"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд ХҮН намаас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг танилцуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зурсныхаа төлөө намынхаа удирдлагаас жавтий хүртэж, эцэст нь гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгөн сул гишүүн болсон улстөрч бол Ж.Золжаргал. ХҮН намаас “өрх” тусгаарласан шийдвэрийнхээ талаар "Олон хүнийг гайхшруулсандаа уучлал хүсье. Би өнгөрсөн зуны амралтаар намын гишүүнчлэлээс татгалзах шийдвэрээ гаргаж, өргөдлөө үлдээгээд явсан. Уг нь элдэв бужигнаантай байхад дарь нэмээд яах вэ гэж чимээгүй азнаж байсан юм. Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа.
Арга барил таарахгүй бол ямар өөрийгөө албадаад байлтай биш. Санаа нийлэх асуудал шийдлүүд дээр нь дэмжээд л явах байх.
ХҮН намыг дэмждэг учраас намайг дэмжсэн, эсвэл намайг дэмждэг учраас ХҮН намыг дэмжсэн, бас намайг дагаж намд орсон хүмүүсээс уучлал хүсэж байна. Би тэднийхээ сонголт, найдварыг тээж улс төрд орж ирсэн, тээх ч болно" гэж тайлбар хийсэн удаатай. Сул гишүүн болсноор жил болох гэж байна.
Уул уурхайн инженер мэргэжилтэй тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспортын дийлэнх хэсгийг урт хугацааны нууц гэрээгээр хийснийг шүүмжилж, нүүрсний худалдааг биржээр ил тод, өрсөлдөөнтэй явуулахыг шаардаж ирсэн.
Оффтейк гэрээнүүдийг ч ил тод болгохыг сануулсаар ирсэн удаатай.
УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн урд хөрштэй байгуулсан Харбины гэрээг ил тод болгохыг шаардан Түр хороо байгуулах санаачлага гаргахад мөн дэмжиж зогссон гишүүний нэг. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Бид Харбины гэрээг цуцалъя гээгүй, сонсъё гэсэн. Ямар нөхцөлөөр нүүрсээ зарж байгааг яагаад сонсож болдоггүй юм" хэмээн мэдэгдэж, уг гэрээний нөхцөл болон үнийг ил тод нээлттэй хэлэлцэх шаардлагатай тухай хөндөж байсан билээ.
Учир нь, Харбинд байгуулсан гэрээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групптэй нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсан юм. Гэрээнд зааснаар 16 жилийн хугацаанд 247-250 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон. Гэвч хямд үнээр нүүрс нийлүүлэх гэрээг байгуулсан нь Монгол Улсыг асар их алдагдалд оруулна гэдэг асуудал хөндөгдөж ирсэн. Харин эрх баригчид хүч түрэн УИХ дээр Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулахыг зөвшөөрөөгүй юм.
Одоо тэрбээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан нүүрснээс шатахуун гаргах асуудлыг судлах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсгийг ахалж байна.
Мөн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороог удирддаг. Хоёр дахь жилдээ тус байнгын хороог удирдаж байна.
Их улс төрд орж ирэхээс өмнө Ж.Золжаргал Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн байв. Үндсэндээ ХҮН намд үүссэн байсан хуваагдал цэгцэрч, удирдлагын шинэ баг бүрдсэн үед буюу 2018 онд элсэн, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсноор 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшсэн нь анхных нь болжээ.
Анхныхаа тулаанд Ардын намын тэрбумтнуудад ялагдсан ч хоёр дахь удаагаа нэр дэвшихдээ тэргүүнд нь гишгэжээ.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог буюу Баянгол дүүрэг нь нийт 166,392 сонгогчтой ба гурван мандатын төлөө 19 нам, эвслийн 50 нэр дэвшигч өрсөлдөхөд 39,397 санал авснаар нэгээр гарчээ.
Боловсролын тухайд УИХ-ын 126 гишүүн дотроо өнгөлнө. 2004 онд Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль, 2010 онд Токиогийн Технологийн их сургууль /магистр/ хамгаалжээ.
Ажлын гараагаа үндэсний тэргүүлэгч МАК-иас эхлүүлж, 10 гаруй жил ажиллаад улмаар олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн шинжээч, зөвлөхөөр ажиллажээ. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирлын алба хашсан.
Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого жилийнх нь 94.9 сая, гэр бүлийн орлого 500 сая бол амины орон сууц хоёр, нийтийн эзэмшлийн орон сууц хоёр, нийт үнэлгээ нь 855 сая аж.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1997 онд Хөвсгөл, Мөрөн, 1-р сургууль
- 2004 онд Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль
- 2010 онд Токиогийн Технологийн их сургууль /магистр/
- 2005 онд Хятадын Нефтийн Их Сургуульд “Шатдаг занарын технологи” курс
- 2009 онд Токио хот дахь НҮБ-ийн Их Сургуульд “Тогтвортой хөгжлийн сорилтууд” курс
- 2011 онд Австрали IPA “Мега төслийн менежмент” сургалт
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2004-2008 онд Монголын Алт ХХК, Инженер
- 2010-2016 онд Монголын Алт ХХК, Төслийн менежер, Судалгаа хөгжлийн төвийн захирал
- 2013-2014 онд Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо, УЗ-ийн гишүүн
- 2017-2018 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Гэр хороололд халаалтын шинэ технологи нэвтрүүлэх зах зээлийн шинжээч
- 2017-2024 онд Кэй минералс солюшн ХХК, Төслийн инженер
- 2018-2019 онд Европын холбооны Степ Эколаб төсөл, Ноос ноолуурын үйлдвэрлэлд “эко бүтээгдэхүүний шошго” нэвтрүүлэх төслийн эрчим хүчний хэрэглээний шинжээч
- 2018-2019 онд Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Ногоон хотууд” хөтөлбөр, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр төслийн Техникийн зөвлөх
- 2019-2020 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр тайлангийн Аж үйлдвэрийн салбарын хүлэмжийн хийн тооллогын зөвлөх
- 2020-2021 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр тайланг хэрэгжүүлэх төслийн зөвлөх
- 2021-2022 онд Азийн хөгжлийн банкны AHURP төсөл, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөх
- 2021-2022 онд НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Тээврийн салбарын хүлэмжийн хийн тооллогын аргачлал боловсруулах төслийн Зөвлөх
- 2022-2024 онд Азийн хөгжлийн банк, Монгол Улсад Хөргүүрийн бодисын менежментийг сайжруулах төслийн зөвлөх
- 2019-2024 онд Монгол нүүрс ассоциаци, Гүйцэтгэх захирал
- 2022-2024 онд Монголын химийн нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос
Г.ХОРОЛ
3,605.46





















































Нэргүй 2026-11-18 66.181.190.139
яаж ч бодсон нам байгуулахгүйгээр амжилтад хүрэхгүй л дээ, одоо байгаа энэ намуудын аль нь таалагдахгүй байна, Жинхэнэ үзэл баримтлал дээрээ нэгдсэн , эрүүл саруул улс төрийн намыг зөв хүмүүс байгуулаасай , улс орныхоо төлөө атгасан шагай шиг ажиллах юмсан даа
Нэргүй 2026-11-18 202.72.245.146
Өнгөрсөн сонгуулиар манай тойргоос сонгогдсон. Ёстой зөв хүнээ сонгож гаргасандаа их баярладаг. Итгэл алдаагүй. Гэр бүлдээ ч нөлөөлж санал өгүүлж чадсан. Сонгогчдынхоо итгэлийг алдахгүй, улс орондоо хүч нэмсэн гишүүн байгаарай л гэж захья даа
Нэргүй 2026-11-18 66.181.168.8
ХҮН нам бол сөрөг хүчин биш худлаа далдайсан биеэ үнэлдэг нам болсон нь үнэн шүү. Харин энэ дундаас ганц зоригтой дуугардаг намын бодлогоо ч зоригтой шүүмжилдэг эрх баригчидтай асуудлыг ярьж чаддаг гишүүн бол Золжаргал байхаа. Тиймдээ ч нам нь бараг хөсөр хаясан биз
Зочин 2026-11-18 202.126.91.194
Хийж бүтээсэн зүйлгүй, ганц ч олигтой шийдэл гаргадаггүй зөвхөн өөртөө ашигтай төсөл хэрэгжүүлэх нэрээр мөнгө завшдаг этгээд.
Нэргүй 2026-11-18 64.119.19.178
Монголчууд Оросыг үзэн яддаг хирнээ Зөвлөлт холбоот улсад сурч байснаараа гайхуулаад л