niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:31 UTC Эх: https://news.mn/r/2898869/ f401861bc44b5f0d… ← niitlelch.mn руу буцах

Байр суурь: Ирэх хавар дахиад л төсвийн тодотгол ярих эрсдэл байна

Байр суурь: Ирэх хавар дахиад л төсвийн тодотгол ярих эрсдэл байна

-Ер нь өнгөрсөн жилээс эхлэн улсын төсвийг есдүгээр сарын 1-нээс урт хугацаанд хэлэлцдэг болсон. Төсвийн эхний үе шатуудад иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, аравдугаар сараас байнгын хороод, УИХ-аар хэлэлцдэг. Энэ жил улсын төсвийг өргөн хүрээнд хэлэлцлээ. Ялангуяа Оюутолгойн ногдол ашиг урьдчилан авах тохирооны хүрээнд хэрхэн хуваарилах тухай асуудал орж ирсэн. Энэ ногдол ашгийг улсын төсөвтөө тусгаж үзлээ, буцаагаад татлаа, иргэдийн дансанд байршуулах асуудал хүртэл яригдлаа. Үүнийг дагаад эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарын асуудлууд ч маш сайн яригдсан гэж харж байна. Тийм учраас энэ жил төсвийн асуудалд иргэд, олон нийт идэвхтэй оролцлоо. Цаашдаа ч гэсэн ард иргэд улсын төсөвт анхаарч, салбар салбарын төлөөллүүд оролцож, хэлэлцдэг байх шаардлагатай. Тэгж байж чамбай төсөв батална.
Хоёрт, бид улсын төсөв хэлэлцэхдээ өмнөх оныхоо төсвийн гүйцэтгэлийг маш сайн хэлэлцэх ёстой.
Жил болгон ирэх оныхоо төсөв дээр урсгал зардал, орлого, алдагдлаа яриад байдаг. Гэтэл өнгөрсөн оны төсөв дээр гарсан алдаа дутагдал, аудитын дүгнэлтээр маш их байдаг. Хөрөнгө оруулалтууд нь зураг төсөвгүй, зарим зардал нь хууль зөрчсөн зэрэг зөрчлүүдийг  ирэх оныхоо төсөв огт тусгахгүй байх ёстой. Тийм байдлаар дараа дараагийн жилүүдэд маш сайн уялдуулж, хэлэлцсэнээр сайжирна. ХҮН намын зөвлөлөөс нэгдсэн байдлаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй. УИХ-ын гишүүд хувиараа зарчмын зөрүүтэй санал гаргах бүрэн боломжтой. Миний хувьд 2027 оны төсөв дээр 5-6 санал гаргасан боловч Засгийн газраас өргөн барьсан бодлого чиглэлтэй нийцэхгүй байсан учраас зарим саналуудаа буцаан татсан. Сүүлийн жилүүдэд улсын төсөв батлах явцад гаргадаг алдаа харьцангуй багассан. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын төсвийг гурван жилийн дотор санхүүжилтийг нь тусгаж дуусгах зохицуулалттай болсон. Эхний жилдээ  хамгийн багадаа 30 хувийн санхүүжилтийг төсөвт тусгах ёстой. Ийм байдлаар хөрөнгө оруулалтын төсвийг шийдэж байна. Харин Засгийн газраас тодорхой хэмжээний тооцоо судалгаа хийж, нэн шаардлагатай сургууль, эмнэлгийн ажлыг төсөвт тусгасан байхад УИХ-ын гишүүдээс шууд зарчмын зөрүүтэй санал гаргаж, тооцоо судалгаа багатай, зураг төсөвгүй ажлыг батлуулах гэж байна. Энэ асуудал харьцангуй бага байсан ч ийм эрсдэл байна. Миний хувьд 2027 оны төсвийг зарчмын хувьд дэмжиж байгаа. ХҮН намаас Засгийн газрын хоёр салбарын хариуцаж байгаа сайд ажиллаж байгаа учраас том агуулгаараа төсвийг дэмжиж байгаа. Гэхдээ санал шүүмжлэлээ хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ялангуяа 2027 оны төсвийн урсгал зардлыг маш ихээр нэмэгдүүлсэн. Дараа дараа жилийн төсөв томрохоор эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэнэ.
"ИРЭХ ХАВАР ДАХИАД Л ТӨСВИЙН ТОДОТГОЛ ЯРИХ ЭРСДЭЛ БАЙНА"
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Миний хувьд сэтгэл дундуур байгаа. Би зарчмын зөрүүтэй саналаа ажлын хэсэгт өгсөн боловч хүлээж аваагүй. Жишээлбэл, Төрийн банкаар дамжуулан гадаадаас 300 сая ам.доллар босгоод ойролцоогоор 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор олгоно гэж байна. Тэгсэн мөртлөө шалгуур үзүүлэлт, зорилтот үр дүн нь өөрөө задаргаагүй. Төр өөрөө зах зээлд мөнгө нийлүүлнэ төдий чинээ бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Угаасаа бизнес эрхлэгчид хөнгөлөлттэй зээл авсан ч ажлын байрыг нэмэгдүүлж, зах зээлээ тэлэхгүй. Нийтээрээ  ард иргэдийн худалдан авах чадвар суларсан байна. Гэтэл улсын төсвөө 10 их наядаар тэлчихлээ. Таны цалин өнөөдөр 10-20 хувь нэмэгдсэн ч гэсэн тэрнээс ч давж, бүх юмны үнэ өснө. Яг л байдагтаа байна гэсэн үг. Ийм бодит эрсдэл байгааг эдийн засагчид хэлж байна.
Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хариуцсан байнгын хорооны даргын хувьд энэ салбарт тодорхойгүй төсвийн зардлууд байна. Энэ зардлуудын тайлбар, шалгуур үзүүлэлт алга. Дээрээс нь дунд хугацааны үндсэн чиглэлтэй улсын төсөв уялдаж, төлөвлөх ёстой. Гэтэл тийм биш байна. Улсын төсөв хаашаа явж байна гэдэг дээр үнэхээр эргэлзэж байгаа учраас өөрийн байр сууриа илэрхийлсэн. Манай салбарын хувьд 46 мянгаар ажиллах хүч буурлаа. Тэгэхээр энэ салбарт хэн ажиллах юм бэ. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн өөрсдөө сахиулаа хийгээд, талбайгаа орхиж явж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тэдний хувьд яаж бизнесээ тасалдуулахгүй байх вэ гэж анхаарахаас нэмүү өртөг шингээж, ажлын байраа өргөжүүлэх орон зай үнэндээ харагдахгүй байна. Ирэх хавар гэхэд дахиад л төсвийн тодотгол ярих эрсдэл байна.
"УЛСЫН ТӨСӨВ ТЭЛСЭН ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙНА"
УИХ-ын гишүүн, төсвийн ажлын хэсгийн гишүүн П.Сайнзориг:
-Ер нь улсын төсөв өргөн барих цаг хугацаанаас эхлээд засах ёстой гэж харж байгаа. Төсвийг есдүгээр сард өргөн барьсан ч бүтээмж яривал асуудал байна. Засгийн газраас хаврын чуулган хаагдсаны дараа нэг сар хагасын хугацаанд төсвөө боловсруулж байна. Тэгэхээр төсвийг маш сайн боловсруулж, олон нийтийн дунд хэлэлцүүлэх ёстой. Энийг дагаад орон нутгийн төсвөө батлах цагалбарын хувьд ч гэсэн бодохоор яаран улсын төсвийг өргөн барих шаардлагагүй. УИХ дээр гурван үе шаттай хэлэлцүүлэг хийхэд болно. Олон нийтээр хэлэлцүүлсэн, боловсруулалт сайтай улсын төсөв УИХ дээр орж ирвэл хэлэлцүүлэг нь багасч болно. Хоёрт, улсын төсөв тэлсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Эдийн засагт бодитоор эргэлдэж байсан мөнгийг улсын төсөвт нэгтгэж, төсвийн сахилга батыг сахиулж байгаа. Өөрөөр хэлбэл, ТӨК-иудын захирал, ТУЗ дураараа зарцуулж байсан мөнгийг төсөвтэй уялддуулж байгаа юм. Ингэхдээ тухайн компанийн хэвийн үйл ажиллагаа болон бизнесийн цаашдын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд харшилдахгүйгээр энэ асуудлыг шийдэж байгаа. Би Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг батлуулах дэд ажлын хэсгийг ахалж ажилласан. Өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжин цалин, тэтгэвэр нэмж байгаа эх үүсвэрийг олоход 2026 оны долдугаар сарын 2-нд батлагдсан хуулиар ТӨК-иуд 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломж бүрдсэн юм. Энэ мөнгө угаасаа зах зээл дээр байсан мөнгө. Тэрнээс биш шинээр мөнгө хэвлэх гэсэнгүй.
Төсвийн орлого бүрдүүлэлт зөвхөн уул уурхайгаас хамааралтай байна. Төсвийн урсгал зардал ингэж их тэлж байна. Нөгөө талдаа бодит хөрөнгө оруулалт болон Монгол Улсын хөгжлийг түргэтгэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг эрэмбэлэхэд онцгой анхаарахгүй бол цаашдаа улам төсөв хүндэрнэ.
Урсгал зардал хаашаа ч үгүй буланд шахах эрсдэл байна. Инфляц бүр өдөөгдөнө. Тийм учраас бид энийгээ сайн бодож, нягталж, шинээр чанартай, байнгын ажлын байруудыг бий болгох, хувийн хэвшлийг дэмжихгүй бол ойрын жилүүдэд маш хүнд нөхцөл байдал үүсэхээр байна. Үүнийг л хэлж анхааруулмаар байна. Мөн нэгэнт нь хүн рүүгээ чиглэсэн улсын төсөв байх ёстой бол улсын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа нийслэл дээр төсвийн 50 хувь нь ирэх ёстой. Гэхдээ яг ингэж чадахгүй байна. Би нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд энийг байнга хэлж, ярьдаг. Цаашдаа Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн барьсан байгаа. Энэ хуулиа бодитоор хэлэлцмээр байна. Өнөөдөр Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн ачаалал их, гурван ээлжээр хичээллэж байхад зарим сумын сургууль, цэцэрлэгт суралцах хүүхэд алга. Зарим ангид 10 хүрэхгүй хүүхэд байна. Бодит байдал ийм байхад төсвийн хөрөнгийг зөв явж байна гэдэг шүүмжлэл нь үнэн. Бид тойрогтоо ажил хийсэн болж харагдах бус иргэдийнхээ асуудлыг шийдэж, хэрэгцээтэй байгаа газарт нь төсөв хуваарилдаг зарчим руу явах хэрэгтэй.
"ТӨСВӨӨС ШААРДЛАГАГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАСАХ 60 ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛ ГАРГАСАН Ч ИХЭНХ НЬ ДЭМЖИГДЭЭГҮЙ"
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Миний хувьд бол төсвийн шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хасах 50-60 орчим зарчмын зөрүүтэй санал гаргасан. Ихэнх нь дэмжигдээгүй. Гэхдээ тэр дунд хүрч чадсан хоёр санал үр дүнд хүрч чадсан. Тодруулбал, Боловсролын яамнаас хромбүүк худалдан авахаар 800 орчим тэрбум төгрөгийг гурван жилийн хугацаанд зарцуулна гэж байсан. Үүний эхлэл буюу 30 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хасах санал гаргасан нь ажлын хэсэг дээр дэмжигдсэн байна лээ. УИХ дээр эцсийн байдлаар дэмжигдвэл энэ зардлыг төсвөөс танана. Хамгийн гол нь улсын төсөв байвал сургуулиа л нэмж барих ёстой. Хоёрт, ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн хоол" хөтөлбөрийг нэмж, зургаа болон долдугаар ангийн хүүхдүүдэд өгөхөөр хүнсний өртгийг нь нэмэх санал гаргасан. Энэ санал дэмжигдсэн байна лээ. Тэгэхээр энэ хөтөлбөр илүү өргөжиж, бид 83 тэрбум төгрөгийн санал гаргаснаас эхний ээлжинд 50 тэрбум төгрөгөөр тусгая гэсэн байгаа. Ингэхдээ урсгал зардал нэмэхгүйгээр салбарын санхүүжилтийн шилжүүлгээр зохицуулах юм.
Нэг зүйл дээр харамсаж байна. ДЦС-VI барих ажлыг Оюутолгойн ногдол ашгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч Эрчим хүчний яам дээр энэ төсөв буцаан татагдсан байгаа. Тэгэхээр ямар нэгэн гарц гаргалгаа олж, эрчим хүчний хараат байдлыг бууруулах нь зүйтэй.
Миний хувьд "Эко өрх" гээд ажлын хэсгийг ахалж, 2-3 санал гаргасан. Үүний нэг нь сайжруулсан шахмал түлшин дээр олгодог байсан татаас дээр байшин, гэрээ дулаалж байгаа хөрөнгө оруулалтыг дэмжих санал дэмжигдсэн. Төсвийн хувьд 22 орчим тэрбум төгрөгийг зарцуулна гэдэг мэдээллийг ажлын хэсгээс авсан. Үүнээс гадна ипотекийн зээлийг зөвхөн нийтийн орон сууцанд олгож байгаа бол ажлын хэсгээс амины орон сууцанд энэ зээлийг олгодог болох саналыг гаргасан. Тэгснээр гэр хорооллын хашаандаа хаустай амьдрах боломжтой. Хамгийн гол нь яндангүй, хөрс бохирдуулахгүй байя гэж байгаа. Иймэрхүү санал гаргаж, ахицтай байгаа учраас 2027 оны төсөв дээр засч, сайжруулж чадсан зүйлс байгаа болов уу гэж бодож байна. УИХ-ын гишүүдээс 2027 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр бараг 300 орчим зарчмын зөрүүтэй санал гаргаж, 80 орчим нь дэмжигдсэн гэдэг мэдээллийг авсан.
"ЯГ БОДИТОЙ, ЧАНАРТАЙ, АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛД НЭМЭР БОЛОХ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ БАЙНА"
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Улсын төсвийг үе шаттай хэлэлцүүлж, эцэслэн батлах гэж байна. УИХ-ын гишүүд чадал тэнхээгээрээ өөрсдийн саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн. Мэдээж олонхийг бүрдүүлж байгаа МАН 2027 оны төсвөө тулгаж, батлах гэж байна. Ер нь 2024 оноос хойшх парламент чинь бараг хэдэн ч төсөв хэлэлцэв. Тодруулбал, 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны төсөв, төсвийн хориг орж ирсэн, 2026 оны төсөв болон тодотгол гээд төсөв, төсөв…гээд л явчихлаа. Яг бодитой, чанартай, ард иргэдийн амьдралд нэмэр болох хуулийг хэлэлцэхгүй байна. Мэдээж улсын төсвийн хэлэлцүүлэг олон үе шаттай үргэлжилдэг. Энэ бүхнийг эрх баригчид л шийднэ. Бид бүгдийг хийнэ гээд өнгөрсөн 12 жилийн хугацаанд гурван удаа сонгуульд ялалт байгуулсан.
Сөрөг хүчний хувьд энэ бүх асуудлыг анхаараарай гэж хэлэхээс өөр чадал алга. Асуудлыг нь гаргаж ирж, хэлэх нь бидний үүрэг юм даа.
Оюутолгойн ногдол ашиг дээр яг ногдол ашиг мөн үү. Хэрэв үнэхээр ногдол ашиг юм бол жил бүр хуваарилах ёстой шүү дээ. Гэтэл энэ ногдол ашиг нь нэг удаагийнх ч юм шиг, түр эсвэл зээлж байгаа ч юм шиг ойлгомжгүй байна. Миний бодлоор зарчмын хувьд ард түмэндээ ногдол ашиг мөн эсвэл биш гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй. Хоёрт, ямар хэмжээний  ногдол ашгийг хэзээ авах гэдэг нь тодорхой болсны дараа хэрхэн зарцуулахаа ярих ёстой. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Оюутолгойн ногдол ашгаа Хуримтлалын сандаа авахаар бол боловсрол, эрүүл мэнд, орон сууцны зориулалтаар 2030 оноос ашиглахаар байгаа. Тэгэхээр энэ бүх асуудлаа тодорхой болгохгүйгээр нийгэмд нэг л их мөнгөн дүн яриад байж болохгүй.
"ТӨРИЙН ЭНЭ ТОМ БҮТЦИЙН ЗАРДЛЫГ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ДААХГҮЙ БАЙНА"
УИХ-ын гишүүн С.Замира:
-УИХ-ын гишүүд Засгийн газрыг маш сайн дэмжин ажиллаж байна. Гишүүд өмнөх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарыг дэмжиж байсан. Одоогийн Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг ч дэмжин ажиллаж байна. Төр тогтвортой байж, улс орноо хөгжүүлж, ард түмний амьдрал ахуй дээшлээсэй гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Гэхдээ нөгөө талд төр хэт данхайсан байна. Энэ бүх бүтцээ цомхотгож чадсан бол 2027 оны төсөвт хэмнэлт хийж чадах байлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний орлогыг хэт өөдрөгөө төсөөлж болох  ч ямар нэгэн асуудал гарч, орлого буурвал яах вэ. Бүх асуудлыг төр рүү чиглүүлж байгаа нь маш буруу.
Үнэнийг хэлэхэд төрийн энэ том бүтцийн зардлыг улсын эдийн засаг даахгүй байна. Миний хувьд 2027 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй ямар нэгэн санал гаргаагүй. Яагаад гэхээр, УИХ-д долоо хоногийн өмнө гишүүдээс санал авч, үг хэлэх боломжтой. Бид Эдийн засгийн байнгын хороодод байхгүй учраас зүгээр өөрийн байр сууриа илэрхийлж, үг хэлсэн.
"МАНАЙ ЯАМ УЛСЫН ХЭМЖЭЭНД 140 ОРЧИМ АЛБАН ХААГЧТАЙ БАЙСАН БОЛ 90 БОЛЖ, ЦОМХОТГОСОН"
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Миний хувьд 2027 оны төсвийн хэлэлцүүлэг үр дүнтэй болсон гэж харж байгаа. Яагаад гэхээр, Засгийн газраас улсын төсвийг танаж болох хэмжээнд нь салбар яамдын төсвийг танасан. Мөн төсвөөрөө ахмад настны тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүллээ. Тэр утгаараа тойргийн гишүүд болон ард иргэд 2027 оны төсөвт маш сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.
Манай яам улсын хэмжээнд 140 орчим албан хаагчтай байсан бол 90 болж, цомхотгосон.
Хот байгуулалтын шинэчилсэн хууль орохтой холбоотойгоор 2027 онд шугам сүлжээ, нийтийн аж ахуйн ажлуудыг төсөвтөө тусгасан. Мөн өнгөрсөн онд шилжихээр тавигдсан, өмнө нь хийж байсан ажлуудаа дуусгах ажлуудыг хийнэ. Тэрнээс биш шинэ бүтээн байгуулалтын ажил бага байгаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-13 64.119.22.63

Төсөв бол үнэндээ танилын хэдээ угждаг найр болж дуусаж байна. Яг л шүүрхий шанага шиг тендерээр гоожиж байна. Ямар ч өрсөлдөгчгүй 300-600 саяын тендэр авдаг хэдэн зуун байгууллага байхад төсөв яриад яах юм. Бүх салбар яриа тохироогоор явдаг болчхож Нийслэлийн 2р сургуульд гэхэд ганцхан төсөлд 1.1 тэрбум тендер за тэрийг нь жилийн дараа очоод үзэхээр хэдэн компьютерийг багш нарын өрөөнд хэвтэж байх… тэрийг мэддэг ч юмуу мэддэггүй ч юмуу хэдэн нөхөд дээгүүр жүжиглээд

Avatar

Мэдкүүү 2026-11-13 202.126.91.138

УЛС ТӨРЧИД ОРОЛЦСОН ЮМ БҮХЭН УРАГШАА НЭГ, ХОЙШОО 2 УХАРАХЫН ҮЛГЭРЭЭР Л ЯВЖ ЭНЭ УЛС БУРУУ ЗАМААР ОРЖ ГҮЙЦЛЭЭЭ……ХЭЗЭЭЭ ЗӨВ ГОЛЬДРИЛДОО ОРНООО БИД МЭДКҮҮҮҮ

Avatar

Нэргүй 2026-11-13 66.181.180.54

ӨСӨХИЙН ӨЛӨН ТЭНЭГ АВИЛГАЧ УЛС ТӨРЧИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж