Сүүлийн жилүүдэд сурагчдын унших, уншсанаа ойлгох, бичгээр болон хэл яриагаар өөрийгөө илэрхийлэх чадвар буурсан нь боловсролын салбарын анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Хүүхдүүдийн дунд цахим хэрэглээ эрс нэмэгдсэн нь ийн сөрөг нөлөө үзүүлж байгаагийн зэрэгцээ гэр бүлийн орчин, багшийн сургалтын арга зүй, хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буйг боловсролын салбарын багш, мэргэжилтнүүд онцоллоо.
"ЭХ ХЭЛНИЙ ЗӨВ ХЭРЭГЛЭЭГ БАГААС НЬ ТӨЛӨВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ"

Увс аймгийн 9-р цэцэрлэгийн багш А.ТАЙВАН:
-Хүүхдийн унших, уншсанаа ойлгох чадвар сул байгаа гол шалтгаан юу вэ?, Танай ангийнхан дунд ямар асуудал түгээмэл ажиглагдаж байна вэ?
-Уншаад ойлгох чадвар сул байгаа гол шалтгааны нэг нь монгол хэлний хөтөлбөрийн агуулгатай холбоотой гэж бодож байна. Тухайлбал, хичээлийн агуулга хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт хэр нийцэж байгаа, сонирхлыг нь хэр татаж байгаагаас их зүйл шалтгаална.
Сүүлийн үед хүүхдүүд зохиол унших нь багассан. Үүнд хэт цахимжсан орчин, дэлгэцийн хэрэглээний нөлөө ч их байна.
Хүүхдүүдийн унших дадал буурч, улмаар уншсан зүйлээ ойлгох чадварт нь сөргөөр нөлөөлж байна. Сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдийн хэл ярианы хөгжил ч анхаарал татах асуудлын нэг болсон. Зарим хүүхэд монгол хэлнээс илүү англи хэлээр анх хэлд орж байна. Үүнд бага насны хүүхдийн үзэж буй нэвтрүүлэг, кино, гэр бүлийн орчин дахь харилцаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Хүүхэд багаасаа ямар хэлний орчинд өсөж, хөгжиж байна, тэр хэрээрээ тухайн хэлний ойлголт, хэрэглээ нь төлөвшдөг.
Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ цаг зав гаргаж, ярилцаж, ном уншиж өгөх нь хангалтгүй байгаа нь ажиглагддаг.
-Охид, хөвгүүдийн хэл ярианы хөгжил, өөрийгөө илэрхийлэх чадварт ялгаа ажиглагддаг уу? Хөвгүүдийн ярих, харилцах идэвх харьцангуй сул байдаг нь ямар шалтгаантай холбоотой байж болох вэ?
-Энэ ялгаа цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд түгээмэл ажиглагддаг. Ангийн хүүхдүүдийг харахад охид хоорондоо илүү их ярилцаж, харилцдаг бол хөвгүүд өөрсдийн сонирхсон зүйлдээ илүү анхаарал хандуулах хандлагатай байдаг.
Сургуулийн орчинд ч охидын оролцоо, идэвх илүүтэй ажиглагддаг.
Миний ажигласнаар охидын ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар хөвгүүдийнхээс харьцангуй илүү байдаг. Ярианы чадвар нь хэлний хичээлд чухал үүрэгтэй. Учир нь хүүхэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, бусадтай харилцаж сурснаар үгийн баялаг нь нэмэгдэж, улмаар унших, бичих чадвар нь хөгжих боломжтой.
-Хотын төвийн болон захын дүүрэг, хөдөө орон нутгийн цэцэрлэгийн хүүхдүүдийн хэл ярианы хөгжил, үгийн баялагт ялгаа ажиглагддаг уу?
-Энэ тал дээр тодорхой ялгаа ажиглагддаг. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хэл яриа, үгийн хэрэглээнд нутгийн аялгуу нөлөөлөх тохиолдол бий.
Мөн тэдний амьдралын орчин, хэлний хэрэглээ хотын хүүхдүүдээс өөр байдаг.
PISA үнэлгээний үр дүнгээр орон нутгийн хүүхдүүдийн үзүүлэлт харьцангуй доогуур гарсан талаар салбарын сайд мэдээлж байсан. Гэхдээ орон нутагт сургалтын үйл ажиллагаа харьцангуй үр дүнтэй явагдах боломж ч бий.
Учир нь сурагчдын тоо цөөн тул багш хүүхэд бүртэй тулж ажиллах нөхцөл бүрддэг.
Харин PISA үнэлгээний дүн доогуур гарахад нутгийн аялгуу, хэлний хэрэглээний ялгаанаас гадна шалгалтын агуулга, аргачлал зэрэг хүчин зүйл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг зөвхөн нэг шалтгаанаар тайлбарлах боломжгүй гэж бодож байна.
"ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ ХҮҮХДИЙН УНШИХ ДАДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА"

Хэнтий аймгийн Боловсролын газрын бага боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Х.БАЙГАЛМАА:
Тиймээс багш нар хичээлээ төлөвлөхдөө сурагч төвтэй, идэвхтэй сургалтын аргуудыг түлхүү ашиглаж, хүүхдээр өөрөөр нь уншуулж, бодож, ярилцуулж, ойлгосноо илэрхийлүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
"СУРАГЧДЫН УНШИЖ ОЙЛГОХ ЧАДВАРТ ГЭР БҮЛИЙН ОРЧИН ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ"

Орхон аймгийн Боловсролын газрын Монгол хэлний судлагдахуун хариуцсан ахлах арга зүйч Д.БАТЗОРИГ:
-Хүүхдийн унших, уншсанаа ойлгох чадвар муу байгаа гол шалтгаан юу вэ?. Сургуулийн сурагчдын дунд ямар асуудал түгээмэл ажиглагдаж байна вэ?
-Уншиж ойлгох чадварын үзүүлэлтээр манай улсын сурагчид Азийн орнуудын дунджаас харьцангуй доогуур түвшинд байгааг сургалтын чанарыг тодорхойлох чиглэлээр хийсэн хэд хэдэн судалгааны үр дүн харуулcан. Үүнтэй холбоотойгоор сурагчдын уншиж ойлгох чадварыг сайжруулахад чиглэсэн олон талт арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлж байна.
Сурагчдын уншиж ойлгох чадварт гэр бүлийн орчин, эцэг эхийн хүүхдэдээ зарцуулах цаг хугацаа, цахим хэрэглээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.
Боловсролын яамнаас суралцахуйн зорилго, зорилтын хүрээнд сургуулийн номын сангийн фондыг баяжуулах, анги бүрд номын сан байгуулах зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.
-Монгол хэлний шалгалтад эрэгтэй хүүхдүүд охидоос доогуур оноо авч байгаа нь юутай холбоотой гэж та үзэж байна вэ?
-Ерөнхийдөө эрэгтэй хүүхдүүд охидтой харьцуулахад аливаа зүйлд арай хайхрамжгүй хандах хандлага ажиглагддаг. Харин охид асуудалд илүү нягт нямбай, нарийвчилсан байдлаар ханддаг.
Энэ ялгаа нь тэдний суралцах хэв маягт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Түүнчлэн суралцагчдын хүйсийн харьцаанд охидын эзлэх хувь өндөр. Охидын суралцах үйл явц, хандлага анги хамт олонд эерэг нөлөө үзүүлж, улмаар нийт сурагчдын сурлагын амжилт, сургалтын чанарт нөлөөлөх боломжтой.
-Хотын төвийн болон захын дүүрэг, хөдөө орон нутгийн хүүхдүүдийн унших чадварт ямар ялгаа ажиглагддаг вэ. Энэ ялгааны гол шалтгаан юу вэ?
-Газарзүйн байршил нь сурагчдын сурлагын чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тухайлбал, төвлөрсөн суурин газарт багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих боломж, нөхцөл харьцангуй илүү байдаг.
Багшийн мэргэжлийн хөгжил сайжрахын хэрээр сургалтын чанар, улмаар сурагчдын сурлагын амжилтад эерэгээр нөлөөлнө.
Харин монгол хэлний хичээлийн хувьд энэ хамаарал эсрэгээрээ илрэх талтай. Учир нь монгол хэлний сургалтын эх, хэрэглэгдэхүүний агуулга нь монголчуудын ахуй амьдрал, ёс заншил, уламжлалтай нягт холбоотой.
Орон нутгийн сурагчид эдгээр агуулгатай холбоотой мэдлэг, ойлголтыг эцэг эх, ах дүү, гэр бүлийнхнээсээ сонсож, өдөр тутмын амьдралдаа харж, мэдэрч өсдөг.
Тиймээс ахуй, соёлын орчинтойгоо шууд холбогдох боломж нь тэдэнд төвлөрсөн суурин газрын сурагчдаас илүү монгол хэлний хичээлийг ойлгож, эзэмшихэд хялбар дөхөм болдог.
"НОМ УНШДАГ ХҮҮХДҮҮД САНААГАА ИЛҮҮ ЭМХ ЦЭГЦТЭЙ ИЛЭРХИЙЛДЭГ"

-Сурагчдын уншиж ойлгох чадвар сул байгаагийн шалтгаан юу вэ. Энэ асуудлыг сайжруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Сурагчдын уншиж ойлгох чадвар сул байгаа шалтгааныг түвшин тус бүрээр нь тодорхойлж, сайжруулах санал, зөвлөмж боловсруулан ажиллаж байна. Уншиж ойлгох чадвар сул байна гэдэг нь зөвхөн уншсан зүйлээ ойлгохгүй байгаагаар хязгаарлагдахгүй. Тухайн эхийн утга санаа, шалтгаан, үр дагавар, уялдаа холбоог задлан шинжлэх, өөрийн ойлгосноор дүгнэлт гаргах чадвар хангалттай төлөвшөөгүй байгааг хэлнэ.
Сурагчид даалгаврын тавил/аргачлал/, зааврыг ойлгохгүй дахин дахин асуух тохиолдол бий.
Гэхдээ үүнд зөвхөн сурагчдын унших чадварыг буруутгаж болохгүй. Унших эх, зохиол болон даалгаврын заавар хэл найруулгын алдаатай, ойлгомжгүй байвал хүүхдүүдэд хүндрэл учруулна. Тиймээс энэ асуудлыг сурагчийн унших чадвар болон сургалтын хэрэглэгдэхүүний хэл найруулга гэсэн хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Мөн унших дадал хэвшил хангалтгүй байгаа нь гол шалтгаануудын нэг юм. Хүүхэд уншихгүй байх тусам ойлгох чадвар нь төдий чинээ хөгжихгүй байна.
-Монгол хэлний шалгалтын дүнгээр эрэгтэй, эмэгтэй сурагчдын сурлагын үзүүлэлтэд ялгаа ажиглагддаг. Үүний шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ?
-Элсэлтийн шалгалтын өмнөх монгол хэл бичгийн шалгалт болон PISA үнэлгээний үр дүнгээс харахад эрэгтэй, эмэгтэй сурагчдын сурлагын үзүүлэлтэд тодорхой ялгаа ажиглагдаж, эрэгтэй сурагчдын үзүүлэлт харьцангуй доогуур гарсан. Монгол хэл бичгийн шалгалт нь голчлон сурагчдын бичих чадварыг үнэлдэг. Шалгалтаар тодорхой сэдэв өгч, тухайн сэдвийн хүрээнд ямар асуудал хөндөх, гол санаагаа хэрхэн илэрхийлэх талаар чиглэл өгдөг ч сурагчдын бичих чадвар хангалттай түвшинд үнэлэгддэггүй. Тухайлбал, бичгийн хэв, зөв бичих дүрэм, найруулгын алдаа их гаргаж байна. Ном тогтмол уншдаг хүүхдүүд санаагаа эмх цэгцтэй, тодорхой бүтэц, дараалалтай илэрхийлж чаддаг бол унших дадалгүй хүүхдүүд өгсөн сэдвээ хангалттай дэлгэрүүлж бичиж чаддаггүй.
Шалгалтын үр дүнгээс харахад сурагчдын бичих идэвх, хичээл зүтгэл ч сул байгаа нь анзаарагдсан.
Тиймээс эх хэлний боловсролд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, сайшаалтай ажил гэж үзэж байна.
3,605.46




















































Холбоотой мэдээ