niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:03 UTC Эх: https://news.mn/r/2896788/ 9b24f3c7f5abdd3f… ← niitlelch.mn руу буцах

126:1: Цөөнхийг төлөөлөгч бизнесмэн

76:1

126:1: Цөөнхийг төлөөлөгч бизнесмэн

126:1: Цөөнхийг төлөөлөгч бизнесмэн

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Иргэний зориг, ногоон намаас жагсаалтаар нэр дэвшин, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн С.Замираг танилцуулж байна.


“Зоригтой бай” уриатайгаар Иргэний зориг ногоон нам УИХ-ын 2024 оны сонгуульд 71 нэр дэвшигчийг сойсноос дөрөв нь парламентын гишүүнээр сонгогдсоны нэг нь С.Замира юм.

Эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймагтаа танигдсан түүнд олон ч улс төрийн намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших санал ирүүлэхэд ИЗНН-ыг сонгожээ. Учир нь, тус намаас жагсаалтаар нэр дэвших хүсэлт тавьсан байна.

20 гаруй жилийн өмнө Монголын уламжлалын нэгдсэн намаас Баян-Өлгий аймагт хоёр ч удаа нэр дэвшин өрсөлдөөд ялагдсан сургамжтай түүнд нөхөр нь “тойрогт бүү өрсөлд, жагсаалтаар нэр дэвш” гэж зөвлөсөн нь алдсангүй, парламентын гишүүн болгожээ.

УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан тэрбээр “Казах эмэгтэйчүүд маань улс төрийн манлайлал үзүүлж, шийдвэр гаргах түвшинд орж ажиллах боломж бүрэн байна. Юутай ч миний хувьд анхны замыг нь татлаа. Араас минь олон мундаг казах эмэгтэйчүүд улс төрийн манлайлал үзүүлэн парламентад орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Анхны казах эмэгтэй УИХ-ын гишүүн гэдэг утгаараа өөрөө том үлгэр дуурайл болж, төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно” гэж байр сууриа илэрхийлж байв.

Сонгогчид түүнийг “Гай ч үгүй, гавьяа ч үгүй түшээ” гэх нь бий. Дуугүй, ноомой гэх тодотгол зүүх нь ч бий.

Ер нь бол УИХ-д сонгогдсон цагаасаа өнөөг хүртэлх хугацаанд парламентаар хэлэлцэж байгаа томоохон хуулийн төслүүд дээр байр сууриа илэрхийлж суусан нь ховор. Хааяа нэг казахчуудтай холбоотой асуудал хөндөгдөхөд тайлбар хийдэг. Хамгийн сүүлд Боловсролын сайд Л.Энх-Амгаланд хандаж “Баян-Өлгий аймгийн монгол хэлний асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна гэхээсээ өмнө эхлээд багш нараа бэлтгэ. Түүний дараа сургах талаар ярих ёстой. Сайн монгол хэлний багш бэлтгэчихээд байхад Баян-Өлгий аймгийнхан монгол хэл сурахгүй гэсэн бол энэ хоёр дахь асуудал. Бид нэг л эх оронтой, нэг монголчууд. Нүүдэлчин соёл иргэншил адилхан. Казах түмэн ч, монгол түмэн ч бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Монгол хэл сургавал монгол хэлээр л ярина” гэж тайлбар хийсэн юм.

Мөн Г.Занданшатарын танхим огцрох болоход "Ерөнхий сайд ажлаа ийнхүү өгч байгаад харамсаж байна. Төр засаг байсхийгээд л солигддог боллоо. Дэлхийд эдийн засаг хямарч байхад Монгол Улс дотооддоо тогтворгүй байгаа нь ард түмэнд л хортой” гэж мэдэгдэж байв.

Гэхдээ хөшигний ард С.Замира гишүүнтэй холбоотой жиг жуг сонсогдох нь цөөнгүй. Жишээ татвал, Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжсэнээс болж М.Нарантуяа-Нара гишүүнд дарамтлуулсан. ИЗНН-ыг хоёр хуваан бужигнуулсан Р.Батболд байнгын хорооны харьяаллаас болж С.Замира гишүүнийг гарын үсэг зурлаа хэмээн уурлаж, арилга гэж дарамталсан гэхчлэн асуудал босох нь бий.

УИХ-ын гишүүн С.Замира улс төрд орж ирэхээсээ өмнө бизнес эрхэлж иржээ.

Илүү тодруулбал, 1990-ээд оны эхэн үед уул уурхайн бизнест хүч үзэхээр болж, “Бүркит корпораци” ХХК-ийг байгуулсан бол 2015 онд Унгар улсын иргэнтэй хамтран гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “Хабекомон” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.

Уул уурхайн салбарт хүч үзэх жилүүддээ тэрбээр “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Гэхдээ Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, Урт нэртэй хууль зэргээс болж алтны бизнесүүд дампуурахад адилхан хаалгаа барьж, гадаадын хөрөнгө оруулагчид нутаг буцсан тухай ярьсан нь бий.

Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн трест барааны мэргэжилтнээс эхэлж, 1983-1985 онд Баян-Өлгий аймгийн Бугат суманд барааны мэргэжилтэн, 1985-1991 онд Худалдаа бэлтгэлийн удирдах газарт мэргэжилтэн, ахлах диспетчр, Бөөний бараа баазын даргаар дэвшин ажиллажээ.

Монгол Улс 1990-ээд онд картын бараанд шилжин хэцүүдэх үед дэлгүүрийн лангуу хоосорч, худалдах гурил будаа ч үгүй болж байв. Харин тухайн үед Баян-Өлгий аймагт Даянгийн боомтыг нээсэн нь БНХАУ-аас хоол хүнс татаж болох юм гэдэг сэдлийг өгч, ажлын хэсэг байгуулагдаж байсан бөгөөд түүнд нь Бөөний баазын даргын хувиар багтжээ. Улмаар Даянгийн боомтоор угаасан ноосоо гаргаж оронд нь гурил будаа, зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулж ирэх болсон. Гэвч удалгүй ажлаа өгөх шаардлага үүсэж, хувийн бизнес эрхлэх замыг нь шулуутгажээ.

Авлигатай тэмцэх газарт гаргасан 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 154 сая, зуслангийн байшин нэг, хашаа байшин нэг нийт үнэлгээ 420 сая төгрөг гэж мэдүүлжээ. Тээврийн хэрэгслийн тухайд суудлын жижиг машин Toyota RAV 4 – 1, Суудлын жижиг машин Toyota Toyota Prius XW50 – 1, Суудлын жижиг машин Ford Excursion – 1, Жийп болон туулах чадвар өндөр Hummer H2 – 1 бөгөөд 295 сая төгрөгөөр үнэлсэн байна.

Өмчлөх болон эзэмшил газруудаа 205 сая төгрөгөөр үнэлсэн бол 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Бусдаас авах авлага 1.4 тэрбум бол 40 сая төгрөгийн зээлтэй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1975 онд Баян-Өлгий аймгийн 1 дүгээр сургууль “бүрэн дунд боловсрол”
  • 1977 онд Завхан аймгийн худалдааны техникум, ТМС “худалдааны мэргэжилтэн”
  • 1989 онд Монгол Улсын Их сургууль “эдийн засагч” мэргэжил
  • 2009 онд Төрийн удирдлагын академийг “бизнесийн удирдлага” мэргэшил

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1976-1983 онд Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт барааны мэргэжилтэн, эдийн засагч
  • 1983-1985 онд Баян-Өлгий аймгийн Бугат суманд барааны мэргэжилтэн
  • 1985-1991 онд Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэл удирдах газрын Бөөний бараа баазад барааны мэргэжилтэн, ахлах диспетчер, ХБУГ-ын орлогч, БББ-ын дарга
  • 1991-2024 онд “Бүркит корпораци” ХХК-ийн хувьцаа эзэмшигч
  • 2015-2024 онд “Хабекомон” ХХК-ийн хувьцаа эзэмшигч

ШАГНАЛ

  • 1993 онд Эхийн алдар 2 одон
  • 1996 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

  • Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

Avatar

Zochin 2026-11-03 202.72.245.209

Chelee saijruulaachee , sandraad baidag uu yrij baigaa n er oilgogdoddgui.

Avatar

Зочин 2026-11-03 66.181.176.194

ганзагын наймаачин бсн авгай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж