"Ахмадуудад нэг удаа 5 сая 535 мянган төгрөг олгох хэрэгтэй"
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Засгийн газар зүтгэсээр байгаад Оюу толгойтой хэлэлцээр хийж, 2040-өөд онд авах ёстой байсан ногдол ашгийг ирэх жилээс авахаар боллоо. Цаашдаа ч тасралтгүй авах хэрэгтэй. Ирэх жил гурван их наядаар төсөөлж байгаа дараа жил өсөх ёстой. Яагаад гэвэл Оюу толгой ашигтай ажиллаж байгаа. Миний хувьд зарчмын зөрүүтэй санал гаргах гэж байна.
Тодруулбал, Оюу толгой ногдол ашгийн эх үүсвэрийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж 542 мянган ахмад настанд нэг удаа тус бүр 5 сая 535 мянган төгрөг олгох арга хэмжээг хэрэгжүүлье.
10 аймагт дулааны станц барих асуудал дээр Солонгосын компани зээл олгоод аваад дампууруулсан гэсэн. Тэр мөнгөө олж ав. Хариуцлагыг нь тооцуулах хэрэгтэй. Миний зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүд дэмжээрэй.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
-Өнөөдөр бид 43,6 их наядын зарлага бүхий төсвийг хэлэлцэж байна. Монгол улсын түүхэн дэх хамгийн том төсөв. Ийм том учраас ард түмний амьдралд тэр хэмжээгээр дэвшил хөгжил ирнэ. Ард түмэн хүртэх эрхтэй, хүлээлт их байгаа. Боловсролын салбарын суурь асуудлыг сууриар нь шийдэж чадах боломжтой төсөв болсон гэж хүлээж байсан. Би энэ салбарын экспертийн хувиар Их хуралд орж ирсэн, гишүүний хувиар суурь судалгаа хийсэн. Хоёр жилийн өмнөөс 108 сургууль, 95 сургууль барих юм бол сургуулийн хүртээмжийг дээшлүүлж чадна. Багш нарын хөгжлийг дэмжих цогц дөрвөн хөтөлбөрийн санааг гаргаж, судалгаа хийж оруулж байсан. Өнөөдөр төсвөө эргээд харахаар сууриараа шийдэгдэж чадаж байна уу гэвэл хүлээлтэд хүрэхгүй байна. Улсын хөгжил бол хүний хөгжил. Хүний хөгжүүлэхийн тулд чанартай боловсрол байх ёстой. Чанартай боловсролыг өгөхийн тулд сайн бэлтгэгдсэн багш нартай байх ёстой. Өнөөдөр 3840 багш дутаад байгаа. Боловсролын салбар багш дутагдлаар хямраагүй гээд салбарын сайд хэлээд байгаа. Нормын хувьд бодоход дахиад 6300 багш дутуу байна гээд хэлээд байгаа. Сургуулиудыг аваад үзэхэд 899 сургууль дотор математикийн багш, англи хэлний багш, физик, химийн багшаар дутуу гээд бэлээхэн судалгаанууд гараад ирчихсэн. Багшийн нэр хүндийг өсгөх, багш мэргэжлийг сонгох, багшийн чанарын болон тоон хомсдолыг арилгах талаар ямар хөтөлбөр арга хэмжээнүүдийг оруулсан бэ. Уг нь боломж нь бүрдчихсэн л төсөв байна.
"Засгийн газар өнгөрсөн 10 жилд 205 их наяд төгрөгийн төсөв зарцуулсан"
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав. Үргэлжлээд гишүүд асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Боловсролын салбарын асуудлаа л ярья. Нийт сургуулийн бүтээн байгуулалтыг харахаар бараг 76 хувь нь орон нутагт байна. Хөдөө сайхан амьдаръя, хашаандаа сайхан амьдаръя, орон нутаг руу шилжье, хотын төвлөрлийг сааруулъя гэдэг бодлоготой холбоотойгоор бүтээн байгуулалтууд нь орон нутаг руу чиглэж байгаа гэсэн үг үү. Гэтэл гурван ээлжээр хичээллэдэг сургууль Улаанбаатар хотод түлхүү байгаа. Үүн дээр хариулт авъя.
Хоёрдугаарт, Энэ жил зөвхөн нэгдүгээр ангийн сурах бичиг хэдэн хүүхдэд хэрэгтэй юм бэ. 4900 гаруй харааны бэрхшээлтэй брейл ном сурах бичиг хэрэгтэй хүүхэд орон даяар байгаа юм уу? 5000 ширхэг хэвлэх гээд байгаа сурах бичгийнхээ асуудлын гаргалгаа, учрыг нь олсон уу?
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж:
-Сурах бичгийн, хөрөнгө оруулалтын асуудал дээр хариулах боломжгүй байна. Боловсролын яамнаас хариулт өгүүлье.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Тойрогт очиж улс төрөө хийж байгаа юм шиг байх юм. Салбар салбарынхаа зовлон жаргалыг ярих ёстой. Эрүүл мэтгэлцээн хйимээр байна. Уг нь төлөгдөж байгаа татвар, төсөв бүрдүүлж байгаа эх үүсвэр чинь шөнө өдөргүй ажиллаж, өвөл зунгүй, өглөө оройгүй Нарантуул дээр зогсож байгаад, ломбарданд сууж байгаад олсон татвар төлөгчдийн мөнгө.
Түүнээс биш "Эрдэнэс Монгол" дээр эрхэлж байгаад эсвэл Б.Энхбаяр сайд шиг бусдыг гүтгэж, доромжилж байгаад олсон мөнгө биш.
Төсвөө анхааралтай боловсруулмаар байна. Нэг бол Ерөнхий сайдын сургууль гэдэг, нэг бол цэнхэр дугаар гэдэг. Төрийн өмчид машин авах гэж байгаа бол хүн авахааргүй шар алаг машин ав. Тэгэхгүй бол та нарын тансаглалаас болж хувийн хэвшил бүсээ чангалсаар дууслаа. Чангалах нуруугүй боллоо.
Ингэж төлсөн мөнгийг зарцуулах гэж байж Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийг загнаж, доромжилж байгаад авна гэж хаана байх вэ? Эрүүл мэтгэлцээн өрнүүлмээр байна. Баавгайн нөхцөл байдлыг яах вэ, годрон өвчин тархаад байгаа ямаагаа яах вэ. Өчнөөн асуудал байна. Зарчимтай баймаар байна. 10 аймгийн дулааны станцын асуудал ярихаар битгий улс төржөөд бай гэх юм.
Англи, Америк шиг иргэд нь баян тансаг болсон бол их татвар авмаар байна. Хувийн хэвшилд зүтгэж, хамаг өрөө төлөөд Приусээс өөр машин авч чадахгүй байхад нь 30 жилийн татвар тавьчхаж байгаа юм. 2027 оны төсөвт хувийн хэвшлээ дэмжсэн нэг ч бодлого байхгүй. Төрийн өмчийн уул уурхайн компаниуд төсөв ядрахаар дандаа мөнгө өгнө гэсэн баталгаа байгаа юм бол хувийн хэвшлүүддээ нэг удаа боломж олгомоор байна. Бохир аргаар битгий улс төр хийгээд бай.
Сангийн яамнаас асууя. Нэг аймагт нэг музей барих мөнгийг нэг жилд 30 тэрбумыг тавьж байна. Гэтэл Баянхонгор аймагт Номгон сумын сургууль нурчихсан, барих зардлыг нь гурван жил дараалуулж тавьж байгаа юм. Сургуулиас илүү ач холбогдолтой музей гэж байх уу, ямар эрэмбээр төсвөө хуваарилдаг вэ?
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:
-Төсвийн төлөвлөлт дээр хоёр янзын төлөвлөлт бий. Урсгал зардлын хувьд төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах. Боловсролын асуудал нэн тэргүүнд орж ирдэг. Хөрөнгө оруулалтын тухайд Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа. Ямар төрлийн хөгжлийн зээл авах вэ гэдэг нь шинэчлэгдэж байгаа. Музейн хувьд зүүн бүсэд баригдаж байгаа. Эх үүсвэр нь Оюу толгой. Дутуу төсөв тавигдаад эхлүүлээд дуусгаж чадахгүй үргэлжилж, улсын төсөвтэй холилдож болохгүй болохоор нэг мөр тавьдаг. Нөгөө сургууль нь улсын төсвийн эх үүсвэртэй. Төсөл, арга хэмжээг гурав хүртэл жил хувааж авч болдог зарчмын дагуу явдаг.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дахиад өөрчлөх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт бид энэ хуульд өөрчлөлт оруулсан. Ер нь бид уул уурхайн орлого нэмэгдэх бүрд төсвөө тэлж төрөөс хуваарилдаг мөнгийг өсгөдөг чөтгөрийн тойрог шиг загвараасаа хэзээ салах вэ. Орлого нэмэгдлээ зарлагаа нэмье, хязгаарт багтахгүй бол хязгаараа өөрчилье, хуулийн шаардлагад нийцэхгүй бол шаардлагаас нь чөлөөлье. Төсвийн сахилга бат гэж ярихын хэрэг байна уу. Уг нь энэ хууль орлого ихтэй жилдээ бүгдийг зарцуулж орлого буурсан жилдээ хүнд байдалд ордог уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн мөчлөгийг зохицуулах зорилготой байсан. Гэтэл одоо энэ төсөлд ноогдол ашиг орон нутгийн үнэт цаас урьд оны үлдэгдлээр зарлагын хязгаарыг өсгөж тэр нэмэгдлийг төсвийн тусгай шаардлагаас чөлөөлөхөөр тусгажээ. Ингэж болохгүй. Тиймээс би энэ төслийг эрс эсэргүүцэж байна. Ирэх жилийн төсөвт 1,3 их наяд төгрөгийн татаасны зардал тусгасан.
Төсөв тавиулж, түүнийгээ сурталчилж, дахин сонгогддог энэ хуучин загварыг шинэ цагийн улс төрчид бид өөрчлөхгүй юм уу?
Бидний ажлын үр дүн иргэдийн амьдралын чанар хэр сайжирснаар хэмжигдэх ёстой залуучууд ажилтай, орлоготой, өөрийн гэсэн өмчтэй болж чадаж байна уу? Хувийн хэвшил өөрийн хүчээр өсөж торниж байна уу? Монголчууд ая тухтай, тайван сайхан амьдарч байна уу?
Өнгөрсөн 10 жилд ЗГ 205 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулжээ.
Гэтэл нүдэнд харагдаж гарт баригдах үр дүн нь хаана байна. Ирэх жилийн төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг байна. Энэ их мөнгийг зарцуулах тогтолцоо, шийдвэр гаргах арга барил бахь байдгаараа хэвээрээ байхад ямар өөр үр дүн хүлээх юм бэ? Хамгийн ноцтой нь төсвийн ийм огцом тэлэлт үнийн өсөлтийг улам даамжруулж иргэдийн бодит орлогыг улам бууруулах үр дагавартай.
Төсвийн дүрэм гэдэг бол төр өөрийнхөө эрх мэдэлд тавьж байгаа хязгаар юм. Төр иргэдээс хууль мөрдөхийг бизнесүүдээс татвараа төлөхийг шаарддаг. Тэгвэл төр өөрөө тогтоосон дүрмээ яагаад мөрдөхгүй байна вэ. Монголын байгалийн баялаг бол нийт ард түмний баялаг. Энэ орлогыг өнөөдрийн хэрэгцээ, ирээдүйн боломж хоёрыг бодолцон удирдах үүрэг бид нарт байгаа. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын хуульд дахиж өөрчлөлт оруулах энэ саналыг эрс эсэргүүцэж байгаагаа энэ танхимд хэлэхийг хүссэн юм.
Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Үргэлжүүлэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
–Миний хувьд нэг зүйлийг сануулж хэлье. бусад улс орны өмнө хэлсэн үгэндээ хүрч байх, байгуулсан гэрээндээ хариуцлагатай хандаж байх шаардлагатай. Энэ найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай энэхүү гэрээ 2019 оны дөрөвдүгээр сард Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ороод зөвшилцөхийг зөвшөөрөөд түүнээс хойш 2024 оны зургадугаар сард хоёр улсын ерөнхийлөгч Лукашенко, У.Хүрэлсүх нар гарын үсэг зураад, 2024 оны зургадугаар сард хоёр улсын Ерөнхийлөгч гарын үсгээ зурчихсан байхад айлын тал дөрөвхөн сарын дараа буюу 2024 оны аравдугаар сард соёрхон батлах шийдвэрийг парламентаараа гаргачихсан. Манайх байхгүй, өнөөдрийг хүрлээ. Гэтэл ерөнхйилөгч өнөөдөр тэнд явж буй.
“Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг асуудалдаа яаж хандаж байгаа нь харагдаад байна. Хаана алдаа гардгийг мэдэхгүй.
Байнгын хороогоор аливаа асуудал зөвшилцөх, гэрээнд гарын үсэг байгуулах зөвшөөрлийг нь өгчихдөг. Хэдэн жилийн дараа эргээд орж ирдэг. Сүүлдээ УИХ-ын гишүүд ч мартаад, соёрхон батлах асуудал дээр нь бас унагаасан, буцаасан асуудлууд байгаа. Ийм хариуцлагагүй баймааргүй байна. Хаанаа алдаа дутагдал гараад байдаг юм. Цаашлаад олон улсын өмнө хүлээсэн үүргээ хүлээдэг байх хэрэгтэй байна. Иймэрхүү байдлаар хандмааргүй байна. Үүнийг протоколд үлдээгээд, хэн энд хяналт тавих вэ? Эсвэл байнгын хороо гэрээ байгуулах зөвшөөрөл өгч байгаа бол хаана энэ ажиллагаа явж байна вэ гэдэг дээр хяналтаа тавих юм уу? Засгийн газар хяналтаа тавих юм уу, УИХ-ын Гадаад харилцаа тамгын газар тавих юм уу, Гадаад хэргийн яам анхаарах юм уу? Уг нь нэг цонхны бодлоготой. Энэ асуудлыг анхаарч үзээч ээ. Одоо баталчихвал сайн. Маргааш батлаасай. Хариуцлагатай байя.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Лукашенко 2024 онд Монгол Улсад айлчилсан. Монгол, Беларус хоёр улсын хоорондын найрсан хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Үүнийг Их хурлаар хэлэлцэх байсан ч их оройтлоо. Нөгөө тал хэдийн баталсан. Олон улсын гэрээ хэлэлцээрийг цаг турхй бүрт нь хийж баймаар байна. Холбогдох хүмүүс анхаараарай. Маргааш хоёр орны ерөнхийлөгч уулзана. Тиймээс өнөөдөр баталчихвал зүгээр.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Беларусь улс газар тариалан, хөдөө аж ахуйн улс. Энэ гэрээ батлагдсанаар бид ямар үүрэг хүлээх, ямар давуу тал бий болох вэ?
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин:
-Беларусь, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн тус улсад энэ сарын 22-24-ний хооронд айлчлал хийхээр болсон. Найрсаг харилцааны гэрээ байгуулснаар хоёр улс бүхий л салбарт хамтран ажиллах баримт бичгийг бүрдүүлнэ.
"Шүүгчийн нэр хүнд үгүй болж, шүүгч болох хүнгүй болсон"

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Дараах асуудлыг хэлэлцэнэ.
-Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлт /Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/,
-Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай,
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал,
-Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл,
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,
-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль,
-“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг,
-“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж сонгохоор заасан. Байнгын хорооны тогтоолоор хуралдаанаар шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Ингээд ажлын хэсэг хуралдаанаар шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн журмын дагуу сонгон шалгаруулалтыг үе шаттаай зохион байгуулсан. Г.Эрдэнэбулган, Б.Амартүвшин, Ч.Отгонсүрэн, Б.Даваажав нарыг шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэшүүлсэн. Ингээд Б.Амартүвшин, Б.Даваажав олонхын санал авсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж олонхын санал авсан Б.Амартүвшин, Б.Даваажав нараас гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
– Шүүгчийн тангарагт нийт 62 үг бий. Энэ дотор шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг гэж агуулга байгаа. Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн аливаа шийдвэрийг гаргаж шүүгчийн ёс зүйг чанд сахина гэсэн агуулгатай. Монгол Улсын шүүгч бол шударга ёсыг тогтоох, ариун журамт үүргийг хэрэгжүүлнэ гэж ард түмний өмнө тангараг өргөдөг. Энэ тангараг хэрэгжих эс хэрэгжихээс хамаарч шүүхийн нэр хүнд, төрд итгэх итгэл, олон нийтийн итгэлийг татах эсэх нь хамаарна. Иргэдийн шүүхэд итгэх итгэл хангалттай биш байгаа. Та сонгогдсоноор иргэдийн итгэлийг бий болгох бодлогын ямар өөрчлөлт хийх вэ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Б.Амартүвшин тэрбээр, миний бие өнөөдрийг хүртэл өмгөөлөгчөөр ажилласан энэ хугацаанд ажигласан нэг зүйл нь бид нэг гол асуудлыг орхигдуулаад байна гэж харж байгаа. Тэр нь юу вэ гэхээр шүүхийн шийдвэрийн биелэлтийг орхигдуулсан байна. Эрүүгийн хэргийн шүүхийн биелэлт 100 хувь байна. Харин захиргааны хэргийн шүүхийн биелэлт хэргийн оролцогчдоос хамаараад харьцангуй өндөр. Гэтэл иргэний хэргийн шүүхийн шийдвэр биелүүлэх үйл явц 30 орчим хувьтай байна. Шүүхийн шийдвэр гармагц шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь шүүхийн шинэчлэлийн үр дүн, шүүхэд итгэх итгэл алдагдахад нөлөөлж байгаа. Тиймээс энэ асуудал дээр манлайлж оролцоно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Б.Даваажав хариулт өгөв. Тэрбээр, шүүгчийн хувьд Үндсэн хуульд заасан бүхий л үнэт зүйлсийн төлөө тангараг өргөдөг. Ард түмний эрх ашиг сонирхлын төлөө тангараа өргөдөг. Энэ үнэт зүйлсийн төлөө тангарагаасаа няцахгүй ажиллана. Шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Шүүхийн ачаалал маш их байгаа. Нэн ялангуяа нэр дэвшигч Б.Амартүвшин олон жил ажилласан сайн мэдэж байгаа байх ёстой. Өнөөдөр шүүхийн ачааллыг яаж бууруулах вэ гэдэг дээр ХЗДХЯ-наас хуулийн төсөл санаачлаад иргэний шүүхийн ачааллыг яаж бууруулах вэ гээд хэлэлцэж байна. Шүүх дээр хамгийн их асуудал үүсгэдэг гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг материаллаг процессын хуультай нь УИХ батлаад явж байна. Шүүхтэй холбоотой шүүгч нараа хамгаалах, шүүгчийн сонгон шалгаруулалт зарлахаар олдохгүй байна. Хуучин бид оюутнаар суралцаж байхад шүүгч болно гэж мөрөөдөж байхад хуульч мэргэжлийн оргил нь шүүгч гэж итгэдэг байсан. Өнөөдөр нэр хүнд байхгүй байна. Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаад байхад ордог, тэнцдэг шүүгч болъё гэж зүтгэдэг хүнгүй болсон байна. Материаллаг болоод материаллаг бус олон төрлийн шалтгаантай. Шүүхэд ажиллаж байсан, уг байгууллагын зовлон жаргалыг мэдэх, олон санаа санаачилга гаргаж болох хүний хувьд санаачилгатай ажиллаарай. Хоёр нэр дэвшигчид хоёуланд нь захихад, шүүгчийн хараат бус байдлын асуудал маш чухал асуудал байгаа. ШЕЗ-ийн гүйцэтгэх нэн чухал чиг үүрэг. Шүүгчид нөлөөлдөг, утсаар ярьдаг, шийдвэрт нь албан тушаалд нь нөлөөлдөг зүйл дээр хатуу тэмцээрэй.
3,605.46





















































норовжав 2026-10-22 59.153.115.18
Аж ахуй нэгжүүд , иргэд татвар , гаалийн ба бусад төрлийн татвар , торгуул хэлбэрээр төрд төлж байгаа хөрөнгийг төр засгийн сан , хөрөнгө гэж нэрлэдэг ба түүнийг захиран зарцуулах эрх нь үндсэн хуулиар төрд олгогдсг болой. Төр түүнийг захиран зарцуулах эрхгүй мэт ярих үндэсгүй юм.
Үндэсний баялагаас иргэд төр өөс гаргасан хувьцааны дагуу түүнд ногдох ногдол ашгийг иргэд хүртэх ёстой. Монгол улсын бүх баялаг нь ард түмний өмч бөгөөд түүнд д ногдох ашиг бүрийг иргэдэд олгох боломжгүй юм.
ТӨРИЙН ИХ НАЯДЫН МЕГАА ТӨСЛҮҮДИЙН ШАСТИР .... 2026-10-22 202.70.38.250
Төрийн албаар дүүрэн давхардсан орон тоонууд…..Нйислэл гэхэд л нэг орон тоо дор хаяж 2-3 давхараараа, Дарга болгон нь өөрийн компаниа ТӨХК, ОНӨҮГ болгоод Төсвийн мөнгөөр бордож байхаддаа . Төрийн албан хаагчидыг цалинжуулана тэд нар нь Төсвийн мөнгөөр Төсөл хэрэгжүүлсэн нэртэй Татвар төлөгчийн мөнгөөр туйлна ҮР ДҮН zero
Нэргүй 2026-10-22 202.70.38.250
Төрийн албаар дүүрэн давхардсан орон тоонууд…..Нйислэл гэхэд л нэг орон тоо дор хаяж 2-3 давхараараа, Дарга болгон нь өөрийн компаниа ТӨХК, ОНӨҮГ болгоод Төсвийн мөнгөөр бордож байхаддаа . Төрийн албан хаагчидыг цалинжуулана тэд нар нь Төсвийн мөнгөөр Төсөл хэрэгжүүлсэн нэртэй Татвар төлөгчийн мөнгөөр туйлна ҮР ДҮН zero
Del 2026-10-22 202.133.76.43
зарим гишүүд нь тоогтох санаатай архаг хэдэн нохой хуцахын чинээ тоохгүй байх юмаа жоохон тоогоожээ хаха
Нэргүй 2026-10-22 64.119.24.254
Цогтбаатар гэх хэрүүлийн бузар луйвраар. шигдэв болтой. Жаргалан-босоо ороолонгоос дутахийм алга гээч
сонгогч 2026-10-22 202.9.47.104
Засгийн газар өнгөрсөн 10 жилд 205 их наяд төгрөгийн төсөв зарцуулчихаад овойж оцойсон юу бүтээв ???????????????? юу ч байхгүй …..зүгээр л хуваагаад идэцгээчихсэн муу хар хувалзнууд ……………..
Иргэн 2026-10-22 66.181.178.120
хуульгүй юм чинь шүүгчээр яах юм бэ
bolor 2026-10-22 202.179.28.14
тамхи гэж солиорч байхаар хулгай авилгатайгаа тэмцээч