niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:00 UTC Эх: https://news.mn/r/2893499/ c86d93e88b55bfd3… ← niitlelch.mn руу буцах

Чуулган: Тусгай шаардлага хангаагүй бол төсвийг Засгийн газарт буцаах ёстой

LiveЧуулган: Тусгай шаардлага хангаагүй бол төсвийг Засгийн газарт буцаах ёстой

Чуулган: Тусгай шаардлага хангаагүй бол төсвийг Засгийн газарт буцаах ёстой

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.16/ 10.00 цагт эхэллээ.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
14 : 34
2026-10-16

Үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ

8.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ хэлэлцэж байна. Танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Зулпхар хийлээ. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Энэ хуулиар төсвийн боловсруулалт, төсвийн эхний гурван шат, төсвийн гүйцэтгэлтэй холбоотой хяналт шалгалтыг хийдэг зохицуулалтыг тусгаж байгаа. Б.Жавхлан гишүүн УИХ-аар юуг ч шийдэж болно гэдэг агуулга ярина лээ. Тийм юм байхгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр дэг болон хяналт шалгалтын тухай хууль асуудлуудыг яаж хэлэлцэх вэ гэдэг процессын шинжтэй хуулиуд юм. Бид даасан хуулиудын ач холбогдлуудыг дордуулж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18.2 дээр төсвийн тусгай шаардлага хангаагүй бол төсвийн төслийг буцаана гэж байгаа бол шаардлагатай бол буцаах санал хураалт явуулах тухай заалт байхгүй. Засгийн газрыг хариуцлагажуулж байгаа ач холбогдлыг бууруулж болохгүй. Тусгай шаардлага хангаагүй байхад төслийг нь буцаахгүй гар өргөж шийддэг дэг хэвээрээ явж байгаа. Хэрэв хэлэлцэж баталсан бол Ерөнхийлөгч хориг тавих заалт ч байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Өөрөө ойлгохыг хүсэхгүй муйхарлаад байх шиг байна. Одоо байгаа хууль чинь ийм байгаа учраас бид энийг дагаж мөрдөөд л явна. Хууль бичигдчихсэн. Та хууль санаачлах эрх нь нээлттэй шүү дээ. Хөндөгдсөн юмыг дахин буруу оруулж ирсэн юм шиг яриад байх юм. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-УИХ-ын хяналт шалгалт маш чухал. Бид хяналт тавьж, түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулж байна. Үүнээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрхэн биелүүлж, үр дүнд хүрч байна уу?

УИХ-ын дарга С.Бямбацогт: 

-Хянан шалгах түр хороо байгуулах, сонсгол явуулах хуулийг би 2020 онд санаачилж батлуулсан. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын хянан шалгах анхдагч хуулийг баталсан. Үүнээс хойш сонсгол, түр хороо байгуулах ажлыг хийсэн. Хөгжлийн банк, нүүрс, ногоон автобус, Оюутолгойн олон сонсгол хийсэн. Тэнд баахан гэмт хэрэг, баахан хүмүүсийг цоллодог. Тэр дунд гэмгүй хүн ч байсан, гэмтэй нь нуугдаж байсан. Энийг л үр дүнтэй болгох үүднээс энэ хуулийн 10 дугаар зүйлийг бүхэлд нь шинэчлэн найруулж, өөрчилж байгаа. Сонсгол хийгээд авч хэрэгжүүлэх арга хэмжээ ийм ийм байна гэдэг зохицуулалтыг тусгаж өгч байгаа. Тэгэхгүй бол олон асуудал байна. Уржигдар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Х.Тэмүүжин гишүүн Ж.Эпштейний хэрэгтэй холбоотой санал гаргасан. Хүмүүсийг цоллох гэж байгаа юм шиг оролцож байгаа хүмүүс нь ёс зүйгүй авирлаж, сонсгол удирдаж байгаа  хүн нь удирдаж чадахгүй, цаана нь УИХ-ын нэр хүнд унадаг байж болохгүй. Энэ бүх асуудлыг зохицуулалтыг тусгасан байгаа. Хаана ямар асуудал байгааг тогтоож, алдааг илрүүлж, цаашид шат дараатай арга хэмжээ авах болно. Тэгээд ийм үр дүн гарлаа гэж эргээд мэдээлдэг болно. 

УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. Зарчмын зөрүүтэй 22 санал байгаа. Нэгдсэн байдлаар санал хураалт явуулж байна.  

“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут хийх/ төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг дэмжих саналын томъёоллоор санал хураалт явуулж, 59 хувиар дэмжиж, 55 хувиар баталлаа. 

Зарчмын зөрүүтэй 49 саналаар санал хураалаа. 

 

14 : 08
2026-10-16

"Гишүүн өглөө эрт ирсэн нь үг хэлж, асуулт асууна"

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ хэлэлцэж байна. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулав. 

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

-Энэ хуулийн өөрчлөлтөөр таван төсөл өргөн баригдсан учраас нэгтгэх ажлыг сайн хийсэн болов уу. Гишүүдийг хариуцлагыг дээшлүүлэх агуулгатай байх ёстой. Хүн хийсэн, хийгээгүй ажлынхаа өмнө хариуцлага хүлээх шаардлагатай. Тэр зүйл байхгүй болохоор сармагчны төрөл зүйл рүү орно. Гишүүн хууль санаачилсны дараа ажлын хэсэг байгуулаад явчихдаг. Одоо бол хууль батлагдах хүртэл хууль санаачлагч гишүүн үг хэлэх, асуулт асуух эрхгүй шахам явж ирсэн. Харин энэ хуулийн өөрчлөлтөөр үг хэлэх боломжийг нээж байх шиг байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Гишүүд нэрээ өгчихөөд чуулгандаа сууж асуулт асуухгүй, үгээ хэлэхгүй байгаа нь зөв. Гишүүд асуулт асуух, үг хэлэхдээ төхөөрөмжөөрөө нэр өгнө. Гэхдээ эрэмбэлэхдээ нам бүлэг эсвэл бүлэггүй хүмүүст хуваарилдаг зарчмаар явна. Хэн өглөө эрт ирсэн нь үг хэлж, асуулт асууна гэсэн үг. 

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Хариуцлагатай байх ёстойг бүгд мэддэг. Үндсэн хуульдаа зааж, тусгаж өгсний дагуу байгаа. Дэгийн хуульд орж байгаа өөрчлөлт дээр хариуцлагыг ирцээр хэмжиж байгаа нь асуудалтай. Герман улс гэхэд ирцэд бүртгүүлэхгүй бол мөнгөн торгууль ногдуулдаг бол Энэтхэгт бол түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авдаг юм байна. Гэхдээ зөвхөн ирцийн байдлаар хэмжих нь хангалттай бус. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өрнөж байна. Өөр ямар байдлаар хариуцлагажуулж болох вэ?

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Зөвхөн ирцээс гадна санал хураалтад оролцон байдал, хуралдааны дэгийн сахилга хариуцлагыг оруулж ирж байгаа. Нэг чуулганы хугацаанд чуулган болон аль нэг байнгын хорооны хурлыг таван удаа хүндэтгэх шалтгаангүй тасалбал эсвэл санал хураалтын 50 хувьд оролцоогүй бол нэг сарын төсвийг зарцаах дүгнэлт гаргахаар тусгаж байгаа. 

Зарчмын зөрүүтэй 57 саналыг нэгтгэж явуулахаар болов.

13 : 31
2026-10-16

"УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох заалтуудыг унагасан байна"

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан хийв. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

-УИХ-ын зохион байгуулалтын бүтэц тогтвортой байх ёстой. Байнгын хороодын бүтцийн гурав дахь удаагаа өөрчилж байгаа юм. Мэргэжлийн байнгын хороо ажиллах утга учир алдагдаж байна. Ажлын хэсгүүд мэргэшээд явах юм. Тийм учраас үүнийг тогтвортой байлгах ямар заалт орсон бэ. Байнгын хороодыг дэд даргатай болгомоор байна?

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Хэт өргөн хүрээг хамарсан байнгын хороодын мэргэшсэн байдлыг хангахын тулд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэндийн, цахим хөгжил, хиймэл оюуны байнгын хороо байгуулахаар өөрчлөлт оруулсан. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Өргөн барьсан хуулийн зарим зүйл заалтыг ажлын хэсэг өөрчилж байгаа. Ялангуяа УИХ-ын гишүүдийн хариуцлагатай холбоотой. Заал танхимд бусад нь үг хэлж байхад үймүүлж, гүтгэж, доромжилж, орилж байгаа асуудалд хуралд даргалагч сануулга өгч, Ёс зүйн дэд хороонд шилжүүлж, үг хэлэх эрхийг нь хязгаарлана гэсэн заалтыг буцаачихлаа. 

Бас УИХ-ын чуулганы хуралдааныхаа 50-иас дээш хувьд сар бүр оролцоогүй, санал хураалтын 50-иас дээш оролцоогүй буюу үндсэн ажлаа хийхгүй бол гишүүний үйл ажиллагааны зардлаас хасах гэсэн заалт бас уначихлаа. Тэгэхээр сахилга хариуцлагатай холбоотой арга хэмжээ огт нэмэгдсэнгүй. Тэгэхээр үндсэн гол санаа маань унахчих гээд байна. Болохгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн өөрчлөлтийг ярьдаг юм уу. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Намын бүлэг дээр тодорхой шийдвэр гаргахыг шахдаг, заримдаа сонгуульд дэвшсэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг явж байгааг шүүмжлэхэд намын бүлэг дээрээ дэмжиж эсэргүүцдэг, буллиддэг. Заримдаа оноожуулж, хариуцлага тооцож байна. Бид энд чуулгандаа сууж байгаа боловч намын бүлгээс хайрцаглаж байна. Жишээлбэл, АН дээр гэхэд 1-3 одтой шийдвэр гаргадаг. Нам бол УИХ-ын дээр гараад суучихсан байдал үргэлжилж байна. Энэ нь өөрөө УИХ-ын гишүүд ард түмний элч төлөөлөгч байх Үндсэн хуулийн зарчмыг гажуудуулж байна. Тэгэхээр энэтэй холбоотой заалтыг энэ хууль дээр тусгамаар байна. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Таны хэлээд байгаа хүмүүсийн нэг нь би байна. Би Монголын хоккейн холбооны ерөнхийлөгчөөр сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Энэ ажил төрийн ажилд нэг удаа ч саад болоогүй. Дээрээс нь гишүүд ийм ажлуудаас тусгаарлагдах шаардлагагүй гэж харж байгаа. Харин эсрэгээрээ идэвхтэй ажиллаж, хууль эрх зүйн орчныг сайжруулах боломж илүү байдаг шүү дээ. Энэ бол бидний нэг үүрэг гэж бодож байна. Тэр эрхэнд битгий халдаа. Тэрийг хөндөөд хэрэггүй. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Бид цаашид хуулийн хэрэгжилтэд анхаарах нь чухал. Албан тушаалтнууд бүрэн дүүрэн мэдээлэл өгч, хариулах үүрэгтэй. Хэд хэдэн удаагийн албан бичиг явуулж, хугацаандаа авч чадаагүй. УИХ-ын Тамгын газар хүчин чармайлт гаргах шаардлагатай.

Гишүүд асуулт асууж дууслаа. Зарчмын зөрүүтэй 49 санал байгаа. Санал хураалтыг 15.00 цагаас явуулна.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Эгийн голын УЦС баригдахад ОХУ-ын талаас саад тотгор үүсэхгүй, эхлүүлэхээр болсон юм байна. БОУАӨ-ийн сайд асан С.Одонтуяадаа баяр хүргэе. 

13 : 10
2026-10-16

"Боловсролын яам тодотгол батлаагүй байхад 40 тэрбумыг хууль зөрчиж, зарцуулсан"

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Өнөөдөр 2026 оны улсын төсвийн тодотголоо баталлаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын тогтоолоор улсын төсвийг түрүүлж аваад зарцуулчихсан мөнгөн дүнгүүдээ буцаан оруулж ирж байна гэж ойлголоо. Бид улсын төсвөө оруулж ирэхдээ баталгаажсан дүнгээ нарийн задаргаатай нь УИХ болон иргэдэд нээлттэйгээр тавьдаг болох нь маш чухал гэдгийг харсан байх. Анхнаасаа төлөвлөж, татвар төлөгчдийн мөнгийг үрж л байгаа бол УИХ-аар баталгаажсаны дараа зарцуулалтаа хийх ёстой. Тэгэхээр зарчмаасаа бид ухарч болохгүй гэдгийг Засгийн сайд нар анхаараарай. Хүч түрэмгийлсэн байдлаар хууль зөрчиж байгаа нь болохгүй үйлдэл юм шүү гэдгийг хэлье. Намрын чуулганаар улсын төсвийг ил тод болгох хуулийн төслийг батлах шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-"Гэрт ойр сургууль" хэрэгтэй бодлого. Эсэргүүцэх ажил биш. Би ҮСХ-ны даргаар ажиллаж байхдаа боловсролын яамны статистикт анхаарч, хаана ямар хэрэгцээ шаардлага байна вэ, түүнд суурилж төлөвлөгөөгөө хийх боломжийг бүрдүүлж байсан. Төрөлт буурч байна. Энэ бол 3-4 жилийн дараа цэцэрлэгийн хүртээмжид нөлөөлнө. Алтан гахай жил, гурван сая дахь иргэн гэх мэт жилүүдэд нэг хэсэг цэцэрлэгийн ачааллыг маш ихээр нэмсэн. Одоо бол сургуулиудын бага ангийн ачаалал нэмэгдэж, удахгүй дунд ангиуд руу орно. Зохион байгуулалтын асуудал байх нь зөв. Л.Энх-Амгалан сайд энэ ажлыг шүүмжилж байгаа гэж буруугаар ойлгон, нэр төрд халдсан. 

Төсвийн урсгал зардал хасагдсантай холбоотойгоор дагаж байгаа тогтоол дээр энэ асуудлыг залруулах санаачлагыг би гаргасан юм. Төсвийн тухай хуулиар сайд нар урсгал зардалдаа шилжүүлэг хийх боломжтой. Одоо сураад эхэлсэн хүүхдүүд, түрээслээд эхэлсэн сургуулийн асуудлыг урсгал зардал дотроо шийдээрэй. Тэрнээс биш гишүүд рүү хамаг бурууг чихэж, тодорхойгүй юм яриад суугаад байж болохгүй шүү сайд аа. Энийг чинь дагаж мөрдөх УИХ-ын тогтоолоор зохицуулж өгсөн гэдгийг анхааруулж хэлье. Төсвийн ажлын хэсэг дээрээ тухайн жилийн батлагдсан төсөвт тусгагдаагүй, санхүүжилтийн эх үүсвэр нь баталгаажаагүй төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх, зардал гаргах, гэрээ байгуулах болон төсөвт ачаалал үүсгэх аливаа шийдвэрийг түрүүлж Засгийн газар гаргаж болохгүй гэсэн. Харамсалтай нь ажлын хэсгийн энэ санал хасагдсан юм байна. Энэ чухал асуудал мөнөөс мөн шүү. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Б.Жаргалан нарын гаргасан саналын томъёоллоор дэмжигдээд түрээсэлж байгаа сургууль цэцэрлэгүүдийн 30 мянган хүүхэд 10, 11, 12 сарын түрээсийн зардалгүй үлдэж байна. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Миний гарт нэгдүгээр ангийн хүүхдүүдийн сурах бичиг байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг 116 дугаар сургуулийн багш нар нь өөрсдөө ирсэн сурах бичгийг брайль хэлбэрээр хэвлэж гаргадаг. Хамгийн ихдээ нэг ангид 20-30 хүүхэд сурдаг. Тэгш хамруулан сургах хүрээнд орон нутагт багш нар сурах бичгээр хангагдаж байгаа. Гэтэл энэ сурах бичгийг брайлиар 5000 ширхэг хэвлэнэ гэж тендер зарласан байх юм.

Энийг юу гэдэг вэ гэхээр мөнгө идэх, авлига, хулгай гэж нэрлээд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах бичиг хэвлэнэ гэхээр хүмүүс ойлгоод юм хэлдэггүй юм байна л даа.

Гэтэл үнэндээ 5000 буюу хэдэн 10 жил хэрэглэж дуусахгүй хувийг хэвлэх гээд байна. 116 дугаар сургуулийн бага ангид хэдэн хүүхэд сурдгийг мэдэх үү сайд аа. Та битгий над руу хашгичаад бай. Энэ сургууль байгуулагдаад 62 жил байна. Барилгыг хэзээ сайжруулах вэ. Чамд ямар хамаатай юм бэ гэнэ. Та хувийн сургуулиудад мөнгө өгч байхынхаа оронд тусгай сургуулийг дэмжихгүйгээр яагаад алаг үзээд байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Есдүгээр сарын 1-нд хичээл ордог нь үнэн. Хүүхэд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэх үндсэн үүргийг салбарын сайд нь хэрэгжиж байгаа. 2026 оны улсын төсөв 33.9 их наяд төгрөгийн зардалтай маш өндөр зарлагатай төсөв батлагдсан. Засгийн газар 2026 оны дөрөвдүгээр сарын 4-нд томилогдсон. Хичээл эхлэхээс өмнө шинэ бодлогуудаа өргөн барьж, шийдүүлэх бүрэн боломж байсан. Долдугаар сард Засгийн газрын 300 тоот тогтоол батлагдаж, "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн хүрээнд байр түрээслэх чиглэлийг өгсөн байна. Төсвийн тодотгол 2026 оны наймдугаар сарын 21-ний өдөр өргөн баригдсан. Засгийн газар төсвийн тодотголд 50 тэрбумыг "Гэрт ойр сургууль" хөтөлбөрт тусгаж байна гэж танилцуулсан. Гэтэл наймдугаар сарын 28-ны өдөр Боловсролын ерөнхий газрын даргын А/195 дугаар тушаалаар 39  сургууль, 67 цэцэрлэгийн жагсаалт, түрээсийн зардлыг баталсан байна. 

Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 24-ний хооронд нийлбэр дүнгээр 36.96 тэрбум төгрөгийн төлбөрийн өр бүхий 107 түрээсийн гэрээг та бүхэн байгуулсан байна. Төсвийн тодотголд та бүхний тусгасан 50 тэрбум төгрөгийн зардал өнөөдөр батлагдаж байна. Гэтэл та бүхэн энэ төсөв батлахаас өмнө 40 тэрбумын түрээсийн зардлыг урьдчилаад байгуулсан байна. УИХ-ын онцгой бүрэн эрх бол улсын төсвийг батлах. Улсын төсөв бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүд хянаад, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Боловсролын яам нарийн задаргааг ирүүлээгүй. Бид хянах эрхтэй. Тиймээс энэ асуудал дээр Засгийн газар УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй асуудал үүсч байна. Батлагдаагүй төсөв дээр үүрэг хүлээж баахан гэрээ байгуулсан асуудалд УИХ-ын дарга хяналт шалгалтуудыг хийж өгөхийг хүсье. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад янз бүрээр доромжилж, иргэдийг турхирч болохгүй. Та хууль зөрчсөн байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Өнөөдөр ямар байсан төсвийн тодотголоо баталлаа. Тэтгэврийн зөрүү арилж, багш болон эмч нарын цалин нэмэгдэх боломж бүрдэж байгаад баяртай байна. Нөгөө талдаа урсгал зардлын тэлэлт дээр айдастай байна. Төсвийн орлогыг бүрдүүлэх асуудал дээр тогтвортой байдлыг хангасан зөв шийдвэр гаргахгүй бол ирэх жилүүдэд хэцүү нөхцөл байдал хүлээж байхыг үгүйсгэхгүй. Засгийн газраас анхнаасаа иргэдэд халаасанд нь мөнгө тараах юм шиг улс төр хийснээс болж, хүлээлт үүсгэсэн. Ногдол ашгийг бэлнээр тараавал өөрсдийнхөө нүдийг боогоод жалга руу алхсантай адилхан болно. Хууль дүрэм ярьсан хүмүүс рүү цахим орчинд дайрч байна. 

Санал хураалтыг 15.00 цагаас хийхээр хойшлууллаа. 

11 : 58
2026-10-16

"Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжиж эхлэх хугацаагүй баталчихлаа"

“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут хийж байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хийв. 

УИХ-ын гишүүн Б.Заяабал:

-Сая батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 7 дугаар зүйл буюу хууль хэзээнээс эхлэн даган мөрдөх хугацаагүйгээр баталчихлаа. Энийг ердийн журмаар хугацааг тогтоох тухай тэмдэглэж өгнө үү.

Хэрэгжих хугацааг хуулиар тусгайлан заагаагүй тохиолдолд  Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Энэ хуулийг хаваржин, намаржин хэлэлцээд нэлээд хэл ам дагуулсан хууль. Мэргэжлийн байнгын хороо ажилдаа хариуцлагатай хандал даа. Эх барьж байгаа зөвлөхүүд, байнгын хорооны зөвлөхүүд юугаа хийж байсан юм. Ажлын хэсэг юу хийж байсан бэ. Ийм хариуцлагагүй байж болохгүй шүү. Хуулиа хариуцлагатай батална шүү. Одоо ердийн журмаар хэрэгжинэ гэж ойлголоо. 

11 : 30
2026-10-16

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: 

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу долоо хоногийн Баасан гаригт хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Үүний дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг эцэслэн батална. Нийт долоон хууль нэг тогтоолын төсөл байгаа.

1.Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж,77.7 хувиар дэмжлээ. 

2.Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 80.6 хувиар дэмжлээ. 

3.Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 81 хувиар дэмжлээ. 

4.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 83.5 хувиар дэмжлээ. 

5. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулж, 84.5 хувиар дэмжлээ. 

6. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчтөний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 84 хувиар дэмжлээ. 

7.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчтөний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 82 хувиар дэмжлээ. 

8.Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 79 хувиар дэмжлээ. 

Хөдөө аж ахуйн тухай хуультай холбогдуулан боловсруулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 81 хувиар дэмжлээ. 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 68 хувиар дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төслийг баталлаа.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 78 хувиар дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн 7 хуулийн төсөл нэг тогтоолын төслийг эцэслэн баталлаа. 

 

10 : 50
2026-10-16

2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Гишүүд санал хураалтад бэлтгэж байна. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / эцэслэн батлах санал хураалт явуулж, 78 хувиар дэмжлээ. 

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, тав дахь хэлэлцүүлэг/ явуулна. Гишүүд санал хураалтад бэлтгэж, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулна. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын өөрийн орлого 185 сая төгрөг, 

УИХ-ын даргын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 100 сая төгрөг

Ерөнхий сайдын өөрийн орлого-1.1 их наяд төгрөг

ТӨБЗГ-ын өөрийн орлого-1.1 их наяд төгрөг

Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого-3.8 тэрбум төгрөг

ШЕЗ-ийн дарга -510 сая, харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 510 сая төгрөг

Төрийн албаны зөвлөлийн дарга-200 сая, харьяа төсөвт байгууллагын орлого-200 сая төгрөг

Санхүүгийн зохицуулах хорооны дарга-4.2 тэрбум, харьяа төсөвт байгууллагын орлого-4.2 тэрбум төгрөг

Тэргүүн шадар сайд, ЭЗХ-ийн сайд-8.9 тэрбум, харьяа төсөвт байгууллагын орлого-8.9 тэрбум төгрөг зэрэг нэг бүрчлэн танилцуулав. 

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /-ийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 78.8 хувиар дэмжлээ. 

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтаар баталсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг энэ хуулийн нэгдүгээр хавсралтаар өөрчлөн найруулсугай. Санал хураалт явуулж, 78.8 хувиар дэмжлээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулж, 84 хувиар дэмжлээ.

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл заалт бүрийг уншиж, санал хураалтаар 82 хувиар дэмжлээ. 

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулж, 82 хувиар дэмжлээ. 

Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулж, 79 хувиар дэмжлээ. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулж, 80.6 хувиар дэмжлээ. 

10 : 26
2026-10-16

Хуралдаанд 96 гишүүн оролцож байна

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Хуралдаанд 96 гишүүн ирцэнд орсон байна. Ирц бүртгэлийн санал хураалтад 77 гишүүн оролцов. Хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцэнэ. Гишүүд ирцэндээ орчихоод санал хураалтад оролцож, үүргээ биелүүлэхгүй байж болохгүй

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 76 хувиар дэмжлээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10 : 20
2026-10-16

Чуулганаар 9 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцнэ. Тодруулбал,

1.Хуулийн төслүүдийг эцэслэн батлах

2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

3.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, тав дахь хэлэлцүүлэг/

4.29 хуулийн төслүүдийг эцэслэн батална

5.“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут

6.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

7.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

8.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

9.Баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-16 202.126.89.225

баавгайн хоол болгохоор нохдууд цуглдаж байна даа.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 8 2026-10-16 66.181.176.144

Тэгээд нэг арга олсон юм. Аймгийн дептатуудын ахлагчид нь чөлөө өгөх эрхийг өгсөн юм. Харин ахлагч нь нэг л үүрэг хүлээнэ. Тэр нь 66.7 хувийн ирцийг хуралдааны үед тогтомол бариулах ёстой. Үе үе депутатуудыг босгож тоолж ирцийг шалгана.Одоо намын бүлгийн дарга нарт ийм эрх ,үүрэг өгөөд ажиллуулвал яадаг бол??

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 7 2026-10-16 66.181.176.144

Ирцийн асуудал байнгын ажиллагаатай парламент ажиллаж эхлэх үеэс л хэцүү асуудал байсан.Тэр үед одоог бодвол долоо хоногийн олон өдөр олон цаг хуралдана.Одоо ч мөн адил ирц хэцүү байгаа бололтой. Шинэ Үндсэн хууль хэлэлцсэн АИХ-ын чуулганы ирц ч хэцүү болсон. Чуулган сунжраад хөдөөний зарим депутатууд халуун намраар хэдэн нялх хүүхэдтэй авгайг дан гэрт орхиод ирсэн. Гэрээ дулаалаад, идшээ хийгээд ирэх минь гээд яваад өгнө

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 6 2026-10-16 66.181.176.144

/”БАЙНГЫН ХОРООНЫ ДЭМЖСЭН САНАЛЫГ ДЭМЖЬЕ” гэсэн саналаар санал хураах, “БАЙНГЫН ХОРООНЫ ДЭМЖЭЭГҮЙ САНАЛЫГ ДЭМЖЬЕ” гэсэн саналаар санал хураах гэсэн томъёоллыг сайн тунгаамаар.”БХ-НЫ ДЭМЖСЭН САНАЛ”, “БХ-НЫ ДЭМЖЭЭГҮЙ САНАЛ” гэсэн нь БХ-ны өөрийнх нь дэмжсэн, дэмжээгүй тухай гаргасан саналыг хэлээд байна уу, эсвэл хууль санаачлагчийн өргөн бариад БХ-оор хэлэлцээд дэмжигдсэн, эсвэл дэмжигдээгүй саналыг хэлээд байна уу.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 5 2026-10-16 66.181.176.144

Уг асуудлаар санал гаргасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны САНАЛ, мөн БХ-ны САНАЛ гэж байна. Дэгийн хуулийн 108.3-ийн нэгдсэн хуралдаан БХ-ны САНАЛ-ыг сонсоод гишүүдийн олонх ОГЦРУУЛАХ САНАЛЫГ дэмжсэн бол тогтоол батлагдана гэсэн агуулгатай. ОГЦРУУЛАХ САНАЛ хэнийх нь санал вэ гэдгийг тодорхой заах хэрэгтэй биш үү. Үндсэн хуулийн 43.1-ийн гай чирсэн “УГ САНАЛЫГ” гэдгийг монголчууд мэддэг болсон

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 4 2026-10-16 66.181.176.144

БХ-ны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар СОНСОХ, ТАНИЛЦАХ, ХЭЛЭЛЦЭХ гэсэн 3 үйл ажиллагааны заагийг хуульчлахгүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтны ойлголтоор тайлбарлагдах явдал байна. ЕС-ыг огцруулах тухай БХ-ны санал, дүгнэлтийг Дэгийн хуулийн 101.2-т ТАНИЛЦУУЛНА, 101.3-т СОНСОЖ, санал хураана, 101.5-д ХЭЛЭЛЦЭНЭ /асуулт асууж, үг хэлж болно/ гэжээ.Социализмын үед ийм ойлгомжгүй баримт бичиг “УНШИГДАХГҮЙ БАЙНА” гээд гологдол болдог байсан юм

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2026-10-16 66.181.176.144

Хуралдаан даргалагч тийм гишүүний санал буруу гарсан байна, зөвшөөрснөөр авъя гэх юм. Энэ нь тухайн асуудлаарх төхөөрөмжийн болон цахим /цаасан/ бичлэгийн саналын дүн хоорондоо зөрүүтэйгээр архивлагдана гэсэн үг. Муугаар бодоход төхөөрөмж буруу ажиллах нь заримдаа хуралдаан даргалагч бага хэмжээний саналын зөрүүг өөрийн таашаалд нийцүүлээд дахин санал хураалгаад байна гэж хардахаар байх юм.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-10-16 66.181.176.144

Бидний үед ТГ-ын хариуцсан ажилтан төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаагүй гээд зэмлэл хүртэж, мэргэжлийн хүнээр шалгуулж хэвийн болгосны дараа санал хураалгадаг байсан.Найдваргүй төхөөрөмжөөр НУУЦ САНАЛ хураалгахад өгсөн санал нь зөв гарч уу, үгүй юу гэдгийг тухайн гишүүн мэдэх аргагүй ЭРГЭЛЗЭЭ үүснэ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-10-16 66.181.176.144

Санал хураах төхөөрөмжийг анх монгол инженерүүд бүтээсэн юм. Анхны хувилбараа бодвол одоогийн төхөөрөмж үйлдлийн хувьд маш боловсронгуй болжээ.ХАРИН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААНЫ ХУВЬД АНХНЫ ХУВИЛБАРААСАА ДОРДСОН байна.Үүнийг нь УИХ-ын дарга, гишүүд бүгд зөвшөөрч байгааг ойлгохгүй байна.Гишүүн төхөөрөмж ажилласангүйгээс миний санал буруу гарлаа гээд дахин санал хураалгах юм.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2026-10-16 66.181.176.144

Дэгийн хуулийн 10.11-ийн өглөө ирцэд бүртгүүлчихээд өдөржин хуралдаанд суухгүй байх нөхцөл болоод байгаа заалтыг больсон нь зөв.Асуудал шийдэх хуралдааны ирцийг гүйцээх гэсэн далд агуулгатай буруу заалт байсан. Тухайн өдрийн хуралдаанаар санал хураасан бүх асуудлаар татгалзсан санал өгнө гэдэг утгагүй. Хэрэв хуралдаандаа суусан бол ядаж тал хувьд нь зөвшөөрсөн санал өгнө биздээ. 1990-1995 оны үед гишүүн өөрийн биеэр санал өгснийг л тооцдог байсан. Хэзээ ийм утгагүй заалт орсон юм бол?.

Avatar

Нэргүй 2026-10-16 66.181.186.162

Ер нь хариуцлаггүй байдал дээрээсээ, энэ томчуудаас эхтэй гэдэг нь харагдаж байна, Төсөв баьлах ажилд ямар хариуцлаггүй ханддаг юм бэ, тэр боловсролын сайд нөхөр төсөв батлаагүй байхад дур мэдэн батлагдаагүй төсвөөр үйл ажиллагаа явуулсан бол их хурлын бүрэн эрхэд халдсан гэсэн үг шүү, шууд албан тушаалаас нь чөлөөлөх ёстой биз дээ, хууль үйлчилдэг юм уу энэ улсад

Avatar

Нэргүй 2026-10-16 103.168.34.185

Алтан гахай оюутан болцон шүү АРИУНЗАЯА

Avatar

Нэргүй 2026-10-16 66.181.191.104

МАН-ын Сарлагийн ҮНЭЭ ш дээ.

Avatar

Нэргүй 2026-10-16 202.9.40.72

баасны чин дулаан өвөлжих баасны чин мах гурл нөөс бүрдүлх гөлөгниы чи стргте гөлгний шээснүүд зүгээр бгаахай гай шаагаад блхгүй зүгээр бгаарай зайлаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж