niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:03 UTC Эх: https://news.mn/r/2896258/ 64c028f6289f16c3… ← niitlelch.mn руу буцах

“Бидний амьдрал улстөрчдөөс хамаарах тусам дордож байна”

“Бидний амьдрал улстөрчдөөс хамаарах тусам дордож байна”

“Бидний амьдрал улстөрчдөөс хамаарах тусам дордож байна”

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.


–УИХ 2027 оны төсвийн төслийг 4 дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ. Та 2025 оны төсвийг батлахад зарлагыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагыг Засгийн газарт тавьж байсан гишүүдийн нэг. Энэ удаагийн төсөвт бодит хэмнэлт хийж чадаж байна уу, энэ жилийнхээс 10 их наядаар тэлсэн, зардал өндөртэй төсөв шүү дээ?

-Төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь гүйцэтгэлээр 2024 онд 38.3, 2025 онд 34.8 хувь байсан бол 2026 онд төсвийн тодотголоор 33.2 хувьд хүрэхээр байна. Ирэх 2027 онд Засгийн газар энэ үзүүлэлтийг 37.8 хувь байхаар өргөн барьсан. Харин Оюутолгой компаниас авахаар тооцсон хоёр их наяд төгрөгийн ногдол ашгийг Хуримтлалын санд үлдээх шийдвэртэй холбоотойгоор төсвийн нийт зарлагын дээд хэмжээ өргөн барьсан дүнгээсээ хоёр их наяд төгрөгөөр буурч, 41.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь болохоор төсвийн хүрээний мэдэгдлийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Гэсэн хэдий ч 2026 оны тодотголтой харьцуулахад нэгдсэн төсвийн зарлага нэг жилийн дотор 7.6 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жил бага ч гэсэн буурсан төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 2027 онд буцаад 2.9 нэгж хувиар тэлж байна.

Манай нам 2024 оны сонгуульд төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувьд хүргэж бууруулна, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ гэж амлаж, ялсан. Уг нь төсөв болон эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлсэн, маш чухал зорилт байсан. Дээрх үзүүлэлтээс харахад энэ амлалт биелэх боломжгүй болж байна.

Сонгуульд ялангуутаа эхний төсвөө сонгуулийн амлалтынхаа эсрэг, бүр нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Азаар Ерөнхийлөгч хориг тавьж, мөчлөг сөрсөн төсвийн бодлого барих нь зөв гэсэн үндэслэлээр төсвийн хэмжээг бага зэрэг бууруулсан. Тухайн үед би манай нам нийгэмтэй байгуулсан гэрээгээ биелүүлэх, иргэдийн итгэлийг хадгалах үүднээс ядаж урсгал зардлаа нэмэгдүүлэхгүй байх энгийн шаардлага тавьж байсан боловч тухайн үеийн дарга нарт таалагдаагүй тул янз бүрээр баалуулсан. Нийлүүлэлтийн шинжтэй бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгөхөд цаг хугацаа шаарддаг тул томоохон өөрчлөлтөө сонгуулийн маргаашнаас л зоригтой хийх хэрэгтэй байсан юм. Засгийн эрх барьж буй намын хувьд дөрвөн жилийн хугацаа хамгийн чухал нөөц. Бид бүрэн эрхийн эхний жил буюу хатуу шийдвэр гаргах хамгийн боломжтой үеэ алдсан. Одоо ойрхон хоёр сонгууль болох тул төсвийг эрс багасгах нь улам л хэцүү болж байна. Ирэх 2027 онд Ерөнхийлөгчийн, 2028 онд УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн жил төсөв тэлдэг нь уламжлал болжээ. Сүүлийн сонгууль болсон 2024 онд гэхэд төсвийн зарлага ДНБ-ий 32 хувиас 38.3 хувь болж огцом өссөн. Одоогийн төсвийн болон бусад хууль эрх зүйн орчинд төсвийн тэлэлтийг хязгаарлах механизм сул байна.

–Төсөв тэлэхэд зөвхөн Засгийн газар буруутай юу?

-УИХ-ын гишүүдийн оролцоо ч их. Улстөрчид бүх асуудлыг шийддэг мэт хандлага хавтгайрсан. Энэ нь эцэстээ улсын төсвийг тэлж, хувийн хэвшлийн орон зайг улам хумьж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2024 оны сонгуулиар анх удаа тойргийн 78, жагсаалтын 48 гишүүн сонгогдсон. Энэ нь төсвийн хэлэлцүүлэгт бага ч гэсэн өөрчлөлт авчирсан. Өмнө нь төсвийн хэлэлцүүлэг тэр чигээрээ чимээгүйхэн өнгөрдөг байсан бол одоо илүү өргөн, өөр өнгө аястай хэлэлцүүлэг өрнөдөг болсон. Жагсаалтын гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт, төсөв шийдүүлэх шаардлагагүй учраас улсын нийтлэг эрх ашиг, макро эдийн засаг, зарчмын байр сууринаас хандаж, төсөвт шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байна. Тэд тойргийн зовлон жаргалыг бүрэн ойлгохгүй байж болох ч төсвийн хэлэлцүүлэгт шинэ өнгө нэмсэн.

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд маань орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчид шиг болдог.

Гэхдээ сонгогдсон тойргийнхоо шил шилээ дарсан, шийдэгдээгүй олон асуудлыг захаас нь шийдэхийг оролдож буй гишүүдийг буруутгах аргагүй. Сайд нарын тойрогт илүү төсөв хуваарилагддаг юм билээ. Ийм нөхцөлд улсын хэмжээний төсвийн нэгдсэн бодлого гаргах боломжгүй болдог. Энэ бүхэн төсөв тэлэх суурь болж байна. Уг нь аймаг, нийслэл, сум, дүүргийн асуудлыг орон нутагт нь бие даан шийдвэрлэх боломж, чадавх олгож, улсын төсөв дээр бодлогын хэмжээний асуудлаа хэлэлцдэг бол дээрх хүндрэлүүд багасна. Үүний тулд орон нутагт татвар, эдийн засгийн боломж олгох, төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, хянах чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх ёстой.

Төсөв хэлэлцэх үед хууль хоорондын зөрчил, тодорхойгүй байдал их байгаа учир төсвийн болон бусад холбогдох хуулийг цогцоор нь дахин харж, боловсронгуй болгох шаардлагатай санагдсан. Жишээ нь, 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн тул Ерөнхийлөгч хориг тавих эрх зүйн үндэслэл үүссэн. Гэвч процессын шинжтэй УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар материаллаг хуулийнхаа гол заалтуудыг саармагжуулсан жишээ бий.

"ӨНГӨН ДЭЭРЭЭ ТӨСӨВ ДАНХАЙЛАА ГЭЖ ШҮҮМЖИЛЖ БАЙГАА Ч ТОЙРГИЙН АСУУДЛАА ДАЛД ШИЙДҮҮЛЖ БАЙНА"

–Та УИХ-ын гишүүн Б.Жаргалантай хамтран Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй бол Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно гэсэн заалтыг сэргээнэ гэж ойлгосон. Төсөлд яг ямар зохицуулалт тусгасан бэ?

-Улсын нэгдсэн төсөв бол Засгийн газрын хамгийн том хариуцлага. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрыг хариуцлагажуулах хоёр үндсэн заалт бий. Нэгд, төсвийн төсөл тусгай шаардлагыг хангаагүй бол Засгийн газарт буцаана. Хоёрт, гүйцэтгэл нь шаардлага хангахгүй бол Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно. Гэтэл хоёр дахь заалт нь одоо хэрэгжих боломжгүй байна. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын хариуцлага, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 43 дугаар зүйлд заасан Ерөнхий сайдыг огцруулах хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулж, дөрвөн хэсэгтэй байсныг хоёр болгосон. Үүнтэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эшилсэн заалтыг өөрчлөх ёстой байсан ч өөрчлөөгүй.

Үүний улмаас Засгийн газарт төсвийн сахилга бат сахиулахад чиглэсэн заалт хэрэгжих боломжгүй болж үлдсэн. Бидний төсөл энэ зөрүүг арилгаж, хариуцлагын заалтыг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх зорилготой.

Сүүлийн үед төсвийн тодотголтой хамт төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх хуулийн төслийг дагуулж өргөн барих болсон. Энэ нь Засгийн газар төсвийн тусгай шаардлагыг хангаж, төсвийн гүйцэтгэлийг хангах хуулийн үүргээ биелүүлж чадаагүй гэсэн үг. Төсөл батлагдвал цаашид иймэрхүү тохиолдолд дээрх заалтыг ашиглан хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Өнгөрсөн жил энэ заалтыг засах шаардлагатай талаар хэлж байсан боловч Засгийн газраас хуулийн төсөл санаачлаагүй тул Б.Жаргалан гишүүнтэй хамт хуулийн төслийг өргөн барьсан.

–2027 оны төсвийг хэлэлцэх явцад гишүүд, сайд нар хэр улстөржиж байна вэ. Та жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд “бялуу хуваалт” буюу тойргоо усалсан төсвийн хуваарилалт хэр байна вэ?

-Төсвийн хэлэлцүүлэг өмнөхөөсөө бараг өөрчлөгдсөнгүй, жагсаалтын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгааг эс тооцвол. Өнгөн дээрээ төсөв данхайлаа гэж шүүмжилж байгаа ч тойргийн хөрөнгө оруулалтын асуудлаа далд шийдүүлж, төсөв тэлэхэд хувь нэмрээ оруулсаар л байна. Мэдээж тойрог бүрт улсын төсвөөр шийдэхээс өөр аргагүй асуудал олон бий. Гэхдээ тойрогтоо төсөв татах гэсэн энэ тэмцэл төсвийн эрэмбэ, төсвийн хөрөнгийн үр өгөөжийг бууруулж байна.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн болон төсвийн хууль хоорондын уялдаа бараг байхгүй. Үүнээс болоод урт хугацааны бодлого хэрэгжүүлэх боломж хуулийн хүрээнд алга. Харин гишүүдээс гэнэтийн, нэг удаагийн шинжтэй том саналууд орж ирэх магадлал өндөр. Жишээлбэл, багш нарын цалингийн асуудал өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэх үеэр ч, энэ жил ч дахин яригдаж байна.

Ийм чухал асуудлыг жил бүр төсвийн хэлэлцүүлгийн үеэр нэг удаагийн, гэнэтийн саналаар биш, урт хугацааны цогц бодлогоор шийдэх ёстой.

Энэ удаагийн төсөвт хэд хэдэн сайн тал байгааг бас дурдах хэрэгтэй. Нэгдүгээрт, орлогын талд дэвшилттэй алхам хийсэн. Үе үеийн Ерөнхий сайд нар ТӨК-иудыг өөрийн эрх мэдлийн хүрээнд “хоёр дахь төсөв” байдлаар ашигладаг байсан бол энэ удаа тэдгээрийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь төсвийн орлогод эерэг нөлөөтэй. Хоёрдугаарт, төсөвтэй хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан “Албан татвар төлөгч нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлбэл нэг хувийн татварын хөнгөлөлт эдлэх” боломжийг ТӨК-д хамруулахгүй байх саналыг өргөн мэдүүлсэн. ТӨК-иуд нийгмийн хариуцлага гэдэг нэрээр улс төрийн зорилгоор мөнгө зарцуулахыг хориглох санаа нь сайшаалтай. Гуравдугаарт, хавар баталсан зарим татварын хөнгөлөлт болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу хувийн хэвшлээс авах татварын орлогыг бууруулж төлөвлөсөн байна.

–Зарим гишүүд төсвийн хэлэлцүүлэг маш хүндрэлтэй нөхцөлд үргэлжилж байна, заримдаа чуулганы танхимд 10 гишүүн ч байхгүй үед хэлэлцүүлэг хийж байна гэж шүүмжилж байна. Улсын төсөв хэлэлцэх явц хэр үр дүнтэй байна вэ?

-Миний харьяалагддаг Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуралдааны ирц ерөнхийдөө хэвийн байгаа. Зарим гишүүд өөр шалтгаанаар хуралдааныг бойкотлосон үед л ирц хүрэхгүй тохиолдол гарсан. Харин энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр салбар хариуцсан сайд нарын оролцоо хангалтгүй байлаа.

"ТӨР ӨӨРӨӨ ХУВИЙН ХЭВШЛИЙН ГОЛ ӨРСӨЛДӨГЧ БОЛЖ БАЙНА"

–Төсөв тэлэх бүрт эдийн засаг төрөөс улам хамааралтай болж, хувийн хэвшил жижгэрч байна. Үнэндээ өнөөдөр улстөрчидтэй холбоотой, төсвөөс тендер авдаг компаниуд л тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр төсвийн зохицуулалт хийе гэхээр сайд нар эсэргүүцдэг. МҮХАҮТ-ын (Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим) ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд ирэх жил хувийн хэвшилд хэр хүнд тусна гэж харж байна вэ. Улсын төсөвт хувийн хэвшлийг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчин ямар байна вэ?

-Төсөв тэлэх тусам хувийн хэвшлийн орон зай хумигдана. Эдийн засагт эргэлдэж буй мөнгөний ихэнх нь улсын төсөвтэй холбоотой болж, нөөцийн төлөөх өрсөлдөөнд төр өөрөө хувийн хэвшлийн гол өрсөлдөгч болж байна. Жишээлбэл, санхүүгийн болон хүний нөөц, эрчим хүч, төмөр зам зэрэг суурь дэд бүтцийн хүчин чадлын томоохон хувийг төр, төсөвтэй холбоотой төслүүд эзэлж байна. 2027 онд олгогдох арилжааны зээлийн ихэнхийг улсын болон орон нутгийн төсөв, төрийн өмчит компаниуд авахаар байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжид зээлийн олдоц багасаж, хүү нэмэгдэх магадлалтай.

Эдийн засгийн өсөлтийг хамгийн хүртээмжтэй болгох зам бол хувийн хэвшлийг дэмжих явдал. Одоогийн эдийн засгийн өсөлт голдуу төсвийн тэлэлт, уул уурхайн цөөн төсөлд суурилсан учир хүртээмж бага байна. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого мэдэгдэхүйц тасалдаж, ашигт ажиллагаа буурч, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтгүй болж, татварын өр улам нэмэгдэж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл уул уурхайн бус салбарын өсөлт саарч, тогтворгүй болох эрсдэлтэй.

–Төр цомхон байх ёстой гэсэн шаардлагыг сөрөг хүчнээс эхлээд эдийн засагчид тавьсаар ирсэн ч Засгийн газар ямар ч оролдлого хийсэнгүй гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Асуудлын үндэс нь төрийн бүтцээс илүү хандлагад байна. Энд олон талын эрх ашиг огтлолцож байна. Олон улстөрчид иргэдээ гэхээсээ илүү өөрсдийгөө бодож, улс төр нь тэдний хувьд ажил, амьдралаа залгуулах арга болчихсон юм шиг санагддаг. Ийм хүмүүсээс амьдралаа сайн сайхан болгож өгөхийг хүлээх нь утгагүй. Улстөрчид иргэдийн бүх асуудлыг шийдэх гэдэг, иргэд төрөөр бүх асуудлаа шийдүүлэх гэдэг хандлагаа өөрчлөхгүй бол асуудал улам томорч, төсөв улам данхайсаар байх болно. Бидний амьдрал улстөрчдөөс хамаарах тусам улам дордож байна. Тиймээс зөв зам нь өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж чадах хүмүүст боломж олгох, нийгэм дэх улстөрчдийн оролцоо, тэдний зарцуулдаг мөнгө, төсвийг багасгах явдал гэж боддог. Иргэдийн боломж, орлого сайжрахаар хандлага ч өөрчлөгдөж, заавал улстөрчдийн гар, амыг харах шаардлагагүй болно.

Төр бүх асуудлыг шийдэх гэж оролдохын оронд хийх ёстой цөөн хэдэн үүрэгтээ төвлөрөх хэрэгтэй. Тухайлбал, суурь дэд бүтэц. Босоо төмөр замын хүчин чадал нэмэгдсэнгүй, цахилгаан, дулааны хангамж сайжирсангүй, шатахууны хангамжийн эрсдэл буурсангүй. Одоо л дөнгөж бензиний агуулах сав барих тухай ярьж байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн суурь дэд бүтцэд олигтой арга хэмжээ авч чадсангүй.

–Оюутолгойн баяжмал тээвэрлэх цуваа хоногт 13 гардаг байсан бол өнөөдөр 4–5 болж буураад байна. Боомтын гацаанаас гарч чадахгүй бол ирэх онд ТӨК-иуд улсын төсөвт ногдол ашиг төвлөрүүлэх боломжгүй болох эрсдэлтэй тулгараад байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Манай төсөв уул уурхайгаас хэт хамааралтай. Уул уурхайн зах зээл мөчлөгийн шинжтэй. Олборлолт үнээс шууд хамаардаг. Үнэ өсөхөөр олборлолт нэмэгдэж, ашиггүй байсан төслүүд эргэлтэд орж, нийлүүлэлт нэмэгдэнэ. Нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ буурна, үнэ буурахаар уурхайнууд зогсож, хаагдана, нийлүүлэлт багасахаар үнэ дахин өснө. Ийнхүү байнгын мөчлөг дунд байдаг. Ийм мөчлөгийн шинжтэй, цөөн хэдэн уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийг дагасан төсвийн бодлого урт насгүй, нэг өдөр хамраараа газар шаана.

Саяхан төсвийн зарлагыг уул уурхайн бус салбарын өсөлтөөр хязгаарлах заалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд буцаан сэргээхээр боллоо. Энэ бол зөв чиглэл. Ингэснээр төсвөө тэлэхийн тулд уул уурхайн бус салбараа хөгжүүлэх шаардлагатай болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-11-03 202.133.76.38

Эм СИ Эс компанийн хахуульдсан улс төрчдөөс болж бидний амьдрал улам доошилж байгаа нь харин үнэн дээ. Битгий худлаа матрын нулимс унага Энхтүвшин гуай

Avatar

Худ гарууд 2026-11-03 66.181.191.203

Шударга царайлсан ийм хоолны савнуудыг уих-д сонгож болохгүйг мэдэж ав

Avatar

Нэргүй 2026-11-03 64.119.19.84

MCS iin nuursnii nuuc noeonton. Eniig shalgaval mun ch ih um garna daa. Hudlaa gemgui carailsan muu hujaa

Avatar

Төрийн алба 2026-11-03 202.126.88.195

Төрийн Албанд ажиллахаар гоё юм билээ. 5ас 6 сая төг цалинтай, Сүхийн талбай тойрсон төвийн дулаантай гоё офисууддаа цэвэрхэн хувцастай , хөнгөхөн ажил хийгээд л бодох санах юмгүй жаргаж үхэцгээнэ.

Avatar

Нэргүй 2026-11-03 202.9.41.102

АН-ын Баярмаа болон Жаргалан гишүүн нартай хэл амаа сайн олоцдог юм байна гэж ойлгогдоод байгаа. Тэр намын хүргэн нь болчихвий дээ. Оюун-Эрдэний чирч ирсэн хүн нь хамтарсан засгийнгазрыг унагаахад хувь нэмрээ оруулсан оруулсан. Улс төрчид та нар улс орныг самарсаар л байна. Манай улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирно

Avatar

Нэргүй 2026-11-03 202.70.37.234

хм, төсвийн ил тод байдлыг хангах Цэнгүүний өргөн барьсан хуулийн төслийг унагах товч дарж хулгайг нуухад гар бие оролцсон. УИХ дотроо гайгүй гишүүн гэж итгэж найдаж явсан.

Avatar

Zochin 2026-11-03 66.181.161.151

za hogiin guilagch,garval muu yumnudig u…..xa xa

Avatar

Иргэн 2026-11-03 202.126.91.155

Энэ муу л***р хэдэн эзэнгүй нохой устгасан бол

Avatar

Нэргүй 2026-11-03 43.242.242.59

МАН-ын жагсаалтаар орж ирээд МАН-ынхаа эсрэг ажиллаж ирсэн. Өөрөө бол АН-аас УИХ-д орох санаатай байсан боловч Оюун-Эрдэнэ түүнийг гуйсаар байгаад намдаа бүртгээд УИХ-д оруулчихсан. Түүнийхээ шанг тэр бас хүртсэн. Энхтүвшин бол найдваргүй худлаа хүн.

Avatar

Нэргүй 2026-11-03 66.181.176.44

Ямар залхам олон юм ярьдаг бэртэгчин нус вэ

Avatar

Зочтн 2026-11-03 202.126.89.67

ЧАМ ШИГ КОМПАНЫ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛЧИХООР УЛС УРУУДАЖ УНАЦ НЬ ЭЗЭНД ЧИНЬ УГААДАС НЬ АРД ТҮМЭНД ИРЖ БАЙНА.

Avatar

? 2026-11-03 66.181.180.160

Одоо л мэдэж байгаа юм уу ?

Avatar

11г 2026-11-03 180.149.98.126

Odoo bidend 1 l avral baigaa Hyrelsuhed byh erh medliig ogood mongol toriin etseg bolgoh yostoi.

Avatar

зочин 2026-11-03 103.57.95.210

Энэ мэт хүмүүсээр намаа бохирлож болохгүй, Намын зорилго тодорхой түүнийг хэрэгжүүлэхийн төлөө бүгд зүтгэх хэрэгтэй,дайсагнах,эрх тушаал булаацалдах биш,

Avatar

Чукча не дураак 2026-11-03 202.126.88.194

Нийслэлээс авахуулаад Яам Тамга газруудаар яваад тэнд ажиллаж бга Хүн Нэг бүр Яг Юу Хйиж суугааг харвал бүгд NONSENSE MESS !!!! Улсааа Нураачихгүй юмсан….Чукча не дураак

Avatar

Нэргүй 2026-11-03 66.181.168.8

энэ 126 дотор олигтой нэг ч хүн алга нээрээ шүү бүгд нэг кармандаа орсон нэг нэгэндээ барьцаалагдсан эсвэл бойкотлоод л сууж байдаг үнэн даварцан үнэн сэтгэлгүй үнэн дампуурсан хэдэн малнуудын цуглаан болсон энэ УИХ ЗГ хоёулаа гишүүдийн тоо нэмэгдээд ч энэ улс нь уламд дордоод шаасан зайлцгаа та нар бүгд

Avatar

Нэргүй 2026-11-03 103.57.93.119

Мал минь, чи гишүүн болоод л ард түмний амьдрал улам муудлаа ш дээ ! Харин чиний амьдрал цэцэглээд л бгаа биз дээ….. дандаа худлаа ш****г гар даа, чи.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж