Нүүр хуудас Эдийн засаг Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрт

Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрт

404
0
Зууны манлай бүтээн байгуулалт "Эрдэнэт" үйлдвэрт
Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрийнхэн Дулааны цахилгаан станцынхаа суурилагдсан хүчин чадлыг 48 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжүүлж, бүрэн хэмжээнд ашиглалтад хүлээн авах нээлтийг ёслол төгөлдөр зохион байгуулав.

Хоёр жил гаруй хугацаанд өрнөсөн эрчим хүчний салбарын энэ цагийн бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, түүхэн үйл явдлын гэрч болохоор гадна, дотноос олон гийчин, хэвлэл мэдээллийнхэн цуглажээ.

Нээлтийн ёслолд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Д.Дэмбэрэл, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон нь “Эрдэнэт”-ийн бүтээн байгуулалтын ач холбогдол, цар хүрээг илтгэв.

Мөн эрчим хүчнийхэн Монгол улсад үлгэр жишээ болохуйц төсөл хэмээн үнэлж буй энэхүү өргөтгөлийн ажлыг БНХАУ-ын “Харбин Электрик Интернейшнл” компани түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр гүйцэтгэсэн. Иймээс БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Сүн Вейрэнээр ахлуулсан урд хөршийн төлөөлөгчид, гүйцэтгэгч компанийн ерөнхий захирал, мэргэжилтнүүд иржээ.

Эрдэнэт үйлдвэр

“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц 48 МВт-ын нийлбэр хүчин чадал бүхий дөрвөн турбингенератор суурилуулан өргөтгөх төсөл амжилттай хэрэгжсэнийг илтгэх ашиглалтад хүлээн авах ёслолыг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлсэн. Тэрээр “Анх 1976 онд Дулааны станц нэртэйгээр байгуулагдаж байсан станцыг 2011 онд 5 мВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц болгон өргөтгөсөн.

Компанийн хөгжлийн бодлогын хүрээнд үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагийн нэгэн бодит жишээ нь станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн энэхүү өргөтгөлийн ажил юм.

Бид үүнийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Станцын суурилагдсан хүчин чадлыг 53 МВт-д хүргэсэн нь Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системд “Эрдэнэт” үйлдвэрийн оруулж буй том хувь нэмэр төдийгүй, бидний хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжсэн бахархам амжилт юм. Станцын суурилагдсан хүчин чадлыг ийнхүү нэмэгдүүлснээр 300 хүн найдвартай ажлын байраар хангагдаж байна” хэмээн станцын түүхэн хөгжил, өргөтгөлийн ач холбогдлыг тодотголоо.

Станцын шинэхэн техник, тоног төхөөрөмжийн нүргээн нь эрчим хүчний их бүтээн байгуулалт, монгол, орос, хятад ажиллагсдын хамтын хөдөлмөрийн дуун мэт санагдав. “Эрдэнэт” үйлдвэр нэгэн үед Монголын эрчим хүчний дөрөвний нэгийг дангаараа хэрэглэж байсан. Тус үйлдвэрийн үе үеийн удирдлагууд Дулааны станцаа дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх хэмжээнд өргөтгөх асуудлыг хөөцөлддөг байсан ч энэ том хэрэглэгч их хэмжээний эрчим хүч үйлдвэрлээд эхэлбэл борлуулалтаа алдана гэсэн болгоомжлол эрчим хүчнийхний дунд байсныг үгүйсгэхгүй. Ийм шалтгаанаар 20-иод жил дамнан яригдсан өргөтгөлийн ажил энэ цаг үед ийнхүү хийгдсэнээр “Эрдэнэт” үйлдвэр хүчин чадлаараа улсад гуравт эрэмбэлэгдэх Дулааны цахилгаан станцтай боллоо.

“Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлага, Ерөнхий эрчим зүйчид, станцын инженер техникийн ажилчид, уурхайчдын олон жилийн хүсэл мөрөөдөл ийнхүү биеллээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн өөрийн өртөг буурч, эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр өөрийн зардлыг 18.1 тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрджээ. Гэхдээ тус үйлдвэр цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ өөрийн станцаас бүрэн хангаж дийлэхгүй. Хэдийгээр хүчин чадлаараа улсад гуравт эрэмбэлэгдэх станц боловч үйлдвэрийн нийт хэрэглээний 45 хувийг хангах боломжтой. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн царааг илтгэнэ.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Энэ жил Монголын эрчим хүчний систем оргил ачаалал авч ажилласан. Бид суурилагдсан хүчин чадлаараа бүрэн ажиллаж байгаа. Өвлийн ид хүйтэн тохиосон энэ хүнд цаг үед эрчим хүчний системд нэмэлтээр 48 МВт цахилгаан бий болно гэдэг маш чухал. Бидний ажлыг хөнгөвчилсөн сайхан арга хэмжээ боллоо. Ийм хүчин чадалтай станцыг зүүн бүсэд барих шаардлагатай байна” гэж “Эрдэнэт” үйлдвэрийн ээлжит бүтээн байгуулалтыг онцолсон.

Эрчим хүчний системд цучил нэмсэн “Эрдэнэт”-ийн энэхүү бүтээн байгуулалт нь Монголд хамгийн хямд зардлаар, хамгийн богино хугацаанд хийгдсэн станцын өргөтгөл гэдгийг салбарын мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байсан юм. “Эрдэнэт” үйлдвэр түүхэн энэ өргөтгөлдөө 41,8 сая ам.доллар зарцуулсан нь дэлхийн жишгээс даруй хоёр дахин хямд өртөг. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал төслийн хөрөнгө оруулалтыг гурван жилийн хугацаанд нөхөх аж.

Станцын өргөтгөлийн баярын хурлын үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Эрдэнэт” үйлдвэрт Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гардуулахад танхимд цугласан уурхайчид уухайлан баяр хүргэж хүлээн авлаа.

Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэр төвийн эрчим хүчний системээс цагт 100 МВт цахилгаан худалдан авч, жилд 225 тэрбум төгрөгийн төлбөр төлдөг байсан. Тэгвэл эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болон хувирснаар үйлдвэрлэлийнх нь өөрийн өртөг буурч, үр ашиг нь нэмэгдээд зогсохгүй төвийн эрчим хүчний системийн хүчдэлийн тогтворжилт, найдвартай ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боллоо.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here