НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.11.09/-ийн хуралдаанаар Саадгүй орчин хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл, Усны тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
- Саадгүй орчин хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийн зорилго нь хүний амьдрах таатай нөхцөл, саадгүй орчныг бүрдүүлж, нийтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох юм. Хуулийн хэрэгцээ шаардлагын хүрээнд тандан судалгаа явуулахад нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход 98 хувь нь саад учруулж байгаа. Цаашлаад зам, эмнэлгийн хаалга, орц, гарц нь саадтай, нийслэлийн явган хүний гарцыг налуу хийгээгүй зэрэг стандарт алдагдалтай байгааг судалгааны дүгнэлт харуулсан байна. Хуулийн гол өөрчлөлт нь амьдрах орчин, нийтийн тээврийн хүрээнд шинэ барилга, зам, нийтийн орон зай, нийтийн тээвэр хүртээмжийн стандартыг мөрдөнө. Хуучин барилгын саадыг үе шаттай арилгана. Мэдээлэл авах үйлчилгээний хүрээнд цахим үйлчилгээ, албан мэдээлэл, сурах бичиг, өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийг дохионы хэл, хадмал тайлбар, дуун тайлбартай байхаар боловсруулжээ.Хуулийн санхүүжилт, хяналтын хувьд шаардлагатай хөрөнгийг жилийн төсөвт тусгаж, үйлчилгээ үзүүлэгч хоёр жил тутам хүртээмжийн үнэлгээ хийлгэхээр заасан байна. Бүлгийн гишүүд Саадгүй орчин хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд биш бүх иргэнд хамааралтай хууль гэдгийг онцолж, нийгмийн харилцааны чухал хууль гэдгийг тодотгоод дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Зулпхар ахалж ажиллана.
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын гишүүдийн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, бүлгийн гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
АН-ЫН БҮЛЭГ УСНЫ ТУХАЙ ХУУЛИАР МЭДЭЭЛЭЛ СОНСОВ
НЭМЭЛТ:
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа нийт дөрвөн асуудал хэлэлцжээ. Үүнд,
1. Усны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл сонсов.
Тус хуулийн төслийг Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ажлын хэсгийн хамт бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа.
2. “Төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгох тухай” тогтоолын төслийн мэдээлэл сонсов.
Төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү танилцуулж, мэдээлэл өглөө.
3. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн ерөнхий танилцуулгыг сонсов.
Танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан хийж, гишүүдийн асуултад хариуллаа.
4. Ажлын хэсэг байгуулах тухай
Дараах асуудлаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах асуудлыг тус тус хэлэлцлээ. Үүнд:
– Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд санал, дүгнэлт гаргах;
– Байгаль орчин болон иргэдэд учруулсан хор уршгийн хариуцлагын асуудлаар санал, дүгнэлт гаргах юм.
МАН: УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.11.09/ ээлжит хурлаа хийж байна. Хурлаар хоёр асуудал хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланы өргөн мэдүүлсэн Усны тухай хууль болон УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан болон бусад гишүүд “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай” анхдагч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаанаар /2026.11.05/ Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага тус тус авсан юм. УИХ дахь МАН-ын бүлэг “Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд усны онцгой хамгаалалтын бүсэд нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг барихыг хориглох зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төсөлд туссан эргэлзээтэй асуудлуудыг хууль санаачлагчдаас тодруулж, мэдээлэл авч, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай” гэж үзжээ.
3,605.46





















































Холбоотой мэдээ