УИХ Монгол Улсын 2027 оны төсвийг батлахдаа нэгдсэн төсвийн орлого 39.2 их наяд, зарлага 41.5 их наяд төгрөг бол алдагдал 2.3 их наяд байхаар төлөвлөлөө. Засгийн газраас ирэх оны төсвийг боловсруулахдаа улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.28 их наяд, зарлага 43.5 их наяд төгрөг байхаар тооцож өргөн мэдүүлсэн.
УИХ-аар 2027 оны төсвийн хэлэлцүүлгийг хийх шатанд орлогыг 2 их наядаар, зарлагыг мөн 2 их наядаар бууруулсан ч Төсвийн хүрээний мэдэгдэлд заасанчлан 36.5 их наяд төгрөгөөс хэтрэхгүй байх хуулийн заалтыг хэрэгжүүлж чадсангүй.
Хэрвээ ирэх жил төрийн өмчит компаниудын ногдол ашиг, татварын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд төсөвт тодотгол хийх шаардлага үүснэ.
Учир нь, нийт төсвийн орлогын дийлэнх 79 хувь буюу 33 орчим их наяд төгрөгийг орлогын албан татвар, НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татвараар, 21 хувийг татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тооцсон. Өмнөх жилүүдэд татварын бус орлого төсвийн орлогын 10 орчим хувийг эзэлдэг байсан бол ирэх жил 21 хувьд хүрэхээр төлөвлөсөн нь төрийн өмчит компаниудын цэвэр ашгийн 30-аас доошгүй хувийг ногдол ашиг хэлбэрээр төсөвт төвлөрүүлэхээр тооцсонтой холбоотой. Тодруулбал, төрийн өмчит компани болон төрийн оролцоотой аж ахуй нэгжээс 3.4 их наяд төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Хэдийгээр төрийн өмчит компанийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх нь сайн жишиг ч гарын таван хуруунд багтах компани ашигтай ажилладаг. Тэр дундаа дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр үед л ашигтай ажиллаж ирсэн тул төсөв тун эмзэг байдлаар төлөвлөгдсөнийг шүүмжлэх эдийн засагч нар олон байна.
Товчхондоо дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унавал төсөвт томоохон цоорхой үүснэ. Энэ тохиолдолд төрийг тэжээж хүчрэхгүйд хүрнэ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрэх эрсдэл ч бий.
Уг нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанк, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс төрийг цомхон болгож, үр ашиггүй зардлыг танан хувийн хэвшлүүдэд бизнес хийх орон зайг төсвөөр дамжуулан бүрдүүлэх ёстой гэх саналыг олонтаа гаргасан ч өндөр зардал, алдагдал хоёроор үндсэнд нь боомилж орхилоо.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан “2027 оны төсвийн зарлагыг хамгийн багадаа 6 их наяд төгрөгөөр танах шаардлагатай” гэх байр суурь илэрхийлж байв. Энэ талаар тэрбээр “Төсвийн зарлага өсөхөөр эдийн засагт эрэлт нэмэгдэнэ. Тэр эрэлтийг хангах үйлдвэрлэл, бараа үйлчилгээ нь дагаж нэмэгдэхгүй бол үнэ өснө, импорт нэмэгдэнэ. Мөнгөний бодлого чанга хэвээр байвал зээлийн хүү буурахгүй. Бизнес эрхлэгчдийн санхүүжилт үнэтэй, өрхийн зээлийн дарамт өндөр хэвээр үлдэнэ. Төсвийн шийдвэр ингэж иргэдийн өдөр тутмын амьдралд очдог.
Дээр нь хүмүүсийн ирэх жил үнэ өсөх байх гэсэн хүлээлт өнөөдрийн шийдвэрт нь нөлөөлнө. Бизнесүүд үнээ урьдчилж нэмэх, иргэд худалдан авалтаа наашлуулах зэргээр инфляцын хүлээлт өөрөө үнийн өсөлтийг өдөөдөг. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сангийн бодлого, сайд дарга нарын хэлж байгаа үг, гаргаж байгаа шийдвэр нь үнийн өсөлтийг хазаарлана гэсэн итгэл төрүүлэх ёстой. Одоо бол зарлагаа огцом нэмчихээд инфляц буурна гэж тайлбарлаж байна. Яаж гэдэгт нь хариулт алга.
Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Сонгуулийн жилд төсвийн сахилга батыг бүр өндөр түвшинд шаардах ёстой. Өнөөдөр таалагдах зардал нэмээд, дараа нь үнийн өсөлт, өрийн төлбөрийг иргэдэд үлдээж болохгүй. Бид төсөл нэг бүрийн хэрэгцээ, өгөөж, санхүүжилтийг нээлттэй хэлэлцэх үүрэгтэй.
Явж явж төрийн макро эдийн засгийн бодлогын алдаа иргэдэд л ачаа болж очдог.
Тэтгэвэр, цалин нэмсэн ч дэлгүүрт ороход авах бараа нь багасаад байвал иргэдийн амьдрал дээрдээгүй л гэсэн үг” гэдгийг хэлж байв. Хэдийгээр УИХ-аар төсвийг хэлэлцэх шатанд олон гишүүн зардлаа бууруулж, алдагдлыг багасгах шаардлага тавьсан ч олонхидоо дийлдэв.
УИХ-аас 2027 оны төсвийг баталсны дараа Сангийн сайд З.Мэндсайхан тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, татварын реформоор дамжуулан орлогыг хамгаалж ажлын байрыг хадгалах боломжтой болсныг онцоллоо. УИХ-ын дарга С.Бямбацогт ч мөн агуулга нэг тайлбар хийв. Тухайлбал, ирэх оноос сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хүн амын орлогын албан татвар авахгүй. Энэ хэмжээгээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.
- 2026 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн суурь тэтгэвэр 2027 онд бүтэн жилээр олгогдож, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж, ахмад настны халамжийн мөнгө 600 мянган төгрөг болон нэмэгдэж, үүнд 171 мянган иргэн хамрагдана. Мөн асаргааны тэтгэмж нэмэгдэнэ.
- 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 хувь, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд 212 мянган төрийн албан хаагч хамрагдана.
- Даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийг Эрүүл мэндийн сангаас 100 хувь хөнгөлнө.
- Ипотекийн зээлд 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэр татаж, 16 мянган иргэнд орон сууцны санхүүжилт олгоно.
- 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 246 тэрбум төгрөгөөр буурна.
- Гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, зөвхөн нэг ажлаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Бизнес эрхлэгчид ахмад настныг ажиллуулбал нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.
- Төрийн банкаар дамжуулан 300 сая хүртэлх ам.долларыг олон улсын зах зээлээс татаж, уг эх үүсвэрээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно.
- “Боловсролд хөрөнгө оруулъя” бодлогын хүрээнд 2027 онд 1.0 их наяд төгрөгийн санхүүжилт олгоно. Улсын хэмжээнд нийт 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр баригдана.
- Эрчим хүчний хараат байдлаас гарах бодлогын хүрээнд 800 мвт шинэ эрчим хүчний эх үүсвэр бий болно. Ирэх онд 338 км хатуу хучилттай шинэ авто зам баригдана.
- Эко өрхийг бодлогоор дэмжиж, гал түлдэггүй, утаа гаргадаггүй, яндангүй, жорлонгүй гэр хорооллын өрхүүдэд амины орон сууцад ногоон зээл олгож, хүүгийн татааст 25 тэрбум төгрөг олгоно.
- 2027 оны 4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүрийн ард аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, ажлын байр бий болж, үндэсний компаниуд ажилтай, орлоготой байх, орлого нь нэмэгдэх боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байна.
Харин эдийн засгийн шинжээчид инфляцын дарамт ирэх онд үргэлжилнэ, Тэр хэрээр төгрөгийн ханш унаж, эдийн засаг улам хүндэрч болзошгүйг анхааруулав. Төсвийн зардал өндөр батлагдсан тул 2027 оны Мөнгөний бодлого хатуу батлагдаж тэр хэрээр хувийн хэвшлүүдэд хүнд тусах нь тодорхой боллоо.
Г.ХОРОЛ
3,605.46


















































иргэдээ дооглоод байна уу гэлтэй 2026-11-16 103.212.118.225
манай төр засгийн толгойд боловралгүй сүржин үгэн сэлэм эргүүлэгч, баян танасаг айлийн эрх хүү улсын төсийг бараг л тооцоо судалгаагүй гээд хэлчихэд нэг их хол зөрөхөөргүй баруун солгойгүй цацаж ард түмнээ их боддог бололтой попдох, Гачууртын чинбат гэгч баян нөхрийн хэлээ хазсан эрх хүүхэн мөн л төвсийн мөнгийг хэрэгцээгүй шахам төсөл спортын хослолд лого тавих нэрээрээ тоо томишгүй их өрөнд уначихаад л энд тэнгүй баяртай нь аргагүй инээд алдсан зугагаа хийгмийн сүлжээгээр л нэг цацах.
ккк болохгүй гэх газаргүй л дээ 2026-11-16 103.212.118.225
яаг үнэн би мөнгөтэй юм чинь намайг хэн хэлэхэв,нохойг хэн саахав гээд л явдаг бололтой. Хүүхнийг төрөөс зайлуулах ер шинжгүй харинч эсэргээрээ адилхан баян айлийн эрх хүү Ням-Осорын Учирал ажлаас нь халах нь байтугай эгээтэй л тархин дээ тахих шахав аа хөөрхий..Магадгүй тЭнэ хүүхэн ехникийн дэвшил ашиглаад цахимаар тархийг нь нэг л мэдэхэд хага базчих ч юм билүү? ккк Тэгвэл нэг ч атгуй нь цааш харах зүгээрч юм билүү.ккк
Зочин 2026-11-16 73.202.96.183
Татварын орлого болон экспортын орлого ыг олсных нь хэмжээгээр л улсын төсөвт зарцуулаад байх юм байх даа.