Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө нь 4.8 их наяд төгрөгийн дутагдалтай болсныг албаныхан мэдээлсэн. Энэхүү хуримтлагдсан алдагдлыг бууруулахын тулд 2027 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тогтоолын төсөлд Засгийн газрын тусгай бонд гаргаж, алдагдлыг жил бүр 1.5 их наядаар бууруулахаар тусгажээ. Үндсэндээ 2031 он хүртэл үе шаттай бууруулах зорилт тавьж байгаагаа танилцуулсан ч алдагдлыг Засгийн газар бонд гаргаж хаах боломжгүй гэдэг байр суурийг Сангийн сайд илэрхийлсэн юм. Энэ асуудлаар "Төв банкны алдагдал ба төсвийн дарамт" хэлэлцүүлэгт оролцсон талуудын байр суурийг хүргэе.
"МОНГОЛБАНКНЫ АЛДАГДЛЫГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТӨЛӨХ НЬ БУРУУ"

УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв:
-Төв банкны тухай хуульд Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газрын тусгай бонд гаргах бол УИХ-аар хэлэлцэж, батална гэсэн ерөнхий заалт бий. Ер нь Төв банкны алдагдал юунаас болж үүсэв. Энэ алдагдлыг заавал татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь зөв үү. Бүр цаашилбал Төв банкны ашиг, алдагдал гэж юу вэ гэдэг асуудал яригдана. Төв банк өөрөө арилжааны банк эсвэл төрийн өмчит компани биш. Мөнгөний бодлого хэрэгжүүлж, мөнгийг зах зээлд нийлүүлэх онцгой эрхтэй байгууллага. Гэтэл Монголбанкны хуримтлагдсан алдагдал үүсч байгаа шалтгааныг нь тайлбарлахдаа, 2012 оноос хойш төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулснаас болоод алдагдал хуримтлагдсан гэж ярьж байна.
Алдагдлын бүтцийг нь авч үзвэл, дийлэнх хувийг нь Төв банкны үнэт цаасны хүүний зардал эзэлж байна. Энэ бол төсвийн шинжтэй үйл ажиллагаа биш Төв банкны хийх ёстой ажил.
Одоо Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 12.5 хувь болгосон. Төв банкны үнэт цаасыг арилжааны банкууд худалдан авсны төлөө төлж байгаа хүүгийн зардал юм. Үүнээс үүссэн алдагдал нь сүүлийн 10 жилийн хугацаанд хуримтлагдаад байна. Энэ бол бодлогын зардал. Энэ бодлогыг юуны төлөө гаргаж байна вэ гэхээр үнийн өсөлтийг хязгаарлахын тулд буюу зах зээлд нийлүүлж байгаа мөнгийг багасгахын тулд Төв банк үнэт цаас гаргаж, арилжааны банкуудын сул мөнгийг өөр дээрээ татан авч, төлж буй хүү юм. Энийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг бол буруу. Төв банк төсвөөр хийж болох ажлуудад оролцож ирсэн нь үнэн. Энийг хязгаарлах ёстой. Гэлээ гээд үүнээс өнөөдрийн алдагдал үүссэн юм биш. Алдагдлын гол шалтгаан нь Төв банкны үнэт цаас байна.
Ингэж их зардал гаргаж, үнэт цаас хэвлэчихээд ямар үр дүн гарсан бэ. Өнөөдөр инфляцаа тавиад туучихсан, ирэх оны Мөнгөний бодлого дээр инфляцын зорилт ч алга. Жилийн жилд Мөнгөний бодлого орж ирэхэд ирэх онд Төв банкнаас инфляцыг тодорхой хувьд барина гэдэг тооцооллыг хийдэг. Гэтэл 2027 оны Мөнгөний бодлого дээр тийм зорилт ч байхгүй, дунд хугацааны зорилт тавьчихсан байна. Тэгэхээр энэ Мөнгөний бодлого үндсэн зорилгодоо үйлчлэхгүй эсрэгээрээ хийсвэр алдагдлыг Засгийн газрын тусгай бонд гаргаж нөхнө гэдэг тэс өөр сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Эцсийн дүндээ Төв банкны үндсэн үүрэг болох үнийн тогтвортой байдлын тухай ярих ёстой.
"БОНД ГАРГАЖ, ТӨВ БАНКНЫ ХУРИМТЛАГДСАН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ НЬ ЗӨВ"

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар:
-Юуны өмнө 2012 оноос хойш Засгийн газрын зүгээс Төв банкийг төсвийн шинж чанартай зардлуудыг гаргах шахалтыг үзүүлсэн. Төв банкны зүгээс хараат бус байж чадаагүйгээс зардлуудыг хуримтлуулсан. Монголбанк мөнгөний бодлогоо явуулахад зардал гаргадаг. Үүнээс гадна Төв банкнаас Засгийн газрын шинж чанартай зардлуудыг санхүүжүүлсэн. Хуульд Монголбанкны алдагдлыг төсвөөс нөхөн санхүүжүүлэх эсэхийг УИХ шийднэ гэж заасан байдаг. Батлагдсан хуулийн дагуу Төв банкны зүгээс шаардлага тавьж байна. Үүнийг батлах эсэхийг нь УИХ шийднэ гэсэн үг. Миний хувьд тэртэй тэргүй улсын төсвийн зардал 10 их наядаар тэлж, төсвийн орлого сайн байгаа энэ үед Төв банкны хуримтлагдсан алдагдлыг бууруулах нь зөв гэж харж байна.
Арилжааны банк энэ дунд хожиж байгаа асуудал байхгүй. Яагаад ийм өнцөг гаргаж байгааг гайхаж байна. Харин эсрэгээрээ иргэд хожино.
Засгийн газар маш их тэлсэн төсөв оруулж ирж байгаа нь эдийн засагт цэвэр инфляц болж, иргэдийн халаасыг тэмтэрнэ. Гэтэл тэр их хэмжээний мөнгийг төсвийн зарлага болгож шууд гаргахгүйгээр инфляц үүсгэхгүй байх үүднээс Төв банкны алдагдал болж байгаа юм. Одоо инфляц тэртэй тэргүй өндөр хувьтай байхад их хэмжээний төсвийн зарлага гаргавал 2027 онд нийлүүлэлтийн шинж чанартай инфляц маш өндөр байх төлөвтэй байна. Улсын төсөв гал дээр тос нэмж байгаа юм шиг их зардал гаргаж байхад үүний зарим хэсгээр Төв банкны алдагдлыг хаах санаачлагыг дэмжихээс өөр аргагүй.
"ХУРИМТЛАГДСАН АЛДАГДАЛ ДОТОР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭЗЛЭХ ХУВЬ ТУН БАГА"

Ардчилсан намын Төсөв, санхүү, бүтээмжийн бодлогын зөвлөлийн ахлагч З.Нарантуяа:
-Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг улсын төсвөөс хаах тухай яригдаж байна. Бид энэ асуудалд мэргэжлийн өнцгөөс хандаж, ухаалаг шийдвэр гаргах ёстой. Төв банк гэдэг институци өөрөө ямар зорилготой байгууллага вэ гэдгийг ойлгох нь чухал. Төв банкны тухай хуульд тодорхойлсноор төгрөгийн худалдан авах чадвар буюу иргэдийн халаасанд байгаа төгрөгийг бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвартай байлгах нийтийн сайн сайхны төлөөх институци. Өөрөөр хэлбэл, Монголбанк бол бизнесийн байгууллага биш. Төв банкны өөрийн бодлогын үйл ажиллагааны зардлууд тэнцэл дээр алдагдал болж бичигддэг. Энэ хуримтлагдсан алдагдлыг заавал улсын төсвөөр хаах шаардлагатай юу гэдэг асуудал тавигдана.
Хоёрт, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зайлшгүй шаардлага үүссэн үү. Цаашдаа үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болов уу. Энэ бүх асуудлаар Монголбанк, Сангийн яамны төлөөлөл хамтран ярилцаж, мөнгөний бодлогын орон зайд оновчтой, улсын төсөвт дарамт учруулахгүй байдлаар шийдвэрлэх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, мөнгөний бодлого болон төсвийн тэнцвэртэй байдлыг хангасан шийдвэр гаргах ёстой.
Бид аль аль талын нөхцөл байдалд мэргэжлийн үүднээс шинжилгээ хийж, гарц шийдлийг нь хэлэлцэх ёстой. Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн задаргааг харвал, Төв банкны үнэт цаасны хүүгийн төлбөр эзэлж байна. Жишээлбэл, ипотекийн зээл бол Төв банкнаас гарсан төсвийн шинж чанартай санхүүжилт мөн үү гэвэл мөн. Одоогийн хуримтлагдсан 6.9 их наяд төгрөгийн алдагдал дотор ипотекийн зээлийн эзлэх хувь тун бага. Харин Төв банкны үнэс цаасны хүүгийн төлбөр, ханшийн зөрүүний алдагдал ихэнх хувийг эзэлж байна. Монгол Улс руу орж ирж байгаа их хэмжээний валютыг Төв банк улсын нөөцөд авч, төгрөг болгон өгдөг. Тэр ханшийн савалгааг барихын тулд арилжаа хийдэг. Тэр арилжааны зөрүүнээс алдагдал үүсдэг. Энэ бол Төв банкны бодлогын арга хэмжээний зардал. Төв банкийг алдагдалгүй болгох гэж байна гээд улсын төсөвт дарамт учруулж болохгүй. Тийм учраас Сангийн яамны зүгээс байр сууриа илэрхийлж, том дохио өгч байна гэж харах ёстой.
Ер нь Төв банк өөрөө хараат бус, мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх орон зайтай байх ёстой. Яагаад гэвэл Монголбанк дээр бодлогын арга хэмжээнээс гадна өөр арга хэмжээг тусгасан асуудлууд ч байгаа. Тийм учраас дахин ийм асуудал гаргахгүй байх талаас нь шийдэл гаргах нь чухал.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.БЯМБАХИШИГ
3,605.46





















































Нэргүй 2026-11-05 103.168.34.177
Үнэт цаасны хүү идэж байгаа банкнууд цулайж байгаа юм байна даа.
Дарин 2026-11-05 202.21.111.170
Санхүү, мөнгө, татварын бодлогод бид шинжилгээ хийвэл маш хүнд нөхцөлтэй ба. Өр, зээл, зарцуулж буй мөнгөний үр ашиг. Монголын далд эдийн засаг ДНБ-ийн 40% хүрч болзошгүй. Авлига, засаглал, Төрийн өмчид ААН өр, улс төрчдийн компанийн тендер, нууцаар нүүрс урагшаа зарж буй, тендерийн нэрээр 400 төгр барааг 20000 төгр нийлүүлэх. Мэргэжлийн ХШалгалт, Үндэсний Аудитын газар, АТГ, ТЕГ, Э/З цагдаа бүгд ажлаа хийж чадахгүй ба.
- berxniyjcz 2026-11-05 202.126.88.171
### ; texniclyy etonox
зочин 2026-11-05 202.131.225.53
нөгөө талдаа Төв банк ашгийн төлөө ажилладаг аж ахуйн нэгж юмуу? гэдэг асуулт бас гарч ирнэ үүнд хариулаад өгөөрэй
sdf 2026-11-05 172.226.43.227
ugui
Өвгөн Балдан 2026-11-05 64.119.16.45
Банкны мөнгө хүүлэгчид алдагдалд орно гэж юу байсан юм бэ, Долларын эздээсээ жилийн 0.001 хувийн хүүтэй зээлсэн мөнгөө ард түмэнд сарын 1.8 хувийн хүүтэй зээлүүлж вампир шиг сорж байгаа шүү дээ. Битгий худлаа хүмүүсийн тархийг угаагаад байгаач, Хүүгийн хүүгээр олсон ашигаа та нар л хувааж идэж хүрэхгүй алдагдалд оруулж байгаа биз дээ. Олсон хүүгээрээ өчнөөн төсөл санхүүжүүлж асар их ашиг олж байгаа бишүү. Тэгээд тэр хүүгийн алдагдлыг нь хуульч З.Нарантуяа тоцоолоод байгаа юм уу???
Зочин 2026-11-05 103.80.211.111
Яг үнэнТооцоолж чадах уу?