Ардчидсан намын бүлгийн дарга Б.Түвшинээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Юуны өмнө “Оюу толгой” компаниас орж ирэх ногдол ашиг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрөх ёстой гэсэн зарчим бий. Энэ хөрөнгийг хуулиас давсан байдлаар Засгийн газар төсөвтөө шууд тусгаж, өөр зориулалтаар зарцуулах гэж байсан нь эрх зүйн болон шийдлийн хувьд буруу байсан. Харин энэ асуудлыг залруулж чадлаа.
Гэхдээ үүний зэрэгцээ эрчим хүч болон бусад дэд бүтцийн төслүүдийг ногдол ашгийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн санал хэрэгжих боломжгүй болж байна. Энэ бол анхаарах ёстой асуудал юм.
Ер нь төсвийн хүрээний мэдэгдэл буюу дунд хугацааны төсвийн бодлогыг жил бүр төсөв өргөн барихтай зэрэгцүүлэн өөрчилж, шинэ санал нэмдэг асуудалд ямар байр суурьтай байх ёстой вэ гэдэг нь чухал. Төсвийн хүрээний мэдэгдэл бол ирэх жилүүдэд Монгол Улсын төсөв ямар үр дүн гаргах, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, тэдгээр нь эдийн засаг, нийгэмд ямар ач холбогдолтой байхыг урьдчилан төлөвлөдөг үндсэн баримт бичиг юм.
Энэ хүрээнд тодорхойлсон зорилго, төлөвлөгөөндөө нийцүүлэн төсвийн хөрөнгийг хуваарилж, төлөвлөсөн ажлуудаа санхүүжүүлж хэрэгжүүлэх ёстой. Гэтэл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээ байнга өөрчилж байна гэдэг нь үндсэндээ төлөвлөлтөө алдагдуулж байна гэсэн үг. Ингэснээр тухайн цаг үед хамгийн шаардлагатай гэж үзсэн асуудлыг шийдэх нэрээр төсвөөс санхүүжилт гаргаж, урт хугацаанд эдийн засагт бодит үр өгөөж өгөхгүй, ач холбогдол багатай төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтууд хэрэгжих эрсдэлтэй.
Тиймээс дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг сайтар тооцоолж, тодорхой хугацаа, шалгуур үзүүлэлт, үр дүнгийн зорилттой боловсруулах шаардлагатай. Үүний дараа төлөвлөсөн ажлуудаа төсвөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх нь улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болно. Харин өнөөдрийн болон маргаашийн хэрэгцээ, тухайн жилийн нөхцөл байдал, сэтгэл хөдлөлд тулгуурлан төсвөө байнга өөрчилж, шинэ төсөл хөтөлбөр нэмж ирсэн учраас өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын төсөв олон их наяд төгрөгөөр өссөн ч эдийн засаг, нийгмийн амьдрал, иргэдийн амьжиргаа, орлого дорвитой сайжирсангүй.
Тиймээс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл бол эдийн засгийн маш чухал ач холбогдолтой баримт бичиг юм. Үүнийг үндэслэлгүйгээр өөрчлөхгүй байх шаардлагыг мэргэжлийн байгууллагуудын зүгээс ч, хувь хүнийхээ хувьд ч тавьж ажиллаж байна" гэлээ.
3,605.46





















































Нэргүй 2026-10-23 202.126.88.118
ДАНХАР ТӨРИЙН АЛБААА ЦӨӨЛ !!! НИЙСЛЭЛ ГЭХЭД ДАРГА БҮР НЭГ КОМПАНИТАЙ ИДЭЖ БНА Ш Д