УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарласан бөгөөд гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 17 гишүүн санаачлан өргөн мэдүүлжээ.
Хуулийн төслийн зорилго нь тариаланчид хохирол учирсны дараа төрөөс тусламж хүлээдэг бус эрсдэлээс урьдчилан сэргийлж даатгуулах бөгөөд албан ёсны, нээлттэй мэдээлэлд үндэслэн шуурхай нөхөн төлбөр авдаг тогтолцоонд шилжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.
Мөн тариаланчдын цаг уурын эрсдэлийг даван туулах санхүүгийн чадавх сайжирч, орлогын савлагааг бууруулах нөхцөл бүрдэнэ.Нөхөн төлбөрийн тогтолцоо илүү шуурхай, ил тод болж, хохирол үнэлэх зардал буурна. Даатгалын хамгаалалт сайжирснаар тариалангийн үйлдвэрлэл банк, санхүүгийн байгууллагын зээл болон хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэнэ.
Нөгөө талаас байгалийн гамшиг, ган, хуурайшлын дараа төсвөөс тухай бүр нөхөн олговор, тусламж гаргах дарамтыг урт хугацаанд бууруулж, эрсдэлийг тариаланч, даатгагч, давхар даатгал болон төрийн хооронд урьдчилан тодорхой зарчмаар хуваарилах боломж бүрдэнэ.
Энэ нь тариалангийн тогтвортой байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн чухал шинэчлэл болно гэж үзэж байна.
Хуулийн төсөл нь 8 бүлэг, 29 зүйлтэй. Даатгал нь сайн дурын үндсэн дээр байна. Хэнийг ч албадахгүй. Даатгуулагч, даатгагчийн эрх ашгийг хангасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт аван саналаа хэллээ. Энэхүү хуулийн төслөөр маргааш санал хураахаар болж, чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.
Төрийн шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүн 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал танилцууллаа.
Тэрбээр дээрх хуулийн 28-31 дүгээр зүйлд иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагад санал гаргаж, шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж өгсөн. Бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байгаа тул цахимаар нийтийн өргөдөл санаачлах өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан хэмээн тодотгов.
УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилготой petition.parliament.mn платформоор иргэд Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал болон Иргэдийн нийтийн хурлын эрхлэх чиг үүргийн хүрээний буюу газар олголт, дахин төлөвлөлт, авто замын тохижилт, тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, такси болон нийтийн тээврийн зохицуулалтын талаарх шийдвэр, хог хаягдлын тариф, орон нутгийн татвар, хураамжийн нэмэгдлийн эсрэг өргөдлүүдийг олноор гаргаж байгаа нь орон нутгийн түвшинд цахим өргөдөл хүлээн авах шийдэл шаардлагатай байгааг баталж байна гэлээ. Хуулийн төсөлд одоо хэрэгжиж байгаа УИХ-ын тухай хуульд тусгасан цахим өргөдлийн зохицуулалтыг жишиг болгон баримталсан гэж хуулийн төсөл санаачлагч танилцуулсан юм.
Энэхүү хуулийн төсөл нь нийт 2 зүйл, 12 заалттай бөгөөд Монгол Улсын бүх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд сонгуулийн эрх бүхий иргэдэд хамаарах аж.
Нийтийн өргөдөл нь цахим талбарт 30 хоног байршиж, нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн насны хүн амын 3 хувь, аймаг, сум, багт 5 хувиас дээш тооны иргэд гарын үсэг зурсан тохиолдолд ИТХ, ИНХ хэлэлцэхээр тусгажээ.
Иргэдийг тоон гарын үсэг, цахим танилт нэвтрэлтийн систем (E-Mongolia/DAN)-ийг ашиглан баталгаажуулах бөгөөд хувийн чанартай, шүүхийн шийдвэртэй холбоотой, эсхүл улсын аюулгүй байдал, бусдын эрх ашигт харшилсан өргөдлийг хүлээн авахгүй байхаар зохицуулсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авах үлгэрчилсэн журмыг Засгийн газар баталж, цахим системийн техникийн шаардлага, тоон гарын үсэг, баталгаажуулалт, хэлэлцэх хугацаа болон ил тод байдлын механизмыг нарийвчлан зохицуулна гэлээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцээд олонхи нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ.
Хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Бүх аймаг, дүүрэгт Иргэний танхим байгуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг байсан ч одоо энэ ажил зогссон. Санаачилсан хүмүүс нь ажлаа өгөхөөр тогтолцоо нь алга болж, ил тод байдал хумигддаг харамсалтай зүйл байна. Тиймээс үүнийг хүнээс хамаардаггүй, хуулиар зохицуулагдсан тогтолцоо болгох нь ач холбогдолтой гэж үзэж байна" гэв.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд санал хураалтыг маргааш 10:00 цагт хийхээр болж, хойшлууллаа.
УИХ: Улсын нөөцийн бэлэн байдал, шуурхай байдал хангагдана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна. Танилцуулгыг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр хийлээ.
Дэлхий дахинд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нь болзошгүй эрсдэлд бэлэн байх, нөөцийн хүрэлцээ, хүртээмжийг хангах шаардлагыг нэмэгдүүлж байгааг тэрбээр дурдав. Үүний зэрэгцээ геополитикийн хурцадмал байдал, зэвсэгт мөргөлдөөн, худалдаа, тээврийн хязгаарлалт нь олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах, хүнс, түлш, эрчим хүч болон бусад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт үүсгэх эрсдэлтэй байгаа гэлээ. Далайд гарцгүй, импортын хангамж, хил дамнасан тээврээс хамааралтай Монгол Улсын хувьд эдгээр эрсдэлийг стратегийн болон гамшгийн нөөцийн бодлого, төлөвлөлтөд цогцоор нь тусгах шаардлагатай байгаа гэв. Иймд нөөц бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, хуваарилах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, хэрэгцээний тооцоонд үндэслэн төлөвлөж, нэгдсэн цахим бүртгэл, хяналттай, шуурхай зохицуулалт бүхий тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан Засгийн газар хуулийн төслийн үзэл баримтлалд дэвшүүлсэн 7 үндсэн зорилтын хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.
Орон нутгийн нөөцийн удирдлага, хяналтын тогтолцоог тодорхой болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмнө нь гамшиг, онцгой нөхцөлийн үед шаардлагатай тусламжийг шууд улсын нөөцөөс гаргадаг байсан нь орон нутгийн түвшинд нөөц бүрдүүлэх, бие даан ажиллах хөшүүргийг сулруулж ирсэн байна. Иймд орон нутгийн нөөцийн эрх зүйн тодорхойлолтыг шинэчлэн томьёолж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар өөрийн нутаг дэвсгэрт нөөц бүрдүүлэх, хадгалах, зарцуулах, нөхөн бүрдүүлэх чиг үүрэг, оролцоо, хяналтын механизмыг хуулиар нарийвчлан баталгаажуулах холбогдох зохицуулалтыг тусгажээ.
Хоёрдугаарт, нөөцийн хэрэгцээг тодорхойлоход мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах хүрээнд дараах өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, стратегийн болон гамшгийн нөөцийн байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтооход эдийн засаг, санхүү, төсвийн бодит тооцоолол дутагдаж байсан бөгөөд цаашид нөөцийн хэрэгцээг төлөвлөхдөө холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран ажиллах, эрсдэлийн удирдлагад суурилсан эрх зүйн үндсийг бий болгож, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Н.Номтойбаяр сайд танилцуулав.
Гуравдугаарт, нөөцийн нэгдсэн мэдээллийн сан, цахим удирдлагыг нэвтрүүлэх хүрээнд улсын хэмжээнд стратегийн, гамшгийн болон орон нутгийн нөөцийн бараа, материалын мэдээллийг гамшгийн мэдээллийн санд нэгтгэж, төрийн болон албаны нууцын хамгаалалттай уялдсанаар нөөцийн аюулгүй байдал, ил тод байдал бүрэн хангах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэснээр улсын нөөцийн чанар, хүрэлцээнд бодит цагийн горимд хяналт тавих боломж бүрдэх аж.
Дөрөвдүгээрт, агуулахын дэд бүтэц, санхүүжилтийн механизмыг шинэчлэх хүрээнд насжилт нь нэмэгдэж, хадгалалтын горим алдагдах эрсдэл үүсээд буй нөөцийн агуулахуудын дэд бүтцийг сайжруулах зорилгоор шинээр барих, өргөтгөх, засвар үйлчилгээ хийх зардлыг улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн агуулахын ашиглагдаагүй сул багтаамжийг түрээслэх замаар орлого бүрдүүлж, дэд бүтцээ зах зээлийн зарчмаар хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Тавдугаарт, бараа материалыг сэлгэх үйл ажиллагааг технологижуулах хүрээнд нөөцийн барааг сэлгэх үйл ажиллагааг зөвхөн механик байдлаар “байршил солих, зөөх” төдийхнөөр хязгаарладаг байсан өнөөгийн практикийг халж, хадгалалтын чанар, стандартыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу сэлгэх, шинэчлэх зохицуулалтыг тусгасан гэв.
Зургадугаарт, гамшгийн үеийн шийдвэр гаргах ажиллагааг шуурхай болгох хүрээнд гамшиг, ослын онцгой нөхцөл байдал, голомтын бүсэд нэн шаардлагатай нөөцийн бараа, материалыг гаргахад цаг хугацаа алддаг хүндрэлийг арилгаж, Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр шуурхай гаргах эрх зүйн механизмыг бүрдүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, гамшгийн нөхцөлийг хохирол багатай даван туулах боломжийг олгохоор холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.
Долдугаарт, хууль тогтоомжийн нийцэл, хэл зүйн найруулгыг сайжруулах хүрээнд Гамшгаас хамгаалах тухай, Төсвийн тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжтой уялдуулан нийцүүлж, хэл зүй, найруулгын хувьд ойлгомжгүй, зөрчилтэй заалтуудыг цэгцэлж, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон гэв.
Энэхүү хуулийн төсөл нь одоогийн үйлчилж буй хуулийн хийдлийг нөхөж, төрийн болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодит бөгөөд хэрэгжихүйц суурь өөрчлөлтүүдийг агуулсан хэмээн Монгол Улсын Шадар сайд онцоллоо. Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар улсын нөөцийн бэлэн байдал, шуурхай байдал, хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах өндөр үр нөлөө, ач холбогдолтой болохыг мөн тодотгосон юм.
УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Төрийн нууц гэж авч байгаад монголчуудынхаа нүдэн дээр хулгай хийсэн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Жишээлбэл, 2023 онд 30 настай автобусыг шинэ гээд төрийн сайд, хотын даргатайгаа нийлж залилан хийж байгаад баригдсан. Энэ залиланг төрийн нууцад оруулж байгаад шууд гэрээ байгуулж хийсэн. Сая хэллээ, том том төсөл хэрэгжих гэж байгаа гэлээ. Нөөцийн агуулахыг шууд гэрээ байгуулж хийх юм байна гэж ойлголоо, зөв үү. Таны хэлж байгаагаар ямар томоохон төслүүд хэрэгжих гэж байгаа юм бэ?
Шадар сайд Н.Номтойбаяр:
-Улсын нөөцөд байдаг зарим техник тоног төхөөрөмж энгийн барилгын зориулалттай тул нууцлаад байх шаардлагагүй санагддаг. Худалдан авах ажиллагаа ном журмаараа явж байгаа. Төмөр замын гэрээ, ногоон автобусны хэрэг гэж зүйрлэж яриад байна. Хуулийнхаа нэр томъёололд заасны дагуу шаардлагатай нөөц бүрдүүлэх асуудал явна. Сүүлийн 15 жил нефть бүрдүүлэх нөөцийн сав барих гээд оролдсон юм билээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг удирдлага болгоод хувийн хэвшилтэй хамтраад барьчихая гэдэг гаргалгаа байгаа. Хүнийг цочоогоод байх том төсөл хөтөлбөр байхгүй. Нефтийн бүтээгдэхүүний агуулах савтай л холбоотой юм.
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа эсэх асуудлаар санал хураах ёстой байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс маргааш болгон хойшлууллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарласан бөгөөд гишүүдийн ирц бүрдсэнээр саяхан эхлээд байна.
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих ял оноох агуулгатай нийтийн өргөдлийг иргэн Б.Болдбаатар санаачилсан. Уг өргөдлийг дэмжиж гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянга давсан тул УИХ-ын дарга чуулганы хуралдааны эхэнд уг өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж байгаагаа мэдэгдлээ.
Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт "Хууль бус хөрөнгийг хураах асуудлыг иргэд их ярьж байгаа. Иргэдийн санал бол зүй ёсны шаардлага. Хэн ч хууль бусаар хөрөнгөжиж болохгүй. Хууль бусаар хөрөнгөжсөн бол хөрөнгийг нь хураах ёстой.
Засгийн газраас энэхүү хуулийн төслийг 2025 оны зургадугаар сард өргөн барьсан ч буцаагаад татаж авсан. Есдүгээр сарын 1-ний дотор сайжруулаад өргөн барихаа мэдэгдсэн ч одоог хүртэл мэдүүлээгүй. Засгийн газар энэ хуулийг яаралтай өргөн барих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нарын зүгээс мөн хууль бус хөрөнгийг хураах төслийг хэлэлцье гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ хуулиа мөн УИХ-д өргөн мэдүүлье. Засгийн газар хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслөө өргөн барихгүй бол УИХ-ын гишүүд өргөн барих хэрэгтэй" гэв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.
1.Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүн 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
3.Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүн 2026.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
4.Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэнэ.
Г.ХОРОЛ
3,605.46




















































ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа 2026-11-12 59.153.115.17
Феодлуудын хөрөнгийг хураахдаа "БУСДЫГ МӨЛЖИХ ЗАМААР БАЯЖСАН" гэдэг үндэслэл гаргаж хураасан. Гол нь малыг нь хураасан. Бусдыг мөлжсөн гэдгийг нь нэг их тогтоох шаардлагагүй. малын тоо олон байна гээд хөрөнгий нь хураасан.Харин нэгдэлжих үед соёлтой аргаар малыг нь нийгэмчилсэн. Энэ талаар Хүргэн хүү, Морьтой ч болоосой кино дээр гардаг. Алтангэрэл хөрөнгө хураасан өмнөх түүхийг сайн судлахгүй бол ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН гэдгийг нэг их сайтар тогтоохгүй улс төрийн хэлмэгдүүлэлт болох вий.
сонгохгүй 2026-11-12 202.9.47.119
ИРГЭД СОНГОГЧИД "ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛЬ", УИХ- Н ГИШҮҮДЭДЭД БУУСНЫ ДАРАА ЦАЛИН ОЛГОХГҮЙ БАЙХ ТУХАЙ ХУУЛЬ гэх мэт олон хуулийн төсөлд 100,000 гарын үсэг гурчихаад байхад түүнийг хэдэн жил хэлэлцээгүй байж ингэж худлаа хуцахаа болвол ямар вэ !!!!!!!!!!!!!!11111
Нэргүй 2026-11-12 64.119.19.241
Наядаар иддэг Нянбактерууд, хуугаар нь иддэг хулхи хулгарууд, шодрого царайтай хонины арьс нөмөрсөн шононуудаар дүүрч дээ. Утаанбаатард 1м2 сул газар бкгүй болов. Бүгд бетонон ширэнгэ, гадны хаягдсан машинуудаар дүүрлээ дээ. Одоо хужаад үйлдвэрлэсэн шахмал түлш хороор утах сезон эхлэв.
Төр ба иргэн 2026-11-12 202.126.91.138
Нийслэл гэхэд Иргэдээ сонсохгүй Өндөр байшин барьж бусдых нь эрх ашгийг хохироодог !!! Хурд групп гэхэд УБ Паласын суурин дээр 20 давхрууд барьж эргэн тойрны хуучин байрууд нар үзэхээ бөйлаа !!! тэр эргэн битүүү түгжрэл !!!!