niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-22 14:30 UTC Source: https://news.mn/r/2897805/ 55451d5be007159a… ← back to niitlelch.mn

“Бидний амьдрал улстөрчдөөс хамаарах тусам дордож байна”

“Бидний амьдрал улстөрчдөөс хамаарах тусам дордож байна”

“Бидний амьдрал улстөрчдөөс хамаарах тусам дордож байна”

"NEWS"  агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.

-УИХ 2027 оны төсвийн төслийг 4 дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ. Та 2025 оны төсвийг батлахад зарлагыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагыг Засгийн газарт тавьж байсан гишүүдийн нэг. Энэ удаагийн төсөвт бодит хэмнэлт хийж чадаж байна уу, энэ жилийнхээс 10 их наядаар тэлсэн, зардал өндөртэй төсөв шүү дээ?

-Төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь гүйцэтгэлээр 2024 онд 38.3, 2025 онд 34.8 хувь байсан бол 2026 онд төсвийн тодотголоор 33.2 хувьд хүрэхээр байна. Ирэх 2027 онд Засгийн газар энэ үзүүлэлтийг 37.8 хувь байхаар өргөн барьсан. Харин Оюутолгой компаниас авахаар тооцсон хоёр их наяд төгрөгийн ногдол ашгийг Хуримтлалын санд үлдээх шийдвэртэй холбоотойгоор төсвийн нийт зарлагын дээд хэмжээ өргөн барьсан дүнгээсээ хоёр их наяд төгрөгөөр буурч, 41.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь болохоор төсвийн хүрээний мэдэгдлийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Гэсэн хэдий ч 2026 оны тодотголтой харьцуулахад нэгдсэн төсвийн зарлага нэг жилийн дотор 7.6 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жил бага ч гэсэн буурсан төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 2027 онд буцаад 2.9 нэгж хувиар тэлж байна.

Манай нам 2024 оны сонгуульд төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувьд хүргэж бууруулна, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ гэж амлаж, ялсан. Уг нь төсөв болон эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлсэн, маш чухал зорилт байсан. Дээрх үзүүлэлтээс харахад энэ амлалт биелэх боломжгүй болж байна.

Сонгуульд ялангуутаа эхний төсвөө сонгуулийн амлалтынхаа эсрэг, бүр нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Азаар Ерөнхийлөгч хориг тавьж, мөчлөг сөрсөн төсвийн бодлого барих нь зөв гэсэн үндэслэлээр төсвийн хэмжээг бага зэрэг бууруулсан. Тухайн үед би манай нам нийгэмтэй байгуулсан гэрээгээ биелүүлэх, иргэдийн итгэлийг хадгалах үүднээс ядаж урсгал зардлаа нэмэгдүүлэхгүй байх энгийн шаардлага тавьж байсан боловч тухайн үеийн дарга нарт таалагдаагүй тул янз бүрээр баалуулсан. Нийлүүлэлтийн шинжтэй бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгөхөд цаг хугацаа шаарддаг тул томоохон өөрчлөлтөө сонгуулийн маргаашнаас л зоригтой хийх хэрэгтэй байсан юм. Засгийн эрх барьж буй намын хувьд дөрвөн жилийн хугацаа хамгийн чухал нөөц. Бид бүрэн эрхийн эхний жил буюу хатуу шийдвэр гаргах хамгийн боломжтой үеэ алдсан. Одоо ойрхон хоёр сонгууль болох тул төсвийг эрс багасгах нь улам л хэцүү болж байна. Ирэх 2027 онд Ерөнхийлөгчийн, 2028 онд УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн жил төсөв тэлдэг нь уламжлал болжээ. Сүүлийн сонгууль болсон 2024 онд гэхэд төсвийн зарлага ДНБ-ий 32 хувиас 38.3 хувь болж огцом өссөн. Одоогийн төсвийн болон бусад хууль эрх зүйн орчинд төсвийн тэлэлтийг хязгаарлах механизм сул байна.

Дэлгэрэнгүйг  энд  дарж унших боломжтой.


"Ажил хэрэгч, геополитикийн нүүдэл хийсэн чухал айлчлал боллоо"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 19-26-ны өдрүүдэд Бүгд найрамдах Герман, Финланд, Беларусь улсад төрийн айлчлал хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн төрийн айлчлалууд ямар үр дүнтэй, геополитикийн хувьд ямар ач холбогдолтой байсан талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ахлах багш, Олон улс судлалын доктор П.Мягмардоржтой ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Герман, Финланд, Беларусь улсад төрийн айлчлал хийгээд ирлээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн гурван улсад хийсэн айлчлалыг ерөнхийд нь дүгнэвэл хэр үр дүнтэй, ач холбогдолтой айлчлал болов?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Холбооны бүгд найрамдах Герман улсын холбооны ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Мөн 14 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн өндөр айлчлалыг Финланд улсад хийлээ. Финланд улс нь 1963 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг анх удаа хүлээн зөвшөөрсөн Нордикийн орон. Тухайн үеийн хүйтэн дайны төвөгтэй цаг үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн нь тус улсын хувьд бас Монголыг сонирхох сонирхол байсан. Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд Монгол Улсад айлчлал хийсний хариу айлчлал болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний хувиар анхны айлчлалаа хийлээ.

Энэ гурван айлчлал өвөрмөц, геополитикийн хурцадмал нөхцөл байдалтай цаг үед зүүн европт болж буй нөхцөл байдлыг харвал фронтын хоёр талд байгаа улс орнууд. Ялангуяа Финланд, Беларусь улсууд.

Финландын ерөнхийлөгч Александар Стуббын хувьд Орос, Украны дайнтай холбоотойгоор хурц хурц мэдэгдлүүд хийдэг хүн. Финландаас шууд ОХУ-ын талд байдаг Беларусь улсад төрийн айлчлал хийгээд ирлээ. Герман бол стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх тунхаглалыг хоёр талын ерөнхийлөгч баталснаар хоёр улсын харилцааг цэвэр улс төр дипломатаас давуулаад эдийн засаг, улс төр, харилцан хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг өргөжүүлэх тал дээр шинэ шатанд гарсан гэж харж байна. Финландын хувьд Нордик буюу хойд европын улсуудын геолотикийн гарц гэж тодорхойлж болно. Мэдээж бид Шведэд Элчин сайдын яам ажиллуулаад 17 жил болж байгаа ч Финланд яагаад гарц болж байна гэхээр ОХУ-тай хил залгаа, үнэт зүйл нь барууны үзэлтэй, жижиг улс ч гэсэн олон жил төвийг сахиж байгаа, хоёр том гүрний дунд оршиж ирсэн нь гадаад бодлогын шийдвэр гаргалт, геополитик нь загвар болохуйц сонирхолтой улс.

Финландууд бол зуучлалын дипломат ажиллагаагаараа  дэлхийд алдартай. Марти Ахтисаар Нобелийн шагналтай, ойрхи дорнодын  асуудлаар зуучлал хийж байсан, жижиг улс хэдий ч олон талт, хоёр талын дипломат ажиллагаанд оролцдог нь Монголд загвар болохуйц улс.

Мэдээж газарзүйн хувьд өөр боловч хоёулаа том гүрнүүдтэй хиллэдэг, том гүрнүүдтэй хиллэдэг гээд төстэй зүйлс их бий. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс 2013 онд элсэн орсон бөгөөд Финланд улс зуучилсан түүх ч бий. Яг энэ загвараар бид 2013 онд Улаанбаатар-Хелсинк санаачлагыг хэрэгжүүлээд 13 дахь жилдээ зүүн хойд азийн аюулгүй байдлын Улаанбаатарын яриа хэлэлцээр гээд чухал хэлэлцээ хийгээд явж байна. Финланд улсыг олон талт дипломат ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааг харах хэрэгтэй. Монгол Улс Азидаа ардчиллын баянбүрд гэдэг утгаар харсан айлчлал болсон. Беларусийн хувьд маш үр дүнтэй айлчлал болсон гэж би хувьдаа харж байна. А.Г.Лукашенко 2024 онд айлчлахдаа 2025-2027 оны замын зураглалаа гаргаж, хоёр тал харилцааны механизмаа гаргаад, хэрэгжүүлээд явж байгаа. Саяны Ерөнхийлөгчийн айлчлалаар 2027-2029 оны замын зураглалаа бас тодорхойлчихлоо. Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенкийн  хэлснээр бидний өвөг дээдэс хамтарч байсан, бид дараа үедээ юу үлдээх вэ, хоёр улсын хамтарсан бэлгэдэл болсон зүйлийг дараа үедээ үлдээх, тодорхой салбаруудад хэдэн төслийг хэрэгжүүлж ажиллая гэдэг дээр талууд ойлголцсон. Дүгнээд хэлбэл,

Беларусь улсад ажил хэрэгч, хоёр тал харилцан ойлголцсон тодорхой төсөлд хамтрах айлчлал болсон бол Финланд улс нэгдмэл үнэт зүйл, ардчилал, хүний эрх чөлөө, хоёр биенээ харсан геополитикийн өнцөг, Герман улс бол цэвэр гуравдагч хөршийн бодлогын хүрээнд явсан айлчлал гэж харж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж унших боломжтой.


“Хөрөнгө оруулагчдын гомдлыг 10 гаруй жил шийдвэрлээгүй тохиолдол ч байна”

Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад төрийн байгууллагуудын оролцоо, уялдаа холбоо чухал үүрэгтэй. Хөрөнгө оруулалт, худалдааны газрын чиг үүрэг өргөжиж, хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэс бүрджээ. Энэ хүрээнд хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудал болон Монгол Улсад хөрөнгө оруулалт татах зорилтын талаар Монгол Улсын Шадар сайдын харьяа Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандантай ярилцлаа.


-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжиж эхэлснээр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын чиг үүрэг тодорхой болсон. Шинэ хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд ямар бодит өөрчлөлт гарах вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд 2026 оны долдугаар сарын 3-нд нэмэлт өөрчлөлт оруулж, өнгөрсөн наймдугаар сарын 31  нээс хэрэгжиж эхэлсэн.  Энэ хуулийн давуу тал нь төрийн байгууллагуудын чиг үүргийг маш тодорхой болгосон. Тухайлбал, Засгийн газар ямар чиг үүрэг хэрэгжүүлэх, Хөрөнгө оруулалт, худалдааны газар юу хийх, яамд ямар үүрэг хүлээх зэргийг нарийвчлан тодорхойлж өгсөн. Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь 2023 онд Засгийн газрын шийдвэрээр анх байгуулагдсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөрөнгө оруулалтыг татах,  хамгаалах, дэмжих,  хөрөнгө оруулагчдад  үйлчилгээ үзүүлэх зэрэг үүргийг хүлээж байгаа. Үүнээс хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх чиг үүрэг нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд ямар ач холбогдолтой вэ гэхээр гомдлыг шийдвэрлэх тогтолцоо, үйл явцыг хуульд тодорхой зааж өгсөн.

Өмнө нь хөрөнгө оруулагчдын гомдлыг Эдийн засаг, хөгжлийн яам хүлээн авч, шаардлагатай мэдээллийг цуглуулан, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх хэлбэрээр ажиллаж байсан. Харин Хөрөнгө оруулалт, худалдааны газрын чиг үүрэг тодорхой болсноор ирсэн гомдлыг хүлээн авсны дараа холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл авдаг болсон. Тухайн байгууллагууд мэдээллийг тав хоногийн дотор гаргаж өгөх үүрэгтэй. Үүнд үндэслэн Хөрөнгө оруулалт, худалдааны газар зөвлөмж гаргаж, уг зөвлөмжийн дагуу ямар арга хэмжээ авсан талаар эргээд тайлагнуулах ёстой.

Үндсэндээ энэ нь төрийн байгууллагууд хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэхэд зайлшгүй оролцох ёстой гэсэн үг.

Хэрэв зөвлөмжийн дагуу асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлүүлэхэд эерэг нөлөө үзүүлж, үйл явцыг илүү дөхөм болгож байна.

Хуулиар орсон бусад өөрчлөлтийн тухайд татварын хөнгөлөлтүүдийг тусгасан. Мөн гаалийн тариф, татвартай холбоотой томоохон өөрчлөлтүүд орсон. Үүнд хиймэл оюун ухаан, дата төв гэх мэт. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2т заасан барилгын тоног төхөөрөмж болон нано бүтээлч үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд гаалийн тарифаас чөлөөлөх зохицуулалт өмнө нь хэрэгждэггүй байсан. Харин одоо уг зохицуулалтыг Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд тусгаснаар хэрэгжих боломжтой болсон. Үүнээс гадна дата төв, хиймэл оюун ухааны чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломжийг нээж өгч байгаа юм.

Дэлгэрэнгүйг энд  дарж унших боломжтой.


"Бусдыг дуурайж хувцаслахаа боль, танд өөрийн гэсэн стиль бий"

Хувцасны шүүгээ дүүрэн ч өмсөх зүйл олддоггүй, дэлгүүрээс авсан хувцас бүр өөрт нь нэг л зохихгүй санагддаг хүн цөөнгүй. Магадгүй асуудал хувцсандаа биш, өөрийгөө хангалттай таньж мэдээгүйд байж болох юм. Энэ талаар имиж консалтингийн мэргэжилтэн "Arya’s Beauty"- ийн үүсгэн байгуулагч Б.Ариунзул буюу Арьяатай ярилцлаа.


-Юуны өмнө өөрийгөө болон эрхэлж буй ажлаа танилцуулахгүй юу. Монголд имиж консалтингийн үйлчилгээ харьцангуй шинэ ойлголт учраас таны хийдэг ажлыг хүмүүс стилистийн ажилтай адилтгаж ойлгох нь бий?

-Намайг Б.Ариунзул гэдэг. Арьяа гэж дууддаг. "Arya’s Beauty" студийг байгуулаад дөрвөн жил, энэ салбарт нийт зургаан жил ажиллаж байна. Би имиж консалтингийн чиглэлээр мэргэшсэн. Имиж консалтинг гэдэг нь хүмүүсийн боддог шиг зөвхөн хувцас сонгож өгөх, гоё гангалж өгөхөөс илүү өргөн ойлголт. Хүний хувийн өнгө, нүүрний хэлбэр, биеийн харьцааг тодорхойлохоос эхлээд нүүр будалт, үс засалт, аксессуар, хувцасны сонголт, дэлгүүр хэсэх зөвлөгөө гээд тухайн хүний гадаад төрхийг цогцоор нь авч үздэг үйлчилгээ юм. Хамгийн түрүүнд хүний арьсны өнгөний суурь туяа буюу undertone-ыг тодорхойлно. Үүний дараа ямар өнгийн хувцас, үсний өнгө, нүүр будалт, гоёл чимэглэл зохихыг зөвлөдөг.

"Face analysis" буюу нүүрний анализ хийснээр үс засалт, нүдний шил, ээмэгний хэлбэр, хөмсөгний хэлбэр, нүүр будалтын зохицлыг тодорхойлно.

Харин биеийн анализ нь мөр, бэлхүүс, ташаа зэрэг биеийн харьцааг харж, ямар эсгүүр, ямар хэлбэрийн хувцас тухайн хүнд илүү зохихыг тодорхойлдог. Цаашлаад гэрт нь байгаа хувцаснуудыг нь хооронд нь хэрхэн хослуулах, юу нэмж авах хэрэгтэйг зөвлөх, дэлгүүрээр хамт явж сонголт хийх зэрэг үйлчилгээ ч бий. Гэхдээ энэ бүхний эхэнд тухайн хүн өөрөө хэн бэ, юунд дуртай вэ, ямар хувцас өмсөхөөрөө өөртөө таатай мэдрэмж авдаг вэ гэдгийг ойлгох нь чухал. Түүний дотоод хүсэл, мэдрэмжийг гаднах төрхтэй нь уялдуулахыг л зорьдог.

-Таны хувьд энэ мэргэжлийг яагаад сонгов. Анхнаасаа загвар, гоо сайхны салбарт ажиллах хүсэлтэй байсан уу?

-Миний үндсэн мэргэжил сэтгүүлч. Телевизэд ажиллаж байхдаа өөрийгөө дэлгэцээр хараад “Ямар нүүр будалт надад зохих бол”, “Үсээ яаж янзалбал илүү гоё харагдах бол” гэж боддог байсан. Заримдаа хүрэн улаан өнгөөр будахаар царай дарагдаад, өөр өнгөөр будхаар илүү гоё харагдах үе бий. Эхэндээ үүнийг гэрэлтүүлэг, камер, зураглаачийн тохиргооноос болж байна гэж боддог байлаа. Харин хожим өөрийн өнгөний онцлогтой холбоотойг ойлгосон. Декретийн амралтаа авч, хүүхдээ харж байх үедээ мэргэжлийн нүүр будалтын сургалтад анх суусан. Тэгээд эргэн тойрныхоо хөтлөгч, продюсер гээд телевизэд ажилладаг хүмүүсийг зураг авалтын өмнө будаж өгдөг болсон. Би тэр ажилдаа үнэхээр дуртай байлаа. Тэр үед өөрөөсөө “Цаашдаа би яг юу хийх дуртай юм бол”, “Телевизийн ажлаа үргэлжлүүлэх үү, эсвэл өөр зүйл хийх үү” гэж асууж эхэлсэн.

Хүмүүсийг будаж өгсний дараа өөрийгөө хараад баярлаж, “Ямар гоё болчихов оо, баярлалаа” гэж хэлэхийг нь харах надад маш сайхан мэдрэмж төрүүлдэг байсан.

Хүмүүстэй харилцах, мэддэг зүйлээ тайлбарлаж зөвлөх нь надад илүү таалагддаг юм байна гэдгийг тэгж ойлгосон. Дараа нь Японд очиж "Color Me Tokyo" академид хувийн өнгө тодорхойлох чиглэлээр суралцсан. Үүний дараа имиж консалтинг, стилистийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцсан. Нүүр будалтаас эхэлсэн сонирхол маань өнгө, стиль, хүний гадаад төрхийг цогцоор нь судлах мэргэжил болж өргөжсөн дөө.

Дэлгэрэнгүйг энд дарж  унших боломжтой.


Б.Золзаяа: Борчулууны дүр бол миний хувьд маш утга учиртай дүр

Б.Золзаяа одоогоос арван жилийн өмнө дөнгөж их сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт ажилд орсон. Түүний хувьд ажилд ороод удаагүй байхдаа  их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан бүтээсэн Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулга “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжигт их зохиолчийн багын найз Борчулууны дүрийг бүтээсэн. Түүнээс хойш өдгөө 40 гаруй уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээгээд байгаа билээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Театрт орсноосоо хойш яг арван жилийн дараа Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил Улсын драмын эрдмийн театрынхаа 95 жилийн ойн босгон дээр “Жаргаагүй нар” жүжгийн Борчулууны дүрдээ дахин тоглох гэж байна, сэтгэгдэл ямар байна вэ?

-Хол газар одовч, сэтгэл үл холдох,

Хорвоогийн явдалд хамтдаа зүтгэх,

Хэцүү цагт түшиг, баярт цагт жигүүр,

Хэнээс ч илүү дотно миний нэгэн найз… гэж жүжиг дундуур уншдаг. Сэтгэл маш их хөдөлж байна. Миний дүр болох Борчулууны дүр бол их зохиолчийн багын найзын дүр. Театрт ороод удаагүй, дээрээс нь анхны дүр байсан болохоор Борчулууны дүр бол миний хувьд маш утга учиртай дүр л дээ.

Би Улсын драмын эрдмийн театрт 2016 онд театр студийн жүжигчнээр ажилд орж байлаа. Театрт ороод хамгийн анх авсан дүр маань одоо тоглож буй Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулга “Жаргаагүй нар” жүжгийн Борчулууны дүр байсан юм. Энэ дүрийг Ч.Түвшин найруулагч өгч байсан.

Арван жилийн дараа дахин энэ дүр дээрээ ажиллаж, одоо дахин тайзан дээр гарч байна. Энэ цаг мөчид үгээр илэрхийлэмгүй нэг тийм сонин мэдрэмж төрж байна.

Арван жил гэдэг бага хугацаа биш, энэ хугацаанд сэтгэл зүй, харах өнцөг, ядаж л царай төрх хүртэл өөрчлөгдсөн. Гэсэн ч яг тухайн үед төрж байсан маш сайхан мэдрэмжээ авч, тэр цаг мөч рүү буцсан юм шиг санагдаж байна даа.

–Улаан театрын босго өндөр, хүн бүр орохыг хүсдэг ч хүссэн болгон нь орж чаддаггүй гэж ярьдаг шүү дээ, уран бүтээлчид. Таны хувьд их сургуулиа төгсөөд хонхны баярынхаа маргааш нь театрт шалгалт өгөөд тэнцэж байсан гэсэн үү?

-Жүжигчин мэргэжлээр төгсөж байгаа хүн болгон л бараг Улсын драмын эрдмийн театр гэх энэ том айлд орох юмсан гэж боддог байх. Миний хувьд жүжигчин бол хүсэж мөрөөдөж байсан мэргэжил учраас маш их хичээнгүй оюутан байлаа. Тэгээд боддог байсан, “За байз, театрт шалгалт өгөх үү, яах уу. Маш өндөр босготой газар даа” гээд. Тэгсэн нэг удаа манай сургуульд "3.27" нэртэй жүжигчний тэмцээн болсон юм. Тэр тэмцээнд оролцоод шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг нь авчихлаа. Тэгээд байж байтал тухайн үед Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Отгонбат багш ирээд “Золоо чи Драмын театрт шалгалт өгөөд үзээч” гэсэн.

Тухайн үед энэ үг их урам зориг болсон. “Багш намайг ингэж хэлж байгаа юм чинь би бас орж магадгүй юм байна” гэж бодсон.

Тэгээд их сургуулиа төгсөөд л хонхны баярынхаа маргааш театрт шалгалт өгч, тэнцээд студи ангид ороод, хоёр жилийн дараа жинхэнэ жүжигчин болж байсан даа. Тухайн үед 70-аад хүүхэд шалгалт өгсөн шиг санагдаж байна. Эхний арван хүүхэд нь тэнцсэн. Шинэ жүжигчинд тэр бүр ногдохгүй. Дотроо бол тэр ч дүрд тогломоор, энэ ч дүрийг бүтээмээр санагдана аа. Тэгээд л анх ороод удаа ч үгүй байхдаа Их зохиолчийнхоо найзын дүрийг бүтээж байсан, одоо эргээд дурсахад маш сайхан байна.

Дэлгэрэнгүйг энд  дарж унших боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-11-07 202.21.108.100

МАН намын боловсон хүчин гэх олигтой юм байхгүй , хоосон толгойтой , хүн дарамталж, айлган сүрдүүлж шоронд хийж хүч чадлаа гайхуулсан, хулгай хийхээс өөр чадвар чадамжгүй , ёс суртхуун ёс зүй огт байхгүй цүнх баригчид дүүрэн болсон . Жишээ бол СУИС төгссөн Төмөрмөөмөө , баян тансаг , ёс зүйгүй нөхөр харагдаж байна. 28 онд МАН гарахгүй ээ

Avatar

Нэргүй 2026-11-07 103.57.93.119

МАН маань одоо цагт ийм хачин юмнуу даар дүүрчисэн болохоор сөнөхөөс яахав дээ ! Өөрөө улс төрч шүү нэртэй юм байж юу хэлу байгаагаа нэг боддоггүй ээ !!!

Avatar

Нэргүй 2026-11-07 202.9.41.105

Энхтүвшин гэж 2 нүүртэй хүн бусдыг гайхашруулах юм.

Avatar

Нэргүй 2026-11-07 64.119.19.126

AS TOOXGUI SHAALGN MASSAJLI80955877

Avatar

Нэргүй 2026-11-07 64.119.19.126

SEXSDN NAS XMAGUI s***** BIEE UNELLEED BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSDEX ANUSDAAD80955877

Avatar

Zochin 2026-11-07 202.72.245.202

Unenschdee bid uneecheeriin ich chamaaraltai ylanguya Choijilsuren bol !? , chamaarna ene chunees bur ich vhamaaraltai.

Avatar

Чукча не дураак 2026-11-07 202.126.91.138

Улсаа Хорлогчид Мандтугай !!!!

Avatar

зочин 2026-11-07 66.181.189.132

Энэ хүн, бусдын итгэл даах,тууштай , үнэнч шудрага хүн биш, Хэзээ ч зөрчилдэж бүүр дайсагнаж болзошгүй ноцтой хүн , Ийм хүмүүсээс нам, олон нийтийн байгууллагууд ,өөрсдийгөө бохирлох биш цэвэрлэж байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж