Урьдчилгаа төлбөрөө төлсөн ч захиалсан байрандаа орж чадахгүй олон жил хүлээж буй иргэдийн асуудал нэг, хоёр компанийн хүрээнд хязгаарлагдахгүй байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны судалгаагаар нийслэлд 95 аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж буй 106 төслийн барилга хугацаандаа ашиглалтад ороогүй байна. Үүний цаана зөвхөн дуусаагүй барилгууд бус, байрны мөнгөө төлсөн атлаа түрээсийн зардал гаргаж, банкны зээлээ давхар төлөхөөс өөр аргагүй болсон олон иргэний амьдрал бий.
Орон сууцны захиалга өгч, гэрээ байгуулан, төлбөрөө төлсөн иргэдийн хувьд хамгийн чухал нь товлосон хугацаандаа түлхүүрээ гардан авах. Гэвч барилгын ажил зогсох, санхүүжилт тасалдах, инженерийн дэд бүтэц шийдэгдэхгүй байх зэрэг шалтгаанаар энэ хүлээлт олон жилээр үргэлжилж байна. Тэгвэл хугацаандаа ашиглалтад ороогүй төслүүдийг хэрхэн шийдвэрлэх вэ? Зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн компаниудын асуудлыг яаж зохицуулах вэ? Хамгийн гол нь хохирсон иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?
106 ТӨСЛИЙН 37 НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БАРИЛГЫН АЖЛАА ЭХЛҮҮЛЖЭЭ
Судалгаанд хамрагдсан нийслэлийн 106 төслийг барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлөөр нь авч үзвэл 37 нь зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн бол 69 төсөл зөвшөөрөлтэй ч хугацаандаа ашиглалтад ороогүй байна.
Өөрөөр хэлбэл, хугацаандаа ашиглалтад ороогүй төслүүдийн гуравны нэг орчим нь зөвшөөрөлгүйгээр ажлаа эхлүүлжээ. Харин зөвшөөрөлтэй төслүүдийн хувьд санхүүжилтийн хүндрэл, инженерийн дэд бүтцийн асуудал болон бусад шалтгаан барилгын ажлыг саатуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн төслүүдийн дийлэнх нь Баянзүрх дүүрэгт байрлаж байгаа бол орон нутагт инженерийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаас шалтгаалан удааширсан 27 төсөл бүртгэгджээ. Эдгээрээс Дархан-Уул аймагт хамгийн олон төсөл байна.

НЭГ БАЙРЫГ ХЭД ХЭДЭН ХҮНД ХУДАЛДАХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА
Орон сууц захиалагчдын хувьд тулгарч болох нэг томоохон эрсдэл нь нэг байрыг хэд хэдэн хүнд давхар худалдах явдал. Худалдан авагч тухайн байр өмнө нь өөр хүнд зарагдсан эсэх, захиалгын гэрээ нь бүртгэлд туссан эсэхийг шалгах боломж хязгаарлагдмал байвал маргаан үүсэх нөхцөл бүрддэг.
Энэ эрсдэлийг бууруулах хүрээнд орон сууцны захиалгатай холбоотой урьдчилсан тэмдэглэгээний эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн талаар холбогдох яамнаас УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэв.
Тодруулбал, Хот байгуулалтын кадастрын системд барилгын төслийн мэдээллийг оруулж, тухайн орон сууцны давхар, хаяг, тоотын мэдээллийг бүртгэхээр төлөвлөсөн байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд урьдчилсан тэмдэглэгээ хийснээр тухайн байрыг өөр хүнд давхар худалдах эрсдэлийг бууруулах зорилготой аж.
Хэрэв энэ тогтолцоо бүрэн хэрэгжиж, мэдээлэл нь иргэдэд нээлттэй, найдвартай байвал худалдан авагчид зөвхөн барилгын компанийн амлалтад найдах бус, захиалж буй байрныхаа бүртгэлийн мэдээллийг шалгах боломжтой болно.
Түүнчлэн барилгын төсөл эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтээ бүрэн шийдээгүй компаниудын хувьд ажил эхэлсний дараа мөнгөний хүндрэл үүсэж, барилга зогсох эрсдэлтэй. Харин ийм нөхцөл үүсэхэд хамгийн их хохирол амсдаг хүмүүс нь урьдчилгаа төлбөрөө өгсөн худалдан авагчид байдаг. Тиймээс барилгын компаниуд төсөл хэрэгжүүлэхдээ санхүүгийн чадавхаа нотолдог байх зохицуулалтыг хуульд тусгасан талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Батболд мэдээлэв.
Уг зохицуулалтын хүрээнд компаниуд тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн эх үүсвэрээ нотлох нөхцөл бүрдэх аж.
Мөн 2026 оны долдугаар сарын 3-нд Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зохицуулалтыг танилцуулж, барилгын төслийн санхүүгийн чадавх, хэрэгжилтэд тавих шаардлагыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа аж. Энэ нь санхүүгийн бодит боломжгүй атлаа олон төсөл зэрэг эхлүүлж, иргэдээс захиалга авсны дараа ажлаа зогсоох эрсдэлийг хязгаарлахад чиглэж байна.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭХЭЛСЭН 37 ТӨСЛИЙГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?
Зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн төслүүдийн асуудлыг шийдвэрлэхэд холбогдох зөвшөөрөл, мэдэгдлийн зохицуулалтыг ашиглахаар ажиллаж байна. Э.Батболдын мэдээлснээр, холбогдох хуулийн хүрээнд нийслэл эдгээр төслийн нөхцөл байдлыг судалж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх замаар үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг авч үзэх аж.
Түүнчлэн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын техникийн нөхцөлтэй холбоотой зохицуулалтыг Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ. Уг төслийг Засгийн газар дэмжсэн бөгөөд УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна.
Гэхдээ зөвшөөрөлгүй эхэлсэн бүх барилгын ажлыг шууд үргэлжлүүлэх боломжтой гэсэн үг биш. Тухайн төсөл хууль, техникийн шаардлага хангаж байгаа эсэх, газар ашиглалт болон инженерийн дэд бүтцийн нөхцөл ямар байгааг нарийвчлан шалгах шаардлагатай.
Энд нэг чухал асуудал бий. Барилгын компани хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ компанийн зөрчлийн улмаас хохирсон иргэдийн эрх ашиг орхигдож болохгүй. Тиймээс төсөл бүрийн бодит нөхцөлд тохирсон шийдэл гаргаж, барилгыг үргэлжлүүлэх боломжтой эсэх болон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулахыг тодорхой болгох шаардлагатай юм.
36 МЯНГАН АЙЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД 222.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
Орон сууцны төслүүдийн саатал зөвхөн хувийн хэвшлийн барилгуудаар хязгаарлагдахгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гурван талт гэрээ байгуулсан ч инженерийн дэд бүтцийн асуудлаас шалтгаалан удааширсан төслүүдэд мөн тооцоо, судалгаа хийжээ.
Яамны мэдээллээр, 2028-2030 онд ашиглалтад оруулах боломжтой нийт 36 мянган айлын дахин төлөвлөлтийн төсөл байгаа бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд 222.4 тэрбум төгрөгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Нийслэлээс эхний ээлжид зураг төсөл, тооцоо судалгаа нь бэлэн болсон төслүүдэд 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 90 тэрбум төгрөг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үлдсэн төслүүдийн санхүүжилтийг барилга угсралтын ажлын явцтай уялдуулан үе шаттай шийдвэрлэхээр тооцсон байна.
3,605.46





















































ҮЙЛИЙН ҮРТЭЙ БАРИЛГЫН КОМПАНИУД 2026-10-21 202.70.38.250
Сошиалаар хэн нэгэн зүгэээр л дэмий юм чалчисаныхаа төлөө 30 хоногоор баривчлагдаж байхад БАРИЛГЫН КОМПАНИУД нь Энгийн номохон Иргэдээ Мянга мянгаар нь ЗАЛИЛЖ байхад ТӨР НЬ ЮУУУЧ ХИЙДЭГҮЙД ГАЙХДАГ, ГОМДДОГ………….ҮНЭН ЮМ ГЭЖ ХАА БНА ЭНЭ УЛСАД
Нэргүй 2026-10-21 202.131.225.53
иргэд бас их гэнэн байх юмаа яаамаар ч юм дээ