Н.Учрал: Гашуунсухайтын төмөр замын гэрээний асуудал ҮАБЗ-ийн тэргүүн асан Х.Баттулгаас эхтэй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл хийж байна.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашид ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Төрийн тэргүүн албан тушаалаа өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэх шийдвэр гаргасан. Төрийн тэргүүний гаргасан ёс зүйн үлгэр жишээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ жишгийн дагуу ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тэднийг өнөөдөр Засгийн газрын гишүүнээс чөлөөлж буй бөгөөд УИХ-д өргөн мэдүүлнэ.
Бодь группийн оффтейк гэрээтэй нэр холбогдсон шийдвэр гаргалтад оролцсон төрийн бүх албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр халхавчилж үлдэж болохгүй. Манай, танай гэж ялгахгүй.
Гашуунсухайтын төмөр замын гэрээ нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн Х.Баттулгаас эхтэй. Тэрбээр нууцад авсан. Урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан. 280 сая ам.доллароор шороо овоолсон" гэв.
Мөн тэрбээр хууль хяналтын байгууллагуудад Ерөнхий сайд хугацаатай үүрэг өгнө гэлээ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгөөд буй. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа тул сайд Д.Батлутын өргөдлийг шийдээгүй байна. Мөн Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн даргыг улираан томилжээ.
Мэдээллийг дэлгэрүүлж байна
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

