niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 12:46 UTC Эх: https://news.mn/r/2900138/ 5193cc2e38a5b9af… ← niitlelch.mn руу буцах

Ц.Хүсэлбаатар: Нийгмийн хүнд цаг үед дагаж намирах биш сөрж зогсох ёстой

Ц.Хүсэлбаатар: Нийгмийн хүнд цаг үед дагаж намирах биш сөрж зогсох ёстой

Ц.Хүсэлбаатар: Нийгмийн хүнд цаг үед дагаж намирах биш сөрж зогсох ёстой

Монголын кино урлагийн өнөөгийн хөгжил, тулгамдаж буй асуудал, ирээдүйн чиг хандлагын талаар Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн, найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцлаа.


-Саяхан кино урлагийн салбарын төлөөллүүд Кино урлагийг дэмжих сангийн төсөв болон хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар эсэргүүцэл илэрхийлсэн. Энэ шаардлагыг хүргүүлэх болсон гол шалтгаан юу вэ?

-Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуультай болсноор кино урлагийн салбарын хөгжилд шинэ боломжууд нээгдэж, гадаад харилцаа өргөжих, олон улсад танигдах гарц бий болсон. Зохиогчийн болон кино наадам, фестивальд зориулсан бүтээлүүдэд зайлшгүй санхүүгийн дэмжлэг шаардлагатай байдаг. Харин бизнесийн байгууллагууд арилжааны кинонд хөрөнгө оруулж, тодорхой хэмжээнд хөгжүүлээд явж байна. Гол нь бид үндэсний өв соёлоо хамгаалах, гадаадын соёл кино урлагаар дамжин орж ирэх нөлөөллөөс сэргийлэх шаардлагатай.

Үүний тулд үндэсний соёл, зан заншил, нийгэмд биеэ зөв авч явах, зөв хандлага, төлөвшлийг түгээх агуулгатай бүтээлүүдийг хийхэд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

Ийм ч учраас 2022 онд Кино урлагийг дэмжих сан байгуулагдаж, Кино урлагийн зөвлөл 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Монголын кино урлагт гаднын соёлын нөлөөллөөс хамгаалах, үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх зорилгоор 10 тэрбум төгрөгийг төсөл, сонгон шалгаруулалтын журмаар кино бүтээж байгаа уран бүтээлчдэд олгохоор хуульд тусгаж, шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл өнөөдөр Кино урлагийг дэмжих сангийн төсвийг өгөхгүй, татан төвлөрүүлсэн асуудал яригдаж байна.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар ч байсан соёл, шинжлэх ухааны салбарын төсвийг танаж болохгүй гэсэн олон улсын жишиг, зарчим бий. Учир нь соёл, шинжлэх ухаан бол тухайн улсын үндэсний оршин тогтнол, үнэт зүйл, урт хугацааны хөгжлийн үндэс. Би өмнө нь Кино урлагийн зөвлөлд ажиллаж байгаагүй, гаднаас нь харж байхдаа энэ салбарын үйл ажиллагааг бүрэн ойлгодоггүй байжээ. Харин дотор нь орж ажиллаад ирэхээр олон зүйл анзаарагддаг юм байна. Тухайлбал, төсөлд оролцож байгаа зарим уран бүтээлч шаардлагын дагуу төсвөө зөв боловсруулдаггүй, материал хүлээн авах хугацаа дууссаны дараа төслөө ирүүлэх зэрэг асуудал гардаг. Харин төслөө зөв боловсруулж, олон улсын уралдаан, наадамд оролцож байгаа чадварлаг уран бүтээлчид бий. Жишээлбэл, Ж.Жамьянсүрэн, Ж.Сэнгэдорж зэрэг боловсролтой, хариуцлагатай, хичээнгүй, тууштай ажиллаж, санаачилсан зүйлээ бодит бүтээл болгож чаддаг хүмүүс төслөө шаардлагын дагуу боловсруулж, санхүүжилтээ авч байна.

Үүний үр дүнд олон улсын уралдаан, наадамд бүтээлээ сойж, оролцож байгаа юм. Мөн Ч. Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” зэрэг бүтээлүүдийг дурдаж болно. Эдгээр уран бүтээлчид төслөө зөв бичиж, шаардлага хангаж чадсанаараа дэмжлэг авсан. Өөрийн төслөө шаардлагын дагуу боловсруулж чадаагүй, анхан шатны шалгаруулалтад тэнцээгүй зарим уран бүтээлч гадна нь үлдчихээд янз бүрийн цуурхал тараах тохиолдол байдаг. Тиймээс мэргэжил нэгт уран бүтээлчдэдээ хандаж хэлэхэд, төслөө сайн боловсруулж, төсвөө зөв тооцоолж сурах хэрэгтэй. Ажлын хэсгийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө ав. Дотоод, гадаадын туршлагатай найруулагчдаас санал зөвлөмж сонс. О. Бат-Өлзий ах сургалт, мэргэшүүлэх үйл ажиллагаанд тогтмол хамрагдаж, туршлагаа хуваалцаж байдаг. Гол асуудалдаа эргээд ороход, Монголын кино урлагийг гаднын зохисгүй нөлөөллөөс сэргийлэх, үндэсний өв соёл, үнэт зүйлээ хамгаалах, дэлхийд монголынхоо онцлогийг таниулахын тулд Кино урлагийг дэмжих сан байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ сангийн үйл ажиллагаа тасалдах ёсгүй гэж үзэж байна.

-Кино урлагийг дэмжих сангийн жилийн төсвийг анх 10 тэрбум төгрөгөөр тогтоосон юм байна. Энэ заалт хэрэгжиж эхэлснээс хойш төсвийг тогтоосон хэмжээгээр нь тогтмол олгож байсан уу?

-Би Кино урлагийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаад жил гаруй болж байна. Эхний жилдээ 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон юм билээ. Кино урлагийн зөвлөлийн дарга Ч. Ундралтай ярилцаж байхад эхний жил уран бүтээлчдийн төсөл боловсруулах мэдлэг, ойлголт харьцангуй бага байсан учраас шаардлага хангасан төсөл цөөн ирсэн гэж байсан. Үүний улмаас санхүүжилтийн үлдэгдлийг буцаан татсан юм билээ. Тэгээд л ийм хэмжээний санхүүжилт шаардлагагүй юм байна гэсэн ойлголтоор дараагийн жилүүдийн төсөв багассан гэж ойлгосон. Соёлын сайдаар Ч.Номин ажиллаж байх үеэр яам бодлого, зохион байгуулалтгүй байснаас Кино урлагийн зөвлөл болон Кино урлагийг дэмжих сангийн талаарх ойлголт, үйл ажиллагааны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Одоо бол ар өврийн хаалга, танил талын нөлөөгөөр бусдад давуу эрх олгодог байдал байхгүй. Кино урлагийн зөвлөлийн найман гишүүнийг сонгон шалгаруулалтаар сонгодог. Бусад гишүүдийг төрийн холбогдох байгууллагуудаас, тухайлбал Сангийн яам, Соёлын яам, Оюуны өмчийн газраас төлөөлүүлэн томилдог.

Кино төслүүдийг сонгон шалгаруулахдаа нууц санал хураалт явуулдаг. Ингэснээр төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод, хараат бус байлгах зарчмыг баримталж байгаа юм.

Санхүүжилтийн хувьд ч өөр боломжууд бий. Тухайлбал, найруулагч Ц. Цэрэндорж “Үхлийн тойрог 1, 2” кинонуудаа зээл авч санхүүжүүлэн бүтээсэн. Тайландын уран бүтээлчидтэй хамтран хийсэн, амжилттай хэрэгжсэн төсөл юм.

"КИНОГ УРАН САЙХНЫ ЧАНАР, УТГА АГУУЛГА, НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ, ҮНДЭСНИЙ СОЁЛД ОРУУЛЖ БУЙ ХУВЬ НЭМРИЙГ НЬ ХАРЖ ҮНЭЛЭХ ХЭРЭГТЭЙ"

-Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг гэсэн үг бий. Энэ нь кино урлагаар дамжуулан хүмүүст хамгийн хүчтэй нөлөөлж болдог гэсэн санааг илэрхийлдэг байх. Тэгвэл Кино урлагийг дэмжих сангаас төсөв авсан бүтээлүүдийн дунд үнэхээр олон нийтэд хүрч, үндэсний өв соёлыг сурталчлан таниулсан, гадаадын кино наадмуудад амжилттай оролцсон бүтээлүүд байна уу?

-Байгаа. Гэхдээ өнөөдөр үзэгчид монголын кино урлагийг бүхэлд нь нэг түвшинд авч үзэж, зарим арилжааны, чанар муутай бүтээлүүдтэй хольж хутгах хандлага ажиглагдаж байна. Шар хэвлэл гэж байдагтай адил шар кино гэж бий. Ийм төрлийн кинонууд цэвэр ашиг олох зорилготой. Хүмүүсийн эротик сонирхол, хүсэл тачаалыг ашигласан агуулга бүхий контент ихээр гаргаж байна.

Мөн зодоон, тулаан, хулгай дээрэм, хүчирхийлэл зэрэг сэдэвтэй бүтээлүүд ч бий. Энэ бол зөвхөн Монголд бус, дэлхийн олон орны кино зах зээлд байдаг үзэгдэл.

-Гэтэл Монголд гарч байгаа гадаадын киноны зах зээлийн 98 хувийг ийм төрлийн кино эзэлж байна гэж хэлж болохоор нөхцөл байдал ажиглагдаж байна. Яагаад энэ талаар төдийлөн ярьдаггүй юм бэ?

-Дэлгэцээр хүмүүс нэгнээ хөнөөж, зодож, хутгалж, зомби болон янз бүрийн хүчирхийллийн дүрслэлтэй кинонууд гарч байхад зөвхөн Монголын киног шүүмжлэх нь өрөөсгөл. Нөгөө талаас, арилжааны буюу худалдааны зориулалттай кино хийлээ гээд заавал чанаргүй, утга агуулгагүй байх албагүй. Арилжааны зорилготой хэрнээ үзэгчдэд гүнзгий утга санаа хүргэж, чанартай бүтээл болж чадсан кинонууд бий.

Тухайлбал, жүжигчин, найруулагч Э. Алдарын “Тэг цэг” гэдэг кино байна. Энэ бүтээл төрөл бүрийн кино наадамд оролцож, тэргүүн байруудыг эзэлж байгаа шүү дээ.

Тиймээс арилжааны зорилгоор хийгдсэн кино бүрийг үгүйсгэж болохгүй. Худалдааны кино байсан ч сайн бүтээл төрж болно. Харин бид киноны арилжааны зорилгоос илүүтэйгээр уран сайхны чанар, утга агуулга, нийгэмд үзүүлэх нөлөө, үндэсний соёлд оруулж буй хувь нэмрийг нь харж үнэлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Монголын кино урлагийн өнөөгийн хөгжлийг та хэрхэн дүгнэж байна вэ? Сүүлийн жилүүдэд киноны тоо нэмэгдсэн ч уран бүтээлийн чанар, агуулгын хувьд ахиц гарч чадаж байна уу?

-Мэдээж хэрэг монголын кино урлагийн хөгжил маш сайн байгаа гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. Бид саяхан найруулагч Б.Тамир, Кино урлагийн зөвлөлийн ажлын хэсгийн мэргэжилтний хамт Узбекистан улсад очсон юм. Энэ үеэр Б.Гарамханд найруулагчийн "Алдагдсан өдрүүд", О.Бат-Өлзий ахын тоглосон О.Цэгмид найруулагчийн "366 өдөр", Б.Тамир найруулагчийн "Тусгаар тогтнол-Бошиг сахигч", Шувуулахуй баримтат кино зэрэг дөрвөн бүтээлээ танилцуулсан. Узбекистаны уран бүтээлчид манай киноны хийц, чанарыг өндрөөр үнэлж, хамтран ажиллах санал тавьсан. Тэд манай киноны дуу, дүрс, өнгөний шийдэл, тавилт, зураг авалт, зураачийн ажил, жүжигчдийн тоглолт гээд бүхий л талаас нь өндөр түвшинд хийсэн байна гэж үнэлсэн. Монголын кино урлаг Төв Азийн бүс нутагтаа тэргүүлэх түвшинд хүрч, Казахстаны кино урлагтай эн зэрэгцэн хөгжиж байгааг харж болно. Бусад улсын кино урлагийг үнэлж, дүгнэдэг хүмүүсээс ийм үнэлгээ сонсох нь бидэнд ихээхэн урам өгсөн. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын уран бүтээлчид Монголын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллах нь нэмэгдэж байна. Солонгосчууд Азийн кино урлагт тэргүүлэх байр суурь эзэлдэг.

Тийм уран бүтээлчид Монголын уран бүтээлчидтэй хамтрах сонирхолтой байгаа нь манай уран бүтээлчдийн ур чадвар, чансааг илтгэж байгаа хэрэг юм.

Гэхдээ бидэнд нэг дутагдал бий. Тэр нь өөрсдийгөө хэтэрхий их голдог, өөрсдийнхөө хийж бүтээж байгаа зүйлийг дутуу үнэлдэг явдал. Бид бие биеэ илүү дэмжиж, урамшуулж сурах хэрэгтэй. Үндэстэн ч бай, хувь хүн ч бай урам зоригоор хөгжиж, урагшилдаг. Бусдыг байнга шүүмжилж, харааж зүхчихээд тэр хүнээс сайн сайхан бүтээл, үр дүн хүлээх хэрэггүй. Монголын кино урлагийн ололт амжилтыг олж харж, уран бүтээлчдээ дэмжиж, бие биедээ итгэл, урам өгч урагшлах нь цаашдын хөгжлийн эхлэл гэж боддог.

"БИД ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ ЮУ ҮЛДЭЭЖ БАЙГААГАА БОДОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ"

-Кино урлаг хийцлэл талаасаа мэдээж сайжирсан байх. Тэгвэл социализмын үеийн киног харьцуулж үзье л дээ. Тухайн үеийн нийгэм, засаглалын тогтолцоо өөр байсан нь мэдээж. Киног бодлогын хэмжээнд хийж, нийгэмд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг байсан. Гэхдээ өнөө үед, тухайлбал 2000-аад оноос хойш хүмүүсийн сэтгэлд хоногшсон кино цөөн байна уу даа гэж анзаарагддаг. Сэтгэлд хоногшино гэдэг ойлголт арай өөр ойлголт шиг санагддаг. Тухайлбал, Ж.Бунтар найруулагчийн "Гарьд магнай", "Цэц магнай", "Тод магнай" зэрэг кинонууд байна. Энэ гурван киног наадмаар үзэхгүй л бол наадам болоогүй ч юм шиг санагддаг. Нэг талдаа уламжлал болсон ч гэхэд хилсдэхгүй. Харин одоо маш олон кино гарч байгаа ч тэдгээрээс цаг хугацааны шалгуурыг давж, хүмүүсийн сэтгэлд үлдэх бүтээл нь цөөн байна уу даа. Энэ юунаас шалтгаалж байна вэ?

-Хоногшилт бол байгаа. Сайн кинонуудад ч бий. 1990-ээд онд чөлөөт зах зээлд шилжсэний дараа хальсаар жилдээ 40-45 кино хийж байсан үе бий. Кино уран бүтээлчид чөлөөтэй болж, "100 ямаанд 60 ухна" гэдэг шиг л юм болсон. Муу бүтээлүүд олширсон. Үүнд мэдээж санхүүгийн асуудал нөлөөлсөн байх. Гэхдээ сайн уран бүтээл хийдэг хүмүүс байсан, одоо ч бий. Чөлөөт зах зээл учраас сайн нь сайнаараа үлдэж, муу нь гээгдээд явна.

Мэдээж өнөөдөр гарч байгаа кинонуудаас яг тэд гэж нэрлэж чадахгүй байж болох юм. Гэхдээ хүн болгоны мэддэг, миний зохиолыг нь бичсэн Г.Энхтөр найруулагчийн "Ядуугийн зовлон" гэдэг кино байна. Энэ бол сайн кино шүү дээ. Т.Машбат найруулагчийн "Жинжиймаа" байна. О.Бат-Өлзий ахын найруулсан "Зүрхэнд шивнэсэн үг" гээд кино байна. Эдгээрийг хэн ч муу кино гэж хэлэхгүй. Цаг хугацааны эрхээр кинонууд өөрөө шүүгдэж байгаа юм. Торонд үлдэх нь үлдэж, бусад нь гарын салаагаар урсаад мартагддаг. Жишээлбэл, муу киног нэг ч телевиз гаргая гэж хүсэхгүй. З.Батболдын "Боолын гэрээ" киног хэн муу гэх юм бэ? Эрдэнэтийн н.Бямбаа найруулагчийн "Амьдрах итгэл" гэж кино бий. Үүнийг ч хэн ч муу гэж хэлэхгүй. Тэгэхээр хоногшилт бол байж л байна.

Хүмүүсийн сэтгэлд хоногшихгүй л байгаа бол муу кино гэсэн үг.

Миний өөрийн муу киноноос нэрлэвэл "Сая долларын олз" байна. Гэхдээ би тэр киногоороо бахархдаг. Тухайн үед өнөөдөр бидний хэрэглэж байгаа шиг компьютер технологи байгаагүй. Чадан ядан Жет Лигийн нүүрийг орлуулах гэж оролдсон. "Луугийн үнсэлт" киноноос дүрс авч, Д.Тансаг маань гурван сар шахам шар махтайгаа хатаж байж хийсэн бүтээл. Үүнийг хэн ч мэдэхгүй. Мөн "Цахирмаа" -г муу кино гэдэг. Гэхдээ би муу кино биш гэж боддог. Тэр киног хийхийн тулд хэрхэн зовж, ямар бага боломж нөхцөлд яаж аргацааж хийснийг хэн ч мэдэхгүй. Гол нь өөрсдөө оролдож үзээгүй хүмүүс л амархан шүүмжилдэг. Сайн киног ард түмэн өөрсдөө сэтгэл зүрхээрээ шүүж, үлдээдэг. Тэр бүтээлүүд үеийн үед яригдаж, үзэгддэг. О.Бат-Өлзий ахын "Байтаг Богд" киног хүмүүс үеийн үед үзэж, ярьсаар байх болно. Б.Тамир найруулагчийн "Тусгаар тогтнол — Бошиг сахигч" кино ч мөн үеийн үед үлдэнэ. Цаг нь ирэхээр наадмаар гардаг киноны нэг болно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад хэцүү л дээ.

Жишээлбэл, "Цогт тайж" киног улсын төсвийнхөө гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгөөр бүтээж байсан гэдэг.

Тухайн үеийн 13 сая ам.доллар гэдэг асар их мөнгө. Тийм хэмжээний хөрөнгөөр кино хийдэг байсан. Харин өнөөдөр залуучууд маань нэг компанид очоод, "Тэдэн төгрөг өгөөч, оронд нь бүтээгдэхүүнийг чинь кинондоо сурталчилъя" гэж гуйж, санхүүжилт босгон кино хийж байна. Ийм нөхцөлд кино хийж байгаа залуучуудад би хатуу хандаж чадахгүй. Гэхдээ нийгмийн захиалгаар, гадаад болон дотоодод өөрийн соёлоо зөв сурталчилж, таниулах зорилготой кино урлагийг дэмжих сан байх ёстой биз дээ. Агуулга сайтай, үзүүштэй, зохиол сайтай сайн кино бүтээхийг дэмжих зорилготой байх хэрэгтэй. Төр зөв уран бүтээлийг дэмжих ёстой гэсэн бодлогоор л энэ зөвлөл, энэ сан ажиллаж байгаа юм. Харин социализмын үед кино урлаг тэр чигтээ төрийн мэдэлд байсан. Монголын киног олон улсад гаргаж, дэлхийд таниулъя гэж бодож байгаа бол ядаж жилдээ 10 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох ёстой. Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт авсан ч, тухайн киноны зардлыг бүрэн дааж чаддаггүй. Гэхдээ төрөөс дэмжлэг авсан гэдэг нь гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллахад том давуу тал болдог. Гадаадынхан төрийн дэмжлэгтэй төсөлтэй хамтран ажиллах сонирхолтой байдаг. Саяхан гэхэд Б.Гарамханд найруулагчийн "Нийгмийн дайсан" кино төрийн дэмжлэгтэй бүтсэн гэдгээрээ Казахстаны 140 гаруй кино театрт гарсан. Энэ бол төрийн дэмжлэг кино урлагийг гадаад зах зээлд гаргахад ямар чухал нөлөөтэйг харуулж байгаа жишээ юм.

"ОДООГИЙН СОЁЛЫН САЙДАД БИ СЭТГЭЛ ДУНДУУР ЯВДАГ, АЖЛАА МЭДДЭГГҮЙ"

-Кино урлагийн салбарыг шороотой хутгаж байгаа хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ. Сүүлийн үед чанар муутай, утга агуулга тааруу инээдмийн кино, контент их гарах боллоо. Бүр цаашлаад насанд хүрэгчдэд зориулсан ёс зүйгүй, зүй бус агуулгатай контентуудыг ч хийж байна. Хэрэгцээ, шаардлага байгаа учраас л хийдэг байх. Цахим орчинд маркетинг, сурталчилгааг маш их гарч ирдэг. Нөгөө талаас үүнийг хүлээн авч байгаа үзэгчдийн боловсролыг тааруу байна гэж дүгнэж болох уу?

-Энэ бол цаг үеийн шаардлагаар гарч ирж байгаа үзэгдэл. Үүнийг хязгаарлаж, зохицуулахын тулд бидэнд төрийн бодлого хэрэгтэй байна. Төрийн бодлого юун дээр хэрэгтэй байна вэ гэхээр жил бүр кино урлагтаа тодорхой хэмжээний төсөв, санхүүжилт олгооч ээ. Бид энэний эсрэг хөдлөх гээд байна шүү дээ. Шар кино хийж, таван цаас олъё гэж бодож байгаа залуучуудад "Төсвөө боловсруулаад хүрээд ир. Боломжийнхоо хэрээр дэмжээд, нөхцөл боломжоор хангая" гэвэл тэд нар шар кино хийхгүй. Уг нь кинонд дуртай, өөрийнхөө чадварыг мэддэг, энэ мэргэжлээрээ амьдарч болно гэдгээ ойлгосон залуус байгаа байх. Гэхдээ мөнгө олохын тулд өнөөдөр гэдэс арилгах тухай кино хийж мөнгө олохгүй шүү дээ. Тийм учраас л тэр залуус насанд хүрэгчдийн кино хийгээд сууж байна. Үзэгчид үзээд байгаа учраас ийм бүтээлүүд олноороо гараад байгаа хэрэг.

Энэ асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж, олон нийтийг зөв зүгт чиглүүлэх ёстой.

Би тэднийг элдвээр хэлж, зэмлэж чадахгүй. Мэдээж хүн мөнгө олж болно. Гэхдээ зөв шуналтай байгаарай гэж л хэлмээр байна. Мөнгө олж байгаагийнх нь төлөө би тэднийг буруутгаж чадахгүй. Би өөрөө нэг ч төгрөг өгч чадахгүй байж тэднийг зэмлэх эрхгүй. Гэхдээ зөв шуналтай байх ёстой. Кино найруулагч болчихоод хамгийн амархан мөнгө олдог зүйл нь энэ юм байна, хүмүүс үзэж байна гээд дандаа шар төрлийн контент хийж болохгүй. Энэ чинь эмгэнэл шүү дээ. Ирээдүй хойч үедээ юу үлдээж байгаагаа бодох хэрэгтэй. Кино найруулагч, зохиолч гэж байгаа бол энэ салбартаа чин үнэнч, шударгаар зүтгэж, зөв шуналтай ажиллаж яваа залуусынхаа нэр хүндийг битгий унагаагаач ээ гэж хүсмээр байна.

-Кино зохиол муу байгаагаас ийм нөхцөл байдал үүсэж байна. Мэргэжлийн зохиолч алга байна гэх шүүмжлэл ч гардаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Кино зохиолын үнэлгээ маш бага. Манайх жижиг зах зээлтэй учраас кино зохиолд өгөх ач холбогдол, үнэлэмж ч бага байдаг. Зохиолд их хэмжээний мөнгө зарцуулчихвал продакшн өөрөө мөнгөгүй болно, пост продакшнд зарцуулах хөрөнгө хүрэлцэхгүй, зар сурталчилгааны төсөв ч үлдэхгүй. Алгын чинээ мөнгөөр юугаа санхүүжүүлэх вэ дээ. Тийм учраас найруулагчид өөрсдөө зохиолоо бичье гэж боддог.

Мэргэжлийн зохиолчдод зохих хэмжээний төлбөр төлж чаддаггүй. Тэгэхээр л кино урлагийг дэмжих сан хэрэгтэй байгаа юм.

Саяхан "Торгон жолоо" гэдэг киноны зохиолын төлбөрийг санхүүжүүлэхээр төсөл бичиж, дэмжлэг авахаар болсон юм. Даанч харамсалтай нь уг төсөлд зориулсан хөрөнгийг Засгийн газар татаад авчихсан. Ингэж уран бүтээлчдээ хохироож байна. Төр нь ийм тогтворгүй байхад бид нар яаж дээшилж, дэвжих юм бэ. Төслийг нь баталчихаад яаман дээрээ, Засгийн газар дээрээ очоод унагадаг. Соёлын сайд, Ерөнхий сайдын түвшинд шийдвэр нь өөрчлөгдөөд байвал уран бүтээлчид яаж итгэлтэйгээр ажиллах юм бэ. Одоогийн Соёлын сайд Ж.Алдаржавхланд би маш их сэтгэл дундуур байгаа. Ажлаа мэддэггүй. Энэ байдал надад үнэхээр харамсалтай санагдаж байгаа.

-Та "Ядуугийн зовлон" киноны зохиолыг бичиж, "Бүтэлгүй новш", "Зугтаарай" зэрэг киног найруулж, бүтээж байхдаа ер нь хаашаа, юунд тэмүүлж байв? Одоо тэр зорьсон замналдаа хүрсэн гэж бодож байна уу?

-Хэн ч надаас ингэж асууж байгаагүй юм байна. Хүрэх гээд л явж байгаа юм шиг байна. Хүн явсаар байгаад тэр оргилдоо хүрэлгүй дуусдаг ч юм бил үү. Харин санаа зорилго нь л үлддэг байх. Би Монголын кино урлагт амьдралынхаа зам мөрийг хөөж л орж ирсэн хүн. Кино хийхгүй л бол үхэж хатах гээд орж ирээгүй. Анх жүжигчин болох хүсэлтэй байсан. Гэтэл багш нар маань "Чи найруулагч болох өгөгдөлтэй юм байна" гэж хэлсээр байгаад намайг кино найруулагч болгож сургасан.

Ингэж явахдаа Хэндмэхийн Энхжаргал багшийнхаа буянаар кинонд хайртай болсон юм. Багш маань өөрөө кино найруулагч, залуухан хүн байсан хэрнээ шавь нартаа бүх амьдралаа зориулсан. Үнэхээр сайхан хүн байлаа. Надаас дөрөв ах, зарим шавь нараасаа бүр дүү байсан. Багшаасаа л болж кинонд дурлаж, кино хийж эхэлсэн. Тухайн үед кино урлагаар амьдарч болох юм байна, зах зээлийн нийгэмд мөнгө олж болох юм байна гэж харсан. Түүнээс биш түлэгдэж үхсэн ч хамаагүй гоё кино хийнэ гэж бодож орж ирээгүй. Харин одоо бол сайн бүтээл хийчих юм сан гэж эрмэлздэг болсон. Яагаад гэвэл би тэр үед цэл залуу,  30 насны босго дөнгөж давж байж кино урлагт хөл тавьж байлаа. Тийм болохоор хүмүүс намайг "Яах вэ, яах вэ, болоогүй юм чинь" гээд өршөөдөг байсан байх. Харин одоо бол залуучуудтай нийлээд шар кино хийж болохгүй.

-Таны бодлоор Монголын кино урлаг 10 жилийн дараа ямар түвшинд хүрсэн байх бол? Ирээдүйн хөгжлийг нь хэрхэн төсөөлж, бодож, харж байна вэ?

-Одоо авьяастай найруулагчид маш олон гарч ирж байна. Сайхан бүтээлүүд ч төрж байна. Жүжигчин Э.Алдарын "Тэг цэг" киног үзээд л гайхалтай авьяастай найруулагч гарч ирж байгаа юм байна даа гэж бодсон. Уран зөгнөлт төрлөөр сайн бүтээл туурвих найруулагч гарч ирж байна. Чөлөөт сэтгэлгээ нь хөгжсөн, маш их юм уншдаг хүн юм байна гэдгийг нь анзаарсан. Үнэхээр гоё. Б.Гарамханд гэж найруулагч байна. Ж.Сэнгэдорж байна. Сүүлийн үед гүн ухааны, арт хаус чиглэлийн маш сайн кинонууд хийж байна. Уг нь өөрөө комешил киноны маш сайн найруулагч. Мөн Ж.Жамьянсүрэн гэж дүүгээсээ дутахгүй сайн найруулагч байна. Цөөн кинотой ч маш их нухацтай ажиллаж байж бүтээлээ хийдэг хүн. Жүжигчин Д.Баттөмөр байна. "Трио" гээд маш сайн кино хийсэн. Ц.Цэрэндорж найруулагч байна. А.Баттүшиг найруулагч байна. Б.Тамир найруулагч байна. OI Entertainment-ийн залуучууд гоё гарч ирж байна. Ингээд тоочоод байвал маш олон. Заримыг нь зориуд нэрлэхгүй үлдээж байна. Манай зах зээл жижиг ч гэлээ маш өрсөлдөөнтэй. Өрсөлдөөн дундаас л сайн бүтээлүүд төрдөг. Муу кино хийж байгаа хүмүүст хэлэх ёстой зүйлээ түрүүнд хэлчихсэн. Кино урлагаар дамжуулж нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлж болно. Нийгмийн сэтгэл зүй хүнд байгаа энэ үед урлагийн хүмүүс бидэнд үүрэг бий. Бид нийгмийнхээ чиглүүлэгч, зөв зүгт хөтлөх туг нь болж явах ёстой. Үүнийг хуучин нийгмийн үзэл сурталтай хамааруулж ойлгож болохгүй.

Үеийн үед урлагийн хүмүүс нийгмээ зөв залж чиглүүлэх үүрэгтэй байсаар ирсэн.

Жишээлбэл, "Аман хуур" гэдэг кино байна. Өнөөдөр үзэхэд ч сайхан кино. Гэхдээ тухайн үед газар чөлөөлөх, дахин төлөвлөлтийн асуудлаар эсэргүүцэлтэй тулгарч байсан хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилготой, тухайн үеийн төрийн бодлогыг дэмжсэн кино. "Хүргэн хүү" гэдэг кино ч байна. Малаа нийгэмчилж өгөхгүй байсан хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж, нийгэмчлэх бодлогыг дэмжихэд чиглэсэн кино байсан. Үүнтэй адил бид өнөөдөр хүмүүсийн сэтгэл зүйд зөв нөлөөлөх ёстой. Кино уран бүтээлч залуучууддаа хандаж хэлэхэд, бид нийгмийн хүнд цаг үед урсгалыг дагаж намирах биш, харин сөрж зогсох ёстой. Энэ бол бидний үүрэг шүү гэдгийг сануулмаар байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-19 66.181.182.86

Монголын шинэ үеийн кино Зохиол дүр сонголт жүжиглэлт ҮНЭХЭЭР МУУ.. мэдээж төсөв мөнгө бага байгаа гээд х****л цусаар дэлгэцээ бузарлаж болохгүй биз дээ

Avatar

иргэн 2026-11-19 66.181.177.77

Сайд нь Гадны хөлбөмбөгийн багийг санхүүжүүлээд Соёл урлагаа хаячихаад байхад яаж Соёл урлаг, Кино хөгжих вэ дээ,

Avatar

Нэргүй 2026-11-19 103.145.234.69

цамц футболк дээрх бичиг хараад тийш явья орлого оруулая гэж бодохгүй бодоогүй. ёстой мангар тэнэг. усан тэнэг

Avatar

Үхтэл үр харам 2026-11-19 202.131.230.90

Ганг хүү нь байгаа юу

Avatar

Нэргүй 2026-11-19 202.9.40.144

авьяас бас шаардана, гуйж хийгээд байна гэдэг бас л….

Avatar

Цагаан баавгай 2026-11-19 103.229.121.46

Ядаж кино нэрэндээ таарсан ганц уран бүтээл хийх хэрэгтэй.

Avatar

Zochin 2026-11-19 66.181.161.209

busdiin energygeramidr behold ochij h***,zavaan yumnud

Avatar

Нэргүй 2026-11-19 202.126.91.227

Хүрэлбаатарын кино зүгээр л баас

Avatar

зочин 2026-11-19 59.153.115.167

Кино урлагийн төлөө сэтгэлээ чилээж байгаа уран бүтээлчийн санаа бодолд эрх баригчид анхааралтай хандаасай.
Дашрамд дурдахад найруулагч Ц.Хүсэлбаатарын аавдаа хандаж байгаа хандлага түүнийг маш зөв хүн гэж санагдуулсан.
Үйлс нь бүтэмжтэй байх болтугай.

Avatar

Нэргүй 2026-11-19 202.126.88.113

omhii korea g duuraij baahan zodoon toi kino hiihe ee boloichee mglchuud hezee ingegeg bsan yim be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж