niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:00 UTC Эх: https://news.mn/r/2895886/ d2d9a6c619488188… ← niitlelch.mn руу буцах

Нүүрс, зэсийн баяжмалын экспорт он дуустал гацах уу?

Нүүрс, зэсийн баяжмалын экспорт он дуустал гацах уу?

Нүүрс, зэсийн баяжмалын экспорт он дуустал гацах уу?

Монгол Улсын экспортын гол орлого нүүрс, зэсийн баяжмалаас төвлөрдөг ч БНХАУ-руу нэвтрэх тээвэрлэлт удааширснаас борлуулалт буурч, эдийн засгийн хохирол дагуулж мэдэхээр болжээ.

Тухайлбал, Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт аравдугаар сарын 15-наас эхлэн хил дээр саатах болсон байна. Энэ талаар тус компани “Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоосон. Ингэснээр ердийн үед хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөн цуваагаар хязгаарлаж байна. Энэ нь экспортын хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саатан эдийн засгийн хохирол учирч болзошгүй эрсдэл үүсгээд байна” гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж ”Өнгөрсөн долдугаар сарын байдлаар 3 сая тонн нүүрсийг сардаа экспортолж байсан бол одоогийн байдлаар сарын дундаж хэмжээ 1.9 сая тонн болсон. Экспортын хэмжээ буурсан шалтгаан нь Ганцмод боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай уялдуулан Хятадын тал хилийн татан авалтыг багасгасантай холбоотой” гэсэн юм.

Сангийн сайд З.Мэндсайхан “Гашуунсухайт боомтоор нэвтэрч байгаа экспорт 40 хувиар буурсан. Хятад талдаа наймдугаар сараас эхэлсэн засвар үйлчилгээ арванхоёрдугаар сарын 31-н хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд хил нэвтрэлт буурч байна” гэж мэдэгдэв.

“Чингис хаан" баялгийн сан нэгдэл ХХК-ийн захирал Б.Даваадалайгийн тайлбараар Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын зүгээс Гадаад харилцааны сайд тэргүүтэй бусад холбогдох албаныхныг Хятадын талтай ярилцаж, ойрын хугацаанд удаашралыг шийдвэрлэхийг үүрэг болгожээ. Гэвч Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны мэдээллээр хил нэвтэрхэд үүсэж байгаа дээрх саатал энэ оныг дуустал үргэлжлэх төлөвтэй байна.

Учир нь, Гашуунсухайт боомттой хилллэдэг Ганцмод боомтоор өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хил нэвтэрхэд жолооч нь автомашин дотроосоо нүүрээ таниулах систем нэвтрүүлж эхэлснээр нэвтрэх хөдөлгөөн удааширчээ.  Ингэснээр өмнө нь хоногт 1300 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг байсан бол сүүлийн өдрүүдэд 600 болж, эрс багассан аж. Энэ оны тухайд дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ өндөр байгаа тул төсөвт төвлөрөх орлогод үзүүлэх сөрөг нөлөө бага, мөн төлөвлөсөн хэмжээндээ зэс, нүүрсийг экспортод гаргасан гэдгийг албаныхан тодотгож байгаа. Гэвч зэсийн баяжмалын экспорт 10 гаруй хоногт удаашрахад эдийн засгийн хохирол учирч болзошгүй эрсдэл үүссэн” гэдгийг “Оюутолгой” компанийн зүгээс тодотгосон нь алгуурлаж болохгүйг сануулж буй.

Тэр тусмаа Монгол Улс ирэх онд “Оюутолгой” компаниас Монголын талд ногдох 34 хувьдаа гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар 2027 оны төсөвт суулгасан. Хэрвээ дээрх гацаа арилахгүй ирэх хоёр сард бүтэн үргэлжилсээр шинэ он гарвал асуудал үүсэх нь тодорхой болж буй.

Хэдийгээр сайд нарын зүгээс "Зөвхөн Гашуунсухайт боомт дээр хил нэвтрэлт удааширсан, бусад боомтын тухайд асуудалгүй" гэдэг тайлбар хэлж байгаа ч Монгол Улсын нүүрсний 50 хувь, зэсийн баяжмал экспортолдог гол боомт юм. Хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 239 км хатуу хучилттай хүнд даацын авто замаар холбогддог.

Иймээс Засгийн газрын ойрын хугацаанд өмнөд хөрштэй хэлэлцээрийн ширээний ард сууж, шийдүүлэх ёстой чухал асуудал нь зэс, нүүрсний экспортын хил нэвтрэлтийг нэн яаралтай сайжруулах хэлэлцээр болж хувирч байна.

Монгол Улс энэ онд 1.9 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор тооцож байсан бол гүйцэтгэл 2 сая тоннд хүрчээ.  Төлөвлөгөөндөө он дуусахаас хоёр сарын өмнө хүрсэн гэсэн үг.

Нүүрсний тухайд одоогоор 90 сая тонныг экспортолсон. Он дуусталх хоёр сарын хугацаанд нэмж 10 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт гацаагүй байх нь эргээд Монгол Улсын валютын нөөц бүрдүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ оны есдүгээр сарын байдлаар улсын валютын нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд оны төгсгөл рүү 10 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьсан.

Гэхдээ өмнөд хөрш рүү экспортолж байгаа зэс, нүүрсний урсгал энэ хэвээр удааширсаар байвал нэмэлт орлого олох боломжгүйн дээр валютын нөөцийг нэмэгдүүлэх төлөвлөгөө ч бүтэлгүйтнэ.

Нөгөө талдаа дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ өндөр байгаа түүхэн боломжийг ашиглаж чадахгүй алдах болж байна.

Ирэх онд Монгол Улс нүүрс, зэсийн баяжмалын экспорт болон холбогдох татварын орлогын нөлөөгөөр төсөвт төвлөрүүлэх татварын орлого 10,908.3 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 9.5 орчим хувийг бүрдүүлнэ гэж тооцсон. Хил холболтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахаар тооцсон бөгөөд тэр хэрээр нүүрсний экспортыг 110 сая тоннд хүргэх зорилго тавьсан. Гэвч хил гааль нэвтрэлт энэ хэвээр саадтай байвал асуудал бас л үүснэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

zochin 2026-10-29 43.228.131.103

Албаар ингэж бгаа юм бна даа. Ноогдол ашиг өгөхгүй тулд. Болоогүй ирээгүй юмыг их ч сэвсэндээ

Avatar

сонгогч 2026-10-29 202.9.47.127

Монголын төр засаг барууны бууны нохой ц.элбэгдоржиг урьж ирүүлэн, хүндэтгэл үзүүлж, ял завшуулж, төрийн шийдвэр гаргах ажилдаа оролцуулсанд Хятадын тал сэтгэл дундуур байгаа….үүний илрэл нь экспортын бууралт………

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Иймэрхүү юм олсон нь явж явж бидний буруу байж мэдэхээр 2026-10-29 66.181.176.144

Хэдэн жилийн өмнө байгуулсан Гашуун сухайт- Ганц модны төмөр замын хил холболтын гэрээгээр хүлээсэн үүргээ хятадын тал биелүүлсн. ГЭТЭЛ МАНАЙ ТАЛ ЗӨРҮҮЛЭЭД МУХАР ТӨМӨР ЗАМ ХЭЭР ТАЛД БАЙГУУЛСАН. Манайд сууж байсан хятадын элчин та нар яагаад мухар төмөр зам бариад байгаа юм гэлээ гээд хэвлэлээр гараад байсан.ХИЛ ХОЛБОЛТ ХУГАЦААНДАА ХИЙГДЭЭГҮЙГЭЭС БОЛООД ХЯТАДЫН КОМПАНИ НЬ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ӨРӨНД ОРЛОО гэж гомдолсон ҮҮНЭЭС БОЛООД ХАРБИНЫ ГЭРЭЭГЭЭР БИД ХЯМД НҮҮРС ӨГӨХ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.

Avatar

Нэргүй 2026-10-29 202.126.90.209

олигтойхон хариуцлагатайхан гэрээ хийчих чадавхгүй цүнх баригч нараасаа их болох юм даа зайлуул…??? энэ хэдэн өлөн сувдагуудын шунал хэдий хугацаанд дуусах юм бол доо???

Avatar

Нэргүй 2026-10-29 103.57.94.53

Nuursnii une osson baigaa bolohoor mongoliin niiluuleltiig buuruulj dotoodiinhoo uurhainuudiig demjih bodlogo barimtalj baigaa bh. nuursnii une buurval ergeed hudaldan avah hemjeegee osgoh bh.

Avatar

Нэргүй 2026-10-29 202.9.46.221

Хойд, Өмнөд хөрштэйгөө Монгол улс нэг л ойлголцохгүй байна даа. ОХУ АИ-92 бензинээ багасгаад, Хятад худалдан авалтаа танаад байгаа нь сайн зүйл биш.

Avatar

Нэргүй 2026-10-29 103.229.123.149

Савтар Монголын нүүрсний эспорт өрсөлдөгч ОХУ-ын нүүрсний эспортыг давлаа гэх мэдээ цацагдмагц ингэсэн нь сонин..

Avatar

Нэргүй 2026-10-29 66.181.188.107

ингэдэг юм хужаад хадаг барьж гуйж өгдөг

Avatar

Нэргүй 2026-10-29 103.229.121.176

экспорт нэмэгдлээ гээд сайн юм алга ! валют нь өсөөд төгрөг нь түүхэн доод төвшинд уналаа. Ийм эсрэг үзүүлэлт ДАМПУУ МОНГОЛД л байдаг байх ?

Avatar

Нэргүй 2026-10-29 103.168.34.1

Жонхуу гацаагч хаана явна

Avatar

зочин 2026-10-29 64.119.20.148

Өөрсдөө баяжмалаа болосруулаад гаргадаг баймаар байна.. Тэгвэл ядаж ажиллах хүчин орлоготой болно. Болосруулсан алт, зэс ,гуулийг хэнч шүүрээд л авна шүү дээ. Боловсруулаагүй баяжмал гаргахыг хориглосон хууль баталж , хэрэв тийм үйлдэл гаргавал торгууль татвар авдаг болмоор байна. Соц үед ихэнхи бүтээгдэхүүнээ боловсруулаад л гаргадаг байсан шүү дээ. Бид зөв юмнуудаа эргэж харж сэргээх хэрэгтэй л болов уу. ( Арьс, шир, ноос, ноолуур,алт….г.м )

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж