niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:02 UTC Эх: https://news.mn/r/2899438/ 73a6a8822302c3e6… ← niitlelch.mn руу буцах

Төр дахин төлөвлөлтийн хохирогчдыг түрээсийн байраар “аргацаах” уу?

Бүтэн амьдрал сүйдэлж, бүрэн голомт самарсан төсөл

Төр дахин төлөвлөлтийн хохирогчдыг түрээсийн байраар “аргацаах” уу?

Төр дахин төлөвлөлтийн хохирогчдыг түрээсийн байраар “аргацаах” уу?
Screenshot

NEWS агентлаг өмнө нь Яармагийн Е хэсгийн “Андын Зам Констракшн” ХХК-ийн дахин төлөвлөлтийн төсөлд хохирсон иргэдийн асуудлын талаар "Бүтэн амьдрал сүйдэж, бүрэн голомт самарсан төсөл" цуврал сурвалжлагыг хүргэж байсан билээ. Тус төсөл 2021 онд эхэлж, 557 өрх газар, хашаа байшингаа чөлөөлсөн бол 400 гаруй иргэн шинээр баригдах орон сууц захиалж, мөнгөө төлсөн ч төслийн ажил удааширч, зарим барилга огт эхлээгүй, зарим нь олон жил царцсан хэвээр байгааг мэдээлсэн юм.

Хотын дарга Б.Пүрэвдагва арваннэгдүгээр сарын 4-нд “Андын зам”, “Бриллиант” компанитай холбоотойгоор хохирсон иргэдийг 1008 айлын орон сууц, “Солонго-1”, “Солонго-2” төслүүдэд хамруулж, орон сууцтай болгох замаар хохирлыг барагдуулна гэж мэдэгдсэн.

Гэвч иргэдийн зүгээс одоогоор тодорхой хуваарилалт, хэрэгжих хугацааны талаар хариу аваагүй, Нийслэлийн орон сууцны бодлогын газраас бичиг баримт боловсруулж байгаа тул 20 хоног хүлээх шаардлагатай гэсэн тайлбар өгсөн талаар ярьж байна.

Нийслэлээс ирүүлсэн урьдчилсан мэдээллээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж, газраа чөлөөлсөн ч, орон сууцандаа ороогүй 735 өрх байгаа.

Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Батболдын мэдээлснээр, Засгийн газрын хуралдаанаас дахин төлөвлөлтийн хохирогчдыг төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд үе шаттай хамруулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, энэ арваннэгдүгээр сард багтааж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууц, Солонго 1,2 төсөлд эхний ээлжийн хохирогчдыг оруулахаар төлөвлөсөн.

Ингэхдээ тухайн иргэдийг төрийн орон сууцанд түр байрлуулах, газраа чөлөөлсөн байршилд хэрэгжиж буй үндсэн төсөл нь баригдаж, ашиглалтад орсны дараа түр байршуулсан орон сууцнаас гаргаж, өөрсдийнх нь байранд оруулах зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Төрийн мэдлийн орон сууцанд түр байрлуулах нь олон жил түрээсийн байр хэсэж, айл бараадан амьдарсан иргэдийн хувьд эхний ээлжид тодорхой дэмжлэг болох нь мэдээж.

Гэвч энэ зохицуулалт хохирлыг бүрэн барагдуулж байгаа хэрэг үү, эсвэл үндсэн асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаа хожиж буй хэрэг үү гэдэг асуулт гарч ирж байна.

Учир нь дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах ёстой байсан барилгуудын зарим нь огт эхлээгүй, зарим нь олон жил зогсонги байдалд орсон. Ийм нөхцөлд тэдгээр төсөл хэзээ үргэлжилж, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байхад 735 өрх төрийн орон сууцанд хэдий хугацаанд түр амьдрах вэ?

Мөн түр байрлуулах орон сууцны ашиглалт, төлбөр, иргэдийг буцаан гаргах нөхцөлийг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь тодорхойгүй.

Нөгөө талаас Солонго 1,2 орон сууцны төсөл нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах зориулалттай.

Үүнийг дахин төлөвлөлтийн хохирогчдод түр ашиглуулах шийдвэр гаргаснаар тус орон сууцыг хүлээж буй бусад иргэдийн эрх ашиг хэрхэн зохицуулагдах вэ?

Хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн хүндрэл ч үүсэж байгаа аж.

Тухайлбал, компаниуд гэрээний үүргээ биелүүлээгүй, барилгын ажил нь зогссон тохиолдолд төрөөс шууд оролцож, иргэдийн хохирлыг барагдуулахад хууль эрх зүйн үндэслэл шаардлагатай.

Засгийн газар хууль зөрчин асуудлыг шийдвэрлэх боломжгүйгээс гадна ийм жишиг тогтоох нь цаашид барилгын компаниуд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, үүргээ биелүүлэхгүй байх эрсдэл дагуулж болзошгүй гэдгийг ч зарим гишүүд ярьж байна.

Иймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос дээрх тохиолдлоор хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэг удаагийн шинжтэй хуулийн төсөл боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгөх хувилбар яригдаж байна.

Ингэснээр хохирсон иргэдийн нөхцөл байдлыг нэг бүрчлэн авч үзэж, хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломжтой болох аж.

Товчхондоо, дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн 735 өрхийн асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөөс түр орон сууцанд байрлуулах хувилбар танилцуулж, цаашлаад нэг удаагийн хуулийн зохицуулалт хийх гарц эрэлхийлж эхэлжээ.

Гэвч иргэдийн хүлээж буй шийдвэр бол түр зуурын орон сууц биш.

Төрийн түр орон сууц энэ олон жилийн хүлээлтийг эцэслэх шийдэл болох уу, эсвэл дахин тодорхойгүй хугацаагаар хойшлуулах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-16 103.229.121.13

“Өнөөдөр ухаанаар баян бай, маргааш бүтээсэн үнэ цэнээрээ баян бай.”

Avatar

Нэргүй 2026-11-16 43.242.242.59

Хохироосон компани л хариуцах ёстой. Юм л бол улсаас хохирлоо гаргуулдагийг болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж