niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:00 UTC Эх: https://news.mn/r/2895849/ 717bd674c0eb6b8d… ← niitlelch.mn руу буцах

АНУ-ын завсрын сонгууль: Трампын эрх мэдэл хэрхэн өөрчлөгдөх вэ?

АНУ-ын завсрын сонгууль: Трампын эрх мэдэл хэрхэн өөрчлөгдөх вэ?

АНУ-ын завсрын сонгууль: Трампын эрх мэдэл хэрхэн өөрчлөгдөх вэ?
Энэ оны арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын завсрын сонгуулиар 210 сая орчим сонгогч Конгресст аль нам давамгайлахыг шийднэ. Тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө саналын хуудсанд нэр дэвшихгүй. Гэсэн хэдий ч завсрын сонгуулийн үр дүн түүний бүрэн эрхийн үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, улс төрийн нөлөөнд шууд нөлөөлөх юм.

АНУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Конгресс нь Төлөөлөгчдийн танхим болон Сенатаас бүрддэг. Конгресс хууль батлахаас гадна холбооны улсын төсвийн зарцуулалтыг хянадаг.

Энэ удаагийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 100 суудлын 35-ын төлөө өрсөлдөнө. Мөн Флорида, Охайо мужид Марко Рубио, Ж.Д Вэнс нарын сулласан суудлыг нөхөх тусгай сонгууль болох бөгөөд 36 мужийн иргэд захирагчаа сонгоно.

Төлөөлөгчдийн танхимын гишүүд хоёр жилийн хугацаатай сонгогддог бол сенаторууд зургаан жилийн бүрэн эрхтэй. Завсрын сонгууль нь ерөнхийлөгчийн ажлын гүйцэтгэл, бодлогод өгч буй сонгогчдын үнэлгээ гэж өргөнөөр үнэлэгддэг. Жорж Вашингтоны их сургуулийн профессор Тодд Белтийн мэдээлснээр, 1946 оноос хойших завсрын сонгуулиудаар ерөнхийлөгчийн нам Төлөөлөгчдийн танхимд дунджаар 26.5 суудал алддаг бөгөөд Сенатад ч цөөн тооны суудал алдах хандлагатай байжээ.

Сонгуулиар зөвхөн Конгрессын гишүүд, мужийн захирагчдыг сонгохгүй. Мужийн хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид болон орон нутгийн албан тушаалтнууд ч сонгогдоно.

Жоржтауны их сургуулийн төрийн удирдлагын профессор Надиa Браун үндэсний хэмжээний сонгуульд олон нийтийн анхаарал төвлөрдөг. Гэхдээ америкчууд төрийн байгууллагатай өдөр тутамдаа орон нутгийн түвшинд хамгийн их харилцдаг гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр, саналын хуудсанд багтсан орон нутгийн санал асуулга, шийдвэрүүд иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх ач холбогдолтой юм.

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМ, СЕНАТЫН ХЯНАЛТ АЛЬ НАМД ҮЛДЭХ ВЭ?

АНУ-ын Конгрессын хоёр танхимд одоогоор Бүгд найрамдах нам давамгайлж байна. Хэрэв энэ удаагийн завсрын сонгуулиар аль нэг нам хяналтаа алдвал ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа, эрх мэдэлд томоохон өөрчлөл орох боломжтой. Тухайлбал, Ардчилсан нам аль нэг танхимд олонх болвол хууль тогтоомжийг саатуулах, Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд мөрдөн шалгалт явуулах эрх мэдэлтэй болно. Тиймээс Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд гурван суудал, Сенатад дөрвөн суудал нэмж авч олонх болох шаардлагатай.

Харин Сенатад хоёр нам тус бүр 50 суудалтай тэнцсэн тохиолдолд дэд ерөнхийлөгч Ж.Д Вэнс шийдвэрлэх санал өгөх эрхтэй тул Бүгд найрамдахчууд хяналтаа хадгална. Тодд Белтийн үзэж буйгаар, Ардчилсан намын ялалт Трампын дотоодын бодлогоо хэрэгжүүлэх боломжийг мэдэгдэхүйц хязгаарлаж болзошгүй. Тэрбээр “Ардчилсан нам Конгрессын аль нэг танхимд олонх болбол засгийн газрын санхүүжилттэй холбоогүй хууль тогтоомжийн ажил үндсэндээ зогсонги байдалд орно” гэж ярьжээ.

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН СОНГУУЛЬ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?

АНУ-ын Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхим 435 гишүүнтэй. Гишүүн бүр тодорхой нэг тойргийг төлөөлж, хоёр жилийн хугацаатай сонгогддог. Суудлыг мужуудын хүн амын тоонд үндэслэн хуваарилдаг бөгөөд АНУ-ын хүн амын тооллогыг 10 жил тутамд явуулдаг. Хамгийн олон хүн амтай Калифорни муж 52 суудалтай бол Вайоминг, Вермонт зэрэг хүн ам цөөн муж тус бүр нэг төлөөлөгчтэй.

Төлөөлөгчдийн танхимд олонх болохын тулд аль нэг нам дор хаяж 218 суудал авах шаардлагатай.

Одоогоор Бүгд найрамдах нам 218, Ардчилсан нам 214 суудалтай бөгөөд нэг бие даагч гишүүн Бүгд найрамдахчуудтай хамтран ажилладаг. Мөн хоёр суудал сул байгаа бөгөөд өмнө нь нэгийг нь Бүгд найрамдах нам, нөгөөг нь Ардчилсан намын гишүүн эзэмшиж байжээ.

Шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүд 2027 оны нэгдүгээр сарын 3-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

АНУ-ЫН СОНГУУЛЬД 35 ТОЙРГИЙН САНАЛ ШИЙДВЭРЛЭХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ МАГАДГҮЙ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 435 гишүүнтэй. Эдгээрийн 218-аас доошгүй суудлыг авсан нам олонх болж, хууль батлах үйл явцад илүү их нөлөө үзүүлэх боломжтой. Одоогоор Бүгд найрамдах нам олонх байгаа. Гэсэн хэдий ч энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам олонх болохын тулд хэд хэдэн суудал нэмж авах шаардлагатай. Ялангуяа хоёр намын нэр дэвшигчдийн санал ойролцоо байдаг 35 орчим тойргийн санал сонгуулийн үр дүнд нөлөөлж магадгүй гэж шинжээч үзэж байна.

Тодд Белтийн таамаглалаар, Ардчилсан нам 15 орчим суудал нэмж авах боломжтой. Гэхдээ Бүгд найрамдах нам сонгуулийн тойргийн хил хязгаарыг өөрчилснөөр есөн тойрогт давуу байдалтай болсон гэж тэрбээр тайлбарлажээ.

АНУ-д сонгогчид ихэвчлэн дэмждэг нэг намынхаа нэр дэвшигчдэд зэрэг санал өгдөг. Тиймээс ерөнхийлөгчийн намыг дэмжих эсэх нь бусад сонгуулийн үр дүнд ч нөлөөлдөг байна. Тиймээс удаагийн сонгуулиар Ардчилсан нам олонх болох эсэх нь цөөн хэдэн тойрогт хэн ялалт байгуулахаас ихээхэн шалтгаалж магадгүй юм.

СЕНАТЫН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМ ОЛОНХ БОЛОХЫН ТУЛД ДӨРВӨН СУУДАЛ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

АНУ-ын Конгрессын дээд танхим болох Сенат нийт 100 гишүүнтэй. Муж бүр хүн амын тооноос үл хамааран хоёр сенатортой бөгөөд сенаторууд зургаан жилийн хугацаатай сонгогддог. Хоёр жил тутамд Сенатын нийт суудлын гуравны нэг орчимд сонгууль явуулдаг.

Энэ удаагийн сонгуулиар ердийн журмаар 33 суудлын төлөө өрсөлдөхөөс гадна Флорида, Охайо мужид тусгай сонгууль болж, өмнө нь Марко Рубио болон Ж.Д Вэнс нарын эзэмшиж байсан суудлыг нөхнө. Ийнхүү нийт 35 суудлын төлөө өрсөлдөх бөгөөд үүнээс 22 нь Бүгд найрамдах намын, 13 нь Ардчилсан намын эзэмшилд орно гэж тооцоолж байна.

Одоогоор Сенатад Бүгд найрамдах нам 53, Ардчилсан нам 45 суудалтай. Мөн хоёр бие даагч сенатор Ардчилсан намтай хамтран ажилладаг тул тус намын бүлэг нийт 47 гишүүнтэй гэсэн үг.

Ардчилсан нам Сенатад олонх болохын тулд цэвэр дүнгээр дөрвөн суудал нэмж авч, нийт 51 суудалтай болох шаардлагатай. Шинээр сонгогдсон сенаторууд 2027 оны нэгдүгээр сарын 3-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

ЯМАР МУЖУУДЫН СОНГУУЛЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА ВЭ?

Ардчилсан нам Сенатын олонхыг авахын тулд өөрийн эзэмшиж буй 13 суудлаа хадгалахын зэрэгцээ Бүгд найрамдах намын зарим суудлыг авч чадсан байх шаардлагатай.

  • Жоржиа муж: Ардчилсан намын сенатор Жон Оссофф Бүгд найрамдах намын Майк Коллинзтой өрсөлдөнө.

  • Мичиган муж: Сул байгаа суудлын төлөө Ардчилсан намын Абдул Эль-Сайед, Бүгд найрамдах намын Майк Рожерс нар өрсөлдөнө.

  • Нью-Хэмпшир муж: Сул суудлын төлөө Ардчилсан намын Крис Паппас, Бүгд найрамдах намын Жон Сунону нар өрсөлдөнө.

  • Мэн муж: Бүгд найрамдах намын сенатор Сюзан Коллинз Ардчилсан намын Трой Жексонтой өрсөлдөнө.

  • Хойд Каролина муж: Сул суудлын төлөө Ардчилсан намын Рой Купер, Бүгд найрамдах намын Майкл Уотли нар өрсөлдөнө.

Мөн Охайо, Аляска, Айова мужийн сонгууль өрсөлдөөнтэйд тооцогдож байна. Сонгуулийн шинжээчдийн үзэж буйгаар, Ардчилсан нам Сенатын танхимд олонх болох нь Төлөөлөгчдийн танхимд олонх болохоос илүү хэцүү. Гэсэн ч өрсөлдөөнтэй сонгуулийн тойрог, мужийн тоо нэмэгдэж байгаа нь Сенатад олонх болох боломжийг нь нэмэгдүүлж байна. Ардчилсан нам Сенатын одоогийн суудлуудаа алдахгүй хадгалж, Бүгд найрамдах намаас дор хаяж дөрвөн суудал илүү авах шаардлагатай. Энэ нь Трампын засаг захиргаа Конгресс дахь дэмжлэгээ хадгалах уу, эсвэл Сенатын хяналтаа алдах уу гэдэгт нөлөөлнө.

АНУ-ЫН ЗАВСРЫН СОНГУУЛИЙН ГОЛ АСУУДЛУУД БА СОНГОГЧДЫН БАЙР СУУРЬ

АНУ-ын 2026 оны завсрын сонгуулиар иргэдийн амьжиргааны өртөг хамгийн чухал асуудал болж байна. Шатахууны үнэ, орон сууцны зардал нэмэгдэж, эрүүл мэндийн даатгалын төлбөр өрхийн төсөвт дарамт учруулж байгаа юм.

Үүнээс гадна дараах асуудлууд сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй байна.

  • Үр хөндөлтийн эрх: Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн асуудал.

  • Цагаачлал: АНУ-д ирэх цагаачдын талаарх бодлого, хил хамгаалалт.

  • Ардчилал: АНУ-ын ардчилсан тогтолцооны өнөөгийн байдал.

  • Ирантай холбоотой дайн: АНУ, Израилын Ираны эсрэг явуулж буй дайны аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх нөлөө.

  • Хиймэл оюун ухаан: "AI" технологи болон дата төвүүдийн хурдацтай өсөлтөөс үүдэх ажлын байр, эрчим хүчний хэрэглээ, зардлын асуудал.

"USAFacts" байгууллагын мэдээллээр, АНУ-д ойролцоогоор 210 сая хүн сонгогчоор бүртгүүлжээ. Энэ нь тус улсын 18 ба түүнээс дээш насны оршин суугчдын бараг 80 хувьтай тэнцэж байна. Сонгогчдын бүртгэлээр Калифорни муж 23.2 сая хүнтэйгээр тэргүүлж байгаа бол Техас 17.4 сая, Флорида 13.6 сая сонгогчтой байна. Эдгээр гурван муж нийт бүртгэлтэй сонгогчдын 26 орчим хувийг бүрдүүлдэг.

Харин сонгогчдын тоо хамгийн цөөн мужуудад Вайоминг (278,468), Вермонт (459,455), Аляска (603,310) багтаж байна.

"Pew Research Center"-ийн есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 4-ний хооронд явуулсан судалгаагаар сонгогчдын 44 хувь нь өөрийн тойрог дахь Ардчилсан намын нэр дэвшигчийг, 36 хувь нь Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин таван хувь нь өөр нэр дэвшигчийг дэмжсэн бол 15 хувь нь хараахан шийдвэр гаргаагүй байна. Хүйсээр нь авч үзвэл эрэгтэй сонгогчдын дэмжлэг хоёр намд тэнцүү буюу тус бүр 42 хувь байжээ. Харин эмэгтэй сонгогчдын 45 хувь нь Ардчилсан намын, 31 хувь нь Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг дэмжсэн байна.

АНУ-д завсрын сонгуулийн ирц ерөнхийлөгчийн сонгуулийнхаас бага байдаг. 1944 оноос хойш завсрын сонгуулийн ирц дунджаар 42 хувь орчим байсан бол ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 58 хувь байжээ.

БҮГД НАЙРАМДАХЧУУД КОНГРЕССЫН АЛЬ НЭГ ТАНХИМД ОЛОНХОО АЛДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?

Хэрэв Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болбол Бүгд найрамдах намын санаачилсан хуулиудыг хэлэлцэх, батлах үйл явцад саад учруулах боломжтой. Мөн Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд мөрдөн шалгалт явуулж, шаардлагатай тохиолдолд ерөнхийлөгчийн эсрэг импичмент зарлах асуудлыг эхлүүлэх эрхтэй болно. Түүнчлэн холбооны улсын төсвийг батлахад хоёр танхим хоёулаа зөвшөөрөх шаардлагатай байдаг.

Тиймээс Бүгд найрамдахчууд Сенатад олонх хэвээр байсан ч Төлөөлөгчдийн танхимын дэмжлэггүйгээр хуулиудыг дангаараа баталж чадахгүй.

Тодд Белтийн үзэж буйгаар, Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимыг хяналтдаа авбал төсвийн асуудлаар хоёр намын зөрчил нэмэгдэж болзошгүй. Үүний улмаас холбооны төрийн байгууллагуудын санхүүжилтийг батлах явц саатаж, төсөв тохиролцоогүйгээс төрийн зарим үйлчилгээ түр зогсох эрсдэл үүснэ. Белт мөн Конгресс дотоодын бодлогыг нь дэмжихгүй бол Трамп гадаад бодлогод илүү анхаарал хандуулж магадгүй гэж үзжээ.

Хэрэв Ардчилсан нам Сенатад олонх болбол Трампын томилгоод хяналт тогтооно. Үүнд холбооны шүүхийн шүүгчид, Дээд шүүхийн шүүгчид, засгийн газрын сайд нар болон элчин сайдууд багтана. Сенат мөн хуулийн төслүүдийг хэлэлцэж, батлахад нөлөөлөх эрхтэй. Энэ нь зөвхөн Трампын бүрэн эрхийн үлдсэн хоёр жилд бус, түүнээс хойш ч нөлөө үзүүлж болно.

Учир нь холбооны шүүхийн шүүгчид өөрчлөгддөггүй тул тэдний гаргах шийдвэр олон жилийн турш АНУ-ын хууль, бодлогод нөлөөлөх боломжтой.

Мөн ерөнхийлөгчийн эсрэг Төлөөлөгчдийн танхимаас импичмент зарласан тохиолдолд хэргийг Сенат хэлэлцэн шийдвэрлэдэг. Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулахын тулд сенаторуудын гуравны хоёр нь энэ саналыг дэмжсэн байх шаардлагатай.

Тиймээс Төлөөлөгчдийн танхим Ардчилсан намын хяналтад орвол Трампын бодлого, төсөвт хяналт тавих боломж нэмэгдэнэ. Харин Сенатыг Бүгд найрамдах нам алдвал түүний томилгоонууд, ялангуяа шүүхийн шүүгчдийг батлуулах үйл явцад саад учирч болзошгүй. Хоёр танхимын хяналтаа алдах нь Трампын бодлого хэрэгжүүлэх боломжийг улам хязгаарлана.

СОНГУУЛИЙН ДҮН ХЭЗЭЭ ТОДОРХОЙ БОЛОХ ВЭ?

АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 3-нд болж, эхний дүн тухайн өдрийн зүүн эргийн цагаар 18:00 цагаас буюу Монголын цагаар арваннэгдүгээр сарын 4-ний өглөө 07:00 цагаас гарч эхэлнэ. Гэхдээ өрсөлдөөн ойролцоо байгаа зарим тойргийн эцсийн дүн хэдэн өдөр, зарим тохиолдолд хэдэн долоо хоногийн дараа тодорхой болж магадгүй юм.

Сонгуулийн шөнө зарлагдах дүн нь урьдчилсан мэдээлэл байдаг. Сонгуулийн албаныхан шуудангаар ирүүлсэн санал, түр санал болон тоолж дуусаагүй бусад саналыг нэгтгэж, дүнг албан ёсоор баталгаажуулах шаардлагатай. Энэ үйл явц муж бүрд харилцан адилгүй хугацаа шаардана. Тодд Белтийн хэлснээр, зарим мужид сонгуулийн эцсийн дүн гарахад долоо хоног болон түүнээс ч урт хугацаа шаардагдаж болно.

Мөн Жоржиа мужид Сенатын сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадахгүй бол арванхоёрдугаар сарын 1-нд дахин санал хураалт явуулахаар төлөвлөжээ.

Сонгуулийн эхний дүнгээр аль нэг нам илүүрхэж байгаа мэт харагдсан ч эцсийн дүн өөрчлөгдөх боломжтой. Үүнийг АНУ-д “улаан зэрэглээ” (red mirage) гэж нэрлэдэг.

Учир нь зарим мужид биечлэн өгсөн саналыг эхэлж тоолдог бол шуудангаар ирсэн саналыг дараа нь тоолдог. Санал тоолох хугацаа удаашрах, эсвэл тэргүүлж буй нэр дэвшигч өөрчлөгдөх нь дангаараа сонгуулийн луйврын шинж тэмдэг биш гэдгийг шинжээч анхааруулжээ. Энэ сонгуулийн үр дүн АНУ-ын Конгресст аль нам олонх болохыг шийдэж, хууль батлах, ерөнхийлөгчийн засаг захиргаанд хяналт тавих, холбооны улсын төсвийг шийдвэрлэх эрх мэдлийн харьцааг Трампын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд тодорхойлно.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж