niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 17:33 UTC Эх: https://news.mn/r/2893398/ f9835a58b1cd97ac… ← niitlelch.mn руу буцах

"Урьдчилан тооцоолоогүй осол, гэмтэл гарвал хязгаарлалт хийнэ"

"Урьдчилан тооцоолоогүй осол, гэмтэл гарвал хязгаарлалт хийнэ"

"Урьдчилан тооцоолоогүй осол, гэмтэл гарвал хязгаарлалт хийнэ"

"Диспетчерийн үндэсний төв"-ийн Ерөнхий диспетчер Ч.Амарсанаатай  ярилцлаа.


-Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэглээний хангалтын хувьд бусдаас хараат байгаа асуудлын талаар олон жил ярьж байна. Сүүлийн жилүүдэд хараат байдлаа бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ. Тухайлбал, энэ өвөл эрчим хүчний чадлын дутагдлаа ямар эх үүсвэрүүдээс хангахаар төлөвлөсөн бэ?

–Монгол Улсын цахилгаан эрчим хүчний систем дотоодын үйлдвэрлэлээрээ нийт хэрэглээгээ бүрэн хангах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Цахилгаан эрчим хүчний системийн хувьд энэ өвөл хамгийн хүндрэлтэй жилүүдийн нэг байх төлөвтэй байна. Бид бүх эх үүсвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан ч дор хаяж 150 МВт-ын чадлын дутагдал үүснэ. Тиймээс энэ дутагдлыг ямар эх үүсвэрээр нөхөх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон.

Бид эхний ээлжинд БНХАУ-аас 80 МВт-ын цахилгаан эрчим хүч авахаар тооцоолж, техникийн бэлэн байдлыг хангасан. Та бүхэн энэ талаар сонссон байх. Хятадын Өмнөд бүсийн эрчим хүчний систем буюу Өвөр Монголын эрчим хүчний системээс Тавантолгойн дэд станц хүртэлх техникийн бэлэн байдлыг хангаж, туршилтын ажлуудыг бүрэн дуусгасан. Одоогоор 50 МВт-ын ачаалалтай ажиллаж байна. Өвөл ид хүйтрэх үеийн тооцоогоор импортын хэмжээ 80 МВт-аас давах боломжтой. Өөрөөр хэлбэл, дутагдал үүсэхээр байгаа 150 МВт-ын чадлын 80 МВт орчмыг БНХАУ-аас импортлох эрчим хүчээр нөхөх бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Харин үлдсэн 70 МВт орчмын чадлын дутагдлыг Сэлэнгэ аймагт “Райд Монголиа” компанийн барьж байгаа 70 МВт-ын дулааны цахилгаан станцаас нөхөхөөр төлөвлөсөн.

Уг станцын цахилгаан эрчим хүчийг аравдугаар сард хүлээн авахаар тооцож байсан ч ажил бага зэрэг хойшилсон. Одоо арваннэгдүгээр сарын 15 гэхэд эхний 35 МВт-ын блокийг системд залгахаар ажиллаж байна. Эхний 35 МВт-ын блокийг залгасны дараа одоо байгаа батарейн хуримтлуурын системүүдтэйгээ уялдуулан ажиллуулна. Харин үлдсэн 35 МВт-ын блокийг оны өмнө хүлээн авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системийн оргил ачааллыг энэ жил 1956 МВт орчим байхаар тооцсон. Энэ хэмжээний оргил ачаалал арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сард ажиглагдах төлөвтэй байгаа. Тиймээс шинэ эх үүсвэрүүдийг хугацаанд нь ашиглалтад оруулах нь маш чухал байна.

Үүнээс гадна ОХУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүч бас бий. ОХУ-аас 345 МВт-ын хэмжээнд импортын эх үүсвэр тооцож байгаа бөгөөд Сэлэнгийн буюу Оросын талын Сэлэндүмбэ чиглэлээс манай Дарханы системд орж ирэх чадлыг тооцоход алдагдлыг нь хасаад 320 МВт орчим цахилгаан эрчим хүч нийлүүлэгдэнэ. Ингээд бид дотоодын эх үүсвэрүүд, БНХАУ-аас авах импорт, ОХУ-аас авах импорт болон шинээр ашиглалтад орох станцуудаа тооцож, оргил ачааллыг бүрэн хангах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хэрэв эдгээр эх үүсвэр бүгд хэвийн, найдвартай ажиллаж, тооцоолсон чадлаа бүрэн нийлүүлж чадвал энэ жил цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхгүй ажиллах боломжтой.

-Төлөвлөх нэг өөр. Харин төлөвлөгөөний биелэлт хангагдахгүй бол эрсдэлт байдал үргэлжилэхээр харагдаж байна. Нөөц төлөвлөгөө бий юү?

-Хамгийн том эрсдэл нь одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын тоног төхөөрөмж хэзээ зогсох, хэзээ эвдрэл гэмтэл гарахыг бид урьдчилан нарийн хэлж мэдэхгүй байгаа явдал юм. Бид хамгийн муу хувилбараар тооцоо хийж үзэж байгаа. Тухайлбал, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын нэг генератор, нэг зуух зогсох нөхцөл үүсвэл яах вэ гэдгийг тооцож байна. Өнгөрсөн жил Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай холбоотой асуудал гарч, нэгдүгээр сард чадлын дутагдал үүссэний улмаас хэрэглээний хязгаарлалт хийсэн. Тиймээс энэ удаа ийм эрсдэлийг урьдчилан тооцож, бэлтгэлээ хангаж байна.

Товчхондоо, бидний төлөвлөсөн эх үүсвэрүүд хэвийн ажиллавал энэ өвөл хязгаарлалт хийхгүй байх боломж бий. Харин урьдчилан тооцоолоогүй осол, гэмтэл гарвал хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөл үүсэж болзошгүй.

Жишээлбэл, бид 100 МВт-ын чадлын дутагдал үүсэхэд ямар арга хэмжээ авах вэ, 100 МВт-ын хэрэглээг хэрхэн зохицуулах вэ гэдгийг төлөвлөсөн. Гэтэл ОХУ-аас авч байгаа 320 МВт-ын импортын чадалд ямар нэгэн шалтгаанаар доголдол гарч, тэр хэмжээний дутагдал үүсвэл бидэнд өөр эх үүсвэрээр нөхөх боломж хязгаарлагдмал. Ийм нөхцөлд хэрэглээний хязгаарлалт хийх асуудал зайлшгүй яригдана. Тиймээс бид эрчим хүчний салбарын онцгой горимд хэрхэн ажиллах бүх төлөвлөгөөгөө боловсруулж, баталсан. Хамгийн муу хувилбар буюу улс даяар эрчим хүчний систем тэг зогсолтод хүрсэн тохиолдолд цахилгаан станцуудаа хэрхэн сэргээх вэ гэдэг дээр ч туршилтын ажлуудыг амжилттай хийж дуусгасан.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг батарейн системээр сэргээх туршилт хийсэн.

Мөн өнгөрөгч наймдугаар сард Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг Сонгинын батарейн системээр сэргээх туршилтын ажлыг хийсэн. Ингэснээр бид хамгийн хүнд нөхцөлд эрчим хүчний системээ сэргээхэд шаардлагатай бэлтгэлээ хангаж байна. Үүн дээр нэмээд нэг нааштай мэдээ бий. Бид саяхан таван байршилд нийт 300 орчим МВт-ын нарны цахилгаан станц болон батарейн хуримтлуурын систем байгуулах сонгон шалгаруулалт зарласан. Эдгээр төслийн хүрээнд таван байршилд шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эдгээр төслийн дор хаяж 50 хувийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулж чадвал үүсэж болзошгүй чадлын дутагдлыг нөхөх нэмэлт эх үүсвэр бий болно. Тиймээс бид эдгээр төсөлд ихээхэн найдвар тавьж байгаа. Энэ бүх ажил төлөвлөсний дагуу хэрэгжвэл энэ өвлийг харьцангуй боломжийн давна гэсэн итгэлтэй ажиллаж байна.

-Тэгэхээр одоогийн тооцоогоор цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх боломж байгаа ч станцуудын эвдрэл гэмтэл, импортын доголдол зэрэг эрсдэлээс шалтгаалан нөхцөл байдал өөрчлөгдөж болох нь. Хэрэв асуудал үүсвэл хэчнээн айл өрхөд хязгаарлалт хийх эрсдэлтэй байна вэ?

–Бидний хувьд хамгийн эрсдэлтэй асуудлуудын нэг нь одоо ажиллаж байгаа станцуудын тоног төхөөрөмжийн насжилт, эвдрэл гэмтэл юм.

Өнөөдөр гэхэд л Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын дөрвөн зуухны дотор байрлах экран хоолойнууд цооролттой, үлээлттэй нөхцөлд ажиллаж байна. Бид уур, усны үзүүлэлтүүдийн зөрүүг нь хянаж, тухайн зуухыг боломжит хэмжээнд хэвийн ажиллуулахыг хичээж байна. Гэтэл нэг зуух зогсоход л ойролцоогоор 100 МВт-ын чадлын дутагдал үүснэ. Хэрэв хоёр зуух зогсвол 200 МВт орчим чадлын дутагдал үүсэх эрсдэлтэй.

Ийм нөхцөлд бид хэрэглээний хязгаарлалтыг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг урьдчилан төлөвлөсөн. Нэг удаад 70 МВт-ын ачааллыг ээлжлэн хязгаарлах 14 бүлэг бүхий таслалтын график гаргасан.

Өөрөөр хэлбэл, нийтдээ 700–800 МВт орчим ачааллыг ээлжлэн таслах боломжтой байхаар график боловсруулсан гэсэн үг. 70 МВт-ын ачаалал нь бараг арван аймгийн хэрэглээтэй дүйцэх хэмжээ юм. Гэхдээ аймгуудын төвүүдэд хязгаарлалт хийх үү, эсвэл Улаанбаатар хотын хэрэглээнд хязгаарлалт хийх үү гэдгийг тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэх шаардлагатай. Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээ ойролцоогоор 760 МВт байгаа.

Тиймээс хязгаарлалт хийх шаардлага гарвал нийслэлийн хэрэглээг 14 бүлэгт хуваан ээлжлэн хязгаарлах зохицуулалттай ажиллана.

Нэг бүлэгт хамрагдсан айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тодорхой хугацаанд хязгаарлаад, дараа нь дараагийн бүлгийг залгах зарчмаар ажиллана.

Нэг бүлгийн хэрэглээг хязгаарлаж, нөгөө бүлгийг залгахдаа аль болох хоёр цагаас хэтрүүлэхгүй байхыг зорьж байгаа.

Гэхдээ бодит нөхцөл дээр зарим хүндрэл гардаг. Жишээлбэл, хоёр цаг болоход дараагийн бүлгийн хэрэглээг залгаж эхэлсэн ч бүх хэрэглэгчийг нэгэн зэрэг залгах боломжгүй. Бүлэг бүлгээр нь дараалалтай залгадаг учраас хамгийн сүүлд холбогдох айл өрхийн цахилгаан арай хожуу сэргэх тохиолдол гарч болно. Нэг дор бүх хэрэглээг зэрэг тасалж, зэрэг залгах техникийн боломж байхгүй учраас бид ээлж дарааллаар зохицуулалт хийхээс өөр аргагүй. Тиймээс зарим тохиолдолд хязгаарлалтын хугацаа хоёр цагаас бага зэрэг хэтрэх асуудал гарч болзошгүй.

-Энэ өвөл айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэх үү. Өвлийн ид ачааллын үеэр тарифын өөрчлөлт хийхээр төлөвлөсөн зүйл бий юу?

–Энэ өвлийн ид ачааллын үед айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бид ярихгүй. Одоогийн тарифаар нь үргэлжлүүлэн ажиллана гэж ойлгож болно. Гэхдээ үнэ тариф тогтоодог байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хороо учраас нарийвчилсан мэдээллийг тус байгууллагаас авах нь зөв. Миний ойлгож байгаагаар эрчим хүчний салбар энэ өвлийг давж гарах хүртэл хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөхгүй. Харин иргэдэд шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрхэн олгох, эрчим хүчний салбарт төрөөс ямар хэмжээний татаас өгөх, хэрэглэгчдэд очих цахилгаан эрчим хүчний үнийг ямар хэлбэрээр хөнгөлөх вэ гэдэг асуудлууд Эрчим хүчний яамны түвшинд яригдаж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн хувьд шөнийн тарифын хөнгөлөлтийн асуудал хамаарч байгаа. Гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээтэй холбоотой энэ зохицуулалт өмнө нь хэрэгжиж ирсэн. Харин цаашид ямар хэлбэрээр, ямар нөхцөлөөр үргэлжлүүлэх вэ гэдэг нь яригдаж байгаа асуудлуудын нэг юм.

-Иргэдийн зүгээс цахилгаан тасрах үед хамгийн их бухимдаж байгаа асуудлын нэг нь урьдчилан мэдэгддэггүй явдал. Та бүхэн хязгаарлалт хийх хугацааг урьдчилан мэдээлэх боломжгүй байдаг юм уу? 

–Энэ асуудлыг ойлгохын тулд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор харах хэрэгтэй. Та бүхэн өдөр тутам унаж байгаа автомашинаа бодоод үзье. Машиныхаа яг аль өдөр, хэдэн цагт ямар эд анги нь эвдрэхийг урьдчилан хэлж чадах уу? Машин хэвийн явж байхад гэнэт моторын эд анги эвдрэх, ямар нэгэн гэмтэл гарах тохиолдол бий. Гэтэл яг тэр өдөр, тэр цагт эвдрэл гарна гэдгийг хэн ч нарийн хэлж чадахгүй. Манай эрчим хүчний салбар ч үүнтэй адил. Цахилгаан станцуудын олон тоног төхөөрөмж 50-60 жил ашиглагдсан. Ийм насжилттай тоног төхөөрөмжүүд дээр яг хэдний өдөр, хэдэн цагт, ямар хэмжээний гэмтэл гарахыг урьдчилан нарийн тооцоолох маш хэцүү. Бид аль болох эвдрэл, тасралт, саатал гаргахгүйгээр тоног төхөөрөмжүүдээ ажиллуулахыг хичээж байна.

Гэхдээ гэнэт гэмтэл гарлаа гэхэд яг тэр гэмтэл хэдэн МВт-ын чадлын дутагдал үүсгэх вэ, хэдэн айл өрхийн хэрэглээг хязгаарлах вэ гэдгийг бодит нөхцөл үүсэхээс өмнө бүрэн тодорхойлох боломжгүй.

Тухайн өдөр ямар станцад ямар гэмтэл гарсан, системийн нийт ачаалал ямар байгаа, импортоор авч байгаа цахилгаан эрчим хүч хэвийн нийлүүлэгдэж байгаа эсэхээс хамаарч шийдвэр гаргана. Нэг бүлгийн 70 МВт-ын хэрэглээг хязгаарлах уу, эсвэл хоёр бүлгийг нийлүүлээд 140 МВт-ын хэрэглээг хязгаарлах уу гэдгийг тухайн нөхцөл байдал дээр шийдвэрлэнэ. Эрчим хүчний салбарынхан ийм эрсдэлийг аль болох багасгаж, үүссэн дутагдлыг нөхөхийн төлөө ажиллаж байна. Гэхдээ урьдчилан таамаглаагүй гэмтэл гарах эрсдэл байсаар байгаа учраас яг хэдний өдөр, хэдэн цагт, ямар хэмжээний хязгаарлалт хийхийг урьдчилан хэлэх боломжгүй байна. Иргэдийн бухимдаж байгаа асуудал нь ч үүнтэй холбоотой. Цахилгаан гэнэт тасрахад хүмүүс урьдчилан мэдэгдээгүйд бухимддаг. Энэ бухимдлыг бид ойлгож байгаа. Гэхдээ эрчим хүчний системийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан бүх тасралтыг урьдчилан мэдээлэх боломж хязгаарлагдмал байна.

"ДОТООДДОО БАЙГАА МАРГААН, ЗӨРЧЛӨӨ БАГАСГАЖ, ХИЙХ ЁСТОЙ АЖЛУУДДАА АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ"

-Тэгвэл иргэд өөрсдөө цахилгаан эрчим хүчний хэрэглээндээ анхаарч, шаардлагагүй хэрэглээгээ багасгах нь нөхцөл байдлыг сайжруулахад бодитой нөлөө үзүүлэх үү?

–Мэдээж нөлөө үзүүлнэ. Бид иргэдээсээ аль болох цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг хүсэж байгаа. Ялангуяа оргил ачааллын цагуудад хэрэглээгээ зохицуулах нь маш чухал. Манай цахилгаан эрчим хүчний систем өдөрт хоёр удаа оргил ачаалалтай ажилладаг. Эхнийх нь өглөө хүмүүс ажил, сургуульдаа явахын өмнөх үе. Энэ үед айл өрхүүд цайгаа чанаж, өглөөний хоолоо бэлтгэж, гэр орныхоо цахилгаан хэрэгслүүдийг зэрэг ашигладаг учраас хэрэглээ нэмэгддэг. Хоёр дахь оргил ачаалал нь орой хүмүүс ажил, хичээлээ тараад гэртээ ирэх үеэр бий болдог. Энэ үед хоол цайгаа хийх, гэрэлтүүлэг болон бусад цахилгаан хэрэгслээ ашиглах зэргээр айл өрхүүдийн хэрэглээ нэмэгдэнэ. Тиймээс оргил ачааллын цагуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бага зэрэг зохицуулахад л бодит үр дүн гарна. Жишээлбэл, шаардлагагүй гэрлээ унтраах, цахилгаан хэрэгслүүдээ нэгэн зэрэг ажиллуулахгүй байх, боломжтой хэрэглээгээ ачаалал багатай цагт шилжүүлэх зэрэг энгийн арга хэмжээ ч хэрэгтэй.

Нэг айл гэрлээ унтраахад бага хэмжээний хэмнэлт гарч байгаа мэт харагдаж болно. Гэхдээ олон мянган айл өрх зэрэг хэрэглээгээ зохицуулбал нийт хэмнэлт нь нэг аймгийн хэрэглээтэй дүйцэх хэмжээний байж болно.

Энэ нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудад бодит дэмжлэг болно. Тэд хуучирсан тоног төхөөрөмжүүдийг өндөр ачаалалтай нөхцөлд ажиллуулж, цахилгаан эрчим хүчний хангамжийг хэвийн байлгахын төлөө ажиллаж байгаа. Тиймээс оргил ачааллын цагуудад иргэд хэрэглээгээ хэмнэх нь системийн найдвартай ажиллагааг дэмжих нэг чухал арга юм.

-Өмнө нь эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс, хүний нөөцийн асуудал нэлээд яригдаж байсан. Цалин хөлс хангалтгүй байгаагаас шалтгаалан ажил хаялт үүсэж болзошгүй талаар ч мэдээлэл гарч байсан. Энэ асуудал одоо ямар түвшинд байна вэ?

–Энэ асуудал тодорхой хэмжээнд цэгцэрсэн гэж хэлж болно. Эрчим хүчний үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрчим хүчний яамны хооронд байгуулсан хэлцлийн үр дүнд цалин хөлсийг 15 хувиар нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ нэмэгдлийг бүх ажилтны цалинд ижил хэмжээгээр хуваарилсан гэж ойлгож болохгүй. Голчлон үйлдвэрлэлийн тэргүүн фронтод ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарсан. Харин удирдлагын түвшний ажилтнуудын цалин бараг нэмэгдээгүй гэж ойлгож болно.

Гэсэн хэдий ч энэ нэмэгдэл нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсний асуудлыг бүрэн шийдвэрлэхэд хангалттай биш. Хүнд нөхцөлд ажилладаг инженер, техникийн ажилтнуудын цалин хөлс хангалтгүй байгаа талаар салбарын олон байгууллагын ажилтнууд ярьсаар байна. Эрчим хүчний салбарын хүний нөөцийн асуудал нь зөвхөн цалин хөлсөөр хязгаарлагдахгүй. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, шинэчлэл, хөрөнгө оруулалт гээд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий.

-Цахилгаан станцуудын хувьд хамгийн яаралтай шийдвэрлэх шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудал юу байна вэ? Станцуудын тоноглолын насжилт өндөр, ашиглалтын хугацаа нь дууссан талаар их яригддаг шүү дээ. 

–Монгол Улсын дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийн насжилт үнэхээр өндөр болсон. Ялангуяа Дулааны хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр цахилгаан станц, мөн Дархан, Эрдэнэт, Дорнодын цахилгаан станцуудын олон тоног төхөөрөмж 1970, 1980-аад оны үед ашиглалтад орсон. Хамгийн сүүлд ашиглалтад орсон томоохон станцуудын нэг нь 1983 онд ашиглалтад орсон Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц. Түүний зарим тоног төхөөрөмж өнөөдөр 40 гаруй жил ажилласан байна. Харин бусад станцын зарим тоног төхөөрөмжийн насжилт үүнээс ч өндөр. Ийм олон жил ажилласан тоног төхөөрөмжүүдийн хувьд бүрэн хэмжээний засвар, шинэчлэл хийх шаардлага бий.

-Гэтэл бид одоогоор бүх тоног төхөөрөмжид шаардлагатай хэмжээний бүрэн шинэчлэл хийх боломжгүй байна. Тиймээс гэмтэл гарсан үед нь засварлаж, хэвийн ажиллагааг нь сэргээх замаар ажиллаж байгаа тохиолдол олон.

-Энэ нь эрчим хүчний салбарын хувьд маш том эрсдэл юм. Тоног төхөөрөмжийн насжилт нэмэгдэх тусам эвдрэл гэмтэл гарах магадлал нэмэгдэнэ. Гэтэл цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж байгаа учраас хуучин тоног төхөөрөмжүүдэд улам их ачаалал ирж байна. Тиймээс зөвхөн гэмтэл гарсны дараа засварлах бус, станцуудын тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах шаардлагатай.

-Тэгэхээр өнөөдрийнх шиг нөхцөл байдал цаашид үргэлжилбэл өвөл бүр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх эрсдэлтэй байх нь. Харин цаашдаа энэ байдлаас гарах ямар боломж, шинэ төслүүд байна вэ?

-Энэ тал дээр нааштай мэдээ олон бий. Нэгдүгээрт, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 300 МВт-ын блок ашиглалтад орж байна. Үүний дараа 2027 оны аравдугаар сард дахин 150 МВт-ын хүчин чадал, 2028 оны аравдугаар сард дахин 150 МВт-ын хүчин чадал ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нийт хүчин чадал 600 МВт болно. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжиж байна. Тухайлбал, Цайдам баян зэрэг байршилд 500–600 МВт-ын хэмжээний цахилгаан станц байгуулах асуудлууд яригдаж байгаа. Мөн аймгуудад цахилгаан станц барих төслүүд бий.

Эдгээр төслүүд хэрэгжиж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орвол 2028 оноос хойш Монгол Улс дотоодынхоо цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ гэж бодож байна.

Харин 2026-2027 оны өвлийн их ачааллын үе хамгийн хүндрэлтэй байх төлөвтэй. 2027-2028 оны өвөл харьцангуй гайгүй болно гэж үзэж байгаа. Учир нь шинээр зарласан сэргээгдэх эрчим хүчний төслүүд ашиглалтад орж, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэнэ. Мөн Сэлэнгэ аймагт баригдаж байгаа 70 МВт-ын станцын ажиллагаа жигдэрч, батарейн хуримтлуурын системүүдийн төслүүд хэрэгжинэ.

Тэгэхээр хамгийн хүнд үеийг энэ жил болон ойрын хугацаанд даван туулах шаардлагатай байна. Хэрэв бид энэ үеийг амжилттай давж, төлөвлөсөн төслүүдээ хугацаанд нь хэрэгжүүлж чадвал 2028 оноос хойш эрчим хүчний экспортлогч орон болох боломжийн талаар бодитой ярьж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Нэр бүхий улстөрчид Монгол Улс цахилгаан эрчим хүч экспортлох боломжтой гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй, импортын цахилгаан эрчим хүч авч байна. Экспортлогч орон болох боломжийг та хэрхэн харж байна вэ?

–Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй орон. Бидэнд нүүрсний нөөц бий. Нар, салхины арвин нөөцтэй. Үүнээс гадна нүүрсний давхаргын метан хийн томоохон ордуудын талаар судалгаа, туршилтын ажлууд хийгдэж байна. Өмнөд говийн бүсэд илэрсэн метан хийн ордуудтай холбоотой туршилтын ажлууд дууссан талаар ч мэдээлэл бий. Энэ бүхэн Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлээ төрөлжүүлж, дотоодын хэрэглээгээ хангахаас гадна экспортлох боломжтойг харуулж байна. Манай улсын нүүрс, хий, нар, салхины нөөцийг зохистой ашиглаж чадвал эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч болох боломжтой. Гэхдээ үүний тулд дотооддоо хэрэгжүүлэх ёстой төслүүдээ цаг тухайд нь хэрэгжүүлж, салбарынхаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай. Сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлууд Монгол Улс ямар боломжтойг харуулж байна.

Тиймээс бид дотооддоо байгаа маргаан, зөрчлөө багасгаж, хийх ёстой ажлууддаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Энэ жил болон ирэх жилийн хүндрэлтэй үеийг давж, шинээр баригдаж байгаа станцууд, батарейн хуримтлуурын системүүд, сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ ашиглалтад оруулж чадвал ойрын хоёр жилийн дараагаас цахилгаан тасрах асуудал эрс багасна гэсэн итгэлтэй байна. 1990-ээд оны сүүл үеэс хойш манай цахилгаан станцуудын тоног төхөөрөмж хуучирч, Улаанбаатар хотод өдөрт хоёр, гурван удаа цахилгаан тасрах тохиолдол гардаг байсан үе бий. Өнөөдөр бид тийм нөхцөл байдлаас өөр түвшинд хүрсэн. Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа 98 орчим хувьтай байна.

Гэхдээ ийм өндөр насжилттай тоног төхөөрөмжүүдийг өндөр ачаалалтай ажиллуулж байгаа өнөөгийн нөхцөлд салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Үүний нэг нь оргил ачааллын үед хэрэглээгээ хэмнэх явдал юм. Эрчим хүчний салбарын ажилтнууд ч бусдын адил айл өрхтэй, гэр бүлтэй, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад өртдөг хүмүүс. Тэд өөрсдийн гэр бүлийг цахилгаанаар хангаад, бусад айл өрхийг зориуд хязгаарлах гэсэн ямар нэгэн сонирхолгүй. Харин ч энэ хүнд нөхцөлд системийг хэвийн ажиллуулахын төлөө ажиллаж байгаа.

Бид эрчим хүчний салбарын хамгийн хүнд үеийг туулж байна гэж харж байгаа. Өмнө нь манай систем 20-30 хувийн чадлын нөөцтэй ажилладаг байсан. Харин өнөөдөр ийм хэмжээний нөөц байхгүй болсон.

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд найман орчим хувиар өсөж байна. Бид жил бүр 100–150 МВт орчим шинэ чадал шаардлагатай болж байгааг тооцож байгаа. Гэтэл шинээр нэг эх үүсвэр ашиглалтад ормогц хэрэглээ дахин өсөж, дараагийн 150 МВт-ын хэрэгцээ үүсэх нөхцөлтэй байна. Одоогоор тусгай зөвшөөрлөө авсан, барилга угсралтын ажил нь хийгдэж байгаа станцуудын нийт хүчин чадал 1000–2000 МВт орчим байгаа. Эдгээр төслүүд гурван жилийн хугацаанд үе шаттайгаар ашиглалтад орж, эрчим хүчний дутагдлыг нөхөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Цаашид бид цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлттэй уялдуулан эх үүсвэрүүдээ хөгжүүлэх боломжтой болно. Сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн технологи бүхий нүүрсний цахилгаан станц, хийн станц, усан цахилгаан станц гээд олон төрлийн эх үүсвэрийг хослуулан хөгжүүлэх шаардлагатай. Эрчим хүчний салбарыг заавал зөвхөн нүүрсэнд тулгуурлах ёстой, эсвэл зөвхөн хий, ус, сэргээгдэх эрчим хүчээр хөгжүүлэх ёстой гэж нэг талыг барьж болохгүй. Харин эх үүсвэрүүдээ зохистой хослуулж, цахилгаан эрчим хүчний системийн онцлогт тохируулан ашиглах нь чухал. Нүүрсний цахилгаан станцууд суурь ачааллыг хангаж, сэргээгдэх эрчим хүч болон бусад эх үүсвэрүүдийг хэрэглээний хэлбэлзэл, системийн хэрэгцээнд нийцүүлэн ашиглах боломжтой. Ингэснээр эрчим хүчний систем илүү тогтвортой ажиллана. Би таван жилийн дараа өнөөдрийн энэ нөхцөл байдлыг бид мартах хэмжээнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ үүний тулд өнөөдөр хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлж, эрчим хүчний эх үүсвэрийн хөгжлийг хэрэглээний өсөлтөөс хоцроохгүй байх хэрэгтэй.

-Та цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд найман хувиар өсөж байгаа гэж хэллээ. Гэтэл Монгол Улсад шинэ үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулах, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд цахилгаан эрчим хүчний хүрэлцээ чухал байдаг. Одоогийн эрчим хүчний дутагдал эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

–Энэ бол маш чухал асуудал. Өнөөдөр эрчим хүчний хүрэлцээ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсийн нэг мөн. Жишээлбэл, хэн нэгэн хүн үйлдвэр, аж ахуйн газар байгуулах гэж байна гэж бодъё. Тухайн үйлдвэрт 1.5 МВт-ын цахилгаан эрчим хүчний чадал шаардлагатай бол энэ хэрэгцээг шууд хангах боломж үргэлж байдаггүй. Бид тухайн хэрэглээг ирэх жилийн төлөвлөгөөтэй уялдуулж, техникийн нөхцөлийг тодорхой хугацаа, боломжид нийцүүлэн олгох шаардлагатай болдог. Ингэснээр үйлдвэрээ байгуулах, тоног төхөөрөмжөө суурилуулах, үйлдвэрлэлээ эхлүүлэх ажил хойшлох нөхцөл үүснэ. Үйлдвэрлэл хөгжихийн тулд эрчим хүчний найдвартай эх үүсвэр хэрэгтэй. Харин эрчим хүчний эх үүсвэр хүрэлцэхгүй бол үйлдвэрлэл, бизнесийн өсөлтөд саад болж байна.

Бид эрчим хүчний хэрэглээ жилд найман хувиар өсөж байгаа гэж ярьдаг. Гэхдээ энэ нь бодит эрэлт хэрэгцээний өсөлтийг бүрэн илэрхийлж байгаа эсэхийг бодох шаардлагатай. Учир нь хангалттай хэмжээний эрчим хүчтэй байсан бол үйлдвэрүүд илүү олноор байгуулагдаж, үйлдвэрлэл тэлж, цахилгаан эрчим хүчний хэрэглээ үүнээс ч өндөр хувиар өсөх боломжтой.

Тиймээс эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх нь зөвхөн гэрэл цахилгаанаар хангах асуудал биш. Энэ нь аж үйлдвэр, бизнес, эдийн засгийн өсөлтийг дэмжих суурь нөхцөл юм.

Өнөөдөр бид эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ дамжуулах шугам, дэд станц, түгээх сүлжээгээ шинэчлэх шаардлагатай. Учир нь цахилгаан станц барьж, эрчим хүч үйлдвэрлэсэн ч тэр эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэх дамжуулах сүлжээний хүчин чадал хангалтгүй бол үйлдвэрлэсэн цахилгаанаа бүрэн ашиглах боломжгүй.

-Тэгвэл эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээс гадна цахилгаан дамжуулах шугам сүлжээний шинэчлэлд хэрхэн анхаарах шаардлагатай байна вэ? Өмнөд говьд баригдсан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчийг бусад бүс рүү дамжуулахад хүндрэл гардаг гэсэн асуудал бий.

–Тийм ээ. Эрчим хүчний салбарт зөвхөн шинэ эх үүсвэр барих нь хангалтгүй. Шинээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэх дамжуулах шугам сүлжээний хүчин чадлыг мөн нэмэгдүүлэх ёстой. Үүнийг энгийнээр тайлбарлавал, их хэмжээний ус дамжуулах шаардлагатай байхад нарийн хоолой ашиглавал тэр усыг хүссэн хэмжээгээрээ дамжуулж чадахгүйтэй адил. Цахилгаан эрчим хүчний хувьд ч дамжуулах шугамын хүчин чадал хязгаарлагдмал байвал станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг шаардлагатай хэмжээгээр нь дамжуулах боломжгүй болно.

Өнөөдөр манай улсын цахилгаан дамжуулах систем 220 кВ-ын хүчдэлийн түвшинд ажиллаж байгаа хэсгүүдтэй. Үүнийг 500 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх ажлыг эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Тухайлбал, Өмнөд говьд баригдсан станцаас үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг шинэ Хархорин зэрэг бусад чиглэлд дамжуулахад шугам сүлжээний хүчин чадалтай холбоотой асуудал үүсэж болно. Тиймээс эрчим хүчний дэд бүтэц, дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Энэ чиглэлээр Эрчим хүчний яамнаас төсөл, хөтөлбөрүүд боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орохтой зэрэгцэн дамжуулах сүлжээний шинэчлэл хийгдэх ёстой. Ингэж байж бид эрчим хүчний дутагдлыг бүрэн шийдвэрлэх боломжтой болно. Бидний хувьд ойрын хоёр жилийн хугацаанд эх үүсвэрийн дутагдлаас гарах зорилт тавьж байгаа. Үүнтэй зэрэгцэн дамжуулах сүлжээний шинэчлэл, шинэ төслүүдийг хэрэгжүүлнэ. Эдгээр ажил уялдаатай хэрэгжвэл эрчим хүчний салбарын өнөөгийн хүндрэлүүдийг бүрэн шийдвэрлэх суурь бүрдэнэ. Үүнээс гадна айл өрхүүд бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох боломжийг дэмжих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, айл өрхүүд өөрсдөө нарны цахилгаан станц, салхины эрчим хүчний төхөөрөмж ашиглаж, хэрэглээнийхээ тодорхой хэсгийг бие даан хангах нь нийт системийн ачааллыг бууруулахад тустай.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй. Бид энэ нөөцөө зөв ашиглаж, шинэ эх үүсвэрүүдээ хугацаанд нь ашиглалтад оруулж, цахилгаан дамжуулах сүлжээгээ шинэчилж, эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудаа дэмжиж чадвал өнөөдрийн хүндрэлээс гарах боломжтой. Хамгийн гол нь энэ өвлийг амжилттай давж, төлөвлөсөн төслүүдээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаан эрчим хүчээ хэмнэхэд анхаарах хэрэгтэй. Ингэснээр бид эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг сайжруулж, цаашид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг, улмаар цахилгаан эрчим хүч экспортолдог улс болох зорилгодоо хүрэх боломжтой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-19 202.126.88.151

Селендум гээд биччихэж чадахгүй Сэлэндүмбэ ч гэх шиг. Цахилгаан, дулаан хангамж нь тасалдаж болох ийм өндөр эрсдэлтэй байхад Туулын хурдны зам барина гэж орилж тэмцэж байсан нөхдүүдийг яалтай вэ? Хөлдөх эрсдэл тэдэнд огт хамаагүй л байгаа юм!!!

Avatar

Троб 2026-10-19 223.118.51.72

Урьдчилан тооцоолсон осол гэмтэл гэж байх уу ?

Avatar

Иргэн 2026-10-19 103.229.122.249

Тэгээд хаашаа юм бэ?! эрсдэлээ тооцох ёстой шдээ. Эрсдэлийн удирдлага байхгүй юу? тэгээд одоо яах вэ?! мэдэхгүй ээ гээд суугаад байж огт болохгүй шдээ

Avatar

Украйн цахилгаан 2026-10-19 66.181.165.234

Энэ жил хэмнэлт хийж байгаа бололтой, дулаанаа хүртэл бага градиуст өгч байналээ. Цахилгаан хүчдэл мууханл байна

Avatar

Нэргүй 2026-10-19 202.9.46.178

10 аймагт Дулааны Цахилгаан Станц барих мөнгийг нь Эрчим хүчний яамны Нарийн бичгийн дарга асан Тавинбэх идчихээд, одоо шүүгдэж байна.

Avatar

ALNI SEKSEER VANXANI 2026-10-19 64.119.20.179

SEXSEER VANXANI AJIL XNE BOOB XXI BOOW DOLOOMOOR ALNI SEXSY ANUSDI80955877

Avatar

бөбө 2026-10-19 192.82.64.140

Амжилт хүсье. Хариуцлагатай хэцүү ажил даа.

Avatar

Б 2026-10-19 103.57.93.104

сайд дарга нар нь мөнгийг нь идчихдэг салбар…тгдл дэлбэлээдл…

Avatar

Засаг 2026-10-19 103.229.120.126

Зургийг нь харахад Пунсалмаагийн Очирбатын хойд дүр бололтой. Мөнгөнд боолчлогдоно.

Avatar

Улныхан уландаа , ихэс дээдэс дээхнүүрээ 2026-10-19 66.181.165.234

Хамаатан садан нь байгаа шдэ. Монголд улс төр, ажил мэргэжил үе уламжлагдан явдаг болсоон.

Avatar

Нэргүй 2026-10-19 202.126.89.240

юугаа хуцаад байгаа юм. тэр саад балгаа цаазаар хороон нөхөн төлбөр төлүүлж хурдан шийд дуусга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж