“Өгөгдлийн хууль батлагдсанаар 15 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ”
Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурь өолон асуулт, хариултаас хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Дата төвийн халдашгүй байдлын тусгай дэглэмийг хуулийн төсөлд тусгасан байна. Үзэл баримтлалын 4 дүгээр хэсэгт олон улсын гэрээнд нийцнэ гэжээ. Үндсэн хуулийн дагуу олон улсын гэрээг УИХ соёрхон баталдаг. Энэ хуулийн төслөөр бол яам ийм халдашгүй байдал олгох гээд байгаа юм шиг дүр зураг харагдаад байна
ЦХИХХ-ны сайд Ч.Номин:
-Хуулийн үндсэн үзэл баримтлал нь төр хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөөд дүрэм журмыг тодорхой болгосноор Монгол Улсад дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн өгөгдөл боловсруулдаг болон дата төвүүдийг бий болгох зориулттай. Тиймээс төрийн хөрөнгөөр төр бариулахгүй тул хувийн хэвшил хооронд аливаа нэгэн гэрээний зохицуулалт хийгдэх энэ заалт орж ирнэ. Таны хэлж байгаа Засгийн газраа баталгаа гаргах болсон тохиолдолд УИХ-аар ороод явах юм.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Өгөгдөл өөрөө маш үнэ цэнтэй хөрөнгө. Сүүлийн үед олон улсын харилцаанд найрсаг харилцаатай улсууд өөрсдийн мэдээллийн технологи ашиглуулна, ашиглуулахгүй гэдэг асуудал гарч ирж байна. Өнөөдөр Монгол Улс бүх төрлийн технологийг ашиглаж болж байгаа ч тодорхой цаг хугацааны дараа иймэрхүү эрсдэл үүсэж болзошгүй. Үндэсний өгөгдлийн архивлалт, хадгалалтын талаарх стратеги ямар байдлаар туссан бэ.
ЦХИХХ-ны сайд Ч.Номин:
-Ерөнхий сайдын дэргэд Үндэсний өгөгдлийн зөвлөл байгуулагдана. Өгөгдөл гэдэг нь үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх, салбар дундын зохицуулалттай зүйл. Төрд байгаа хаалттай, хязгаарлалттайгаас бусад мэдээллийг нээлттэй болгоно. Ингэснээр хувийн хэвшил нээлттэй мэдээллийг аваад боловсруулаад, хиймэл оюун ухаан дээр дүгнэлт гаргах боложмийг бий болгоно. Өнөөдрийн байдлаар бид нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хуулиар суурь мэдээллийн сан, төрөлжсөн мэдээллийн сан, байгууллагын мэдээллийн сан гэхчилэн хуваарилж байгаа. Суурь мэдээллийн сан, төрөлжсөн мэдээллийн сан Үндэсний дата төвд хадгалагддаг. Цаашлаад бидэнд анхдагч мэдээллийн сан үүсэж гарч ирнэ. Энд төртэй холбоотой бүх мэдээллийг нэг дор авчирч, давхардахгүй болгож хиймэл оюуны боловсруулалт хийх, өгөгдөл боловсруулах энэ зохицуулалтыг хийж байгаа. Нэг ёсондоо цаашдаа Монгол Улс төрийн бодлоготоо ашиглах боломжтой өөрийн гэсэн хиймэл оюуны модельтой болох гэж байгаа. Чиг үүргийн хувьд “И-Монгол” академи дээр хэрэгжинэ. Энэ моделиор иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, төрийн албан хаагч нар илүү мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломж бий болгоно. Тэгэхгүй бол бид ChatGPT-ээс асуугаад мэдээллээ олон улсад нээлттэй алдах тохиолдол үүсэж байгаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Бид ийм том мөрөөдөлтэй байх нь зөв. Ингэж том асуудлаа барьж авахгүй бол тулга тойрсон асуудал, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гэсэн гурван том хулгайгаа л ярьдаг. Тэрийгээ хэдэн том эрх баригчид нь хуваагаад идчихдэг. Тэгээд нийт ард түмэн даяар халамжаар угжуулчихаад байна. Халамж авч байгаа нь буруу биш. Халамж авахаас өөр аргагүй байдалд орчихсон. Манайх газар зүйн хувьд ашигтай, давуу талтай байршил ховор. Олон улсын геополитикийн хамгаалалтуудаа яаж хийх вэ.
ЦХИХХ-ны сайд Ч.Номин:
-Манай улс гуравдагч хөршийн бодлого баримталж байгаа. Өгөгдлийн тухайд мөн ижил. Манай улсад газарзүйн байршил давуу тал болж байгаа. Тиймээс бид их гүрнүүдийн хиймэл оюуны өрсөлдөөн дунд ашигтай үлдэх боломж үүсэж байна. Тухайлбал, манай улсад дата төвөө байршуулаад хөрш улсуудад хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэх сонирхолтой олон улс байгаа. Түүнчлэн хөрш орнуудаас манайд дата төвөө байршуулаад Европ, барууны орнуудад үйлчилгээ үзүүлэх сонирхол бий. Энэ нь өөрөө эргээд хамгаалалт, давуу тал болно гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Өгөгдөл гэхээр хүн бүр ойлгоход хэцүү. Өгөгдлийг эргэлтэд оруулснаар эдийн засгийн ямар үнэ цэнэ бий болгох вэ. Жишээлбэл, арьс шир боловсруулах үйлдвэр барьснаар хэдий хугацаанд ямар үр ашиг өгөхийг тодорхой тооцсон байдаг шүү дээ.
ЦХИХХ-ны сайд Ч.Номин:
-Өгөгдлийг эргэлтэд оруулснаар хувь хүн, хуулийн этгээд, төрийн гэхчилэн бүхэлдээ бүтээмж нэмэгдэнэ. Шийдвэр гаргалт оновчтой болно. Иргэн өөрийн нэг өгсөн мэдээллээ төрд олон удаа өгөхгүй, түргэн шуурхай үйлчилгээ авна. Мөн төсвийн хэмнэлт гарна. Бизнесийн салбаруудад шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи үүсэх боломжтой. Танд эдийн засгийн үр өгөөжийн талаар шууд хэлэх тоо байхгүй. Гэхдээ Өгөгдлийн хууль батлагдсанаар Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулагчид орж ирэхээ нотолсон. Ингэсэн тохиолдолд ойролцоогоор 15 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхээр хүлээгдэж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Бид ухаалаг, цахим иргэний үнэмлэхтэй болоод их удаж байгаа. Гэхдээ их дүлий үнэмлэх. Энэ дүлий үнэмлэхийг чихтэй, нүдтэй болгож хувиргахад Өгөгдлийн тухай хууль дэм болох байх гэж харж байна. Хоёрт нь хүнд суртал, авлига, тодорхойгүй байдлыг багасгахад нөлөөлөх болов уу. Манайд нэг гажиг тогтолцоо бий болсон. Төр өөртөө байгаа мэдээллийг иргэн авч яваагүйн төлөө иргэнийг шийтгэдэг, торгодог. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс байнга нэхдэг асуудал. Нэг зүйлээс болгоомжилж байна. Энэ мэдээллийг иргэнийг буруутгах, шийтгэхэд ашиглаж болохгүй. Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр био мэдээллийг цуглуулах хэрэгцээ гардаг. Гэхдээ иргэний бүртгэлд байгаа хурууны хээ болон био мэдээллийг огт авч болохгүй. Хэрэв иргэн гэмт хэрэг хийсэн нь нотлогдоогүй бол тодорхой хугацааны бараа бүртгэгдсэн мэдээлэл устгагддаг байх ёстой. Иймэрхүү хуулийн зохицуулалтаа анхаараарай.
“Бид сурагчдад хромбүүк тарааж байхад дэлхий цаас, үзгийн хэрэглээг нэмэгдүүлж байна”
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Ч.Номин нараас өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлд 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бие даан бүртгэл үүсгэхийг хориглож, 13-16 насны хүүхэд насандаа тохирсон үйлчилгээ ашиглах, аюулгүй байдлын тусгай хамгаалалтын тохиргоотой байх зохицуулалтыг тусгасан байна.
Мөн нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллага болон төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгожээ. Үүнд цахим хөгжил, боловсрол, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд болон Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг хуульчилсан байна.
Хууль санаачлагчдын мэдээлснээр, хуулийн төслийг зургаан бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулжээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, асуулт хариултыг хүргэе.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Хуульд 13 нас гэж хязгаар заахаас гадна эцэг эхчүүдийн оролцоо маш чухал шүү. Сургуулийн нийгмийн ажилтнуудтай уях хэрэгцээ байна. Даалгавраа цахимаар хийх явдал нэмэгдсэн. Хэрэглэгдэхгүй нэр төдий хууль болчих вий. 40 гаруй улс оронд нийгмийн сүлжээнд хязгаарлалттай байх тухай хууль санаачилсан ч хянахад төвөгтэй байгаа талаар ярьж байна.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
-Таны ярьж байгаа зөв. 13 хүртэл нь нийгмийн сүлжээнд орохыг бүрэн хориглож байгаа. Тиймээс эцэг эхчүүд цахим аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх, гар утсаар юу хийж байгааг нь мэддэг байх хэрэгтэй. Хуульд бас эцэг эхийн үүргийн талаар тодорхой тусгасан.
Хүүхдийн ашиглаж буй харилцаа холбооны сүлжээний дугаарыг хүүхдийн овог нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг эх, асран хамгаалагчийн овог нэр, иргэний бүртгэлийн дугаарыг үнэн зөвөөр бүртгүүлэн хэрэглэж байгаа эсэх дээр нь хяналт тавих ёстой. Хуулийн төслийн 9 дүгээр зүйл боловсролын байгууллагын чиг үүргийг оруулсан.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
-Хэрвээ тухайн хүүхэд утасны дугааргүй, нэр дээрээ бүртгэлгүй, эцэг эхгүй бол яах юм. Амьдрал баян шүү дээ. Цаана нь хүүхэд орхигдох вий гэж санаа зовоод байна. Мөн миний хэлсэн найруулгын шинжтэй засварыг тусгах боломжтой эсэх талаар хариулт авъя.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
-Хуулийн 12.1.4 дээр та саналаа хэлсэн: Хориотой агуулга гэдэг дээр хүүхдэд хортой гэдэг үгийг нэмэх шаардлагатай байна. Энэ бол бүрэн хүлээж авах боломжтой санал. Өнөөдрийн нийгмийн сүлжээ дандаа утасны дугаар хоёр хүчин зүйлээр тухайн хүн мөн эсэхийг шалгадаг болсон. Тэгэхээр 13-16 насны хүүхдүүд утасны дугаартай байж нэвтэрнэ. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өнчин, хүүхэд байвал гэр бүлийнхээ тухай хуулиар асран хамгаалагчтай, асран хамгаалагчийн үүргийг гүцэтгэж байгаа хүнтэй очоод дугаар авах боломж бүрдэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Бид энд хориглох, хязгаарлах, хаах зүйлүүдийг хийж болно. Жилий дараа гэхэд л үүнийг нээх технологийн хурд бий. Бидний бодлого энэ хуулийг баталж гаргах нь зөв. УИХ, Засгийн газар бодлого гаргаад цахим хэрэглээг зохистой болгох хэрэгтэй юм билээ. Жишээ нь Швед улс боловсролын бодлогодоо бүрэн өөрчлөлт орууллаа. Бид энд хромбүүк тараах тухай ярьж байхад тэнд эргээд цаас, үзгийн хэрэглээг нэмэгдүүлбэл хүүхдийн сурлага нэмэгдүүлэх боломжтой гэх зэргээр бодлогоо өөрчилж байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Мета компанитай ногоон гарц үүсгээд тодорхой контентууд дээр хязгаарлалт тогтоох, арга хэмжээ авах харилцаа хамтын ажиллага явж байгаа гэж ойлгож байгаа. Үүнийг яг хэрэгжилт талаас нь авч үзвэл улстөрчид хүүхэд гэдэг ангилалд орчихсон яваад байгаа шүү. Одоогийн эрх мэдэлтнүүд, бүр дээрээсээ. Бүр тэр дээшээ шүүмжлэх юм бол хүүхдэд хортой нөхцөл рүү ороод хүмүүсийн аккаунт хаагдаад байгаа шүү. Зөндөө жишээ бий. Энэ хуулиар эргээд нэг өдөр цахим сүлжээ хаагдах нөхцөл үүсчих вий дээ
УИХ-ын гишүүн Ч.Номин:
-Монгол Улсын хэмжээн дэх ногоон гарцын үйл ажиллагааг тайлбарлая. Харилцаа холбооны зохицуулах хорооны хувьд ямар нэгэн байдлаар хувь хүнтэй болон улстөрчидтэй холбогдуулж ногоон гарцыг ашигладаггүй. Цагдаагийн байгууллага дээр байгаа ногоон гарц бол гэмт хэрэгтэй холбоотой чиглэлээр Метатай харилцдаг. Таны хэлж буй улстөрчид, өндөр албан тушаалтнууд, олны танил хүмүүс ногоон гарцыг ашиглахдаа тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагаар дамжиж Метатай харьцдаг. Мета энэ чиглэлээр маш хатуу журамтай.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Тийм зүйл байгаа шүү, сайн судлаарай. Хоёрт, П.Наранбаяр гишүүнээс асууя. Яг энэ хийх гээд байгаа зохицуулалтыг чинь 2023 онд Ерөнхийлөгч хориг тавьж байсан. Одоо хэлбэрээ өөрчлөөд Засгийн газраар биш таны гараар орж ирээд байна. Та энийг санаачилсан юм уу, эсвэл таны ямар нэг санал дээр үүнийг наагаад байна уу. Шулуухан хэлэхгүй бол та цахим сүлжээг хаахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн болох гээд байна шүү:
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
-Улстөрчдийн асуудлыг бол би мэдэхгүй. Энэ хууль дээр өөрийн итгэл үнэмшлээр хүүхдийг л хамгаалахыг зорьсон. Энд ямар нэг контентын хязгаарлалт орж ирэхгүй, хүүхдийн технологийн хэрэглээний асуудал. Хэн нэгний гар хөл болсон зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
-Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай гэдэг нэршил явцуу байгаа юм биш биз. Оролцоог зохицуулна гэхээр хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, цахим орчинд сурч хөгжих эрхийг төрөөс хязгаарлах гэж байгаа мэт ойлголт явчих вий. Нийгмийн сүлжээ гэдэгт юуг ойлгож байна. Зөвхөн фэйсбүүк, тик ток-оос гадна итнерактив тоглоом зэрэг маш олон сүлжээ бий.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
-Нэрийг маш олон талаас нь бодолцсон. Бүртгэл үүсгэж оролцдог, өөрийн болон үүсгэсэн дүрс зургаа олон нийтэд хандаж гаргаж болдог, хаалттай болон нээлттэй бүлэг үүсгэж болдог, танихгүй хүнтэй харилцаж болдог ийм цахим хэрэглүүр, түүнтэй адилтгах үйлчилгээг нийгмийн сүлжээ гэнэ гэж хуулийн төсөлд тодорхойлсон. Таны дурдсан roblox, minecraft зэрэг платформ бүгд багтсан. Тэгэхээр 13 нас хүртэл ийм зүйлээр хүүхдээ тоглуулахгүй байх, эцэг эхтэй тоглож, ярилцах гэр бүлийн хүмүүжлийн орчин бий болгох зорилготой юм.
Т.Аубакир: Ядуурлын түвшин 27.1 хувиас 18 болж буурсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг /хэлэлцэх эсэх/ хэхэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Одоогоор 912 мянган иргэн 629 мянга болж буурч байгаа юм байна, хуулийн төслөөр. Жишээлбэл, 18 мянга орчим өндөр настныг асардаг хүн, хөнгөлөлт авдаг 153 мянган ахмад хасагдаж байгаа юм байна. Хасагдаж байгаа хэсгийн хэд нь амжиргааны баталгаажих түвшинээс доогуур вэ?
ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг:
-Зорилтот хэсэгт чиглэсэн халамжийн зардалд 2025 оны тайлангаар 670 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа. Энэ санхүүжилтийг регистрийн дугаар давхцаагүй тоогоор авч үзвэл 370,4 мянга иргэн хамрагдсан байна. Хуулийн төслийг дагуулаад дагаж мөрдөх журам оруулсан. Одоо тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүийн эрх ашгийг хөндөж хасаж байгаа хаалт байхгүй. Нийгмийн халамжийн дэмжлэг тусламж зайлшгүй шаардлагатай өрх иргэн гэдгийг томьёолсон, тоо заалтуудтай хэсэг дээр аажмаар хэрэгжинэ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Халамж авагчдыг тогтоохдоо цагдаатай хамтарч тогтооно гэсэн байна. Энэ арай харгис уу. Мөн өрх толгойлсон эрхийн тэтгэмжийг 180-аас дээш хоног хамтран амьдагчтай байсан бол хязгаарлана гэжээ. Энийг яаж тогтоох юм.
ГБХНХЯ-ны сайд Т.Аубакир:
-Хамтарсан баг дотор цагдаа, нийгмийн ажилтан, эмч гэх мэт олон мэргэлжийн хүмүүс багтана. Тухайлбал, хорихоос суллагдсан иргэнд нийгмийн чиг баримжаа олгоход цагдаа оролцоно.
ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг:
-Албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч дундаасаа хүүхэдтэй, өмчлөлтэй байж өрх толгойлсон эхийн тэтгэмж авах асуудал үүсдэг учраас энэ зохицуулалтыг тусгасан. 180 хоног гэдэг дээр хороо, өрхийн эмнэлэг зэрэг анхан шатны байгууллагын нийгмийн ажилтнууд хамтран ажиллана.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Нэгт, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ. Хоёрт, хоёр жил дамнан яригдаж байгаа малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх асуудал юу болж байгаа вэ.

ГБХНХ-ын сайд Т.Аубакир:
-Дэлхий даяар насжилт уртсаж байгаа энэ үед улс орнууд чанартай урт наслах бодлогоо боловсруулж эхэлсэн. Манайх ч бас Дэлхийн банктай хамтраад хөтөлбөр боловсруулж эхэлж байгаа. Малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хууль 2024 оны дөрөвдүгээр сард баталсан боловч зарим зүйл заалт нь хэрэгжихгүй байгаа нь үнэн. Таны ажиллаж байсан Засгийн газар ч холбогдох журмаа батлаад явах ёстой байсан. Малчид төлөх ёстой НДШ-ийнхээ 50 хувийг өөрсдөө, үлдсэнийг нь төр дааж байгаа. Нийгмийн даатгалын сангийн бодит байдал өнөөдөр улсын төсвөөс 1,6 их наядын төгрөгийн татаастай явж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ сан амьсгалах боломжгүй болчихоод байж байна шүү. Төсөв санхүүтэй нь шийдээд, энэ хуулийг батлаад өгвөл ГБХНХЯ хэрэгжүүлэхгүй гээгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Малчны тухай хууль 2024 оны УИХ-ын сонгууль болохоос 23 хоногийн өмнө батлагдсан. Малчдын хамгийн их хүлээлттэй байсан нь НДШ нөхөн төлөх байсн. Тийм учраас малчид МАН-д саналаа өгцгөөсөн. Гэвч 2026 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэхгүй байсаар байгаад хуулийн хугацааг нь өнгөрүүлсэн. Ингэж малчдыг хуурч болохгүй. Тийм учраас О.Алтангэрэл нарын өргөн барьсан 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 2028 оны нэгдүгээр сарын 1 хүртэл энэ заалтыг сунгах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэж, дэмжих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
-Халамжаас хөдөлмөрт гэж маш их ярьж байгаа. Зорилтот бүлэгт чиглэсэн үйлчилгээ авч байгаа иргэдээс хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд хэд байгаа вэ.
ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг:
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, тэжээгч нь нас барсан 0-18 нас хүүхэд гэх мэт бүлгүүд зорилтот бүлэгт чиглэсэн үйлчилгээг авч байгаа. Харин хүнс тэжээлийн дэмжлэгт 100 мянга гаруй иргэн буюу 20 мянган гаруй өрх багтаж байгаа. Үүнийг хөдөлмөр эрхлэлтэй холбох нь чухал байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Бид нэг зүйлийг маш сайн мэдэж байгаа. Халамж бол эрх барьж байгаа намын сонгуулийн хэрэгсэл болсон. Хууль санаачлагчид хүртэл хүлээн зөвшөөрч байна гэж хариултаас нь ойлголоо. Энэ талаар салбарын яаманд гомдол мэдээлэл ирж байв уу. Сая Т.Аубакир сайд хэлж байна ажил хийх эрмэлзэлгүй залуус байна гээд. Би дунджаас доогуур өрхөөс гарсан болохоор эрмэлзлийг шууд ингэж тодорхойлж байгаад эмзэглэж байна. Тэр хүмүүс чинь Солонгос явж, илүү найдвартай ажил хийх бодолтой байгаа.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
-Нийгмийн халамжийн шинэчлэл гэдэг нэр томьёо энэ хуулийн дор орж ирж байна. Яг шинэчилж чадах уу. Өнөөдөр ядуурлын түвшин 27.1 хувьд хүрчихсэн. Энэ чинь бараг нэг сая иргэний тухай ярьж байгаа. Энэ олон хөтөлбөр, үйлчилгээ хэрэгжүүлчихээд ядуурлаа буулгаж чадаагүй. 2016 оноос хойш тасралтгүй эрх барьсан үе үеийн Засгийн газар, сайд нар юу хийж явсан юм. Ядууралтай тэмцэж чадаагүйг энэ хуулийн төсөл харуулж байна. Энэ хууль батлагдсанаар ядуурлын түвшин яг хэдэн хувь болж буурах юм.
ГБХНХ-ын Т.Аубакир:
-Ядуурлыг дан ганц мөнгөөр бууруулахгүй. Зарим иргэдийн зан үйлийг өөрчлөх, амьдралын хэв маягт нөлөөлөх ажлыг хийх ёстой. НДШ-ээ төлөх сонирхолгүй залуус явсаар сүүлдээ өндөр насанд гарахад тэтгэвэргүй. Тийм учраас нөлөөллийн ажлуудыг хуулийн төсөлд тусгасан. Ядуурлын түвшин 27.1 гэдэг бол 2022 оны статистик. Энэ 18 руу орж ирсэн байгаа. Үндэсний статистикийн газар энэ тоогоо зарла гэдгийг удаа дараа хэлж байгаа. Нөгөө талаар ядуурлыг бууруулна гэдэг зөвхөн нэг яамны ажил биш тиймээс дагалдаж 22 хууль оруулж ирсэн.
ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг:
-Дэлхийн банкны судалгаагаар халамжийн үйлчилгээг хүргээгүй байсан бол ядуурал 36.4 хувьд хүрэхээр байна гэсэн тооцоо гарсан. 2025 онд Дэлхийн банкны төсвийн шинжилгээний судалгаагаар ядуурлын гүнзгийрэлтэд 4.5 хувь нөлөөлсөн байна. Ядуурлын шугамаас доогуур байгаа өрхийн орлого тэр хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
-Нийгмийн хүлээлт бүхий чухал хуулийн төсөл оруулж ирчихээд ийм сэтгэлгүй хариулна гэдэг бол та бүхэн яаман дээр суудлын бөглөөс хийж байна гэсэн үг шүү.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Энэ хуулийг маш сайн хууль болгох хэрэгтэй. Хүн ам зүй, гэр бүлийн бодлогод нөлөөлөх хууль. Тийм учраас хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажиллах санал гаргаж байна.
“Шүүх шийдвэрийнхээ 44.7 хувийг өөрчилж байгаа нь иргэдийн итгэлийг унагаж байна”
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.10.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл, Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр товтой.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэн үг хэлж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Сүүлийн үед Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц УИХ-ын хууль тогтоох бодлогын асуудлын агуулга руу орж байгаад шиэнэр томиогдож байгаа шүүгч анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Манай 143 орноос шүүхийн засаглалын шударга ёсны үзүүлэлтээр 68 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн жилээс нэг байраар ухарсан. Яагаад байр ухарч байгаа вэ гэдэг дээр Шүүхийн ерөнхий зөвлөл дүн шинжилгээ хийж байгаа байх. Иргэдийн шүүхэд итгэх итгэл унасан хэвээр байгаа.
Жишээлбэл, Н.Алтанхуяг даргатай холбоотой асуудал дээр хэдэн ч удаа цагаадав, хэдэн удаа буцаав, сэргээв. Шууд утгаараа энэ бол улстөржилт.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн. Түүний ар дээр шүүх хэргээр барьцаалж улс төрийн өрсөлдөгчөө нухчин дарах гэсэн үйлдэл гэж олон нийтэд уншигдаж байна. Улс төрөөс ангид байх, шүүх тунгалаг байх дээр яаж ажиллах ёстой гэдэг дээр таны итгэл үнэмшлийг сонсъё.
Нэр дэвшигч З.Ганзориг:
-Хараат бус байдалтай холбоотой хэд хэдэн зохицуулалт Шүүхийн тухай хуульд туссан. Жишээлбэл, шүүгч шүүн таслах ажиллагаа явуулахад нь хэн нэг этгээд, улстөрч, олон нийтийн зүгээс хууль бус шийдвэр гаргуулахаар нөлөөлсөн тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх боломжтой. Эсрэгээрээ улс төрийн албан тушаалтнууд шүүгчтэй уулзсан тохиолдолд энэ талаараа тэмдэглэл хөтлөх үүрэгтэй. Энэ зохицуулалт маш чухал механизм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-АН-ын дарга байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг хүнийг хэдэн удаа шүүх гэсэн юм. Таван удаа шүүлээ, гуравт нь цагаадлаа, хоёрыг нь дахин шүүлээ.
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд уяж байгаа морь нь гараанаасаа гарч чадахгүй зогчихоод байгаа юм уу.
АН-аас өрсөлдөх гэж байгаа хүний хөлийг тушиж байгаа юм уу. Нийгэмд тэгж л харагдаж байна. Эрх барьж байгаа намаас шүүхэд нөлөөлж байгаа нь үнэн шүү дээ. Нэр дэвшигч ээ, ийм байж болдог юм уу. Шүүхийн нийт гаргаж байгаа нийт 400 орчим мянган шийдвэрийн 44.7 хувьд өөрчлөгдсөн байна шүү дээ.
Нэр дэвшигч З.Ганзориг:
-Шүүгч нарын хэрэглэж байгаа хууль нэг. Анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэглэж байгаа хууль, арга зүй Давж заалдах шатны шүүхээс түүнийг хянаж байгаа хууль тайлбарлаж байгаа араг зүй зөрөх тохиолдол байна. Энэ зөрүүнээс үүдэн өөр шийдэл гаргах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Агуулга нь бол Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах замаар Анхан шатны шүүхийн алдаа зөрчлийг арилгах үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Шүүх байгууллагын удирдлагууд, төлөөллийг сонгохдоо их анхаармаар байгаа юм.
Бид алдаа гаргасан тод жишээ бол Үндсэн хуулийн цэц. Г.Занданшатарын үед туршлагагүй, амьдрал мэдэхгүй баахан залуучууд явуулчихсан.
Гаргаж байгаа шийдвэрүүд нь төрөөр тоглож байна. Өчигдөр гэхэд парламентын дархлааг сулруулсан шийдвэр гаргалаа. Та бүхэн хэрүүл хийх, бусадтай маргалдвал Зөрчлийн тухай хуулиар албадан саатуулагдах, баривчлагдахаар болсон. Тэр өдөр нь М.Энхцэцэг гишүүнийг зодож байгаа юм.
Дээд шүүх ч гэсэн, хараад байхад янз бүрийн асуудал маш их байна. Тухайлбал, С.Баярцогтын асуудал. Бүх шатны шүүхийн шийдвэр нь гарчихаад байхад буцаачихаж байна. Эх орныхоо эрх ашгаас урваж байхад нь. Хэрэв хэлмэгдүүлсэн юм бол шүүгч, прокурорууд яагаад зүгээр байгаад байгаа юм. С.Зоригийн хэрэг байна. Гурван хүн хэлмэгдсэн гээд суллагдчихсан. Шүүгч, прокурор хүнийг хэлмэгдүүлж болдог юм уу. Хэрэв тэгж болж байгаа бол энэ чинь 1930-аад он шиг болж байна гэсэн үг шүү.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Шүүхээс хэрэг буцаадаг хуулийг 2016 онд алга болгосон. 2017 онд буцаагаад оруулаад ирсэн. 2022 онд алга болгосон. Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээс хэрэг буцаах ямар ч зүйл заалт байхгүй. Монгол Улсад тийм хууль байхгүй. Үндсэн хууль дахь гагцхүү хуульд захирагдана гэдэг энэ агуулга байхгүй болсон. Улсын дээд шүүх хүртэл хэрэг буцаагаад сууж байдаг. Гэтэл хууль зөрчөөд байгаа, огт хуульгүйгээр хэргээ шийдэхгүй буцаагаад байдаг .
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Шүүхийг улс төр, аливаа нөлөөнөөс ангид, хараат бус бие даасан байх баталгааг парламент өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Шүүхээс өөрсдөөс нь нэхэхээс гадна. Шүүхэд гишүүд өөрсдөө нөлөөлж байна уу үгүй юу гэвэл бараг өөрсдөө нөлөөлж байгаа юм шиг л бүгд танхимд ярилаа. Тэгэхээр энэ асуултыг өөрөөсөө асуух ёстой.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-УИХ-ын 20-иод гишүүн гэмт хэрэгт холбогдсон. Тэдний талаарх шийдвэр гаргах явдал эрх баригч дэглэм, шүүхэд нөлөөлдөг хүмүүсийн тааллаар явагдах гээд байна. Энэ бол сонгосон ард түмэнд маш аюултай. Энэ чигээрээ яваад байх юм уу.
ШЕЗ-ийн дарга П.Золзаяа:
-Шүүхээс өмнө болж байгаа асуудал. Хуулийн хувьд тодорхой болгох шаардлага байгаа гэж бодож байна. Халдашгүй байдлыг яаж хамгаалах юм, хэрэгт холбогдсон тохиолдолд ямар байгууллага яаж оролцох юм гэх мэт зүйлс тодорхой байх хэрэгтэй болов уу.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Хувийн байж болзошгүй. Гэхдээ шүүхэд ажиллаж байгаад хоёр ч бизнесийн байгууллагад дараалан ажилласан, эндээсээ удалгүй гарчээ. Эргээд есөн жил гаруй анхан шатны шүүхэд ажилласан байна. Нууц биш бол яагаад гэдгээ хэлж болох уу. Сүүлийн үед иргэдэд банк санхүүгийн байгууллага, зарим бизнесийн үйлчилгээний зөвхөн зөвшөөрөх гэдэг гэрээний нөхцөлөөр иргэдэд хэлцэл хйих боломж олгохгүй тулгадаг явдал их байгаа. Нийт хэргийн 20 орчим хувь апплипкэйшний зээл байна гэх тоо байна.
Нэр дэвшигч З.Ганзориг:
-2012 онд Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн батлахад Шүүгчийн туслахыг шүүгч болгохгүй гэсэн зарчим байсан. Би хуульчаар сурсных шүүгч болно гсэн зорилготой байсан учраас шүүхээс гарсан. Компанийн хуульчаар ажилласнаар хуулийг хэрэглэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн.
Гишүүд нэр дэвшигчтэй танилцаж дууссан тул Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулий төслүүдийг парламентаар хэлэлцэх эсэх хэхэлцүүлэг эхэллээ.
3,605.46




















































Нэргүй 2026-10-29 202.126.90.157
хромбүүк ээ өольсон биз дээ.
Иргэн 2026-10-29 202.126.91.158
Аубакир өөрөө л баяжсан юм байлгүй дээ. Инфляц нь 13% хүрчихсэн, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байхад солиорох юмаа мөн олов оо.
Del 2026-10-29 202.133.76.3
бизнес хийдэг хүмүүс худалдан авах чадвар муудаж байгаа гээд л байхад манай дээдсүүд ядуурлын түвшин буурсан гэж байгаа нь авцалдахгүй байна даа
Иргэн 2026-10-29 202.133.76.119
Ингэж худлаа ярьсных төлөө огцруулсан ч багадна. Өдөр хоног өнгөрөх тутам ядуусын тоо нэмэгдэж байхад сайд гуай доромжлоод байгаа юм уу???
Мөнхтөр 2026-10-29 202.133.76.33
малчин хоногуудын нийгмийн даатгалыг төр даана тэтгэвэрт эрт гаргана ноолуурын хогын 200000авна өвс тэжээл хоол хүнс өгнө хүүхдүүд нь байранд үнэгүй хоол тогооч цэвэлэгчтэй хөлдүү толгойлж хэвтэнэ энэ хогнуудын сонгуулийн эрхийг хаахгүй бол улс урагшаа биш хойшоо яваад байнадаа
Зочин 2026-10-29 202.179.18.239
Шүүхийг удирдаж байгаа малнууд ичээсэй. Энэ нь шүүх дахь авилгатай шууд холбоотой.
Нэргүй 2026-10-29 103.212.119.148
Монголын шүүх байгууллага дампуурсан хэн мөнгө төлнө тэрний талд үйлчилдэг болсоныг өөрийн биеэр мэдэрч байна. Новшнууд яалт ч үгүй юманд шүүгч нэртэй ганц авгай өөрийн төлбөр төлсөн хүний талд ичих ч үгүй алх цохичиохоод шийдвэрээ ч албажуулж өгөхгүй тамалж байна. Тэр Баянгол, хан-уул дүүргийн шүүхийн О гэж авгай