Нүүр хуудас Эдийн засаг Монголбанкнаас “Монгол алт” аяны хүрээнд алт тушаагчдад “Гэрчлэх бичиг” гардууллаа.

Монголбанкнаас “Монгол алт” аяны хүрээнд алт тушаагчдад “Гэрчлэх бичиг” гардууллаа.

455
0

Монголбанкнаас “Монгол алт” нэртэй  аяныг 2017 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай зарлалаа. Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаадын валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, алт олборлогч, тушаагчдыг дэмжих олон талын ач холбогдолтой “Монгол алт” аян гурван сарын хугацаатай хэрэгжинэ.

Монголбанк 2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн алтыг Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарласан үнэ ханшаар авч байгаагийн дээр өмнөх өдрийн ханш өнөөдрийнхөөс өндөр байвал урд өдрийн ханшаар тооцож авах гэхчлэн алт олборлогчдыг дэмжих олон ажил хийж байгааг Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх танилцууллаа. Түүнчлэн Монголбанкинд алт тушаах нь эрсдэлгүй, найдвартайн сацуу улсынхаа гадаад валютын сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр болно гэдгийг тодотгож байлаа.

Алт олборлогчдод ногдуулж байсан 68 хувийн татварыг таван хувь, цаашлаад 2,5 хувь болгон бууруулсан нь алт олборлолтод эерэг нөлөө үзүүлжээ. 2015 онд 14 тонн, 2016 онд 18.3 тонн алтыг Монголбанкинд тушаажээ. Нийт тушаасан алтны 60 хувийг иргэд тушаасан гэсэн статистик гарчээ. Гэвч үүнтэй зэрэгцэн алтыг хил гаалиар хууль бусаар гаргах оролдлого буурахгүй байгаа юм. Тиймээс Монголбанк “Монгол алт” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.

“Монгол алт” аяны нээлтэд алт тушаагч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, арилжааны банкны ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм. Нээлтийн үеэр алт тушаагч нарт “Гэрчлэх бичиг” гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here