niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 17:30 UTC Эх: https://news.mn/r/2894058/ e26f1fef58caf8be… ← niitlelch.mn руу буцах

Төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ

LiveТөсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ

Төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.20/ үргэлжилж, дөрвөн асуудал хэлэлцэж байна.


Хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Мөн ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүний 2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан зээлийн хүүгийн хөнгөлөлт, татаас, урамшуулал болон хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож байна.

 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
14 : 39
2026-10-20

Төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ

УИХ-ын Төсвийн болон холбогдох байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 59.5 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслийг танилцуулахдаа Сангийн сайд З.Мэндсайхан гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн байгууллагуудын үнийн төсөөлөл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон экспортын төлөвтэй уялдуулан тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тодорхойлсон гэв. Төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тухайн жилийн ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй алдагдалтай, эсвэл ашигтай байхаар тооцохоор тусгажээ.

Мөн төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх 12 жилийн дундаж өсөлтийн үзүүлэлттэй уялдуулан хязгаарлахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн Засгийн газрын өрийн үлдэгдлийг 2027-2028 онд тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцжээ.

Хуулийн төслийг хэрэгжүүлснээр Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг эдийн засгийн шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан тооцож, 2027 оны төсвийг бодит тооцоо, үндэслэлтэй төлөвлөх, төсвийн хөрөнгийг үр ашигтай хуваарилах нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ойр ойрхон өөрчлөх нь оновчтой бодлого биш гэдгийг онцолж, төсвийн зарцуулалтад сахилга баттай хандаж, урт хугацааны төлөвлөлт хийх шаардлагатайг сануулжээ.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

12 : 58
2026-10-20

"40 гаруй их наядын төсөв нийгмийн анхаарлаас холуур батлагдах эрсдэлтэй”

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

– Анх удаа төсөв нэг жилийн дотор 10 их наяд төгрөгөөр тэлж байгаатай холбоотойгоор иргэд олон нийт юу болж байгааг ойлгохгүй байна. Сэтгүүлчид ч энэ асуудлыг анхааралдаа авч, олон нийтэд хүргэх ёстой. Гэтэл нийгмийн анхаарлаас холуур 40 гаруй их наяд төгрөгийн төсөв батлагдах эрсдэл үүсээд байна.

Төсөв гэдэг бол 126 гишүүний халааснаас гарч, иргэдэд тарааж байгаа мөнгө биш.

Харин ард түмнээс авч, ард түмэнд хуваарилж байгаа хөрөнгө. Тиймээс мөнгийг зөв зарцуулж байгаа эсэхэд хяналт тавихад ард түмний оролцоо маш чухал.

Хэн эрх барьж байгаагаас үл хамааран төсвийн хамгийн гол хэлэлцүүлгийг өргөн барихаас нь өмнө хийгээгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлсний дараа төсвийг хэлэлцсэн бол илүү үр дүнтэй байх байлаа.

11 : 05
2026-10-20

2027 оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар санал хураалтын дүнг танилцуулахдаа тогтоолын төслийг батлах томьёоллоор санал хураалт явуулсныг мэдэгдэв. Санал хураалтаар гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэж, төслүүдийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

– Оюутолгойгоос ногдол ашиг авах нь сайн. Гэхдээ гол нь Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хоёр их наяд төгрөгийг авсан. Авсан мөнгөөрөө олон барилга, байшин санхүүжүүлнэ гэж Засгийн газар нь гэдийж суулаа. Иргэдээс санал асуулга авахдаа тодорхой санал өгөх боломжгүй болгосон. Өөрсдийнхөө бэлдсэн цаасан дээр хариултаа авна гэдэг нь иргэдийг хүртэл хөтөлж асуугаад, хөтөлж хариулт авдаг болсон гэсэн үг.

Яагаад ийм пээдгэр байгаа юм бэ гэхээр УИХ-ын гишүүд өөрсдөө ийм боломжийг бүрдүүлж өгөөд байна.

Иргэд Засгийн газарт итгэхгүй байгаа. Өмнө нь хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь авлига, үр ашиггүй байдалтай холбогдож, иргэдийн амьдралд наалдахгүй зүйл болсон.Баялгийн сангаас авсан мөнгөө гишүүдийнхээ тойрогт хуваарилж өгөөд явуулна. Наанаа бүгдээрээ сайхан зүйл ярьдаг ч УИХ-ын гишүүд баталж өгөөд л явуулна. Үүний үр дүнд дараа дараагийн жилүүдэд Монгол Улс Засгийн газрын урсгал зардлыг дийлэхгүй хэмжээнд хүрнэ. Энэ бол ойрхон байгаа эрсдэл.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

Эрчим хүчний бодлого төсвийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ? Ерөнхий сайд ногоон өртөө төслийн талаар хэвлэлээр ярьж байсан. Энэ төсөл ямар хэлбэрээр, ямар хэмжээнд төсөвт туссан бэ? 2027 онд эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт авчрахыг тодруулъя.

Сангийн сайд З.Мэндсайхан:

Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд шатахууны асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх зорилгоор ногоон шилжилтийн бодлогыг тусгасан. Энэ хүрээнд уул уурхайн машин механизм, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас гурван жилийн хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

Татварын хөнгөлөлтөөс гадна хөнгөлөлттэй зээл зэрэг санхүүгийн эх үүсвэр бий юү? Өмнөх хугацааны тооцоо, тоон мэдээлэл байна уу?

Сангийн сайд З.Мэндсайхан:

Ногоон шилжилтийг хэрэгжүүлснээр жил бүр түлшний импортод зарцуулдаг 200-300 гаруй сая ам.долларыг дотооддоо үлдээнэ. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 166 мянган тонноор бууруулах тооцоо гарсан.

Энэ нь 33 мянган янданг буулгасантай тэнцэх хэмжээ юм.

Санхүүгийн дэмжлэгийн хүрээнд Төрийн банкаар дамжуулан 300 сая ам.долларын эх үүсвэр босгож, жилийн 10 хувийн хүүтэй зээл олгохоор төсөлд тусгасан. Үүний хүрээнд иргэдэд 100 сая, аж ахуйн нэгжүүдэд 300 сая төгрөгийн зээл олгохоор тооцоолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж