Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ачаалал энэ хичээлийн жилд туйлдаа хүрчээ. Тус сургуульд өнөөдрийн байдлаар нийт 6300 гаруй сурагч суралцаж байгаа нь сургалтын чанар, хүртээмжид хүндхэн сорилт болж буй юм. Зөвхөн энэ намар нэгдүгээр ангид шинээр элссэн 600 гаруй сурагч л гэхэд нэг бүлэгтээ 55-уулаа багширч, сандал суудал нь хүрэлцэхгүйдээ тулсан ч суралцахаас аргагүйд хүрчээ. Одоо тус сургууль үндсэн байрнаасаа гадна хоёр ч түрээсийн байранд үйл ажиллагаагаа хуваан явуулж байна. Мөн анги танхимын хүрэлцээ шийдэгдээгүй тул сурагчид гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Түүнчлэн ачааллыг түр ч болов сааруулахын тулд нэг долоо хоног танхимаар, нэг долоо хоног цахимаар ээлжлэн хичээллэх хүндхэн хуваарийг мөрдөж байна. Энэ асуудлыг газар дээрээс нь хөндөн сурвалжиллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй гэж тодорхой заасан байдаг. Гэвч өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах 34 дүгээр сургуулийн сурагчид "эрсдэлтэй бүс"-д суралцаж байна гэхэд хилсдэхгүй хүнд нөхцөл байдал үүсчээ. Учир нь тус сургуулийн хамран сургах тойргийн ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнээр анги танхимын хүрэлцээ туйлдаа хүрч, аргагүйн эрхэнд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах болсон. Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жилд тус сургуульд 6300 гаруй сурагч суралцаж байгаа нь сургалтын чанар, сурагчдын аюулгүй байдалд асар том асуудал, сорилтуудыг дагуулж эхэлжээ. Нэгдүгээр ангийнхан бүлэгтээ 55-уулаа багширч суудгаас наад зах нь агаар сэлгэлтгүй орчинд суралцахаас аргагүй нөхцөлд хичээллэж байгаа юм.
Хэдийгээр хоёр байр түрээсэлсэн ч ачаалал буураагүй тул гурван ээлжээр хичээллэдэг. Дээр нь сурагчид нэг долоо хоног танхимаар, нэг долоо хоног цахимаар гэсэн тогтворгүй хуваариар хичээллэх болсон нь хичээлийн хоцрогдолд хүргэж болзошгүй.

Сургуулийн хашаанд сурагчид биш, харин эх орныхоо өмнө үүрэг хүлээхээр цэргийн зарлан авсан залуус, тэднийг үдэн өгөх эцэг, эхчүүд нааш цааш холхиж харагдлаа. Энэ жижигхэн талбайд бага сургуулийн нэг байр, дунд болон ахлах ангийнхан хичээллэдэг аж. Гэвч тус танхимуудад цэрэг татлага хийж байсан тул дунд, ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэж анги танхимаа бүрэн чөлөөлжээ.

Үндсэн сургуультайгаа тун ойрхон байрлах тус түрээсийн байрны эргэн тойронд шинэ орон сууцны барилгын ажлууд өрнөж байгаа ч аюулгүй байдлын хамгаалалтын тор, хаалт хашлага алга. Барилгын талбайгаас сурагчдын дээрээс материал, ямар нэгэн зүйл унах өндөр эрсдэлтэй орчинд хүүхдүүд өдөр бүр хичээлдээ ирж, очиж байна. Түүнчлэн тус байрны гадна талбай нь сургуулийн зориулалттай биш, орон сууцны дундах тоглоомын талбай учраас оршин суугчид хүүхдээ салхилуулах, тоглох хөдөлгөөн сурагчидтай давхцаж, сургалтын орчин гэхэд хэцүүхэн дүр төрх угтах аж.
Сургуулийн гадна цугласан зарим эцэг эхчүүд хүүхдээ дотогш оруулмагцаа "Харгалзах хүнгүйгээр гадаа битгий гараарай, шаардлагагүй бол ангиасаа цухуйж болохгүй шүү" гэж захиж, араас нь сэтгэл зовнин ширтэнэ. Хүүхдээ хүргэж өгөхөөр ирсэн тавдугаар ангийн сурагчийн ээж З.Дэлгэрмаа түрээсийн байрны дотоод орчин, агааржуулалт болон сургалтын чанарт туйлын сэтгэл дундуур байгаагаа хэллээ. Түүний хэлж буйгаар тус байр нь анхнаасаа сургуулийн зориулалтаар баригдаагүй тул сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын наад захын стандартыг хангаж чаддаггүй байна. Тэрбээр “Манай хүүхэд 34 дүгээр сургуулийн тавдугаар ангид суралцдаг ч сургуулийнхаа төв байранд биш, энэхүү түрээсийн байранд хичээллэж байгаа. Сургуулийн зориулалттай биш учраас стандарт хангахгүй, агааржуулалт маш муу, хүүхэд суралцах эрүүл орчин үнэндээ байхгүй. Гэвч ямар ч сонголтгүй учраас аргагүйн эрхэнд энд сурч байна.
Манай хүүхдийн анги 40 гаруй сурагчтай. Бусад ангитай харьцуулахад энэ нь харьцангуй бага тоо. Бусад бүлгүүд нь нэг ангид 50 хол давсан хүүхэдтэй хичээллэж байгаа.
Тиймээс шинээр ашиглалтад орох 192 дугаар сургуулийг хугацаанаас нь огт хоцроолгүй, нэн даруй нээх шаардлагатай байна. Хэрэв шинэ сургууль амласан хугацаандаа ашиглалтад орчихвол ядаж хэдэн бүлэг ч гэсэн стандартын шаардлага хангасан орчинд шилжиж, 34 дүгээр сургуулийн хэт өндөр ачаалал бодитоор буурна гэж эцэг, эхчүүд бид харж, горьдлого тавин хүлээж байна” гэж ярилаа.

Сургуулийн орчин, сургалтын чанарт сэтгэл зовнин суугаа өөр нэгэн эцэг эхийн төлөөлөл бодит нөхцөл байдлыг маш шүүмжлэлтэйгээр ийнхүү хүүрнэлээ. Тэрбээр “Манайх сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Бага нь хоёрдугаар анги, том нь есдүгээр ангид суралцдаг. Бага анги нь гэхэд л нэг ангид 58 сурагчтай бол есдүгээр анги нь 51 хүүхэдтэй. Анги дүүргэлт хэтэрснээс болоод хүүхдүүд маань гурван ээлжээр хичээллэж байна. Тодруулбал, нэг долоо хоног танхимаар, дараагийн долоо хоног нь цахимаар хичээллэж байгаа юм. Үүнээс болоод сургалтын чанар үнэхээр муудаж байна. Багш нар нь цахим сургалтын долоо хоногтоо зүгээр л заасан нэр зүүгээд өнгөрдөг учраас хүүхдүүд хоёрын хооронд сурсан ч юмгүй, сураагүй ч юмгүй хоцорч байна.
Бага ангийнхны хувьд анги дүүргэлт асар их учраас урд суугаа хүүхдүүд нь самбартаа наалдаж, хойд талынх нь ханандаа тулчихсан сууж байна. Анги танхим нь ямар ч агааржуулалтгүй, маш бөгчим. Дээрээс нь гурван ээлжээр хичээллэж байгаа болохоор хүүхдүүд маань хичээлээ ойлгоход үнэхээр хүнд байна.
Манай энэ 24 дүгээр хороонд шинэ сургууль ашиглалтад орно л гэж олон жил ярьсан. Төлөвлөгөө ёсоор бол шинэ сургуулийн нээлтийг энэ сарын 1-нд хийх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, таг чиг байна.
Өнгөрсөн жил гэхэд 7, 8 дугаар ангийн хүүхдүүдийг цэцэрлэгийн байранд оруулж хичээллүүлсэн. Энэ бол үнэхээр дэндсэн асуудал. Цэцэрлэгийн орчинд дунд ангийн сурагчид суралцана гэдэг байж боломгүй өрөөсгөл зүйл. Анги нь агааргүй, бөгчим байхаас гадна наад зах нь ариун цэврийн өрөөний суултуур нь хүртэл цэцэрлэгийн насны жижигхэн хүүхдийнх байдаг шүү дээ.
Нэг талаараа бид сургуулийн удирдлагуудыг буруутгахгүй. Харин Боловсролын яам үүнд онцгой анхаарах ёстой. Сайд, дарга нар нь зурагтаар гоё гоё зүйл их ярих, амьдрал дээр хэрэгжиж байгаа нэг ч ажил алга.
Зарим боломжтой айлууд нь хүүхдээ ийм орчинд сургахгүй гээд хувийн сургууль руу шилжүүлсэн ч, төлбөрийг нь дийлэхгүй байна гээд дараа жил нь буцаад л ирж байна. Сургуулийн эрэлт хэрэгцээ өндөр байхад нийслэл ч, салбар яам нь эртнээс бэлтгэл базааж, анхаарч ажиллах хэрэгтэй санагддаг” гэж бухимдлаа илэрхийллээ.

Харин тус сургуулийн захирал Р.Өлзийхишиг "2026-2027 оны хичээлийн жилд манай сургуулийн нэгдүгээр ангид 600 орчим хүүхэд шинээр элсэн суралцаж байна. Хан-Уул дүүргийн 4, 5, 23, 24 дүгээр хорооны хүүхдүүдийг хамран сургадаг учраас энэ хичээлийн жилд ачаалал маш өндөр байна. Гэхдээ энэ хичээлийн жилд боловсролын салбарт дорвитой арга хэмжээ авсны үр дүнд, "Хотхоны бага сургууль" болон "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулах бодлогын хүрээнд зохицуулалтууд хийсэн.
Ингэснээр 1-5 дугаар ангийн 400 гаруй сурагч хотхоны бага сургуулийн зохион байгуулалтад орж, гэрийнхээ ойр суралцаж байгаа бол 40 гаруй сурагч төрөлжсөн ахлах сургуульд шилжсэн.
Үлдсэн хүүхдүүд маань төрөлх сургууль дээрээ хичээллэж байна. Удахгүй буюу ирэх сараас 24 дүгээр хороонд 960 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль ашиглалтад орохыг хүлээж байна. Шинэ сургууль сурагчдаа хүлээн авах бэлтгэл ажил хангагдаад явж байгаа бөгөөд тохижилтын ажлыг Боловсролын яамнаас нийлүүлэхээр бэлтгэж байна.
Манай сургуулийн ачааллыг бууруулах хүрээнд тал талдаа анхаарч ажиллаж байгаа.
Одоогоор 1-5 дугаар ангийн сурагчид хичээлийн гурван байранд, гурван ээлжээр хичээллэж байна. Шинэ сургууль ашиглалтад орж, сурагчдаа авч эхэлбэл энэхүү гурван ээлжийн асуудал бүрэн зохицуулагдана. Мөн 6-12 дугаар ангийн сурагчид сургуулийн А байранд хичээллэж байгаа. Энэ хүрээнд 6-7 дугаар ангийнхан А байрны хоёрдугаар ээлжинд, харин 12 дугаар ангийнхан нэгдүгээр ээлжинд бүтэн танхимаар хичээллэж байна.
Харин анги танхимын хүрэлцээгүй байдлаас шалтгаалж 8-11 дүгээр ангийнхныг таван өдөр танхимаар, таван өдөр цахимаар хичээллэх хэлбэрээр зохион байгуулж байгаа.
Цахим сургалтын таван хоногийн хугацаанд багш нар дараагийн ажлын бэлтгэлээ хангадаг. Нөгөөтэйгүүр, 8-11 дүгээр ангийн сурагчид бага ангийнхантай харьцуулахад бие даан суралцах чадвар өндөр учраас ингэж зохицуулсан. Сургуулийн удирдлагын зүгээс сургалтын агуулгын хоцрогдол гаргахгүй байхад онцгойлон анхаарч ажиллаж байна” гэлээ.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн Хан-Уул дүүрэг тэр дундаа Яармагт орон сууцны хорооллууд олноор баригдах болсон. Шинэ байр нэмэгдэхийн хэрээр тус дүүрэгт сургуулийн насны хүүхэдтэй залуу гэр бүлүүд олноор нүүж ирж, хүн амын төвлөрөл асар хурдтай өсөж байна. Үүнийг дагаад ерөнхий боловсролын сургуулийн эрэлт, хэрэгцээ шаардлага хэд дахин нэмэгдэж байгаа ч барилгын компаниуд энэ асуудлыг огт хайхардаггүй, нэг талаараа бүх ачааллыг төрд үүрүүлж, хариуцлагаас бултдаг арга барил нь улам гаарсаар байна.
Тэд анхнаасаа зураг төсөлдөө сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөдөг ч амьдрал дээр зөвхөн ашиг харан цементэн ширэнгэ босгож, хүүхдүүдийн сурч боловсрох орчин, тоглоомын талбайг хавчин боомилж байна.
Компаниуд зөвхөн ашгаа олж, байраа зараад дуусдаг бол тэдний босгосон бетонон ширэнгэ дунд хүүхдээ хаана сургахаа мэдэхгүй мухардсан эцэг эхчүүд, ачааллаа дийлэхгүй гурван ээлжээр хичээллэж буй 34 дүгээр сургууль шиг төрийн өмчийн цөөн хэдэн сургуульд хүүхдээ сургахаас өөр сонголтгүй болж байна.

Тус сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдийн ээж Х.Өнөрсайхан хэлэхдээ, "Уг нь 34 дүгээр сургууль хоёр хорооны хүүхдийг сургах ёстой юм билээ. Гэтэл одоогоор дөрвөн хорооны хүүхдийг хамарч, 6000-7000 хүүхэд нэг доор суралцаж байна. Хичээлийн нээлт яг л хонь ямаа нийлж байгаа юм шиг хүүхэд, эцэг эхчүүд багталцахгүй, хөл толгой нь олдохгүй шахцалдсан.
Одоогийн байдлаар манай хүүхдийн анги 46 сурагчтай. Анги танхимын хувьд авч үзвэл самбарын өмнө бараг зайгүй болж, маш шигүү, бөгчим орчинд хүүхдүүд сурч байна. Сургууль ачаалал ихтэйгээс болж гурван ээлжээр хичээллэдэг. Үүнээс болоод заримдаа хүүхдээ хэн нь очиж авах вэ гэдэг дээрээ тулдаг.
Ажил хиймээр байдаг, гэтэл хүүхэд авах цаг нь нэг мэдэхэд л болчихсон байдаг. Бусад гэр бүлүүд ч ялгаагүй, хичээл орсноос хойш ердөө гуравхан цагийн дараа хүүхдээ ирж авах нөхцөл байдалтай байна. Аргаа барсан зарим эцэг эхчүүд хүүхдээ өдөр өнжүүлэх төвд өгч байна.
Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн улс. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуульд хүүхэд эрүүл, аюулгүй орчинд үнэ төлбөргүй сурч боловсрох ёстой гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр чанаргүй, төлөвлөлтгүй зохион байгуулалтаас болж хүүхдүүд маань ийм байдалтай сурч байна.
Зэргэлдээх шинэ 192 дугаар сургууль ашиглалтад орсноор гурван ээлж нь хоёр ээлж рүү шилжинэ гэж мэдээлсэн. Гэхдээ тус сургууль нь ердөө 960 хүүхдийн багтаамжтай. Тодруулж хэлбэл, 34 дүгээр сургуулийн зөвхөн нэг ээлжинд нь л 1000 гаруй хүүхэд хичээллэж байна. Энэ бол ганцхан байранд ээлжилж байгаа хүүхдийн цэвэр тоо шүү дээ. Энэ сургуулийг Боловсролын яамнаас анхаарах цаг хэдийнэ болсон. Эцэг эхчүүд удаа дараа Засгийн газрын "11-11 мэдээллийн төв"-д гомдол гаргаж байгаа ч тэд нар нь буцаагаад л сургууль руу нь хэлдэг. Сургууль бол энд ямар ч буруугүй шүү дээ. Төр өөрөө сургуулийнхаа тоог нэмэгдүүлж, энэ асуудлыг сууриар нь шийдэх шаардлагатай байна” гэж ярилаа.
Судалгаанаас үзэхэд бага боловсролын буюу 1-5 дугаар ангийн сурагчдын тоо харьцангуй тогтворжиж байгаа ч 2030 он хүртэл дунд болон ахлах ангийн сурагчдын тоо тасралтгүй өсөх төлөв гарчээ.
Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал, сурагчдын нягтаршил ойрын 2-3 жилийн хугацаанд оргил үедээ хүрэхээр байгаа тул төсвийн хөрөнгө оруулалтыг шинэ сургууль барих, анги танхимыг нэмэгдүүлэхэд нэн даруй оновчтой хуваарилах шаардлага тулгарч байна.
































ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,605.46





















































Нэргүй 2026-10-19 64.119.18.246
34-р сургууль 1966 оны их үерийн дараа Яармагийн дэнж дэх наадмын талбайн модон павильонуудыг өвлийн байшин болгон тохижуулж, 9 сарын 1 гэхэд нээлт хийж Цэдэнбал дарга өөрөө ирж байсан түүхтэй. Модон амбаруудыг өвлийн байшин болгож сургууль байгуулсан анхны захирал нь Гомбодорж гэдэг хүн байсан!!
Нэргүй 2026-10-19 161.5.6.230
Францад анги дүүргэлт 30 гарахад яаж байна. Манайх 50 гарчихаад байхад, ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдий хүрлээ. Монголчууд яалтчгүй л хонин сүрэг ажгуу.
Нэргүй 2026-10-19 103.212.118.25
Бид социалзмыг маш муулдаг.Гэвч тэр үед шинэ хороолол босгохдоо хамгийн эхэнд сургууль цэцэрлэг бариад дараа нь орон сууцнуудаа барьдаг байсан.Жишээ нь 10 хорооллыг барьж дуусхад 2 дунд сургууль 4 цэцэрлэг ТМС болон Сувилхуун сургуультай хороолол босож байсан.
Нэргүй 2026-10-19 124.158.123.34
Хятад улс 230 сая хүүхэдийг сургууль цэцэрлэгээр хангаад байхад бид 1 хэн сая хүүхдээ 3 ээлжээр, коридорт, нэг ангид 60 хүүхэд хичээллүүлж байгаадаа ичиж үхмээр юм.
Ха 2026-10-19 64.119.30.154
Монголын терийн гамшиг … Хелдуу байцаан толгойтнуудтай тер, засгийн бутээсэн гавьяа. Ямар ч улсад эхлээд зам, дэд бутэц, боловсролын асуудлаа шийдэж байж байр, орон сууцаа байрьдаг бол хелдуу байцаан толгойтнуудтай Монголын тер бетон ширэнгээ босгочихоод дэд бутцээ шийдэх гэж тэнэгтдэг. Бат-Уул мэтийн хелдуу толгойтнуудын гайгаар хотын тевийн газраа хувьчилсаны гор гарч байгаа юм.
yil sjillagaand chun opoltson. 2026-10-19 202.126.91.251
gadni xylgaichduig shaxax, gyilagchin tsarait bainguin Xylgaich ypbagch, kolonchlogch ShezoHegr.
Газар олголтоос эхэл 2026-10-19 103.212.118.186
газар олголт хариуцдаг дүүрэг, нийслэлийн нөхдийг шууд нэр зааж шалгаж, арга хэмжээ авах хэрэгтэй. Улаанбаатарын бүх түгжрэл, энэ төлөвлөлтгүй шавсан барилга, сургууль цэцэрлэгийн хүрэлцээний хамгийн гол буруутнууд. Бүх газрыг мөнгөөр зарж дандаа араар нуугдаж үлдээд мөнгөө цуслаад хэвтэж байдаг. Хоёрдугаарт Хот төлөвлөлт гэдэг газрыг ажлыг нь яг хийлгэ, эсвэл бүүр зайлуул. нэрнээс цаашгүй цалин авч, жирийн иргэдийг дарамталж суудаг газар.
Нэргүй 2026-10-19 202.70.40.166
14р сургууль ч гэсэн хэцүү нөхцөлд байна. Нарт хотхон, отгонтэнгэрт хичээллэж байна.Багш нар нь ч ирж амжихгүй хичээлийн цагаас хоцорч хүүхдүүд хоцрогдолтой. Энэ жил 6509 гаруй хүүхэд хичээллэж байна.
Иргэн 2026-10-19 202.9.46.149
1. Улсын сургуулийн 1-5 ангид УБ-рт нэг ангид 40-55 хүртэл хүүхэд сурч байгаа. 2. Эдгээр сурагчид дунд , ахлах ангид ороход анги дүүргэлт , төдийгүй байгалийн ухаан, мэдээлэл зүй гэх мэт зарим мэргэжлийн багш нарын дутагдалд орох магадлал маш өндөр юм. 3. Ойрын 10 жилдээ энэ ачаалал хэвээр үргэлжлэнэ. 4. Сургуулийн хүртээмжгүй байдал нь төрөлт буурах бас нэгэн хүчин зүйл мөн. Иймээс шийдвэр гаргагчид УБ-рт сургуулиудыг барих шаардлагатаЙ юм гэж хиймэл оюуны дүгнэлт гарсан байна.
zailyyl batalgaa o/H 2026-10-19 202.126.91.251
2014 onooc xoish shuljin upegceduig upcen gazart ni
xool yndni mungo 100 ; xalamjuin xooltoi yabdguin baile.
deep ni padni Xylgaichnyyd ni ergyylj bugLuruud
Neg Kolonchlogch gyilagchin tsaraitaar xybilduin bishyy.
Нэргүй 2026-10-19 66.181.164.23
ХОХЬ ЧИНЭЭ ХОХЬ ЧИНЬ ТА НАРЫН 30 ЖИЛ СОНГОСОН ХАРЙТ МАН НАМ ЧИНЬ. МАН-ы хулгайч нарын хүүхэд 100 саяын үнэтэй сургуульд явж байхад та нар юу юум. Та нар бол санал авах л манкурт боол өөр юу ч биш
Нэргүй 2026-10-19 202.126.89.240
энэ бол хотын Еранхий архичин нарын буруу
Зочин 2026-10-19 192.82.92.42
Боловсролыг самарч байгаа сайдыг яамтай нь яаралтай солье!!!
Цэцэг 2026-10-19 103.10.22.59
Яармагт 34, 41 хоёр улсын сургууль байгаа. маш их газрыг хувийн хэвшилд өгсөн атлаа Улсын сургууль барих газар огт өгөөгүй, бариулах ч үгүй байх сонирхолтой. ямар их хүнтэй болсоныг төр засгийн үхэр монголчууд үнэндээ мэдэхгүй юмаа. Энх-Амгалан гэж попорсон нөхөр юу ч хийхгүй дээ.