niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:33 UTC Эх: https://news.mn/r/2896096/ fae4cfe181e6cc24… ← niitlelch.mn руу буцах

Чуулган: Улсын төсөв мөнгөн гүйлгээний тайлан болсон

LiveЧуулган: Улсын төсөв мөнгөн гүйлгээний тайлан болсон

Чуулган: Улсын төсөв мөнгөн гүйлгээний тайлан болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.10.30/ 10.00 цагт эхэллээ.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
13 : 53
2026-11-2

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг 4 дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) нэгдсэн хуралдаанаар явуулсан асуулгын цагийн дараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

2026-10-30 20.40.46.jpg

Төсвийн байнгын хороо хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдийн дэмжсэн саналуудыг хуулийн төсөл татаж авсантай холбогдуулан төсөлд өөрчлөлт оруулах, урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс урсгал зардалд шилжүүлэх зохицуулалт болон Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх, нэгдүгээр хавсралтын талаарх зэрэг нийт 10 багц саналыг боловсруулсан байна. Мөн Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудыг тус байнгын хорооны гишүүдийн болон бусад Байнгын хорооны, мөн санал гаргасан гишүүд өөрсдөө татаж авсан гэж гурав багцалжээ.

2026-10-30 20.40.50.jpg

Санал хураалтаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.

_ERD6509.JPG

Хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав. "Оюутолгой" ХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхтэй холбогдуулан өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөө Засгийн газар татан авсан юм. Иймд Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан #ОТ" код бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хасах, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ.

2026-10-30 20.41.03.jpg

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх Байнгын хороодод шилжүүллээ.

Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан Оршуулгын газрын эмх цэгцийг хангах эрх зүйн шинэчлэлийг хийх хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг мөн сонслоо.

Screenshot 2026-10-30 at 20.44.18.png

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, С.Замира, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Б.Пүрэвдорж, Ж.Галбадрах, О.Номинчимэг нар оршуулгын зан үйл, уламжлал заншил, шашин шүтлэг, үндэстний онцлог, мөн оршуулгын газрын төлөвлөлт, зохион байгуулалт болон холбогдох дүрэм, журмын талаар асуулт асууж, үг хэлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу уг асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Улсын Их Хурлын даргад санал болгож, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.

2026-10-30 20.40.53.jpg

Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бейсен, Д.Бум-Очир, С.Зулпхар, мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлж, иргэн Д.Гансаруул, Гандантэгчинлэн хийдийн гавж лам Д.Алтаншагай болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд энэ талаарх хуулийн төсөлд тусгагдалгүй орхигдсон асуудал бий эсэх, ард иргэдийн дунд өрнөсөн маргаантай асуудлыг эцэслэх, үндэстэн, ястан, зан үйлээр ялгаварлан гадуурхахгүй байх зохицуулалт тусгах, бурхан болоочийг хүндэтгэх, хамгаалах тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээг сахиж мөрдөх, түүх, археологийн судлагдахууны хувьд оршуулга, түүний зан үйлийг хүний эрхийн мэдрэмжтэйгээр нарийвчлан зохицуулах зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оршуулгын зан үйлийг цэгцлэхдээ үндэстнүүдийн зан үйл, уламжлал, дэг ёсыг хэрхэн уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй талаар асууж, хариулт авсан юм. Гавж лам Д.Алтаншагай, өргөдөл гаргагч Д.Гансаруул нар бурхан болоочдыг оршуулах уламжлал болон нийтийн өргөдөлд санал авах үед олон нийтээс илэрхийлж байсан нийтлэг саналуудын талаар тодорхой тайлбар өгөв.

2026-10-30 20.41.08.jpg

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Гэрээ соёрхон батлах тухай хууль болон “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонслоо.

16 : 58
2026-10-30

"МҮОНРТ-ийн төсвийг хасах саналыг дэмжсэнгүй"

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийг татан авсантай холбогдуулан 2027 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэхээр тооцсон 2 их наядын орлогыг тэнцвэржүүлсэн орлогоос хасаж, тухайн орлогоор санхүүжүүлэх төслийг үзэл баримтлалын дагуу хөрөнгө оруулалтын төслүүдийг саналын томъёоллын хавсралтад тусгасны дагуу төслөөс хасах саналыг гаргаж, дэмжих санал хураалт явуулж, 78.8 хувиар дэмжлээ. 

Хуулийн төслийг татан авсантай холбогдуулан Төсвийн тухай хуулийн төслийн 10.10.3 дахь хэсэгт заасан Өрийн удирдлагын тухай хуулийн аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах дээд хэмжээг 300 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал хураалт явуулж, 78.8 хувиар дэмжлээ. 

Хан-Уул дүүрэгт соёлын төв барих төслийг хасах саналыг байнгын хороо дэмжээгүй үүнийг дэмжих санал хураалтаар 57 хувиар дэмжигдэв. 

Булган аймагт хөгжимт бүжгийн театр барих төслийг хасах саналыг байнгын хороо дэмжээгүй үүнийг дэмжих санал хураалт явуулж, 57 хувиар дэмжигдэв.

Увс аймгийн Сагил сумын соёлын төвийн төслийг хасах саналыг байнгын хороо дэмжээгүй үүнийг дэмжих санал хураалт явуулж, 59 хувиар дэмжигдэв.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Бид бүхэн тодорхой, ойлгомжтой, цэгцтэй төлөвлөдөг байх ёстой. Монгол Улс залуусын улс. Төрөөс ямар нэгэн халамж, тэтгэмж авахгүйгээр ажиллаж байгаа иргэдээ бодсон бодлого хэрэгтэй байна. Маш олон залуус гадаад руу явж байна. Ажил хийж байгаа хүмүүстээ маш том дарамт болж байна. Залуусаа удаан хугацаанд сонсохгүй явснаар ямар хурц тэмцэл үүсч байгааг харж байгаа байх. Тэвчээр алдарч, нийгэмд хүндрэлтэй байдал үүсэх эрсдэлтэй учраас төрийн үрэлгэн байдалдаа анхаарна уу. 

МҮОНРТ-д олгодог 7.1 тэрбум төгрөгийг татаасыг Сангийн сайдын зардлаас бууруулах саналыг Ч.Лодойсамбуу гишүүн гаргасан. Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих санал хураалт явуулж, 57.3 хувиар дэмжигдлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-УИХ-ын гишүүдээ анхаарал хандуулаад өгөөч гэж хүсч байна. МҮОНРТ-ийн санхүүгийн тайланд хийсэн дүнгээр бол 2025 онд нийт орлого 23.4 тэрбум, нийт зардал нь 24.2 тэрбум төгрөг. Миний гаргаж байгаа санал бол төсвөөс авч байгаа татаасаа 2026 оны төсөв дээр сууснаасаа даруй 2 дахин буюу 15 тэрбум төгрөг болгож оруулж ирж байна. Энэ төсвийг хасъя гэсэн юм. Сард 2 тэрбум төгрөг зарцуулдаг 600 хүний орон тоотой ийм телевиз байна. Энд Ерөнхий сайдаасаа эхлээд хувьдаа телевизтэй хүмүүс сууж байна. Сайн сайн продюсерууд бас байна. 24 тэрбумыг зарцуулдаг телевиз өдийд дэлхийн хэмжээний уран бүтээл хийж байх ёстой. Ингэж түмний мөнгөнд хайр гамгүй хандаж болохгүй. МҮОНРТ жилд төсвөөс 7 тэрбум, иргэдээс 9 тэрбумын хураамж авч байна. Төлбөртэй нэвтрүүлгийн орлого нь 4 тэрбум төгрөг. Түүнээс ч илүү байгаа. Жил бүрийн аудитын тайлангаар санхүүгийн зохион байгуулалт болохгүй байна гэдэг. Ажлаа зөв зохион байгуулах хэрэгтэй. Уран бүтээлчид нь үнэхээр цалин орлого нь хүрэхгүй бол удирдлагуудтайгаа ярих хэрэгтэй. Энэ төсвийг хассаны дараа би Төрийн байгуулалтын байнгын хороонд санал гаргаж, МҮОНРТ-д аудит оруулах санал гаргана. Монгол бол ардчилсан хэвлэл мэдээллээр ардчиллаа дархлаажуулж байдаг орон. 

14 : 38
2026-10-30

Үдээс хойшх чуулганы хуралдаан эхэллээ

Үдээс хойшх чуулганы хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:

-2017 онд улсын төсвийн зарлага 9 их наяд, урсгал зардал 7 их наяд төгрөг байсан. Өнөөдөр 43.5 их наядын нийт зарлагатай, 33.5 их наядын урсгал зардалтай төсөвтэй байна. Энэ 10 жилд төсвийн зардал 4.8 дахин өсч, урсгал зардал 4.7 дахин өссөн. Иргэдийн амьдрал дөрөв дахин дээшилж сайжирсан уу гэхээр амьдрал муудсаар байна гэж хариулдаг. Улсын төсвийн орлого жилээс жилд нэмэгдээд байдаг. Гэвч иргэдийн амьдрал улам доройтоод байдаг. Мангасын ам улам томроод байдаг. Энэ зайг яаж ойртуулах вэ. Ерөнхий сайдад ямар шийдэл байна вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдааг хангуулах чиглэлээр дорвитой алхмуудыг хийх учиртай. Жил бүр төсвийн тогтвортой байдлын дагуу тусгай шаардлагуудыг барих гэж Засгийн газрын зүгээс хичээж ажилладаг. 2027-2029 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2027 онд ДНБ-ий хоёр хувьд, 2028 онд ДНБ-ий 1.5 хувь, 2029 онд 1 хувь руу буулгая гэдэг ийм мэдэгдлийг батлуулсан. Төсвөө харахаар бодлогод суурилаад, үр дүн рүү чиглэх ёстой байтал төсөвт суурилсан бодлого яваад байгаа учраас иргэдийн амьжиргаа руу төсөв хүрч очихгүй байна. 

Нөгөө талаасаа эдийн засгийн өсөлт 7.4 хувьд хүрлээ гэхэд өмнөх онтой харьцуулахад экспорт 51 хувиар өссөн. Хэтэрхий уул уурхайн орлогоос хамааралтай эдийн засаг эдийн засгийн өсөлт, бууралт нь өрхийн амьжиргаа руу очихгүй байна. Үнэндээ манай төсөв мөнгөн гүйлгээний тайлан болсон. Нийт өр төлбөр, эздийн өмчийн дүн бол 133 их наяд байдаг. Төсвөө харахаар тайлан болчихсон. Төсвийн стандартыг 2014 он руу аваачих УИХ-ын тогтоолыг төсөв дагуулж оруулсан. 

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Зарчмын хувьд санал нийлж байгаа.Төсвийн хүрээний мэдэгдлээ дагаж төсөв хийдэг бол иргэдийн амьдралд илүү наалдана. Ямар ч тооцоололгүй төсөв хийхээр үр ашиггүй төсөв тэлээд байдаг. Үүний хохирогч нь монголчууд өөрсдөө. Төсвийн тэлэлтийн хор уршгийг мэдсээр байж үргэлжлүүлэх нь тэнэг үйлдэл болно. Төсвийн тэлэлт, зарцуулалтын чадамжгүй байдал зэргийг төсвийн хулгай гэхээс өөр аргагүй болоод байна. Үе үеийн Засгийн газар энэ хулгайд мэргэших хандлага харагдаад байна. Бүр залгамж чанартай, буруу зуршил болж байна. Тэгэхээр таны хувьд төсвийн хулгай гэдэг үг яаж сонсогдож байна вэ. Төсвийн хулгайг яаж зогсоох вэ. Авлигын том том хулгайнууд гардаг ч мангасын ам руу орж байна гэж хардаж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 4.11 заалтад төрийн хулгайтай холбогдсон улстөрчидтэй хариуцлага тооцно гэж эрх баригч нам болсон. Одоо үлдсэн 609 хоногт авлигатай тэмцэж чадах уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Нийт өр төлбөр, эздийн өмчийн дүн бол 133 их наяд байдаг. Эргэлтийн хөрөнгө 52 их наяд, эргэлтийн бус хөрөнгө 81 их наяд, нийт өр төлбөр 61 их наяд, цэвэр хөрөнгө 72.4 их наяд төгрөг байна. Энэ бол өөрөө төсөвт багтаж байх ёстой. Гэтэл олон жил төсвөө мөнгөн гүйлгээний тайлан болгож баталсаар төрийн өмчийн хөрөнгө мөнгө төсвөөс гадуур явж ирсэн. Бид эхний алхамд төрийн өмчийн компаниудын цэвэр ашгийн тодорхой хувийг улсын төсөвт тусгаж бодлоготойгоо уялдуулж байгаа юм. Энэ цаг үед тодорхой сэдвүүдээр улс төр хийхгүйгээр хамтдаа давж гарах ёстой. 1989 оны ДНБ-ий стандартыг 2014 оных руу хүргэх зорилтыг тавьж байгаа. Багадаа төсвийн шинэчлэлийг хийхэд таван жил шаардана. Үүний эхлэл нь ирэх оны төсөв байсан. Нэгдсэн тайланд бүртгэгдээд байгаа нийт хөрөнгөө төсөвтөө багтаая. Орон нутаг гэхэд улсын төсвөөсөө давуулж баталчихаад Сангийн яаман дээр хязгаар тулсан учраас төсвийг нь багтааж чаддаггүй. Үүнээс болж төсвийн ангилал өөрчилж, хооронд нь гүйлгэдэг байдлаас болж төсвийн хулгай гэдэг зүйл гарч байна. С.Цэнгүүн гишүүний санаачилсан Төсвийн ил тод байдлын тухай хуульд хэд хэдэн зөв зарчмыг тусгасан байсан. Бид алхам хийж байж цаашаа төсвийн хулгайгаас сална. 

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Өнөөдрийг хүртэл төсвийн түүх бол хариуцлагагүйн түүх. Хариуцлагагүй байдал хулгайг өөхшүүлж байна. Хариуцлага тооцох асуудал дээр хөшигний цаадах захиалагчийн тухай ярьж байгаа юм. Ер нь эдийн засагт ёс суртахууны ойлголт байх ёстой юу. Бид тоо ярьсаар байгаад хүнээ мартчихсан. Төрийн хүн хэн байх вэ гэдэг зарчмаа мартаад байгаа юм шиг санагддаг. Та ямар шаардлага тавьж ажилладаг вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Төсвийн хуулийн 70 дугаар зүйлд хариуцлага тооцох эрх Ерөнхий сайдад хадгалагдаж байгаа. Энэ хүрээндээ төсвийг алдаатай төлөвлөсөн, үр ашиггүй зарцуулсан нь аудитын болон хяналт шалгалтын байгууллагаар тогтоогдсон бол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Ерөнхий аудитороос 435 төлбөрийн акт, 1300 албан шаардлага, 739 зөвлөмж, 96 хариуцлага тооцох албан шаардлага, хуулийн байгууллагад шилжүүлэх дөрвөн асуудлыг хавсралтын хамт авсан. Ирэх 7 хоногийн Засгийн газрын хурлаар хариуцлагуудыг шат шатанд тооцохоор ажиллаж байна. 

Ёс зүйг хуульчилж болохгүй ч төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгээр үлгэрлэх ёстой. Тийм учраас мэдлэг чадвараас гадна хандлагыг үнэлдэг цаг ирсэн. Бүх шатанд ёс зүйг хангуулж, Ерөнхий сайд өөрийнхөө кабинетад хариуцлага тооцдог зөв хандлага руу явах ёстой. 

Экспорт 51 хувь өссөн хэдий ч худалдаа үйлчилгээний салбар 0.2 хувиар агшсан. Ирэх оны төсвийг төлөвлөхөд нэгдүгээрт ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого байх ёстой. Манай төсөв  2024, 2025 онд 90 хувь нь татвараар бүрддэг байсан бол ирэх жилийн төсвийн 80 хувь нь татвараар бүрдэж байгаа. Хувийн хэвшлийн орон зайг бий болгохын тулд ТӨК-иудын цэвэр ашгийг татан авч байгаа. Мөн 1.3 их наядын татварын хөнгөлөлтийг иргэдэд олгож байгаа нь ирэх сарын 1-нээс мэдрэгдэнэ. ХХОАТ-ын цалингийн доод хэмжээг тэглэх дээр 800 тэрбум төгрөгийн төсвийн ачаалал авч байна. НӨАТ-ын босго өндөр болсноор бодитоор 23 мянган аж ахуйн нэгжид хамааралтай. Дахиад 20 мянган ААН хамааралтай. Засгийн бодлого төсөв болж очиж байна. Экспорт өндөр байгаа ч түүхий эдийг түүхийгээр нь гаргаж байна. Нэмүү өртөг шингээхээр олон төслүүдийг эрэмбэлж, шаардлагагүйг нь хойшлуулсан. 

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Хөгжлийн бодлоготой санал нийлж байна. Үйлдвэрүүдээ барих ёстой. Гэхдээ бид эдийн засгаа харж, Төсвийн хүрээний мэдэгдлээ гаргахдаа уул уурхайн хэлбэлзэлийг гаргаж, хэвийн үед эдийн засаг ямар байх вэ гэдгийг харах нь хөгжлийн суурь шүү. 2027 оны төсвийн суурь нь экспорт 110 сая тоннд хүрч, ТӨК-иудын ногдол ашгийг төлөвлөсөн. Энэ нь гадаад хүчин зүйлээс хамааралтай шүү дээ. Экспорт 10 хувиар буурлаа гэхэд төсөвт ямар эрсдэл гарах вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Уул уурхайн бус нэрлэсэн ДНБ-ий өсөлт 11 хувь, уул уурхайн бус нэрлэсэн ДНБ-ий өсөлт сүүлийн 12 жил 12 хувь байсан юм байна. Цаашдаа төсвийн зардал үүнээс хэтрэхгүй байх шаардлагыг бариад явна. Үнэндээ 10 сая тонн нүүрсний экспорт тасрахад бараг 500 тэрбумын нөлөө үүсч байна. Тэгэхээр манай эдийн засаг ийм эмзэг. Шатахуунаасаа хараат байдаг. Энэ байдлаасаа гарахын тулд дөрвөн чөлөөлөлтийг хийхээр ажиллаж байна. ТӨК-иуд 2026 онд 1.5 их наядын ногдол ашиг өгөхөөр Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулах бол 2027 онд 3.5 ногдол ашиг өгнө. Бодлого хэрэгжүүлэхийн тулд төсөв уялдах ёстой юм. 

"Онтре"-гийн лицензтэй холбоотой асуудал бол УИХ-ын бүрэн эрх. Стратегийн ордод хамаарна. Тиймээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 2019 онд татварын системдээ өөрчлөлт хийсэн. Хувийн компаниуд өөрсдөө нэхэмжлэл үүсгээд татвар төлдөг. Оны эцэст илүү гарсан татвар байвал буцаан шилжүүлдэг хуультай. Би хууль давсан үүрэг чиглэл өгч болохгүй. Хуулийнхаа хүрээнд оны төгсгөлд татвараа авч, илүү гарсныг нь буцаан шилжүүлнэ. 

12 : 27
2026-10-30

"Орон нутаг босгосон бондоо богино хугацаанд зарцуулах шаардлагатай"

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ хэлэлцэж байна. Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байна. Нэг удаагийн шинжтэй асуудлыг энэ хуульд оруулах гээд байна. Өмнө  нь Эрдэнэбүрэнгийн УЦС, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсвийг улсын төсвийн урсгалд тооцохгүй гээд нэг удаагийн хууль гаргачихсан. Түүнтэй адил зарчмыг Төсвийн тоO;ttv гтвортой байдлын тухай хуульд оруулаад байна. Дараа дараагийн томоохон төслүүдээ яах вэ. Дахин өөр арга сэдээд яваад байх уу. Хууль өргөн барьсан хэлбэрийг яаж өөрчилсөн бэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулж байна вэ. Ямар асуудал ард нь байна вэ. Сангийн сайд аа, иймэрхүү байдлаар урсгал зардлаа нууж, хэдэн төсөвтэй болох гэсэн юм бэ. Төсвийн бүртгэл тайлагналтаа хэзээ, яаж өөрчилж, үнэн зөв тайлагнадаг болох вэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гар хүрч, ногдол ашгийг зарцуулахдаа төсвийн хязгаартаа тооцохгүй гэнэ үү. Юу гэсэн үг вэ. Болохгүй шүү дээ.

-УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Засгийн газраас орж ирсэн төсөл дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гурван харилцааг зохицуулах гэж санал орж ирсэн. Нэгдүгээрт, орон нутгуудын өмнөх оны шилжих үлдэгдлийн асуудал. Хоёрт, ногдол ашгийн асуудал. Гуравт, орон нутгийн бондуудын асуудал. Үйлчлэх хугацаа нь 2027 оны төсвийн жил дуустал гэж тусгасан. Төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиуд дотор төсөв батлагдсантай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний  тогтоол дотроо 2027 онд багтаж, Монгол Улсын Төсвийн тухай хуулиа шинэчлэн найруулах ийм чиглэлийг өгсөн. Тийм учраас төсвийн харилцаатай холбоотой, төсвийн тогтвортой байдалтай холбоотой, төсвийн хүрээтэй холбоотой асуудлаа УИХ-аас анхаарч, зөв зохицуулах эрх зүйн уялдааг хангах учиртай. Хоёрт, орон нутгийн амьдрал жилээс жилд тэлж, өргөжиж байгаа учраас зарим төсвийн харилцааг амьдралд нийцүүлэх шаардлагатай. Орон нутгийн төсөв сайжирч, бонд гарган хөгжлийн бүтээн байгуулалтаа хийх гээд байдаг. Босгосон бондоо зарцуулах гэхээр жил бүр хувааж зарцуулах гээд байдаг. Ийм байж боломжгүй. Хэрвээ эх үүсвэр бүрдүүлсэн бол тэр бондоо аль болох богино хугацаанд ашиглаж, бий болгосон бүтээн байгуулалтынхаа үр өгөөжийг орон нутаг хүртдэг байх шаардлагын үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. 

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Орон нутаг чинь төсвөө батлахдаа нэмэгдүүлж баталж байгаа. Тэрэнтэй холбоотой өсөлт гарч байгаа. Сая 2026 оны төсвийн тодотголоор 998 тэрбумыг гаргаж өгсөн. Энэ гадаад бонд, өр ширээ нуух гэсэн асуудал биш. Орон нутаг руу чиглэсэн заалт. Ирэх онд дуусна гэж хугацаа тавьж өгсөн. Дагах тогтоол дээр Төсвийн хуулиа шинэчлэн найруулах эрхээ авахаар оруулж ирсэн. Энэ асуудлын хүрээнд нийслэл дээр хуримтлагдсан байгаа үлдэж байгаа 2 их наяд төгрөгийг зохицуулалтыг гаргахгүй бол өмнөх жилийн орлого нь энэ жилийнхтэй хамт байгаа. Тэгэхгүй бол нэг орлогыг хоёр орлогодох болоод байна. Тэр боломжийг гаргаж өгөх гэж байгаа юм. Орон нутгийн төсвийн алдагдал нь нэгдсэн төсвийн алдагдал болж явж байгаа. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Нэгэнт босгосон бондоо зарцуулах хэрэгтэй. Энийгээ зөв тайлагнаад яв. Битгий хивсэн доогуур нуугаад бай. Өөр өөрөөсөө асуудлыг битгий нуу. Зөв бүртгээд явах шаардлагатай. Төсвийн зарлага цаанаа нэмэгдэж байгаад төсвийн хязгаартаа тооцохгүй байгаа нь буруу юм. Зөв бүртгээд, мэдээд явах ёстой. Ажилгүйдлийн даатгалын сантай холбоотой асуудалд Засгийн газар анхаараасай. Учир нь 2023 оны бүтэн жилийн байдлаар 30 мянган хүн ажилгүйдлын тэтгэмж авсан бол 2024 онд 31 мянга, 2025 онд 37 мянга, 2026 оны эхний есөн сарын байдлаар 34 мянган хүн тэтгэмж аваад байна. Цаана нь өргөдлөө өгөөд авч чадаагүй байгаа олон хүн байна. Нийт дүнгээрээ энэ оны хувьд 50 мянгад хүрэх гээд байна. Үүний шалтгааныг нягталж хараач. Төрийн албаны есөн хувийн цомхотгол уу, ААН-үүд ажлын байраа цомхотгоод байна уу. Нөхцөл байдал маш хүнд байна. ААН-үүдийнхээ ажлын байрыг хадгалах богино хугацааны бодлого хэрэгтэй байна. Тоо чинь хашгираад байна шүү. Дүгнэлт хийгээч ээ. 

Төсвийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир, О.Батнайрамдал, Х.Тэмүүжин, Г.Лувсанжамц, О.Цогтгэрэл нар асууж, үг хэлэв. Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг үр ашигтай зарцуулах, тогтвортой байх учиртай хуулийг тогтворгүй болгож, төсвийг “гал унтраах” төдий аргацаасан байдлаар шийдвэр гаргах гэж буйг, оюутнуудын боловсролын зээлийн санхүүжилтийн талаар тэд хөндсөн.

2026-10-30 13.48.38.jpg2026-10-30 13.49.02.jpg

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан саналуудаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

2026-10-30 13.49.34.jpg

Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцууллаа.

2026-10-30 14.30.48.jpg2026-10-30 13.46.33.jpg2026-10-30 13.50.06.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир, О.Номинчимэг, Л.Соронзонболд нар тодруулж, байр суурь илэрхийлсэн юм. Зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

2026-10-30 13.44.41.jpg2026-10-30 13.45.45.jpg

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

2026-10-30 13.44.18.jpg

Төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурийг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Б.Түвшин танилцуулсан. Санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын асуулгын цагийн дараа явуулахаар түр хойшлуулснаар хуралдаан завсарлав 

10 : 49
2026-10-30

Ерөнхий хяналтын сонсголын тайлангийн тогтоолыг баталлаа

Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийн УИХ-ын тогтоолыг хэлэлцэж байна. Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 78 хувиар дэмжлээ. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Салбарт их хэмжээний урамшуулал, зээл гарч байгаа ч үр дүнд нь хяналт тавих ёстой. Сонсгол үр дүнтэй болох тал дээр анхаарч ажиллах ёстой. Засгийн газарт чиглэл өгөхөөс илүүтэй хуульд өөрчлөлт оруулахад илүүтэй анхаарах шаардлагатай.

 

10 : 43
2026-10-30

Өгөгдлийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлнэ

Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулж, 88 хувиар дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн таван хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжлээ. 

Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 38
2026-10-30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг үргэлжилж байна. Уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулж, гишүүд 80.4 хувиар дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн гурван хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал хурааль явуулж, гишүүдийн олонх дэмжлээ. 

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлнэ

10 : 19
2026-10-30

Нийгмийн халамжийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлнэ

Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулна. Ирц бүрдтэл олон нийтэд мэдээлэл өгье. Иргэд өмнө нь Төрийн ордонд орох, гишүүнтэй уулзах гэж шалган нэвтрүүлэх зөвшөөрөл авах гэх мэтээр олон шат дамжлага авдаг байсан бол өнөөдөр энэ танхимд иргэд ямар нэгэн саадгүй уулзах бүрэн боломж байгаа. Өнгөрсөн хугацаанд "Нээлттэй парламент" танхимд 18 гишүүн ажилласан байна. УИХ таныг сонсож байна цэсэнд нийтдээ 1000 орчим иргэнээс санал ирүүлж, хамгийн олон санал нь зээлийн хар жагсаалттай холбоотой санал байсан бол дараа нь Оюутолгойн ногдол ашиг, халамж, тэтгэвэр, цалинтай холбоотой санал хүсэлт их ирж байна. Иргэдийн санал хүсэлтийг 40 хувьтай биелүүлж байна. Төрийн бодлогоо засч сайжруулах ард түмний даалгавар гэж харж байгаа гэдгийг хэлье. Зээлийн мэдээллийн сантай холбоотой асуудалд анхаарч, Монголбанк, СЗХ-ноос журам боловсруулж, 500 мянган иргэнийг хар жагсаалтаас гаргах ажлыг шийднэ. 

Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулж, 85.3 хувиар дэмжлээ. 

Хамт өргөн мэдүүлсэн 22 хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулж, олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороонд шилжүүллээ. 

 

 

09 : 38
2026-10-30

Хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэнэ

Хуралдаанаар 2027 оны төсвөөс гадна таван асуудал хэлэлцэхээр байна. Тодруулбал, 

1.Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

2. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг

3. Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг

4.Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийн УИХ-ын тогтоолыг хэлэлцэнэ

5.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

6.Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

7.Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

8.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

9.Улсын Их Хурлын асуулгын цаг

10.Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлт

11. Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-30 59.153.115.17

Тэтгэвэрт гарсан ахмадын гавъяат цолтны урамшлууллын мөнгө авахад ямар их чирэгдэлтэйг одоо ЕС-ын зөвлөх болсон Мөнхзул сайн мэднэ дээ. ГБХНХЯ-ны газрын дарга байхдаа энэ талаар нэлээн мэдэлэлтэй болсон хүн. .

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа 2026-10-30 59.153.115.17

Тэтгэвэрт гарсан ахмадын гавъяат цолтны урамшлууллын мөнгө авахад чирэгдэлтэйа. Ажиллаж байсан байгууллага нь байхгүй, байсан ч төсвөөсөө өгөх боломжгүй байх, ГБХНХЯ НЬ БИД МЭДЭХГҮЙ, АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙГУУЛЛАГЫН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ мэднэ гэх мэтээр чирэгдүүлнэ.. Одоо халамжийн шинэ хуулиар үүнийг чирэгдэлгүй болгож шийдэж байгаа юу.

Avatar

Нэргүй 2026-10-30 59.153.115.17

ЯАГААВ НӨГӨӨ ТӨРИЙН ДАЛБААГАА УРЖ ТАСДДАГ ЛОДОЙСАМБУУ. ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС СОНГОГДСОН АН-ЫН ГИШҮҮН. ТӨРИЙН ПАЛБААГАА УРДАГ ХҮН ҮНДЭСНИЙ ТВ-ЭЭ ХОРЛОХ Ч ЯАМАЙ БИЗ. ҮГҮЙАРАЙ ТӨРИЙН ДАЛБААГАА УРМААРГҮЙ ЮМ. ЭВЛҮҮЛЭГ БАЙГААСАЙ ГЭЖ ЗАЛБИРАХААС.

Avatar

Нэргүй 2026-10-30 64.119.17.197

ганц үндэсний нэртэй тв ийн хээ төсвийг хасч хорлон сүйтгэх ажиллагаа хэн гэдэг тагнуулч санал гаргав аа

Avatar

Чөлөөт сонгогч Ш.Раднаа 2026-10-30 59.153.115.17

АН-ЫН ГИШҮҮД МАРГААН БИШ, ХЭРҮҮЛ ХИЙХДЭЭ САЙНДАА.ЯЛАНГУЯА МӨНХТУЯА, ЭНХТУЯА, БАЯРМАА ГЭЭД ХЭЦҮҮ ААШТАЙ ГИШҮҮД БАЙХ ЮМ. ХАРИН ЭНЭ ТҮВШИН ЧИНЬ ХЭРҮҮЛ БИШ, АЖИЛ ЯРИАД САНХҮҮГИЙН СҮРХИЙ МЭДЛЭГТЭЙ НӨХӨР БАЙНА ШҮҮ. НАМЫН БҮЛГИЙН ДАРГАА АН ЗӨВ ХҮН СОНГОСОН БОЛОЛТОЙ ДОГ ШҮҮ. САНГИЙН САЙД ХИЙЧЭХ БЭЛЭН ЧАДВАРТАЙ, ХАРИЛЦААНЫ СОЁЛТОЙ НӨХӨР БИШ ҮҮ. ТӨРД АЖИЛЛААД ДАРУУЛГАТАЙ, ДӨЛГӨӨН ЗАН АВИР СУУСАН БИЗ.УЯНГАХИШГИЙГ АЖЛЫН ХЭСЭГТ ОРУУЛААД САЙН АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ.

Avatar

rtrrtrtrttrtrtrtr 2026-10-30 66.181.165.89

Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтын асуудлыг яаралтай горимоор шийдэж ард түмэнд боломж олгох хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж