niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:30 UTC Эх: https://news.mn/r/2895967/ 41442451e7d48725… ← niitlelch.mn руу буцах

"Ажил хэрэгч, геополитикийн нүүдэл хийсэн чухал айлчлал боллоо"

"Ажил хэрэгч, геополитикийн нүүдэл хийсэн чухал айлчлал боллоо"

"Ажил хэрэгч, геополитикийн нүүдэл хийсэн чухал айлчлал боллоо"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 19-26-ны өдрүүдэд Бүгд найрамдах Герман, Финланд, Беларусь улсад төрийн айлчлал хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн төрийн айлчлалууд ямар үр дүнтэй, геополитикийн хувьд ямар ач холбогдолтой байсан талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ахлах багш, Олон улс судлалын доктор П.Мягмардоржтой ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Герман, Финланд, Беларусь улсад төрийн айлчлал хийгээд ирлээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн гурван улсад хийсэн айлчлалыг ерөнхийд нь дүгнэвэл хэр үр дүнтэй, ач холбогдолтой айлчлал болов?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Холбооны бүгд найрамдах Герман улсын холбооны ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Мөн 14 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн өндөр айлчлалыг Финланд улсад хийлээ. Финланд улс нь 1963 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг анх удаа хүлээн зөвшөөрсөн Нордикийн орон. Тухайн үеийн хүйтэн дайны төвөгтэй цаг үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн нь тус улсын хувьд бас Монголыг сонирхох сонирхол байсан. Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд Монгол Улсад айлчлал хийсний хариу айлчлал болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний хувиар анхны айлчлалаа хийлээ.

Энэ гурван айлчлал өвөрмөц, геополитикийн хурцадмал нөхцөл байдалтай цаг үед зүүн европт болж буй нөхцөл байдлыг харвал фронтын хоёр талд байгаа улс орнууд. Ялангуяа Финланд, Беларусь улсууд.

Финландын ерөнхийлөгч Александар Стуббын хувьд Орос, Украны дайнтай холбоотойгоор хурц хурц мэдэгдлүүд хийдэг хүн. Финландаас шууд ОХУ-ын талд байдаг Беларусь улсад төрийн айлчлал хийгээд ирлээ. Герман бол стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх тунхаглалыг хоёр талын ерөнхийлөгч баталснаар хоёр улсын харилцааг цэвэр улс төр дипломатаас давуулаад эдийн засаг, улс төр, харилцан хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг өргөжүүлэх тал дээр шинэ шатанд гарсан гэж харж байна. Финландын хувьд Нордик буюу хойд европын улсуудын геолотикийн гарц гэж тодорхойлж болно. Мэдээж бид Шведэд Элчин сайдын яам ажиллуулаад 17 жил болж байгаа ч Финланд яагаад гарц болж байна гэхээр ОХУ-тай хил залгаа, үнэт зүйл нь барууны үзэлтэй, жижиг улс ч гэсэн олон жил төвийг сахиж байгаа, хоёр том гүрний дунд оршиж ирсэн нь гадаад бодлогын шийдвэр гаргалт, геополитик нь загвар болохуйц сонирхолтой улс.

Финландууд бол зуучлалын дипломат ажиллагаагаараа  дэлхийд алдартай. Марти Ахтисаар Нобелийн шагналтай, ойрхи дорнодын  асуудлаар зуучлал хийж байсан, жижиг улс хэдий ч олон талт, хоёр талын дипломат ажиллагаанд оролцдог нь Монголд загвар болохуйц улс.

Мэдээж газарзүйн хувьд өөр боловч хоёулаа том гүрнүүдтэй хиллэдэг, том гүрнүүдтэй хиллэдэг гээд төстэй зүйлс их бий. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс 2013 онд элсэн орсон бөгөөд Финланд улс зуучилсан түүх ч бий. Яг энэ загвараар бид 2013 онд Улаанбаатар-Хелсинк санаачлагыг хэрэгжүүлээд 13 дахь жилдээ зүүн хойд азийн аюулгүй байдлын Улаанбаатарын яриа хэлэлцээр гээд чухал хэлэлцээ хийгээд явж байна. Финланд улсыг олон талт дипломат ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааг харах хэрэгтэй. Монгол Улс Азидаа ардчиллын баянбүрд гэдэг утгаар харсан айлчлал болсон. Беларусийн хувьд маш үр дүнтэй айлчлал болсон гэж би хувьдаа харж байна. А.Г.Лукашенко 2024 онд айлчлахдаа 2025-2027 оны замын зураглалаа гаргаж, хоёр тал харилцааны механизмаа гаргаад, хэрэгжүүлээд явж байгаа. Саяны Ерөнхийлөгчийн айлчлалаар 2027-2029 оны замын зураглалаа бас тодорхойлчихлоо. Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенкийн  хэлснээр бидний өвөг дээдэс хамтарч байсан, бид дараа үедээ юу үлдээх вэ, хоёр улсын хамтарсан бэлгэдэл болсон зүйлийг дараа үедээ үлдээх, тодорхой салбаруудад хэдэн төслийг хэрэгжүүлж ажиллая гэдэг дээр талууд ойлголцсон. Дүгнээд хэлбэл,

Беларусь улсад ажил хэрэгч, хоёр тал харилцан ойлголцсон тодорхой төсөлд хамтрах айлчлал болсон бол Финланд улс нэгдмэл үнэт зүйл, ардчилал, хүний эрх чөлөө, хоёр биенээ харсан геополитикийн өнцөг, Герман улс бол цэвэр гуравдагч хөршийн бодлогын хүрээнд явсан айлчлал гэж харж байна.

"ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДИТ СОНИРХЛЫГ БИЗНЕС, МАТЕРИАЛЛАГ УТГААР НЬ  АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ЁСТОЙ"

-Европын холбооны улсуудаас Герман улстай “Стратегийн түншлэл” байгуулж, хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Тунхаглалд гарын үсэг зурснаар Европын холбооны тэргүүлэх гүрэн болох Герман улстай харилцаагаа энэ түвшинд бататгаж байгаа нь Монгол Улсын бүс нутгийн статус болон бие даасан гадаад бодлогод хэрхэн нөлөөлөх вэ?

-Герман бол эдийн засгийн хувьд ч геополитикийн хувьд Европын холбооны чирэгч улс. Монгол, Германы харилцааг боловсролын салбарт хамтарсан 100 жилээс нь эхлээд шинжлэх ухааны салбарт хамтарсан 65, дипломт харилцаа тогтоосны 52 жилийн ой гээд түүхэн талаас нь үзвэл боловсрол, иргэд хоорондын харилцаа, зүүн Германтай тогтоосон дипломат харилцаанаас нь эхлээд харвал Монголын сэхээтнүүд тус улсад сурч, боловсорсон, 30 гаруй мянган хүн монголоор ярьж байна гэхээр энэ хоёр улсын суурь бэлэн байсан гэсэн үг. Гэхдээ өнгөрсөн үйл явдлуудаа харвал бид харилцаагаа дипломатаас цааш гүнзгийрүүлж, бодит ажил хэрэг болгох ёстой болж байгаа юм. Бидний зүгээс Герман улсыг гуравдагч хөрш гэсэн хийсвэр түвшинд тавих биш харилцаагаа яг гуравдагч хөршийн бодит сонирхлыг бизнес, материаллаг утгаар нь ашиг сонирхлыг бий болгох гэх утгаар нь ажил хэрэг болгох ёстой. Өнгөрсөн түүхээ харвал, манай талд илүү их алдаа байгаад байна.

Бид гэрийн даалгавраа дутуу гүйцэтгээд, дунд түвшнийхэн, бизнесийн салбарынхан  түншээ гомдоох гээд олон асуудал бий.  Энэ алдсан итгэлийг сэргээх зорилгоор Ерөнхийлөгч айлчилсан.

Германчууд нэг харилцааны хувьд тогтсон нэг утсаа тасдахгүй хичээгээд яваад байна. Тиймээс энэ удаагийн айлчлалын дараа хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх үү эсвэл суугаад байх уу гэдэг асуудал. Хэрэв бид хөдлөхгүй байвал энэ утас тасрахвий гэсэн болгоомжлол бий. Герман улстай харилцах харилцаанд хариуцлагатай, хийсэн яриа хэлэлцээрийг стратегийн түншлэл, хамтарсан тунхаглал дээр заасан зүйл заалтыг хэрэгжүүлэх тал дээр Гадаад харилцааны яам, бусад яамд, төрийн байгууллага, бизнесийн байгууллагууд тус бүрдээ л маш их хичээж ажиллах ёстой.

-Өнгөрсөн түүхээ харвал Герман улс бидний хувьд шинэ хамтрал биш. 14 жилийн дараа Герман улсад төрийн айлчлал хийснээр цаашид бидэнд хамтын ажиллагаанд ямар ахиц, дэвшил гарахаар харагдаж байна. Харилцаанд бол шинэ шат ахисан айлчлал болов уу гэж хараад байна?

-Бид өөрсдөө геополитикийн хувьд нэлээд төвөгтэй байршилтай.  НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, хүн ам, эдийн засаг, зөөлөн, хатуу хүчний бодлого нь Монголтой харьцуулшгүй дэлхийн хоёр том гүрний дунд бий. Гадаад бодлогын шийдвэр гаргалт дээр жижиг улсын хувьд онолын хэдэн загвар, сонголт бий. Жижиг улс гадаад бодлогоо олон сонголттой байх хэрэгтэй. Онолын хувьд нэг улсыг дагаад явах. Яг энэ асуудал Герман, Монголын харилцаатай холбоотой. Бид 1925 оноос эхлэн Германтай харилцаагаа эхлүүлж, тийшээ хүмүүсээ сургаад, худалдааны төвөө байгуулаад явж байхад 1929 онд Зөвлөлт холбоот улстай нууц хэлэлцээр байгуулаад бид зөвхөн Оростой худалдаа, эдийн засгийн хэлэлцээр байгуулах, хэрэв гуравдагч хөрштэй харилцахаар бол заавал Оросоор дамжих, тэгээд Германд сурч байсан Д.Нацагдорж тэргүүтэй хүүхдүүдийг буцаан татсан байдаг. Ингээд бид Зөвлөлтийн нөлөөллийн бүсэд багтаад явсан. Эндээс оносон юм бий, бас алдсан зүйл ч бий. Нөгөө бүрэн эрхт, бие даасан байдал, шийдвэрийг бие дааж гаргах шийдвэр зэрэг хэцүү байсан.

Ийм түүх байгаа учир бид ОХУ, Хятадыг ч дагахгүй, гуравдагч хөршийг ч дагаж намирахгүй, гадаад бодлогыг тэнцвэртэй, олон талт нээлттэй, энхийг эрхэмлэсэн гэсэн гадаад бодлогын үзэл баримтлал дээр заасан зарчмаа баримтлаад явж байгаа.

Герман улс бол эдийн засаг, сэтгэл зүй, иргэд хоорондын сэтгэлзүйн тогтсон учиг буюу харилцааны суурь дээр угсраад дараагийн бодит бизнесийн төслүүд, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдээ хэрэгжүүлээд явах ёстой. Би хувьдаа Германы нүүрснээс шингэн түлш гаргах дэлхийн номер нэг технологитой улс. Шингэн түлш гаргах төсөл дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн хэлбэлзлээс шалтгаалаад ашигтай, ашиггүй байдаг ч нэгэнт бид эрчим хүчний хувьд хамааралтай, геополитикийн хувьд ийм байршилтай, өөрийн эрчим хүчний нөөцтэй болохын тулд асар их нүүрсээ шингэн түлш болгож, Германтай хамтрах боломжтой.  Түүнээс гадна хиймэл оюун, компьютер график, дата төвийн эрэлт дэлхийн зах зээл дээр эрэлттэй байгаа үед газрын ховор элемэнтийн салбарт Германтай хамтрах боломжтой. Яагаад ОХУ, Хятадын ашиг сонирхлыг Монголд тэнцвэржүүлэхийн тулд гуравдагч хөрш буюу Германтай харилцах, итгэл даахуйц түнш гэдгээ харуулах хэрэгтэй. Гэхдээ мэдээж хоёр хөршдөө ойлгуулах шаардлагатай.

"ФИНЛАНД, МОНГОЛ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОДОРХОЙ АСУУДАЛ ДЭЭР НЭГНЭЭ ДЭМЖИХ, ХАМТАРСАН ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ"

-Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа Финландад хийсэн хоёр дахь айлчлал боллоо. Ийм урт хугацааны дараа төрийн айлчлал зохион байгуулсны гол геополитикийн болон дипломат шалтгаан, нөхцөл юу байв?

-Дипломат ажиллагаанд төрийн тэргүүний биечилсэн дипломат ажиллагаа гэсэн нэр томьёо бий. Эртний дундад зууны үед эзэн хаадуудын харилцаа их чухал байсан. Гэхдээ энэ нь тээвэр, дэд бүтэц хөгжөөгүй байсан учир нэг улсын хаан нөгөө улсад айлчлахын тулд хэдэн жил дамнадаг байсан. Өнөөдөр бол дэд бүтэц хөгжсөн энэ цаг үед олон талт дипломат хамтын ажиллагаа фронтын үед ч уулзах боломжтой болсон. Яг үүн дээр Финланд улсын Ерөнхийлөгч Александар Стубб НҮБ-ын үйл ажиллагаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийж, НҮБ-ын хүрээнд нэгнээ таньж мэддэг болоод хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх санаачлага гаргаж, өнгөрсөн жил анх удаа Гадаад харилцааны сайдын түвшинд айлчлал хийсэн байдаг. Эндээс хоёр улс хамтын ажиллагаагаа хэрхэн, яаж хийх вэ гэдэг замын зургаа гаргаж, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх тохироо хийсэн.

Ингээд Ерөнхийлөгч айлчлал хийсэн. Александар Стубб, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын хоорондын бие биенээ таньсан, найз нөхдийн холбоо нь улс төрийн түвшний ийм айлчлал болгох, нөгөөтэйгүүр айлчлалыг тодорхой агуулгаар баяжуулах, хоёр тал геополитикийн хувьд нэгнээ олон улсын харилцаанд дэмжих,  олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх айлчлал болсон.

Түүнээс гадна эмэгтэйчүүдийн энх тайван ба аюулгүй байдал гэдэг төслийн хүрээнд хамтрахаар болсон. Жижиг, буурай улсуудын хувьд аюулгүй байдлаа хангах, хамгаалах их төвөгтэй. Гадаад хүчин зүйлээс хамгаалахын тулд зайлшгүй хамтрах шаардлага бий болдог. Монгол Улсын гадаад бодлогыг сүүлийн үед феминист гадаад бодлого гэж нэрлэж буй. Эмэгтэй гадаад харилцаа, эмэгтэйчүүдийн энхийг сахиулах ажиллагаа,  харилцаа, эмэгтэй парламентч гэх мэт бодлогоо феминист Нордикуудтай хамтран ажиллах нь өөрөө хоёр талын хамтын ажиллагааг итгэлцлийн түвшинд харилцан үнэт зүйлийн түвшинд хүргэж буй.

Александар Стубб ерөнхийлөгчийн хэлсэнчлэн  хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө,  хууль засаглах эрх чөлөө зэрэг ардчиллын үнэт зүйлийг хамтдаа  хамгаалах нь ирээдүйд олон улсын харилцаанд тогтвортой, энх тайван байдлыг бий болгоход их чухал юм шүү гэдгээ Финландын тал илэрхийлсэн.

Бидний хувьд Нордикийн бүс нутаг руу  гарах геополитикийн нэг гарц. Мөн дэлхийд загвар болсон Финландын боловсролын  салбараас бид юуг авч хэрэгжүүлж болох вэ гээд олон чухал ач холбогдолтой. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Илгээлт-2100 хүрээнд 5 оюутныг Зүүн финландын их сургуульд суралцуулах асуудлыг ярьж тохиролцсон. Яг 100 жилийн өмнө Д.Нацагдорж тэргүүтэй оюутнуудыг Герман улс руу сургахаар явуулсан нь Монгол, Германы харилцааны суурь болж хөгжсөн шиг Финланд, Монголын иргэд, бизнес хоорондын харилцаа,  улс төр, геополитикийн харилцааны суурь тавигдахад энэ 5 оюутан анхны чухал үндэс суурь нь болох байх. Боловсролын салбарын харилцаа бол геополтикийн энэ цаг үед хэнд ч буруу ойлгогдохгүй, хоёр талын харилцаанд ямар нэг сүүдрийг бусад улсад үзүүлдэгүйгээрээ их онцлог.

-Финланд нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс. Өнөөгийн дэлхий дахины геополитикийн ээдрээтэй нөхцөлд Нордикийн улс орнууд руу гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Монголд ямар ач холбогдолтой вэ?

-Нордикийн улсуудын загвар гэж ярьдаг. Зарим тохиолдолд социал демократ загвар гэж ярьдаг. Нийгмийн халамж өндөр, татвар өндөр, зарим хүмүүст тааламжтай сонсогдохгүй л байх. Финландын SISU гэж загвар буюу байгаа зүйлээсээ таашаал авах, хүмүүс нь дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэгддэг,  хүний хөгжлийн индексээр тэргүүлдэг улсуудад авах нэг зүйл бий. Нэгт, ирээдүй бол арктикийн ирээдүй болно гэж үзэж буй. Хоёрт, сэтгэлгээний хувьд монголчуудтай их төстэй. Лапланд руу нүүдэлчин, тэнгэр шүтлэгтэй, Сами үндэстэн амьдардаг зэрэг. Гуравт, дэлхийн томоохон их гүрнүүдтэй харилцаа, тэдний нөлөөнд орохгүй бие даасан байдлаа хадгалж үлдэх гэдэг загварыг Нордикийн улсууд.

Олон улсын тавцанд ийм улсууд НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага зэрэгт хамт олон улсын харилцааны тодорхой асуудал дээр нэгнээ дэмжих, хамтарсан дуу хоолойгоо хүргэх гэдэг механизм их чухал байдаг.

Бид Нордикуудтай тэр дундаа Финландтай юугаараа төсөөтэй вэ гээд харвал цэвэр геополитик. Финланд бол ОХУ-тай 1200 км хиллэдэг, өнгөрсөн түүх нь ч гэсэн ОХУ-тай холбоотой. Азаараад харвал, дайн цаг цагаараа байдаггүй, өнөөгийн үүссэн нөхцөл дуусна, энэ улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа үргэлжилнэ. Финланд ОХУ-тай харилцана. Түүн шиг Монгол, Финландын харилцаа энэ том гүрнийг давсан сайн итгэлцлийн харилцааны суурийг тавьж байгаа л гэж харж байна.

-Финланд улс Скандинавын болон Европын Холбооны нөлөө бүхий гишүүн. Төрийн тэргүүний энэхүү айлчлал Монгол-Европын Холбооны түншлэлд хэрхэн нөлөөлөх вэ. Шинэ гарц, шинэ зам байна гэж дүгнэж болох уу?

-Европын холбоо гэдэг институци байгуулагдаад 30-аад жил болж буй. Нэгдсэн гадаад бодлоготой, нэгдсэн парламенттай, нэг ерөнхийлөгчтэй болчихсон явж буй. Энэ формат, олон талт хамтын ажиллагааны нэг гишүүн гэдэг утгаараа Финланд. Нөгөөтэйгүүр Финландын ерөнхийлөгч Александар Стубб гэж хүний ирээдүйн улс төрийн карьер, имиж, харизм магадгүй Европын холбоондоо тодорхой албан тушаал хаших болов уу гэсэн таамаглалыг олон судлаачид дэвшүүлж байгаа юм.

Тэгэхээр Александар Стуббтэй тогтоосон харилцаа Финланд, Монголын харилцаагаар хэмжигдэхгүй. Европын холбоотой харилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хувь хүний хувьд бидэнд дэмжлэг болохыг үгүйсгэхгүй.

Саяхан Монголд Монтенегрогийн ерөнхийлөгч, Славены ерөнхийлөгч айлчилсан. Энэ бол Валканы хойгийн улс орнуудын геополитикийн асуудал. Ерөнхийлөгч Италид айлчлал хийсэн. Энэ бол газар дундын тэнгисийн геополитик. Өнгөрсөн жил зүүн европийн Чех, Польш улсуудад айлчилсан. Өмнөд, зүүн, хойд европын харилцаа, Төв ази, зүүн ази гээд айлчлалууд хийсэн. Зөвхөн гуравдагч хөрш гэхээр өндөр хөгжилтэй орнууд бус жижиг дунд улсуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Өөрөөр хэлбэл, цонхоо л олон болгож байгаа юм. Нэг цонх хаагдахад нөгөө цонх нээлттэй байх тэр бодлогоо нэгдмэл, энэ айлчлалуудаар бий болсон харилцаа, хамтын ажиллагаагаа залгамж чанартай хадгалаад, улам баяжуулаад явбал судлаачийн хувьд их баярлана даа.

БЕЛАРУСЬТ ХИЙСЭН 34 ЖИЛИЙН ДАРААХ АЙЛЧЛАЛ "ХАЯГДСАН" ХАРИЛЦААГ СЭРГЭЭХ ЯВДАЛ БАЙВ 

-Өмнөх хоёр улсын айлчлалыг бодвол Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Беларусь улсад хийж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдал үүссэн энэ цаг үед уг айлчлал Монгол Улсын "олон тулгуурт" гадаад бодлогод чухал нөлөө үзүүлж болохуйц айлчлал болж чадсан уу?

-Беларусийг гуравдагч хөршийн бодлогын хүрээнд ярьж болохгүй байх. Яагаад гэвэл одоогийн байгаа бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ нь Москватай маш их уялдсан байгаа. Түүхэн харилцаагаа харвал ЗХУ, БНМАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд одоогийн Минск-Улаанбаатар хоорондын оюутан солилцоо, мэргэжилтнүүд Монголд ажиллаж Эрдэнэт, Дархын бүтээн байгуулалтад оролцсон гээд олон түүх бий. Энэ түүх 1992 онд Беларусь улс тусгаар тогтнолоо тунхаглаад удаагүй байхад бид дипломат харилцаа тогтоосон.

Улс төр, дипломат харилцааны хувьд гайгүй явж ирсэн ч эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, иргэд хоорондын харилцааны түвшинд нэлээд хаягдсан байсан. Тиймээс 34 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд айлчилсан.

Манай талаас өмнө нь сайдын түвшинд ч айлчилж байгаагүй. Нөгөө талаас айлчлалын давтамж өндөр байсан. Парламент, сайд нарын түвшинд идэвхтэй явж ирсэн байдаг. Бид гуравдагч хөрш гээд сансрын улсуудтай харилцах бодлогодоо л анхаараад байсан болохоос төв ази, суурь нь байсан харилцаануудаа мартагнах, гээгдүүлэх талын үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед нилээд сэргээж байгаагийн нэг нь Беларусь улс. Беларусь өөрөө “галын шугам”-ын хажууханд байрлалтай нь байр байдал, ярьж хэлж байгаагаас нь ажиглагдаж байсан. Беларусийн тракторын завод, белаз гэх мэт хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг нь бид хэдэн үеэрээ хэрэглээд ирсэн. Беларусын талтай энэ чиглэлээр угсрах, засварлах үйлдвэр байгуулах асуудал ч саяын айлчлалаар хөндөгдсөн. Хэрэв ингэж чадвал газар тариалан эрхлэлтийн салбарт техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг нэвтрүүлэх, мөн сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хамтрах.

Нөгөө талд Монголын ноос ноолуур, малын гаралтай бүтээгдэхүүнээ 200 сая орчим хүн амтай зах зээл рүү гаргах стандарт, малын вакцинжуулалтын чиглэлээр хамтарч ажиллаж, хамтарсан брэнд гаргах чиглэлээр харилцаагаа өргөжүүлэх боломжтой.

Беларусийн талаас Монголын арьс, савхин эдлэл бидний чийгтэй агаарт тохирдог, ноос, ноолуур бас бидэнд хэрэгцээтэй гэдгээ өөрсдөө хэлсэн. Хоёр талын харилцаан дээр, олон талт Евроазийн харилцаан дээр Беларусьтай хамтарч, тэдний шаардлага руу дөхсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах, экспортоо солонгоруулах боломжийг Беларусьтай хийж болно гэж бодож байна.

-Хоёр жил хүрэхгүй хугацаанд хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан айлчиллаа. Дээд түвшний айлчлалын давтамж ойрхон байгаагийн цаад улс төрийн гол шалтгаан, сонирхол нь юу вэ?

-Яагаад 30 гаруй жил харилцаа хамтын ажиллагаа орхигдов.  Хоёр улс хоорондоо Элчин сайдын яам нээснээс хойш хоёр талын харилцаа дипломат шугамаар, эдийн засаг худалдааны хамтарсан комисс байгуулагдсан гээд энэ харилцаа, хамтын ажиллагаа Covid-19-ийн дараа нийт дэлхий ертөнцөд үүссэн геополитикийн ойлгомжгүй нөхцөл байдлын дараа хоёулаа жижиг улсын хувьд хоёулаа бие биенийхээ харилцаан дээр боломж юу байна гэдгийг харсан байх. Ерөөсөө дипломат харилцаа тэгж л явдаг.

Хоёр тал харилцахад хоёуланд нь харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол байсан. Дээрээс нь энэ цаг үед давхцаж байгаа нь геополитикийн нөхцөл байдал нөлөөлсөн байх.

Нөгөөтэйгүүр яг хэрэгжүүлэх механизмүүд тодорхой түвшинд ажиллаад эхэлсэн болов уу. Одоо гол анхаарах юм бол дээд түвшний яриа, хэлэлцээрийг ажил хэрэг болгох нь чухал. Беларусийн тал бол хоёр, гурван бэлгэдлийн төслүүдийг  одоо хэрэгжүүлмээр байна, цаг бага байна гэдгээ маш тодорхой хэлсэн. Бид хойч үедээ Монгол, Беларусь ингэж хамтарч ажиллаж ирсэн гэсэн гэдгээ харуулмаар байна гэдгээ нилээд хатуухан хэлчихсэн.

-Дэлхийн геополитик, ОХУ, Украйны асуудлыг харвал Беларусь нь ОХУ-тай ойрын холбоотон. Монгол Улс тус улстай харилцаагаа идэвхжүүлэх нь манай улсын бусад "гуравдагч хөршүүд" (АНУ, ЕХ, Япон г.м)-тэй харилцах харилцаанд болон олон улсын хориг арга хэмжээний орчинд ямар нэгэн нөлөө, эрсдэл дагуулчих вий гэсэн болгоомжлол байна?

-Бид гадаад бодлогын үзэл баримтлал дээр нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлоготой. Яг үүний том илэрхийлэл болсон айлчлал Герман, Финланд, Беларусьт хийлээ. Мэдээж таатай, таагүй хандах  зүйл байна. Жишээлбэл, барууны улсууд А.Г.Лукашенког Европын хамгийн сүүлчийн диктатур гэж нэрлэдэг. Энэ бол тэдний л нэрлэх өнцөг. Бид түүнийг дуурайгаад ийм, тийм гэхгүй.

Бид бол прагматик, өөртөө хэрэгтэй, хоёр талын харилцааны үр шимийг Монголын хөрсөнд буулгах, тэр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр л анхаарч байгаа.

Цаг  цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг олон улсын харилцаа байнга өөрчлөгддөг, геополитикийн асуудал байнга өөрчлөгддөг. Мөнхий дайсан, мөнхий нөхөр, мөнхийн ашиг сонирхол гэж л байна. Яг энэ үед жижиг улс бүгдтэй нь л сайхан харилцаагаа өндөр түвшинд хадгалаад л явах учиртай. Хоёрхон жилийн дотор төрийн тэргүүнүүд харилцан айлчлал хийж байна гэдгээс харж байна. Айлчлалын давтамж гэж зүйл байдаг. Айлчлалын давтамж ойрхон байх тусмаа байгуулсан гэрээ, хэлэлцээрийн ажил илүү үр дүнтэй болоод эхэлнэ.  Тухайлбал, хоёр жилийн өмнө А.Г.Лукашенко ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн 80 хувьтай биелсэн байна гэсэн. 2024 онд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах, хамтын ажиллагааны дараагийн замын зургаа тохиролцсон гээд үйл явдлууд өрнөсөн, үргэлжилсэн байна.

Хамгийн чухал нь яриа, хэлэлцээрийг ажил хэрэг болгоход төрийн бүх түвшинд хариуцлагатай, анхаарч, ажил хэрэг болгох л үлдэж байна.

"ӨНДӨР ТҮВШИНД АЙЛЧЛАЛ ХИЙЖ, ТҮНШЭЭ НЭМЖ БАЙГАА Ч АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ДЭЭР МОНГОЛЧУУД ХОЙРГО БАЙНА"

-Төрийн тэргүүний хувьд өндөр, дээд хэмжээний айлчлалууд хийж, тодорхой үр дүн ач холбогдолтой болдог. Гэвч айлчлалын дараах хэрэгжилт нь чухал. Судлаачийн хувьд энэ удаагийн айлчлалаар яригдсан стратегийн түншлэлийн зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар, яам агентлагууд хамгийн түрүүнд ямар тактикийн алхмуудыг хийх ёстой гэж зөвлөх вэ?

-Бид төрийн өндөр дээд түвшинд айлчлалууд маш сайн хийж, түншлэлээ нэмээд, үр дүнтэй болоод байгаа ч тохиролцсон зүйлсээ ажил хэрэг болгоход анхаарах хэрэгтэй. Олон жил хүнд худлаа хэлээд байдаг хүн шиг л яваад байдаг. Миний докторын судалгаа “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” гэсэн сэдэвтэй. 2011 оноос хойш судалж явсаар, хамгаалаад ҮАБЗ-ийн зөвлөмж болсон.

Гадаад бодлого залгамж чанараар яагаад явахгүй байна вэ гэхээр шийдвэр гаргалт дээр маш олон толгойнууд бий болсон. Төрийн тэргүүн нэг бодлого ярьдаг, Гадаад харилцааны яам нэг, парламент, Ерөнхий сайд нэг бодлого ярьдаг.

Энэ магадгүй манай ардчилсан засаглалын сул тал байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ийм сул талтай гээд дарангуйлал руу орчиж болохгүй, засч сайжруулаад явах ёстой. Миний хувьд ҮАБЗ гэдэг механизм үндсэн үүргээ биелүүлэх ёстой бөгөөд Гадаад яам нь нэгдмэл бодлогоор зангидаж, нэгдсэн байдлаар бодлогоо явуулж байх ёстой. Тэр бодлого Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед харьцангуй засарсан. Гадаад яам,  салбарын яам, парламент, Ерөнхий сайдын түвшинд нэгдмэл дуу хоолойтой, уялдаа холбоотой болсон. Гол нь Ерөнхийлөгч, сайд буусны дараа дараагийн Ерөнхийлөгч, сайд нар өмнөх баримт бичгүүдийг үгэлжлэх үү гэдэг дээр төрийн албан хаагчийн асуудал гарч ирнэ. Угтаа төрийн нарийн бичгийн дарга хүртэлх албан тушаал бол төрийн захиргааны албан тушаал.

Гэтэл улс төрийн албан тушаалтан томилоод байгаа нь буруу. Улс төрийн албан тушаалтан буюу намаар дамжаад ороод ирсэн хүн өмнөх хийсэн ажил, гадаадтай байгуулсан гэрээг залгамжлахаас илүү өөрт ашигтай байдлаар харж, хандаж, эсвэл би байгуулаагүй гэрээ гэдэг хандлага гаргадаг.

Үүнийг яаж гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж үлдэх ёстой юм. Яагаад сейфний булан руу шидчихээд байна вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой. Түүнээс гадна бизнесийн салбарынхны амархан, хурдан мөнгө олох гэсэн хандлага нь гадны хөрөнгө оруулагчийг хуурсан нэг, хоёр үйлдэл нь нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг гадны түншүүд хараад эхэлдэг. Нэг харамсалтай жишээ хэлэхэд, АНУ-аас Монголд сууж байсан Элчин сайд Пайпер Кэмпбелл 2013 онд Вашингтонд болсон Монголд хандивлагчдын чуулган дээр “Монголд хамгийн тэнэг хүмүүс л хөрөнгө оруулна шүү” гээд хэлчихсэн. Энэ бол аймшгийн дохио шүү дээ. Энэ юутай холбоотой вэ гэхээр авлига. Надад 10, 20 гэдэг хандлага бүх салбарт, төрийн бүх түвшинд бий болсон. Одоо бүр орон нутгийн түвшинд очсон.

Үүний дараа санаатай, санамсаргүй босдог, тэмцдэг нөхдүүд. Магадгүй гадна, дотны захиалгатай ч байхыг үгүйсгэхгүй.

Тэгэхээр бид аюулгүй байдлын түвшинд яагаад ийм болж байна вэ гэдгийг судалж үзэж, хэлэлцэж явахгүй бол сүүлдээ нэр нүүрээ бараад дуусна. Одоо байж байгаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай төслүүд дээр боорлодоггүй, хэдэн талаас нь маажаад л яваад байна. Дараагийн нэг асуудал бол улс төрийн намын төлөвшил. Намруу бүх хүн орж, намаар дамжиж улс төрийн албан тушаал дээр очдог хүмүүс бол гадаад бодлого, залгамж чанар, үндэсний ашиг сонирхлын талаар мэдлэг мэдээлэл төвөгтэй.

Үндсэндээ Монголын гадаад бодлогын аюул нь бид өөрсдөө болчихоод байна. Үүнийгээ ямар замаар, яаж шийдэх ёстой юм.  Бүх зүйл нураад, үр дүнгүй байгаа зүйл биш. Улс төр, нам, төрийн албаны хууль хэрэгжүүлж мерит зарчмаа баримтлах л шаардлага үүсээд байгаа юм.

"ГАДААДАД АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУДААСАА ТӨР НЬ, АРД ИРГЭД НЬ Ч СЭТГЭЛИЙН ХОЛБООГОО ТАСАЛЖ БОЛОХГҮЙ"

-Сүүлийн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалуудыг харахаар соёл,  түүхийн зөөлөн хүчний бодлогыг давхар хэрэгжүүлээд байх шиг. Чингисийн тухай үзэсгэлэн, түүхэн олдворуудын үзмэр, урлагийн  тоглолт гэх мэт урлаг, соёлоор дамжуулан дипломат бодлогоо илүү их баталгаажуулах, таниулаад байх шиг?

– Зөөлөн хүч бол тухайн улсыг бодохоор нэг зүйл бодогдож байх гээд байна шүү дээ. Жишээлбэл, БНСУ-ын гадаад бодлого хариуцдаг байгууллага нь дэргэдээ зөөлөн хүчний бодлого хариуцсан нэгжтэй, төсөвтэй. BTS нь НҮБ дээр үг хэлж, дуулж байдаг. АНУ бол институци, чөлөөт зах зээлийн, ардчилсан парламентын, үнэт зүйл, соёл буюу америкийн амьдралын хэв маяг. Хүйтэн дайны үед зөөлөн хүчний бодлого их чухал юм гэдгийг баталчихсан.

Бүх л улс орон энэ зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлдэг. Гэхдээ харахаар мөнгөтэй, чадалтай, их гүрнүүд л энэ зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлээд байгаа юм. Бидэнд тийм хүчээр бодлогоо хэрэгжүүлэх боломж байхгүй.

Гэсэн ч нөгөө онгоцондоо бизнесийнхэн, хэвлэлийхэн, урлагийнхнаа хөгжимтэй нь суулгаж аваад  л жижиг Монгол Улс очиж байгаа шүү дээ. Гэхдээ саяны гурван улсад харж байхад урлагийн тоглолтын дараа Монголын талаарх бодол нь өөрчлөгдсөн, Монголд очихыг хүсч байгаагаа олон үзэгч хэлж байсан.  Сүүлийн үед бас Чингисийн түүхтэй холбоотой үзэсгэлэнг дэлгэж буй. Ер нь энэ барууныхны ойлголтоор бол Чингис бол булаан эзлэгч, эзлэн түрэмгийлэгч гэх мэт үзлүүдийг Чингисийн үзэсгэлэнгүүд маш их өөрчилж байгаа. Зөөлөн дипомат ажиллагаа гэдэг бол асар их мөнгө зарахгүйгээр улсаа олон улсын харилцаанд эвтэйхэн тайлбарлаж, таниулчихдаг байх юм. Ер нь олон улсын харилцаанд мартагдахгүй байх гэдэг ойлголт байдаг. Жижиг улсууд мартагдах зовлонтой байдаг. Сүүлийн үед монголчуудыг таньж мэддэг болсон байна, сонирхол нь ч нэмэгдэж байна. Бидэнд дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн түүхтэй учраас Ропын пап Монголд айлчилж байна. Хаана ч байхгүй  нүүдлийн соёл иргэншил дээр суурилсан соёл урлагийн өгөгдлүүд байж байна. Монголчуудын  байгалиас өгөгдсөн физик оюуны чадал байгааг Netflix, сумо, шатар, оюун ухааны академи, Италийн дуурийг тэргүүлж буй Амартүвшин гэж гайхалтай дуурийн дуучин байна, сонгодог урлаг, циркээр, рок урсгалд ч The HU хамтлаг, Монгол хаан жүжгээрээ үзүүлж харуулаад яваад байна. Энэ бүхнээ жижигхэн онгоцондоо бүгдийг багтаагаад очиж байгаа нь тухай очиж буй улсдаа харуулах зөөлөн хүчний бодлого.

Нөгөөтэйгүүр 200 мянган Монгол хүн гадаадад амьдарч байна. Энэ хүмүүс бол хоёр талын улсын амьд гүүр болдог хүмүүс. Магадгүй тэндээ төрөөд тухай улсынхаа хүн болох ч монголдоо л элэгтэй байсаар байна.

Тэр хүмүүсээр дамжуулж бид гадаад бодлогоо явуулна. Тэр хүмүүсийн элгийг татахын тулд одон медал гардуулах, энэ урлагийн тоглолтууд маш чухал үүрэгтэй.

Гадаадад байгаа монголчууд төрөөс ямар ч мөнгөгүйгээр улсаа сурталчлаад таниулаад явж байгаа ийм хүмүүсээс төр нь ч ард иргэд нь ч тэр сэтгэлийн холбоогоо тасалж болохгүй.

Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг шиг улс эх оронтой, улс нь байдаг гэдгийг бид covid-19-ийн үеэр хамгийн их мэдэрсэн шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 сэтгэгдэл

Avatar

Хурандаа 2026-11-02 66.181.191.203

тэнэг хүн тэхий дундуур нь гэж

Avatar

ХУУЛЬЧ 2026-11-02 202.9.46.129

ӨНӨӨГИЙН МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГО ХАРИНЧ ОНОВЧТОЙ САЛВАЛГААГҮЙ ЯВЖ ИРСЭНД ТАЛАРХАХ УЧИРТАЙ. .

Avatar

Нэргүй 2026-11-02 202.126.91.96

Засс, алуурчны найзынд очиж ирчихээд ацны геополитик!

Avatar

Нэргүй 2026-11-02 66.181.180.160

Олигтойхон ажлаа мэддэг элчин сайдын л ажил

Avatar

сонгогч 2026-11-02 202.9.46.82

Монголын эрх баригчид худал ярьдаг, ярьсанаа ажил болгодоггүй, залгамж холбоо гэж байхгүй тул гаднйхан итгэдэггүй, хулгай хийдэг тул мөнгө өгөх дургүй байдаг ,Үүнийг 36 жилийн үр дүнгээс шууд харж болно.

Avatar

Нэргүй 2026-11-02 64.119.21.203

ene udahgi gaviyat bagsh boloh n l dee haha

Avatar

Нэргүй 2026-11-02 66.181.180.160

үнэн

Avatar

Зочин 2026-11-02 103.57.94.82

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ ГЭДГИЙГ УТГААР НЬ ХАРУУЛЖ БАЙНА ДАА ЭНЭ ХҮҮРЭНСҮГИЙН ДАГУУЛУУДЫН ЗУГААЛГА… ҮХСЭН СҮҮЖНИЙ ЧИНЬ ГЕОПОЛИТИК….

Avatar

Иргэн 2026-11-02 64.119.24.100

Татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгаж, үрэн таран хийсэн, ямар ч бодит үр ашиггүй айлчлалууд. Маргааш бүгд ор тас мартагдана. Өөрөө хоосон худлаа магтагчийн дүрд тоглож байгаагаа дотроо мэдэж л байгаа шүү дээ. Одоо яая гэхэв. Нохой хэний хоолыг иднэ, түүний гэрийг манадаг жамтай

Avatar

Нэргүй 2026-11-02 202.131.245.34

Үг үсгийн алдаагаа хараач ээ, 50 гаран алдаа байна өөрсдөө ол

Avatar

Нэргүй 2026-11-02 103.168.34.16

Ямар ч ач холбогдолгүй тэнүүчлэл л харагдаж байгаа. Дагаж явсан юмнууд яахав ингэж далдаганахгүй бол болдоггүй биз

Avatar

Нэргүй 2026-11-02 103.212.117.86

Шаагаад байгаарай дарангуйлагч зугаалж татвар төлөгчдийн мөнгийг үрж яваад ирсэн шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж