Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад төрийн байгууллагуудын оролцоо, уялдаа холбоо чухал үүрэгтэй. Хөрөнгө оруулалт, худалдааны газрын чиг үүрэг өргөжиж, хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэс бүрджээ. Энэ хүрээнд хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудал болон Монгол Улсад хөрөнгө оруулалт татах зорилтын талаар Монгол Улсын Шадар сайдын харьяа Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандантай ярилцлаа.
-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжиж эхэлснээр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын чиг үүрэг тодорхой болсон. Шинэ хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд ямар бодит өөрчлөлт гарах вэ?
–Хөрөнгө оруулалтын тухай хуульд 2026 оны долдугаар сарын 3-нд нэмэлт өөрчлөлт оруулж, өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн давуу тал нь төрийн байгууллагуудын чиг үүргийг маш тодорхой болгосон. Тухайлбал, Засгийн газар ямар чиг үүрэг хэрэгжүүлэх, Хөрөнгө оруулалт, худалдааны газар юу хийх, яамд ямар үүрэг хүлээх зэргийг нарийвчлан тодорхойлж өгсөн. Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь 2023 онд Засгийн газрын шийдвэрээр анх байгуулагдсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих, хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх зэрэг үүргийг хүлээж байгаа.
Үүнээс хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх чиг үүрэг нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд ямар ач холбогдолтой вэ гэхээр гомдлыг шийдвэрлэх тогтолцоо, үйл явцыг хуульд тодорхой зааж өгсөн.
Өмнө нь хөрөнгө оруулагчдын гомдлыг Эдийн засаг, хөгжлийн яам хүлээн авч, шаардлагатай мэдээллийг цуглуулан, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх хэлбэрээр ажиллаж байсан. Харин Хөрөнгө оруулалт, худалдааны газрын чиг үүрэг тодорхой болсноор ирсэн гомдлыг хүлээн авсны дараа холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл авдаг болсон. Тухайн байгууллагууд мэдээллийг тав хоногийн дотор гаргаж өгөх үүрэгтэй. Үүнд үндэслэн Хөрөнгө оруулалт, худалдааны газар зөвлөмж гаргаж, уг зөвлөмжийн дагуу ямар арга хэмжээ авсан талаар эргээд тайлагнуулах ёстой.
Үндсэндээ энэ нь төрийн байгууллагууд хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэхэд зайлшгүй оролцох ёстой гэсэн үг.
Хэрэв зөвлөмжийн дагуу асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлүүлэхэд эерэг нөлөө үзүүлж, үйл явцыг илүү дөхөм болгож байна.
Хуулиар орсон бусад өөрчлөлтийн тухайд татварын хөнгөлөлтүүдийг тусгасан. Мөн гаалийн тариф, татвартай холбоотой томоохон өөрчлөлтүүд орсон. Үүнд хиймэл оюун ухаан, дата төв гэх мэт. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т заасан барилгын тоног төхөөрөмж болон нано бүтээлч үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд гаалийн тарифаас чөлөөлөх зохицуулалт өмнө нь хэрэгждэггүй байсан.
Харин одоо уг зохицуулалтыг Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд тусгаснаар хэрэгжих боломжтой болсон.
Үүнээс гадна дата төв, хиймэл оюун ухааны чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломжийг нээж өгч байгаа юм.
-Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдлууд ерөнхийдөө ямар асуудалтай холбоотой байна вэ? Одоогоор хэдэн гомдлыг шийдвэрлээд байгаа вэ?
–Хөрөнгө оруулалт, худалдааны газар Эдийн засаг, хөгжлийн яамнаас таван гомдол хүлээн авсан. Мөн манай байгууллагад шинээр 13 гомдол ирсэн. Ингээд нийт 18 гомдол дээр ажиллаж байна.
Гомдлуудыг ангилж үзэхэд хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд давамгайлж байна.
Өмнө нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан татварын хөнгөлөлт, гаалийн тариф, татварын хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй тухай гомдол бий. Мөн шүүхээр шийдвэрлэгдсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэгжилт нь гацсан гэх гомдол ирсэн. Үүнээс гадна татвартай холбоотой асуудлууд, ашигт малтмалын лицензийг хураан авсан боловч нөхөн олговор олгоогүй гэх мэт гомдлууд байна. Хөрөнгө оруулалт, худалдааны газар эдгээр гомдлыг хүлээн авч, шалгаж байна. Гомдлуудыг саяхнаас хүлээн авч эхэлсэн учраас одоогоор бүрэн шийдвэрлэсэн гомдол байхгүй.

-Хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан. Энэ хугацаанд асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж байна уу?
–Өргөдөл, гомдлын тухай хуулиар 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг 30 хүртэлх хоногоор сунгах боломжтой.
Олон жил үргэлжилсэн гомдлыг шийдвэрлэхэд тодорхой бэрхшээл тулгарч байна.
Учир нь эхлээд гомдлыг хүлээн авч, судалгаа хийнэ. Үүний дараа төрийн байгууллагуудаас мэдээлэл авч, зөвлөмжөө хүргүүлэн, холбогдох арга хэмжээ авсан эсэхийг эргэн мэдэгдэх шаардлагатай. Ингээд асуудлыг шийдвэрлэх учраас тодорхой хугацаа шаардаж байгаа юм. Хөрөнгө оруулалт, худалдааны газар анх удаа ийм чиг үүргийн хүрээнд гомдол шийдвэрлэж байгаа учраас үйл явцын хувьд удаашрах магадлалтай асуудлууд бий.
Харин хөрөнгө оруулагчдын гомдлоос бусад, хүсэлтүүдийг шийдвэрлэсэн 2-3 жишээ байгаа.
Хөрөнгө оруулагчдын зарим гомдол 10 гаруй жил шийдвэрлэгдээгүй үргэлжилсэн асуудлууд байдаг.
Тиймээс ийм төрлийн гомдлыг 30 хоногийн дотор бүрэн шийдвэрлэхэд хүндрэлтэй.
Гэхдээ 30 хоногийн дотор бүрэн шийдвэрлэж чадахгүй байсан ч асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлүүлэх чиглэлээр Хөрөнгө оруулалт, худалдааны газар ажиллаж байна.
-АНУ-ын Төрийн департаментын 2026 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлд Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол байгаа хэдий ч хууль тогтоомж болон төрийн байгууллагад итгэх итгэл суларснаас үүдэн хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
–Хөрөнгө оруулалт, худалдааны газраас мөн судалгаа хийлгэсэн. Судалгааны үр дүнгээр хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамж хангалтгүй байгаа нь харагдсан.
Үүнийг хөрөнгө оруулагчдын гомдолтой холбон тайлбарлаж болно. Учир нь хөрөнгө оруулагчдад ямар нэгэн байдлаар маргаан, үл ойлголцол үүсэх тохиолдол байдаг. Гэвч тэдгээр асуудлыг шийдвэрлэх хугацаа удаашралтай байна. Мөн шийдвэрлэсэн тохиолдолд тухайн шийдвэр хүчин төгөлдөр болж, газар дээрээ бодитоор хэрэгжихгүй байна гэсэн гомдол гардаг.
Түүнчлэн төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, зөрчлөөс шалтгаалан асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна гэх гомдлууд ч бий.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь нэг агентлаг учраас бүх асуудлыг дангаараа шийдвэрлэх боломжгүй. Гэхдээ төр засгийн зүгээс хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх чиглэлээр томоохон алхам хийсэн нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт юм.
Энэ нь хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэх, зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч гэлтгүй дотоодын бизнесийн орчныг сайжруулах хүсэл эрмэлзэл төр засгийн түвшинд байгааг харуулж байна.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль зэрэг эрх зүйн зохицуулалтууд бий. Мөн “Чөлөөлье” аяны хүрээнд олон төрлийн тусгай зөвшөөрөл шаарддаг байсан үйл ажиллагааны заримыг мэдэгдлийн хэлбэрт шилжүүлэх жишээтэй.
Үүнээс гадна хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн дансыг царцаахгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа.
Түрүүнд дурдсан судалгаа болон АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэл нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө болон дөнгөж өөрчлөлт орж байх үед хийгдсэн судалгаа, үнэлгээнүүд юм.
Тиймээс ирэх жилийн судалгааны үр дүнд эдгээр өөрчлөлт бага ч гэсэн эерэг нөлөө үзүүлсэн байх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар яг ямар нөлөө, үр дүн үзүүлэх вэ? Цаашдын хэтийн зорилго юу байна вэ?
–Зарим хүн Хөрөнгө оруулалт, худалдааны газар байх шаардлагатай юу гэж асуудаг. Үүнд хэлэхэд, ийм байгууллага маш хэрэгтэй.
Гадаадын улс орнуудад Хөрөнгө оруулалт, худалдааны газар шиг хөрөнгө оруулалт татах, сурталчлах чиг үүрэгтэй агентлагууд нь эдийн засгийн хөдөлгүүр болж ажилладаг.
Манай байгууллага шинэ агентлаг учраас олон нийтэд төдийлөн танигдаагүй. Мөн саяхнаас хуулиар чиг үүргээ тодорхой болгож авсан. Цаашид хийх ажил маш их байна. Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэхээс гадна хөрөнгө оруулалт татах тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.
Бусад улсын жишгийг харахад дэлхий даяар стратегийн ач холбогдолтой орнуудад өөрийн төлөөлөгчдийг ажиллуулдаг. Тэдгээр төлөөлөгч хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих үндсэн чиг үүрэгтэй бөгөөд тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийг тогтмол дэмждэг.
Мөн гадаад улс орнуудад бизнес форум, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих томоохон төслүүдэд төсвийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлдэг жишиг бий. Манай байгууллагын хувьд компаниудаа дэмжиж чаддаггүй юм аа гэхэд, бизнес форум зохион байгуулах, хамтын ажиллагааны платформ бий болгох зэрэг ажилд тодорхой хэмжээний төсөв шаардлагатай байдаг.
Хууль батлагдах хүртэл ийм төрлийн үйл ажиллагаанд зарцуулах төсөв бараг байгаагүй. Гэсэн хэдий ч Хөрөнгө оруулалт, худалдааны газар хувийн хэвшлийнхэнтэй хамтран эдгээр ажлыг эхлүүлээд байна. Цаашдын төлөвлөгөөний тухайд Хөрөнгө оруулалт, худалдааны газар Засгийн газарт Шадар сайдын Ажлын албаар дамжуулан 2028 он хүртэл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулсан.
Тус төлөвлөгөөнд хөрөнгө оруулалт татахад голлон анхаарах таван салбарыг тодорхойлсон. Үүнд сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, дата төв, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, аялал жуулчлал.
Эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах тогтолцоог бүрдүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, боловсон хүчин бэлтгэх, орж ирсэн хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх зэрэг ажлыг төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу 2027 онд улс хэмжээнд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах, 2028 он гэхэд энэ хэмжээг 5.5 тэрбум ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтод Хөрөнгө оруулалт, худалдааны газар хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
-Хөрөнгө оруулагчдаас орон нутгийн удирдлагууд зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаанд нь саад учруулдаг гэж сонсож байсан. Ийм тохиолдолд танай байгууллага ямар арга хэмжээ авах эрх, боломжтой вэ? Өмнө нь ийм гомдлыг шийдвэрлүүлсэн жишээ бий юү?
–Саяхнаас хууль хэрэгжиж эхэлж, Хөрөнгө оруулалт, худалдааны газар өөрийн чиг үүргийн хүрээнд ажиллах боломжтой болсон. Тиймээс хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдлын дагуу шат дараатай арга хэмжээ авч, холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.
Орон нутгийн байгууллагатай холбоотой асуудалд тухайн байгууллагад зөвлөмж хүргүүлэх хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна.
-Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас болж хөрөнгө оруулагч хохирсон нь тогтоогдвол хохирлыг нөхөн төлүүлэх, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авах боломжтой вэ?
–Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь хууль хүчний байгууллага биш учраас торгууль ногдуулах, үйл ажиллагааг зогсоох зэрэг албадлагын арга хэмжээ авах эрхгүй. Тиймээс өмнө дурдсанчлан холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлнэ. Хэрэв зөвлөмжийн дагуу асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол Засгийн газарт танилцуулж, тогтоол гаргуулах боломжтой.
Хөрөнгө оруулагчийн хувьд эхлээд Хөрөнгө оруулалт, худалдааны газарт хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Хэрэв тухайн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол Засгийн газрын тогтоолоор шийдвэрлүүлэхийг оролдоно.
Энэ түвшинд ч шийдвэрлэгдэхгүй тохиолдолд олон улсын арбитрт хандах эрх нь нээлттэй болсон.
-Гомдол шийдвэрлэлтийн үр дүнг олон нийтэд хэрхэн тайлагнах вэ? Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ажлын үр дүнг ямар үзүүлэлтээр хэмжих вэ?
–Хөрөнгө оруулагчдын гомдлыг төрийн байгууллагууд хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Хөрөнгө оруулалт, худалдааны газар тайлан гаргах төлөвлөгөөтэй байна. Уг тайланг жилд нэг удаа гаргах байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, энэ үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байна гэсэн үг.
Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг тодруулж хэлэхэд, хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн бүх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Тухайлбал, хоёр компанийн хоорондын маргаантай холбоотой гомдлыг хүлээн авахгүй. Харин төрийн байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой гомдлыг хүлээн авч байгаа. Гэхдээ шүүхээр хэлэлцэгдэж байгаа болон хянан шийдвэрлэх шатанд байгаа хэрэг, маргаанд Хөрөнгө оруулалт, худалдааны газар оролцож, нөлөөлөх эрхгүй. Тиймээс ийм төрлийн гомдлыг хүлээн авахгүй. Мөн арбитраар шийдвэрлэгдсэн маргаан, Хүний эрхийн Үндэсний Комисс болон татварын маргаантай холбоотой асуудалд оролцох эрхгүй. Үүнээс гадна үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар оролцох боломжгүй.

3,605.46





















































Нэргүй 2026-11-04 64.119.19.84
Ajlaasaa xalagdsan. Bitii huc
Нэргүй 2026-11-04 66.181.186.131
ичдэггүй хулгайч нар дээр шүүх !!!!
Нэргүй 2026-11-04 64.119.16.144
"Суруга"-ийн япон өвгөнийг дээрэмдсэн цагдаагийн хурандаа нар болон Женко-ийн гар хөлүүдийг энэ төр засаг дийлэхгүй юм байна л даа???
Нэргүй 2026-11-04 64.119.19.126
SEXSEER BIEE UNELLEED VANXANDAAD XUCHINDI BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SESEER ANUSDI80955877
Нэргүй 2026-11-04 70.175.141.166
Энэ хүүхэн барах уу. Нуруу ,зангараг багадах байх даа
Иргэн 2026-11-04 66.181.186.193
Яг шийдвэрлэчихсэн юм байхгүй л байгаа юм байна. Хохирлыг арилгуулахад цаг хугацаа маш чухал. Хохирсон иргэн, компаниуд тэр хугацаанд чинь санхүүгийн алдагдал нь улам л ихэссээр байх болно. Төрөл бүрийн шалтаг тоочилгүй, хатуухан шаардлага тавьж ажиллах ёстой байх.
Нэргүй 2026-11-04 66.181.180.160
Хөрөнгө оруулагчдад дэндшү их тээг саадтай