна. Ойр ойрхон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хууль эрх зүйн орчин тогтворгүй болж хөрөнгө оруулагч нар үргэнэ гэж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч парламентын нэг бүрэн эрхийн хугацаа дуусаад шинэ парламент бүрдэхээр дахиад хуулиудад гар хүрдгээ болимоор байна. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хийх шаардлага байхгүйг би энэ хууль дээр ажиллаж байсны хувьд сайн мэдэж байна гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан шинэ парламентын бүрэн эрхийн хугацаа эхлэхээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох тогтоолын төсөл батлуулах хуультай. Ирэх дөрвөн жил хэлэлцүүлэн батлуулах эдгээр 260 хуулийн шинээр батлагдах 75, шинэчилсэн найруулга хийх 85, нэмэлт өөрчлөлт оруулах 99, нэг хуулийг хасахаар төсөлд тусгасан. Хууль зүй, дотоод хэргийн яам төрийн байгууллага, яам тамгын газар нийт 43 байгууллагаас төсөлд тусгах санал авсан. Ингээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлж үндсэн чиглэлд тусгасан гэж хариулав.

Ингээд байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. УИХ-ын Ц.Нямдоржийн гаргасан “Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэмэлт, өөрчлөлт болгох” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь дэмжив. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын гаргасан “Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн тухай, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хасах” санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүд зүйтэй гэж үзэн дэмжлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх жагсаалтаас хасах” санал ч дэмжигдэв. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here