Хүний эрх хаана амьдарч байгаагаас үл хамааран хүн бүрд тэгш хэрэгжих ёстой. Гэвч алслагдсан орон нутгийн иргэд эрхээ хамгаалуулах, төрийн үйлчилгээ авахад ямар бэрхшээлтэй тулгарч байна вэ? Хүний эрхийн зөрчил, түүнийг шийдвэрлэх боломж болон төрийн бодлогод хүний эрхийг тусгах асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
"ТӨВӨӨС АЛСЛАГДАХ ТУСАМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ МУУДДАГ"
-Улаанбаатар хотод амьдардаг иргэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд ХЭҮК, өмгөөлөгч, хууль хяналтын байгууллагад хандах боломж харьцангуй ойр байдаг. Харин аймгийн төвөөсөө 200–300 км-ийн зайд орших суманд амьдардаг малчны эрх зөрчигдвөл тэр хүн эрхээ хамгаалуулахын тулд ямар боломж, гарцтай вэ? Нийслэл болон алслагдсан сумын иргэдийн эрхээ хамгаалуулах боломж, нөхцөл байдал бодит байдал дээр хэр ялгаатай байна вэ?
-Хүний эрхийн үндэсний комисс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Бид жил бүр хүний эрхийн төлөв байдлын талаарх илтгэл боловсруулж, УИХ-д танилцуулдаг. Тухайлбал, 22 дахь илтгэлээр сурч боловсрох эрхийн хэрэгжилт, 23 дахь илтгэлээр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, 24 дэх илтгэлээр хөдөлмөрлөх эрх, 25 дахь илтгэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг авч үзсэн. Эдгээрийн хүрээнд хөдөө, орон нутгийн иргэдийн эрх хэрхэн хэрэгжиж байгааг тусгайлан судалж байгаа юм. Монгол Улсын нийт хүн амын тал орчим хувь нь хөдөө, орон нутагт амьдардаг. Гэхдээ энэ хүмүүсийг нэг бүлэг гэж үзэж болохгүй. Орон нутаг дотроо ч нөхцөл байдлыг нь ялгаж харах шаардлагатай. Тухайлбал, суурин газартай ойрхон сумдын иргэдийн үйлчилгээ авах, зорчих, шилжин явах боломж харьцангуй өөр. Харин сумын төвөөсөө, багаасаа, аймгийн төвөөсөө улам алслагдах тусам нөхцөл байдал хүндрэх хандлагатай. ХЭҮК 21 аймагт тус бүр нэг референт ажиллуулдаг. Тиймээс сумдад тогтмол хүрч ажиллах боломж хязгаарлагдмал. Өнгөрсөн онд бид төсөвтөө зардал суулгаж, анх удаа 329 сумын тал орчимд нь ажиллахаар төлөвлөсөн. Манай аймгийн референтүүд нийт 146 суманд очиж ажилласан. Тэндээс цуглуулсан мэдээлэл, нийтлэг асуудалд дүн шинжилгээ хийхэд сумдын түвшинд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал нь хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал байгааг харсан. Сумын хүн ам цөөн байна уу, олон байна уу гэдгээс үл хамааран хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, үл хайхрах байдал, аюулгүй байдлыг нь хангаж чадаж байгаа эсэх асуудал хамгийн чухал байна. Төрийн үйлчилгээ, хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний тухай ярихад нэг зүйл ажиглагддаг. Түвшин нь жижгэрч, төвөөс алслагдах тусам үйлчилгээний хүртээмж мууддаг.
-Алслагдсан сумын иргэн өвдсөн тохиолдолд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж авахын тулд аймгийн төв, цаашлаад нийслэлийг зорих шаардлагатай болдог. Замын зардал, байрлах нөхцөл, эмчийн хүртээмж, санхүүгийн боломж зэргээс шалтгаалан шаардлагатай тусламжаа авч чадахгүй үлдэж байгаа иргэд хэр олон байна вэ?
-Энэ жилийн буюу 25 дахь илтгэлээр бид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг судалсан. Судалгааны хүрээнд 74 сумын эрүүл мэндийн төвд өөрсдөө очиж, ажиглалт, хяналт шалгалт хийсэн.
Үзлэгээр анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн 87 хувьд нь тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл дутмаг байгаа нь тогтоогдсон.
Тоног төхөөрөмжгүй, сувилагч болон нарийн мэргэжлийн эмчгүй газар иргэд хэрхэн эмнэлгийн үйлчилгээ авах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Сумандаа шаардлагатай үйлчилгээг авч чадахгүй бол аймгийн төв рүү, аймгийн төвөөсөө авч чадахгүй бол нийслэл рүү явдаг тогтолцоо бий. Энэ нь өрхөд шууд санхүүгийн дарамт учруулж байна. Зарим суманд шүдний эмчилгээний тоног төхөөрөмж авсан ч зориулалтын кабинет, эмч байхгүй байх жишээтэй. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Булаг зэрэг суманд ийм нөхцөл байдалтай тулгарсан. Өөрөөр хэлбэл, нэг нь байгаа ч нөгөө нь байхгүй. Тоног төхөөрөмж нь байлаа гэхэд эмчгүй, эмч байлаа гэхэд шаардлагатай тоног төхөөрөмжгүй байх тохиолдол байна. Нарийн мэргэжлийн эмч нар, ялангуяа орон нутагт их дутагдалтай. Үүнтэй адил нарийн мэргэжлийн багш нар ч хүрэлцээгүй байна. Хими, биологи, мэдээллийн технологи зэрэг хичээл заах багш нар дутагдсанаар сургалтын чанарт шууд нөлөөлдөг. Тэгэхээр хаана амьдарч байгаагаасаа шалтгаалаад төрийн үйлчилгээг жигд авч чадаж байна уу гэвэл үгүй. Эмч, кабинет байхгүйгээс дараагийн шатны байгууллага руу заавал явах шаардлага үүсдэг. Харин өрхийн орлого, эдийн засгийн боломж хүрэлцэхгүй бол яах вэ гэдэг асуулт хэвээр байна. Үйлчилгээ авах боломж нь тухайн хүний орлогоос шууд хамаарах нөхцөл байдал бий.
-ХЭҮК-т ирүүлсэн гомдол, мэдээллийн статистикаар хүний эрхийн зөрчил хамгийн их бүртгэгддэг аймаг, сум аль нь вэ. Гомдол, мэдээлэл цөөн бүртгэгддэг орон нутагт хүний эрхийн зөрчил үнэхээр бага байна гэж үзэж болох уу. Эсвэл иргэд эрхээ зөрчигдсөнийг мэддэггүй, мэдсэн ч гомдол гаргах боломж, мэдээлэл дутмаг байдагтай холбоотой юу?
-Бид жил бүр гомдол, мэдээллийн статистикийг хардаг. Зургаан жилийн өмнөх мэдээллийг ч харьцуулж үзсэн. Өмнөх жилүүдэд орон нутгаас ирүүлж байсан гомдол харьцангуй цөөн байсан бол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Манайд ирдэг гомдлын нийтлэг төрлөөс шударгаар шүүлгэх эрхтэй холбоотой асуудал нэгдүгээрт ордог. Харин орон нутгаас ирж байгаа гомдлын хувьд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал хамгийн их байна. Мөн Өмнөговь, Дорноговь аймгаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой гомдол тогтмол ирдэг. Уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд тоосжилт ихэссэн, усны нөөц хомсдсон, малчин өрхийн амьдралд сөргөөр нөлөөлсөн, нөхөн олговор олгохгүй байгаа зэрэг асуудлыг тавьдаг. Аймаг бүрийн нөхцөл өөр. Суурин газрын иргэдийн хувьд дэд бүтэц, төлөвлөлт, дулаан хангамжтай холбоотой асуудал илүү яригддаг. Орхон, Дархан зэрэг суурин газраас гэр бүлийн хүчирхийллийн асуудал ч ирдэг. Харин хүүхдийн эрхтэй холбоотой гомдол хаана ч гарч байна.
Сум, аймаг, нийслэл гэлтгүй хүүхдийн эрхийн асуудал нийтлэг байна.
Орон нутгаас хамгийн их ирдэг гомдлын төрөлд хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндийн эрхтэй холбоотой асуудал багтаж байна. Харин манай референтүүдийн 146 суманд ажиллаж, мэдээлэл цуглуулан хийсэн дүн шинжилгээгээр нэгдүгээрт хүүхдийн эрх, хоёрдугаарт хөдөлмөрлөх эрхийн асуудал тулгамдаж байна гэж үзсэн.
Хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хэд хэдэн төрлийн асуудал ирдэг. Нэгдүгээрт, ажилд орохдоо тэгш боломж эдлэхгүй байна гэсэн гомдол бий. Тухайлбал, ажлын шалгуурыг хангаж, бусадтай өрсөлдөж байгаа ч танил тал, хамаатан садан, сумын харьяалал, намын харьяалал, хүйс зэргээс шалтгаалан давуу байдал олгож байна гэж гомдол гаргадаг. Хоёрдугаарт, албан тушаал ахиулахгүй байна гэсэн асуудал яригддаг. Гуравдугаарт, ажлын байрны дарамт, шахалттай холбоотой гомдол их ирдэг. Ажил дээр дарамталж байна, ажлаас гарахыг шаардаж байна гэх мэт асуудал бий.
Жижиг сум, орон нутагт хүмүүс бие биеэ сайн таньдаг учраас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн ч гомдол гаргаж чаддаггүй тохиолдол байдаг.
Тухайн хүн гомдол гаргавал хувийн мэдээлэл нь алдагдах, сум даяар яриа болох, цаашлаад өөрөө дарамтад орох эрсдэлтэй гэж болгоомжилдог. Жишээлбэл, нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг гомдол гаргалаа гэхэд жижиг орчинд энэ мэдээлэл хурдан тархаж, гомдол гаргасан хүн өөрөө гадуурхагдах, дарамтад өртөх эрсдэл үүсдэг. Тиймээс гуравдагч этгээдээр асуудлаа шийдвэрлүүлэх нь зөв хувилбар байж болно гэж бид сургалт, зөвлөгөөний үеэр хэлдэг. Энэ нь зөвхөн хөдөө орон нутагт хамаарахгүй. Улаанбаатар хотод ч цөөн ажилтантай байгууллагад дотооддоо асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй тохиолдол бий. Байгууллага дотроо хэн нэгний талд орж, шударга шийдвэр гаргахгүй байх эрсдэлтэй тул хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй. Тухайлбал, ХЭҮК болон хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах боломжтой. Манайд хандаж байгаа хүмүүсийн хувьд байгууллага дотроо асуудлаа шийдвэрлүүлнэ гэдэгт итгэлгүй байгаа учраас шууд ханддаг. “Та бүхэн шалгаад, дүгнээд өгөөч” гэж хүсдэг гэсэн үг. Эрүүл мэнд, боловсролын салбараас хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол хамгийн их ирж байна.

"ОРОН НУТГИЙН ЦАХИМ ГРУППҮҮДЭЭР ХҮНИЙ ЗУРАГ, МЭДЭЭЛЛИЙГ ТАРААХ, ТУХАЙН ХҮНИЙ ТАЛААР ГҮТГЭЛГИЙН ШИНЖТЭЙ МЭДЭЭЛЭЛ НИЙТЛЭХ ТОХИОЛДОЛ БАЙДАГ"
-Сүүлийн үед цахим орчинд бусдын нэр төрд халдах, хувийн мэдээллийг нь зөвшөөрөлгүй тараах явдал нэмэгдэж байна. Энэ төрлийн зөрчил орон нутагт хэр байна вэ?
-Орон нутгаас ирдэг гомдлын нэг төрөл нь хувийн нууцад халдсан, нэр төрд нь халдсан гэх асуудал. Сум, орон нутгийн цахим группүүдээр хүний зураг, мэдээллийг тараах, тухайн хүний талаар гүтгэлгийн шинжтэй мэдээлэл нийтлэх тохиолдол байдаг. Заримдаа хэн гэдэг нь тодорхойгүй хаягаас ийм мэдээлэл тарааж, хүний нэр төрд халддаг талаар иргэд ярьж байна.
Хүний биед халдаж болохгүйтэй адил цахим орчинд ч хүний хувийн орон зайд халдаж болохгүй. Зураг, мэдээллийг нь зөвшөөрөлгүй ашиглах, худал мэдээлэл тараах нь зохисгүй гэдгийг хүмүүс ойлгож байна уу, үгүй юу гэдэг асуудал бий.
Нэр төрд халдсан, цахим залилан хийсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандаж, хэн тараасан, хаанаас үүссэн мэдээлэл болохыг тогтоолгох боломжтой. Гэхдээ хамгийн чухал нь хүн бүр өөрөө мэдээлэлтэй байх, бусдын орон зайг хүндэтгэж сурах явдал. Бид Робинзон Крузо шиг арал дээр ганцаараа амьдардаггүй. Бусад хүмүүстэй зэрэгцэн амьдарч байгаа учраас тэдний орон зай, хил хязгаарыг хүндэтгэх ёстой. Өөрөө бусдаар хүндлүүлэхийг хүсдэгтэй адил бусад хүн ч бас тийм хүсэлтэй. Тиймээс нийгэмд хамтдаа, эв найрамдалтай амьдрахын тулд бие биеийнхээ хил хязгаарыг давахгүй байх хэрэгтэй. Энэ ойлголт цахим орчинд ч адилхан үйлчлэх ёстой. Монголчуудын хувьд цахим орчинд бусдын эрхийг хүндэтгэж сурах хэрэгцээ их байна.
-Орон нутгийн зарим сургуульд багшийн хүрэлцээ муу, тодорхой хичээлээр мэргэжлийн багшгүй, сургалтын орчин болон дотуур байрны нөхцөл хангалтгүй байгаа талаар та дурдлаа. Энэ нь хүүхдийн сурч боловсрох эрхэд хэрхэн нөлөөлж байна вэ? Хүүхэд хаана төрж, хаана амьдарч байгаагаасаа шалтгаалан боловсролын чанар, хүртээмжээр ялгаатай нөхцөлд өсөж байгаа нь хүний эрхийн ямар асуудлыг хөндөж байна вэ?
-Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ тухайн хүний хэл, соёл, амьдралын хэв маяг, гэр бүлийн харилцааны онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг судлахдаа иргэдийн хэл, соёлын ялгааг харгалзан үздэг эсэхийг асуухад тодорхой хэсэгт нь энэ асуудлыг анхаардаггүй гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал, судалгаанд хамрагдсан үйлчилгээний байгууллагуудын 25 хувьд ийм онцлогийг харгалзан үздэггүй гэж хариулсан байна. Тиймээс тухайн өрхийн шийдвэр гаргах харилцаа ямар байдаг, нүүдэлчин амьдралын хэв маягтай хүмүүсийн онцлог юу вэ, тэдэнтэй хэрхэн харилцах ёстой вэ гэдгийг ойлгох шаардлагатай. Үгүй бол бид хүссэн мэдээллээ авч чадахгүй, шаардлагатай үйлчилгээгээ хүргэж чадахгүй нөхцөл үүснэ. Үүнийг боловсролын жишээгээр тайлбарлаж болно. Зургаан настай хүүхдийг эцэг эхээс нь салгаж дотуур байранд оруулахад сэтгэл зүйн хувьд хэцүү байх тохиолдол бий. Бага насны хүүхэд бие даах чадвар сул, эцэг эхээсээ холдоход халамж, хайр дутсан мэдрэмж төрж болно.
Гэхдээ үүний эсрэгээр хүүхдийг гэрт нь байлгаж, зөвхөн эцэг эхээр нь сургах нь бас бүх тохиолдолд зөв шийдэл биш.
Хүүхэд гэртээ хайр халамжтай, аюулгүй орчинд өсөх нь сайн ч үе тэнгийнхэнтэйгээ хамт хөгжих, нийгэмших боломж хэрэгтэй. Хүүхэд зөвхөн уншиж, бичиж, тоо бодож сурахаас гадна бусадтай харилцах, найз нөхөдтэй болох, өөрийн байр сууриа илэрхийлэх, хамт олны дунд оролцох зэрэг олон чадварыг эзэмшдэг. Тиймээс хүүхдийг заавал гэрт нь байлгах уу, эсвэл шууд дотуур байранд явуулах уу гэдэг хоёр туйлын сонголтоор асуудлыг шийдэж болохгүй. Энэ хоёрын дунд олон хувилбар байж болно. Хүүхэд, эцэг эх, багш, бусад оролцогчдын нөхцөл байдлыг харгалзсан уян хатан бодлого хэрэгтэй. Боловсрол гэдэг зөвхөн мэдлэг олгох тухай асуудал биш. Хүүхэд бие хүн болж төлөвших, нийгмийн харилцаанд оролцох үйл явц зэрэгцэн явагддаг.
Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд ч мөн адил. Суманд шүдний эмч, нарийн мэргэжлийн эмч байхгүйгээс иргэд өөр газар зорчих шаардлагатай болдог.
Тухайлбал, бөөрний дутагдалтай, гемодиализын аппаратын эмчилгээ шаардлагатай хүн цөөн тооны эмнэлэгт очиж үйлчлүүлэх хэрэгтэй болдог. Тиймээс үйлчилгээний өөр хувилбаруудыг эрэлхийлэх нь чухал. Говь-Алтай аймагт телемедицин хэрэгжүүлж эхэлсэн нь ийм нэг боломжит шийдэл. Заавал сумын эрүүл мэндийн төв бүр иж бүрэн тоног төхөөрөмжтэй байхыг хүлээхээс илүүтэйгээр телемедициний үйлчилгээг нэвтрүүлж болно. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглосон явуулын эмнэлэг ажиллуулж, сумдаар очин үзлэг хийх, шинжилгээний сорьц авах, анхан шатны шаардлагатай тусламж үзүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн суманд суурин үйлчилгээ үзүүлэх боломжгүй бол явуулын үйлчилгээгээр нөхөх зэрэг олон хувилбар хэрэгтэй.
Монголын нөхцөлд тохирсон шийдлүүдийг бодож, хөгжүүлэх шаардлагатай.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд алслагдсан суманд амьдрах нь төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн хүртээмжийг улам хязгаарладаг. Тэд шаардлагатай тусламж үйлчилгээ, хүртээмжтэй орчин нөхцөлөөр хэр хангагдаж байна вэ?
-Орон нутгийн асуудлыг ерөнхийд нь ярихаас илүүтэйгээр зорилтот бүлэг бүрийн нөхцөл байдлыг тусад нь авч үзэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жишээ болгоё. Тэдний хувьд Улаанбаатарт амьдарч байгаа хүнээс ч илүү хүндрэлтэй нөхцөл үүсдэг. Хүртээмжтэй орчин, сурч боловсрох боломж, эрүүл мэндийн үйлчилгээ гээд олон зүйл дээр саад тулгарна. Зарим эцэг эх боломжтой бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ үзүүлдэг сургуульд явуулахыг хүсдэг. Гэтэл аймгийн төвд ч ийм боломж байхгүй тохиолдол бий. Тиймээс хүүхдээ гэртээ байлгаж, сурч боловсрох боломжийг нь бүрэн хангаж чадахгүй байгаа өрх олон байна.
Ахмад настнуудын хувьд асрах хүнгүй, тэтгэврийн орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй байх зэрэг хүндрэл бий.
Эмэгтэйчүүдийн хувьд эдийн засгийн хараат байдал, хөдөлмөр эрхлэлт, хүчирхийлэл, мэдээлэл авах боломж зэрэг асуудал байна. Үүн дээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа малчин өрхүүдийн нөхцөл байдлыг нэмэх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад илүү хүнд тусдаг. Тэд илүү олон саад бэрхшээлийг даван туулж байж өдөр тутмын амьдралаа хэвийн авч явах шаардлагатай болдог. Алслагдсан байх тусам зорчих, үйлчилгээ авах, хамгаалалд хамрагдах боломж улам хязгаарлагддаг. Тиймээс эдгээр бүлгийн эрхийн хэрэгжилтийг тусгайлан авч үзэх ёстой.

"ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧЭЭС ТУСГААРЛАХ БОЛОМЖИЙГ ЯАЖ БҮРДҮҮЛЭХ ВЭ ГЭДГИЙГ БОДИТООР ШИЙДЭХ ШААРДЛАГАТАЙ"
-Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл жижиг суманд гарсан тохиолдолд хохирогч хаана, хэрхэн хандах боломжтой вэ? Хүчирхийлэл үйлдэгчтэйгээ нэг орчинд амьдардаг, орон нутгийн хүмүүс бүгд бие биеэ таньдаг, мэдээллийн нууцлал алдагдах эрсдэлтэй нөхцөлд хохирогчийг хамгаалах тогтолцоо хэр үр дүнтэй ажиллаж байна вэ?
-Энэ асуудал үнэхээр төвөгтэй. Хууль, үйлчилгээний зохицуулалтыг харахад суурин газарт илүү тохируулсан байдаг. Нийслэл, аймгийн төв, тосгон зэрэг суурин газрыг төсөөлж зохицуулсан нь харагддаг. Гэтэл багийн төвөөсөө ч хол, алслагдсан газар амьдардаг малчин өрхөд тусламжийг хэрхэн хүргэх вэ гэдэгт Монголын нөхцөлд тохирсон шийдэл хэрэгтэй.
Тухайлбал, 108 дугаарын үйлчилгээтэй адил тусламж авах боломжийг алслагдсан өрхүүдэд бий болгох шаардлагатай.
Сумын төвөөс цагдаа, хэсгийн төлөөлөгчийг дуудлагаар явуулахад зарим тохиолдолд цаг хугацаа их алддаг. Тусламж очиж амжаагүйгээс хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орсон тохиолдол ч бий. Олон улсын хөгжлийн төв Монгол Улсын Засгийн газартай хамтран гэр бүлийн хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн дараагийн үе шатанд манайхаас нэг саналыг тусгайлан хүргүүлсэн. Бид хүн амаа ялгаж харах хэрэгтэй. Бүх эмэгтэйчүүдэд адилхан тусламж хэрэгтэй гэж ерөнхийлөхөөс илүүтэйгээр яг ямар эмэгтэйчүүдэд тусламж шаардлагатай байгааг тодорхойлох ёстой. Тухайлбал, хөдөө орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй эмэгтэйчүүдэд ямар мэдээллийн сүлжээ ашиглан тусламж хүргэх вэ, хамгаалах байр ямар хэлбэртэй байвал зохистой вэ, дундын хамгаалах байр хэрэгтэй юу гэх мэт хувилбаруудыг судлах шаардлагатай гэж санал болгосон. Бидний саналыг төслийн төлөвлөгөөнд тусгасан байна лээ. Тиймээс ажил хэрэг болно гэж найдаж байна. Ер нь гомдол, мэдээлэл ирэхгүй байна гэдэг нь асуудал үүсээгүй гэсэн үг биш. Алслагдсан суманд амьдардаг эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч хаана хандахаа мэдэхгүй байгаагаас илүүтэйгээр тусламж бодитоор хүрэхгүй байгаатай холбоотой асуудал бий. Дуудлага өглөө гэж бодъё. Цагдаа ирээд хүчирхийлэл үйлдсэн хүнийг түр саатуулах, баривчлах зэрэг шууд арга хэмжээ авах хэрэгтэй. Гэтэл тэр тусламж хаана, ямар хугацаанд хүрэх вэ? 100 км-ийн цаана байгаа өрхөд дуудлагаар очиход цаг хугацаа шаардагдана. Нөгөө талаас, нэг удаа хүчирхийлэл үйлдсэн хүнийг авч явж, түр саатуулснаар гэр бүлийн хүчирхийллийн асуудал бүрэн шийдэгдэхгүй. Гэр бүлийн харилцаа өөрөө нарийн нийлмэл харилцаа байдаг. Эдийн засаг, хүүхэд, өмч хөрөнгө, цаашдын амьдрал гээд олон асуудал холбоотой байдаг. Тухайн хүнийг нэг удаа саатуулсны дараа хохирогч цаашид яах вэ?
Хүчирхийлэл үйлдэгчтэйгээ дахин харилцах шаардлагатай бол яах вэ? Эдийн засгийн хувьд хараат байвал яах вэ? Энэ бүхний хариу, шийдлийг хүмүүс олж харж чаддаггүй учраас тусламж хүсэхгүй байх тохиолдол бий.
Тиймээс орон нутгийн иргэдэд зориулсан бодит хамгаалалтын тогтолцоо хэрэгтэй. Яаралтай үед ямар тусламж үзүүлэх вэ, урт хугацаанд ямар дэмжлэг үзүүлэх вэ, сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэгийг хэрхэн хүргэх вэ, хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах боломжийг яаж бүрдүүлэх вэ гэдгийг бодитоор шийдэх шаардлагатай. Үүний тулд материаллаг нөөц, үйлчилгээний хүртээмж чухал.
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт хийхдээ хүний эрхийг дээдэлнэ гэж тунхаглахаас илүү бодит амьдрал дээр иргэн бүрд хэрхэн хүрэхийг тооцох нь чухал байх. Үүнийг төрийн бодлого, шийдвэрт хэрхэн тусгах ёстой вэ?
–Хөгжлийн бодлого, төлөвлөлт хийхдээ хамгийн түрүүнд хүнээ төвдөө тавих хэрэгтэй. Бусад улс оронд очиход гудамж, зам, гэрэлтүүлэг, налуу зам, хогийн сав гээд хүний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн зүйлсийг анзаардаг. Тэдгээр нь тухайн орчныг хүн бүхэнд ээлтэй болгодог. Хүүхдийн эрхийг дээдэлнэ гэж бодлогын баримт бичигт бичихээс гадна бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих вэ гэдгийг бодох ёстой. Жишээлбэл, онгоцны буудалд буухад хүүхдийн эрхийг хамгаалах тухай мэдээлэл, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана хандах утасны дугаар, мэдээлэх боломж нь тодорхой байж болно. Энэ нь хүүхдийн эрхийн зөрчлийг тэвчихгүй гэдгийг бодитоор илэрхийлж байгаа хэрэг. Бид хөгжлийн бодлого ярихдаа заримдаа хэт ерөнхий ярьдаг. “Хүүхдээ хайрлана, хүүхдийн эрхийг дээдэлнэ” гэж хэлэх нь хангалтгүй. Харин бодит амьдрал дээр Дорж, Тэмүүлэн, Номинд энэ бодлого яаж хүрэх вэ гэдгийг тодорхойлох ёстой. Тухайлбал, өрхийн орлого нь тодорхой түвшнээс доогуур бол хүүхэд ямар үйлчилгээ авах вэ, алслагдсан газар амьдардаг бол боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг яаж хүргэх вэ гэдгийг бодитой төлөвлөх хэрэгтэй. Ковидын үеийн сурлагын хоцрогдлын жишээг авч үзье. Тухайн үед хүүхдүүдэд цахим болон телевизийн хичээл хүргэхэд өрхийн орлого, техник хэрэгслийн боломж шууд нөлөөлсөн. Зарим өрхийн хүүхдүүд телевизоргүйгээс теле хичээлээ ч үзэж чадахгүй байсан.
Гэтэл бүх хүүхэд ухаалаг төхөөрөмж, интернэтэд холбогдох боломжтой гэж үзээд даалгавар өгөөд явбал тэр хүүхдүүд улам хоцорно.
Зарим багш өөрсдөө хичээлийн материал хэвлэж, дасгал ажлын хуудас бэлтгэн хүүхдүүдэд хүргэж байсан. Ийм хувилбарыг бодлогын түвшинд урьдчилан тооцсон байх ёстой. Дижитал шилжилт хийх нь сайн ч технологи ашиглах боломжгүй, эсвэл ашиглаж чаддаггүй хүмүүсийг орхиж болохгүй. Ахмад настнуудын хувьд ч цахим үйлчилгээ ашиглахад хүндрэл гардаг. Технологи ашиглаж чадахгүйгээсээ болоод бусдаас тусламж хүсэх, улмаар нууц үг, хувийн мэдээллээ бусдад өгөх, цахим залиланд өртөх тохиолдол бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан орон нутагт амьдардаг хүмүүс ч мөн цахим үйлчилгээний хүртээмжээс хоцрох эрсдэлтэй. Тиймээс цахим шилжилтийн зэрэгцээ цаасан суурьтай үйлчилгээ, биечлэн зөвлөгөө өгөх боломжийг хадгалах хэрэгтэй. Үйлчилгээ авах, хүсэлт бөглөхөд нь туслах, хэрхэн ашиглахыг зааж өгөх шаардлагатай. Хүн амын 90 хувь нь ямар нэг үйлчилгээ ашиглаж чаддаг байлаа ч үлдсэн 10 хувийг орхиж болохгүй. Олонхид нийцэж байгаа нь сайн хэрэг боловч цөөнхөө мартаж болохгүй.
Төрийн бодлого нэг л хувилбартай байж болохгүй.
Зарим хүн цахим үйлчилгээ ашиглаж чадна, зарим нь чадахгүй. Зарим нь төвд ойр амьдарна, зарим нь алслагдсан байна. Тиймээс тухайн бүлгийн нөхцөлд тохирсон өөр өөр хувилбартай, уян хатан үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Үүнийг хүртээмжтэй орчны жишээгээр ч харж болно. Улаанбаатар хотод дугуйн замаар явж байтал зам нь гэнэт дуусах тохиолдол байдаг. Тэр үед дугуйтай хүн явган хүний зам руу орох уу, автомашины замаар явах уу гэдэг асуудал үүснэ. Засвар хийж байгаа бол тойрч гарах зам, тэмдэглэгээ зэргийг нь хамтад нь шийдэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ч ийм асуудал өдөр тутам тулгардаг. Тэргэнцэртэй хүн зорчиж явахад замын довжоо, саад тотгор, шороо, барилгын материал зэрэг нь нэвтрэх боломжийг нь хаадаг. Бид хүртээмжгүй байна гэж ярьдаг ч тэр нь яг ийм бодит саадуудаас үүдэлтэй. Зам засаж байгаа нь үнэн байж болно. Гэхдээ засварын үед хүн яаж зорчих вэ, өөр замаар хэрхэн аюулгүй нэвтрэх вэ гэдгийг хамтад нь шийдэх ёстой. Тиймээс ХЭҮК-ын илтгэл, шаардлага, зөвлөмжид байнга дурддаг гол санаа бол хүн төвтэй бодлого, төлөвлөгөө, төсвөө түүнд нийцүүлэн гаргах явдал юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,605.46





















































Оргилмаа 2026-11-12 202.55.187.103
Комиссын дарга Хунан зайлуулж өрөө Дарга болоод хийсэн ч юм байхгүй
Гадаад орноор татвар төлөөгчдийн мөнгөөр явж явж хэдэн найз хүүхнээ Хүний эрхийн тэмдгээр шагнааж өөр хийсэн юм ч алга даа
Хийсэн бүтээсэн юу ч байхгүй нэг сургалт ярьсан хүн
Хуульч 2026-11-12 150.228.177.217
Зөвлөмж, шаардлага бичихээс өөр үр дүнтэй ажил хийх ямар ч боломжгүй, хууль нь тийм юм
иргэн 2026-11-12 64.119.17.139
утга учиргүй баахан хурал хуй, семинар, сургалт гэж 4-5 жил давхилаа энэ хэд. өмнө нь 3 гишүүн байгаад болоод л байсан, гишүүний тоо нэмээд Комиссын ажил сайжирсангүй. Доор бичсэн хүнтэй санал нэг байна, баахан худлаа онол ярьсан, үр дүнгүй баахан бужигнасан нөхдүүд. гол юм руу гаа орохгүй, тойроод л сансрын юм ярьж баахан сүржин ярилцлага өгнө, манай хэвлэлийхэн ч гэж сайхан гарууд, бас сүр данзангууд, гол ажил руугаа орохгүй. энэ хүнийг хэдэн талаас нь зургийг авч таних ямар хэрэг байгаан? тэр
Нэргүй 2026-11-12 103.168.34.166
Энэ одоо ямар даргын НУА вэ
Нэргүй 2026-11-12 103.9.90.101
мөн ч их сургалт, бичиг цаасны ажил хийх юмаа. Тэгээд огт үр дүнбайхгүй, төрийн алба хаагч нарын нурууг ач дуусахгүй юмаа. Дандаа нэг тийм тунхаглалын шинжтэй юм гаргана.Хэтэрхий их шинжлэх ухаан ойлголт төвөгтэй юм л хийгээд байхын. Ухамсар өндөртэй, боловсролтой нь тоож харахгүй дүгнэхгүй, ухамрсар дорой хүмүүс нь огт тоохгүй. Өөрсдөө ойлгосон болж ажил хийсэн дүр эсгэдэг байхдаа