niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:29 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%82%d0%b0%d0%bd%d0%b8%d0%bb%d 3a979d3cc003698d… ← niitlelch.mn руу буцах

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулагдах арга хэмжээ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зохион байгуулах арга хэмжээ, хийх ажлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн ОБГ, нийслэлийн МХГ, НТҮГ, нийслэлийн Цагдаагийн газар хамтран өнөөдөр /2019-07-03/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг “Баяр наадмын үеэр зөвшөөрөлгүй ил задгай худалдаа их гардаг. Мөн иргэд Хүй долоон худагт уулан дээр майхан барьж, хуушуур зардаг. Энэ жил хоолны буюу хуушуурын зөвшөөрлийг аж ахуйн нэгжид олгосон. Учир нь хүнсний аюулгүй байдал болоод дараа нь хариуцлага тооцоход хялбар байх үүднээс аж ахуйн нэгжид зөвшөөрөл олголоо. Хуушуурын буюу хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 20.000, Хүй долоон худагт 15.000 төгрөгөөр олгож байна” хэмээв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Үндэсний баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ингэхдээ хяналт шалгалтын ажлыг 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүлийн ажил хийгдэнэ. Мөн Хүй долоон худагт галын аюулгүй байдлыг шалгана. НОБГ-аас 16 анги салбарын 130 албан хаагч анги, салбар дээрээ бэлэн байдалд ажиллах болно. Мөн найман ангийн 111 албан хаагч эргүүл хийх бол 55 албан хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийнэ” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Баяр наадмын үеэр 400 орчим байцаагч хяналт шалгалт хийж ажиллана. Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос шалгалтын үеэр явуулын лаборатори ажиллан, дээж авч шалгана. Мөн өгсөн зөвлөмжийнхөө дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина” гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах “Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 93 чиглэлд том оврын 612, туслах дөрвөн чиглэлд бага оврын 10, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ. Мөн 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгөөр явна” гэсэн юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэхэд дараах шаардлага тавина гэдгийг хэллээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль 10.9.7. заалт: Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.
Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих

1.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих:
Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

2.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс