niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:02 UTC Эх: https://news.mn/r/2893163/ df27954a2e5fe99a… ← niitlelch.mn руу буцах

Чуулган: 10 аймгийн станцын төсвөөс авлига авсан хүмүүсийн хэрэг юу болсон бэ?

LiveЧуулган: 10 аймгийн станцын төсвөөс авлига авсан хүмүүсийн хэрэг юу болсон бэ?

Чуулган: 10 аймгийн станцын төсвөөс авлига авсан хүмүүсийн хэрэг юу болсон бэ?

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.15/ үргэлжилж байна.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
16 : 45
2026-10-15

"Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг олонх дэмжсэнгүй"

3.Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 31 гишүүн 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулж, 

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 47 хувиар татгалзсан ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн горимын санал гаргаж,"Төхөөрөмж гацсан. Санал хураалтыг хүчингүй болгож, дахин явуулах" санал гаргав. Горимын санал дэмжигдсэнгүй. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

16 : 31
2026-10-15

Статистикийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 7 гишүүн 2026.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх санал хураалт явуулж, 54 хувиар дэмжлээ. 

Уг хуулийн хамт өргөн мэдүүлсэн 14 хуулийн төслөөр санал хураалт явууллаа. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 58 хувиар дэмжлээ. 

Монгол Улсын засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 57 хувиар дэмжлээ. 

Монголбанкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 58 хувиар дэмжлээ. 

Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 61 хувиар дэмжлээ. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 60 хувиар дэмжлээ.

Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалтаар 61 хувиар дэмжлээ. 

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулж, 56.4 хувиар дэмжлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 59.4 хувиар дэмжлээ.

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 58.4 хувиар дэмжлээ. 

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 59.4 хувиар дэмжлээ.

Яамны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 56.4 хувиар дэмжлээ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 59 хувиар дэмжлээ. 

Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтаар 58.4  хувиар дэмжлээ. 

Статистикийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 58.4 хувиар дэмжлээ. 

Хуулийн төслүүдийг олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

15 : 59
2026-10-15

"Хувьсгалын эсэргүү болсон ХМБ-ууд, бизнес эрхлэгчид хэдэн зуугаараа байна"

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ хуулийн төслийг хэлэлцэж байна. Танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хийв. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Их хядлага өрнөж, нийт 10 мянга гаруй хүний 70-80 хувь нь лам нар байсан. Тухайн үеийнхээ ном эрдэмтэй хүмүүс байсан. Нийт 700 гаруй сүм хийдийг устгасан. Шалтгаан нь хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул буюу Ардын засгийн эсрэг шүүмж хэлж байсан хүмүүсийг хоморголон устгасан. Бид араас нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээж, нөхөн олговор олгож байна. Хүний амь насыг яагаад ч нөхөхгүй. Ямар ч нөхөн олговор амь нас, нэр төрийг сэргээхгүй. Энэ хэлмэгдүүлэлт өнөөдөр ч зогсоогүй байгаа. Хувьсгалын эсэргүү гэж хэлээгүй ч тэр байдлаар бүгдэд хандаж байгаа. Засгийн газрыг шүүмжилж, огцруулна гэж хэлсний төлөө хуулийн байгууллага хэрхэн ажилладгийг биеэрээ туулсан хүмүүсийн нэг. Өнгөрсөн хугацаанд хувьсгалын эсэргүү болсон хэвлэл мэдээлэл, бизнес эрхлэгчид хэдэн зуугаараа байна. 

Бизнесийн байгууллагыг хардаж, сэрдэж татварын байгууллага шалгалт оруулдаг, улс төрийн дохиогоор ажилладаг жишээ олныг үзсэн. Өнөөдөр нэг сэтгүүлч шоронд байна. Нэг философи ч бас шоронд байгаа. Заавал шоронд хийж шалгадаг байдал улс төрийн хэрэгсэл болсон байна. Тэгэхээр одоо цаашид улс төрийн хилс хэрэгт орсон хүмүүс шоронд олон сар хоригдчихоод суллагддаг. Цаашид 1990 оноос гэлтгүй өнөөдрийг хүртэл хилс хэргээр хохирсон байж болзошгүй хүмүүсийн талаар хууль санаачлагчид ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Энэ хууль 1998 онд батлагдсан. Нийтдээ 31.695 хүнийг цагаатгаж, 20.220 хүнд нөхөн олговор олгосон. Өнгөрсөн 2023 онд С.Одонтуяа гишүүн хууль санаачилж, иргэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн. Харин нэхэмжлэл гаргах эрх нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дууссан байсан. Одоогийн байдлаар 43 хүн энэ хуулийн хугацаа нээлттэй болбол нэхэмжлэл гаргаж, нөхөн олговор авах тухай асуудлаа шийдвэрлэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэсний дараа дахин өөр хүмүүс нэхэмжлэл гаргах нөхцөл байдал үүсвэл яах вэ. Нийт 770 гаруй сураггүй алга болсон хүнийг цагаатгах асуудлыг шийдвэрлэнэ. Бүлгээр нь хэлмэгдүүлсэн 17 хэлмэгдүүлэлт байдаг .Жишээлбэл, Лхүмбийн хэрэг гэхэд Лхүмбэ гэдэг хүнийг цагаатгаад, бусад хүмүүсийг нь цагаатгаагүй байх тохиолдол байгаа. Тийм учраас 16 мянга гаруй бүлгийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийг цагаатгах ажлыг хийнэ. 

Ингэсний үр дүнд 1990 он хүртэл хэлмэгдсэн бүх хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж дуусна. Цаашдаа хэлмэгдүүлэлт гарах ёсгүй гэж олон нийт болон хойч үедээ сануулах зорилгоор Цагаатгах ажлын үндэсний комиссыг Үндэсний ой санамжийн газар болгох зорилготой ажиллаж байна. Тагнуулын байгууллагын архивыг цахимжуулж, ЦЕГ-ын харьяа 16.700 орчим хүний хувийн архив дахь 660 орчим нь хэлмэгдсэн. Энэ хүмүүсийн архивыг цахимжуулах ажлыг хийхэд хөрөнгө шаардлагатай. Ингэж байж бид хэлмэгдлийн хар шуургыг зогсооно гэж харж байгаа.

14 : 18
2026-10-15

"Дулаанаар баяжигчдын тухай асууя"

Үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. 

Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 31 гишүүн 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Энэ хууль яригдаж байгаатай холбоотойгоор дулаанаар баяжигчдын тухай асууна. Арван аймгийн дулааны станц гэж дуусдаггүй сэдэв бий. Гэтэл л энэ төсөл урагшлахгүй байсан шалтгаан авлигатай холбоотой байсан юм байна. Ард түмэн төлөх зээлийг албан тушаалтнууд дундаас нь авсан юм байна гээд сүрхий яриад эхэлсэн. Одоо хэн нь ч буруутай юм. Одоо ард түмэнд ногдох ашгаар энэ станцыг барих тухай яриад сууж байна. Барихаас ч өөр аргагүй л дээ. Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвд хагас дутуу баригдсан станцаа хэзээ дуусгах бол гэж, хүлээж сууна. Эхлээ ч үгүй аймаг ч байна. Тэрийг яаж дуусгах вэ гэхээс илүү тэр авлига авсан хүмүүс нь юу болсон юм бэ. Та бүхний боловсруулж байгаа хуулийн төсөл энэ авлигажсан нөхцөл байдал яаж нөлөөлөх юм бэ. Гишүүд энэ салбар тэр чигтээ авлига гэдгийг хэллээ шүү дээ. Дулааны үнэ нэмэгдээд байгаа. Ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна. Иргэн, хуулийн этгээдээс гарах зардал өсөхгүй гэчихээд тоолуур тавина гээд байгаа. Тоолуур тавь гэж дарамт болох юм биш биз дээ. Халуун дулаан нь сайжрахгүй төлбөр мөнгө нь нэмэгдэх юм биш биз дээ. 

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-Миний харж байгаагаар ард иргэдийн төлдөг мөнгө нэмэгдэхгүй. Тоолуураа хааж, хэмнэх сэдэл бий болно. Тийм учраас иргэд бодит хэрэглэсэн дулааныхаа мөнгийг л төлнө. Цонхоо онгойлгодог бус тоолуураа тохируулж, мөнгөө хэмнэнэ. Гадаад явахдаа тоолуураа хаачихаад явж болно. Тийм учраас дулааныг м.кв-аар тооцсоноос тоолуураар хэмжсэн нь хамаагүй шударга болж, ард иргэдийн төлөх мөнгө өснө гэж үзэхгүй байна. 

УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. Санал хураалтыг нэг хуулийн төслийн дараа явуулна. 

 

12 : 23
2026-10-15

Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

3.Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 31 гишүүн 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг танилцуулав.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Чухал хууль оруулж ирж байгаад талархаж байна. Олон асуудалд шийдэл хайж оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа. Мэргэжлийн байгууллагынхаа саналыг хэрхэн тусгасан бэ?

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-Дулааныг м.кв болон м.кубаар хэмждэг байсныг болиулж, цахилгааны тоолууртай болсноор асар их хэмжээний хэмнэлт гарна. Нэгд, эрчим хүчний дулааны эх үүсвэрийн хэмнэлт гарна. Жишээлбэл, Эрдэнэтийн цэвэрлэх байгууламж хальж, урсаад, шинэ байгууламж барих асуудал ярьж байсан ч бүх айлуудад цахилгаан тоолуур тавьтал нөгөө цэвэрлэх байгууламж дундарсан. Үүнтэй адил дулааны цахилгаан тоолууртай болсноор балансыг барьж, станцаас гарахад хэр дулаан гарч байгааг тооцоолох боломж бүрдэнэ. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Ийм чухал хуулийг салбар яам нь оруулж ирж чадахгүй байхад мэргэжлийн гишүүн оруулж ирж байгаа нь сайшаалтай. Одоо суурилсан хүчин чадлынхаа 40-60 хувь хэтэрсэн гэдэг судалгаа яваад байдаг. Энэ хууль батлагдсанаар дулааны хомсдолыг бууруулах ямар тодорхой механизм бий болгож байгаа вэ. Хэрэглэгчдээс илүү их мөнгө авах замаар энэ алдагдлаа нөхөх юм уу, эрчим хүчний алдагдлаа бууруулах замаар нөхөх юм уу. Дулааны алдагдал 16.57 хувьтай гэж байна. Нийт дулааны 20 орчим хувь нь хэрэггүй болчихоод байна. Нэгдсэн судалгаа байна уу. Та бүхний тоолуур нэвтрүүлэх ажил алдагдлыг хэдэн хувиар бууруулах юм бэ. Нийт хэрэглэгчдийн 20.5 хувь нь тоолуур суулгах боломжгүй байна гэдэг аудитын дүгнэлт байгаад байна. Тарифын бодлогыг нарийвчлан оруулж өгсөн байна. Монголд дулааны тариф маш хямд байгаа. Одоогийн дулааны тариф хэд болж өсөх вэ?

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-Цоо шинээр хэсэгчилсэн, бие даасан дулаан хангамжийн систем гэж оруулж ирж байгаа. Энэ систем дээр тусгай зөвшөөрөл авч, зураг төсөл хийлгэж, үнэ тариф авах, ТЭЗҮ хийхэд төр ерөөсөө оролцохгүй. Энэ тохиолдолд дулаанаар хангаж чадахгүй олон мянган өрхийг хувийн хэвшлээс хангах бүрэн боломж байгаа. 

Хууль санаачлагч танилцуулгадаа, анхдагч хуулийн төсөл нь Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, өнөөдөр тус салбарт үүсээд буй асуудлаас улбаатайг дурдсан. Манай улс өмнө нь дулааны бие даасан эрх зүйн зохицуулалтгүй байсан. Хэт ерөнхий хуулиар, салбарын олон харилцааг "хуулиас давсан" 400 орчим журам, дүрмээр зохицуулж ирсэн нь иж бүрэн зохицуулалт бүхий төсөл боловсруулахад хүргэсэн гэлээ.

Монгол орны цаг уурын онцлог байдалтай хамааралтай дулааны эрчим хүчний хэрэглээ өндөр, хүн ам, аж үйлдвэр, үйлчилгээний дулаан хангамжийн аюулгүй, найдвартай байдал нь стратегийн чухал асуудал тул дулаан хангамжийн харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа аж. Эрчим хүчний тухай хууль 24 жилийн хугацаанд мөрдөгдөхдөө нийт 15 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 174 заалт буюу 53 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

photo_2026-10-15_13-20-52.jpg

Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл нь нийт 12 бүлэг, 66 зүйлтэй, дулаан хангамжийн салбарын төрийн бодлого, төрийн болон зохицуулалтын байгууллагуудын чиг үүрэг, дулаан хангамжийн систем, ангилал, дулаан хангамжийн байгууллагуудын чиг үүрэг, хариуцлага, дулааны сүлжээний холболт, дулааны тоолуур, тоолуурын систем, хэрэглэгчийн гэрээ, дулааны үнэ тарифын зохицуулалт, салбарын техник технологийн шаардлага, хяналт шалгалт зэрэг асуудлуудыг хамарсан, нарийвчилсан зохицуулалттай аж. Түүнчлэн, нэгдмэл сүлжээнээс гадна тархмал эх үүсгүүрийг бий болгоход бодлогын дэмжлэгийг үзүүлснээр иргэнийг хямд, найдвартай дулаанаар хангах нөхцөлийг бүрдүүлэх, дулааны үнэ тарифыг тодорхойлох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, дулаанд холбогдох техникийн нөхцөл, сүлжээнд холбох шалгуурыг хялбаршуулж, хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийн системд холбогдох нөхцөлийг уян хатан болгох зохицуулалтыг тусгажээ.

Дулаан хангамжийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдэх сонголт, боломжийг хуулийн хувьд нээлттэй болгож, үйл ажиллагаа явуулахад хүндрэл, бэрхшээл, төрийн оролцоо багатай байх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд зохицуулалтууд орсон байна. Дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох үндсэн зарчмыг хуульд тодорхойлж, дулааны эрчим хүчний нэгдсэн баланс гаргах тогтолцоог бүрдүүлснээр дулаан хангамжийн системийн үр ашгийг хэмжих, үнэлэх, сайжруулах боломж бүрдэхийн дээр хэрэглэгч хэрэглэсэн дулааны төлбөрөө тоолуураар тооцуулах боломж бүрдсэнээр төлбөрийн шударга зарчим үйлчилж, дулааны эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах бодит хөшүүрэг, механизм бүрдэх аж.

Хуулийн төсөл батлагдсанаар дулаан хангамжийн салбарт төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж, төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрлийг тодорхой болгоно. Ингэснээр улс, орон нутгийн хэмжээнд дулаан хангамжийн бодлогыг үр дүнтэй тодорхойлон хэрэгжүүлж, үр дүнд нь иргэд найдвартай дулаан хангамжийг зохистой үнээр худалдан авч, дулааны салбарын тэнцвэртэй, тогтвортой байдлыг бэхжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах чухал нөлөө үзүүлнэ хэмээн М.Энхцэцэг гишүүн танилцуулж байлаа.

photo_2026-10-15_13-20-55.jpg

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг хийсэн байна.

Хууль санаачлагч Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч дулаан хангамжийн салбарын бодлого, төлөвлөлт, байгууллагуудын чиг үүрэг, хөрөнгө оруулалт, үнэ тариф, сүлжээний холболт, тоолууржуулалт, аюулгүй ажиллагаа, хяналт шалгалтын харилцааг цогцоор зохицуулах хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, төрийн зохицуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор бие даасан Дулаан хангамжийн тухай хуультай болох шаардлагатай гэж үзсэнийг Х.Булгантуяа гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсаныг тодотгов.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт "… Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна гэж заасны дагуу санал хураалт явуулахад Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг 68.0 хувиар, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 68.0 хувиар, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 68.0 хувиар, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг 64.0 хувиар, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 68.0 хувиар тус тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

photo_2026-10-15_13-20-54.jpg

Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, О.Номинчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Лувсанжамц нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ хуулийн төсөл батлагдсанаар дулаан хангамжийн дутагдлаас гарах эсэх, дулааны тоолууртай болсноор алдагдлыг хэрхэн бууруулах, үнэ тарифын өсөлтийг зохицуулсан талаар илүүтэй лавлаж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн М.Энхцэцэг:

-Дулаан хангамжийн дутагдлыг бууруулахын тулд хуулийн төсөлд хэсэгчилсэн бие даасан дулаан хангамжийн системийн асуудлыг шинээр тусгасан. Энэхүү системд тусгай зөвшөөрөл авах, үнэ тариф батлуулах, зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл хийлгэх зэрэг асуудалд төр оролцохоо болихоор хувийн хэвшлийнхэнд дулаан хангамжийн дутагдалд байгаа олон мянган хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх боломжийг нээж өгч байгаа юм. Түүнчлэн дулаан хангамжаасаа болоод орон сууц, барилга байгууламж төвлөрөөд байгаа учир үүнийг тархмал байдлаар шийдвэрлэх эрх зүйн орчныг нээснээр дулааны хангамжийн хомсдол багасгана гэв.

photo_2026-10-15_13-19-48.jpg

Түүнчлэн бид тоолж чадахгүй байгаа болохоор дамжуулах сүлжээ, түгээх сүлжээ, бүр хэрэглэгч дээр дулааныхаа хэдэн хувийг алдаж буй талаар тодорхой мэдэхгүй байгаа. Дулааны тоолууртай болсноор алдагдлаа хаана гарч буйг мэдэхийн зэрэгцээ хэмнэлт хийх боломж бүрдэнэ. Мөн тоолуургүй учраас дулаан алдагдлаа тоохгүй, байшингаа дулаалахгүй байгаа хэмээн төсөл санаачлагч гишүүн хариулж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн М.Энхцэцэг:

-Хуулийн төсөлд дулааны үнийг батлах аргачлалуудыг өртгийн, урамшуулалт тариф, индексжүүлэлтийн тариф, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр тохирсон үнэ гэх зэргээр тодорхой тусгасан. Тухайлбал, өртөг гэдэгт анхны хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал гээд энэ бүх асуудлыг тодорхойлохын тулд санхүүгийн нэгдсэн стандарт гэж байдаг. Үнийг бодитой эсэхийг нягталдаг, аудит хийсний үндсэн дээр үнэ тарифаар батлах ёстой юм гэж байв.

Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. Үдээс хойш хуулийн төслийн талаарх гишүүдийн асуулт хариултаар үргэлжилнэ

11 : 11
2026-10-15

"Хуучин дээлээ олон нөхсөн Статистикийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай"

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 7 гишүүн 2026.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ төслийг хэлэлцэв. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Очирбат танилцууллаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол зайлшгүй шаардлагатай байна. 1997 онд баталсан хууль одоо 30 дахь жил рүүгээ орж байна. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 20 гаруй удаагийн өөрчлөлтийг хийсэн. Зүйрлэвэл хуучин дээлээ олон нөхсөн хууль. Тийм учраас нийгмийн шинэ харилцаа, үг хэллэг, нэр томъёо, зохицуулалт, хариуцлагыг эрх зүйн зөв хэм хэмжээнд нь оруулахын тулд зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай болсон. Одоо 30 байтугай гурван жилийн өмнө байсан технологийн боломж жилээр биш сараар хурдацтай өсч хөгжиж байна. Сүүлийн үед хиймэл оюун ухаан бол төрийн шийдвэр гаргах түвшний хурд, уялдаа холбоог 70 хүртэлх хувиар үр өгөөжтэй болгох, төрийг үйлчилгээг хялбарчлах боломжтой болсон. Гэтэл статистик нь зөвхөн тоон мэдээ цуглуулж, нэгтгэн дүгнэх гэсэн шаардлага хангахгүй хуулийн орчин байгаа учраас хурдтайгаар өөрчлөх хэрэгтэй. Төрийн байгууллагын өгөгдлийг статистикийн зорилгоор холбох, албан ёсны статистикийг мэргэжлийн хараат бус байдлаар гаргах агуулгыг дэмжиж байна. Жишээлбэл, утааны сонсгол хийхэд салбар яам, эрүүл мэндийн яам, нийслэл, ЕТГ, ЗГХЭГ дээр байгаа тоон мэдээлэл нь хоорондоо зөрдөг. Нэг сэдэв дээр 6-7 өөр статистик гарч байсан. Бид эх өгөгдлийг хиймэл оюун ашиглах шаардлага байна. 

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч А.Ариунзаяа:

-Манай статистикийн байгууллага 1924 оны арваннэгдүгээр сарын 11-нд Тоо бүртгэлийн хэлтэс нэртэйгээр долоон хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдаж байсан түүхтэй. Түүнээс хойш 1997 онд анхны хуулиа баталж, одоог хүртэл мөрдөгдөж байна. Судалгаа, тоон мэдээллийн анхдагч өгөгдөл нь хуулиараа тогтоогдож, зургаан бүлгийн 859 статистикийг тогтмол давтамжтайгаар боловсруулж, мэдээлдэг. Мөн түүнчлэн улсын хэмжээнд хоёр тооллого, есөн түүвэр судалгааг зохион байгуулдаг зохицуулалттай. 

Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу ямар судалгааг ямар давтамжтай хийх вэ гэдгийг хуулиар зааж өгсөн байдаг. Цаг тутамдаа үүсч байгаа нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар судалгаа явуулах гэхээр боломж нь хязгаарлагдсан юм шиг харагдаад байдаг. Тиймээс хуулийн шинэчлэлийн хүрээнд судалгаануудыг нэрлэн заагүй, тухай бүрт Арга зүйн зөвлөлөөрөө төлөвлөгөөндөө оруулж, судалгаа тооллогыг хийгээд явах юм. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Анхдагч мэдээлэл цуглуулахад бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгжүүдэд маш их ачаалал ирдэг. Төрийн байгууллагууд татвар, гааль, нийгмийн даатгалын байгууллагууд тухайн байгууллагуудаас ижил төстэй мэдээлэл авахыг хүсдэг. Нөгөө бизнес эрхлэгчид нэг мэдээллийг олон байгууллага руу давтан явуулдаг. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх вэ. Мөн аж ахуйн нэгж, жижиг болон дунд бизнес эрхлэгчид санхүү, үйл ажиллагааны бүртгэлээ стандартын дагуу хөтлөөгүйгээс хүндрэл алдаа дутагдал гарах тохиолдол бий. Төрийн байгууллагууд өгөгдөл солилцоход ямар ахиц дэвшил гарах вэ?

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:

-Цахимын багц хуулийн дагуу ААН-үүдээс статистик мэдээлэл авсан бол дахин авахгүй гэж тусгасан. Энэ оны дөрөвдүгээр сард явуулсан Эдийн засгийн тооллогоор төрийн 12 байгууллагын 19 мэдээллийн санг нэгтгээд, төрд байгаа мэдээллийг ААН-үүдээс дахин давтан авахгүй, НҮБ-ын өмнө хүлээсэн бидний хүлээсэн үүргийн дагуу тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтүүдийг явуулах хэлбэр рүү шилжсэн. Цаашдаа бэлэн өгөгдлүүдийг нэгтгэхээр ажиллаж байна. Цахимын багц хуулийг дагаад төрийн мэдээллийн "Хур" системийн дата нэгтгэлийг хийж байна. Жишээлбэл, өмнө нь хүн амын тооллогыг 10 жил тутамд давтамжтай хийдэг байсан бол 14 байгууллагын 29 мэдээллийн санг ашиглан жил бүр цахимаар хийх боломжтой болсон. Зарим нэг хуулийн хязгаараар мэдээлэл солилцдоггүй байдлыг зохицуулахаар тусгасан байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнгөрсөн гурван удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүн болж, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлсэн. МАН өнгөрсөн хугацаанд маш их хулгай хийсэн. Эх орноо тоносон энэ их хулгай ямар түвшинд явсныг ард түмэн мэдэж байгаа. Гэвч сүүлийн үед эрх баригчид гадаадын тонуулчидтай нийлж, Монголынхоо баялгийг тонож, дээд зиндаад очлоо. Өнгөрсөн 2016, 2020, 2024 оны сонгуулиар МАН-д зөвлөгөө өгсөн  БНСУ-ын компани 10 аймгийн дулааны станцын тендерийг авсан. Энэ тендерээ хийхгүй зугатаагаад алга болчихсон. Монголд оруулж ирсэн төмөр нь хог болж хувирах ажил хийсэн. Энийгээ 2027, 2028 оны сонгуульд хохирол учруулах учраас Оюутолгойн ногдол ашгаар дулааны станцуудыг санхүүжүүлж, ашиглалтад оруулах тухай ярьж байна. Ногдол ашиг луйвар нөхдөг байж болохгүй. Ерөнхий сайдын санал асуулгыг эсэргүүцэж байна. Ахмадын асуудлыг нэн тэргүүнд шийдэж, ойролцоогоор 10 их наяд төгрөгийг үе шаттайгаар 3 он дамжуулж санхүүжүүлбэл НДС асуудалгүй болж, ахмадын тэтгэвэр 1.5 сая төгрөгөөс дээш болж, зөрүү арилах боломжтой болгох юм. Тиймээс энэ ногдол ашгийг НДС-д хуваарилах шаардлагатай гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Өмнөх хуулийг бодвол ямар шинэ зохицуулалтыг тусгасан бэ. Статистикийн мэдээллийг хэрэглээнд оруулж, зах зээлийн дүн шинжилгээ хийх тал дээр ямар зохицуулалт, боломжийг оруулж байна вэ?

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Манай шинэ тутам үүсч байгаа мэдээллийн эх үүсвэрийг ашиглах хэрэгтэй. Тэр дунд И-баримтын мэдээллийн дүнг ашиглан хэрэглээний үнийн индексийг тооцдог байвал маш сайн. Бид Лхагва гариг бүр тогтсон цэг дээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой статистик мэдээллийг авдаг. Төр энэ мэт мэдээллийг өөрөө ашиглах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Дулааны станцууд нь өөрсдөө алдагдалтай ажиллаж, түгээхүүд нь ашигтай, авлигажсан хэлбэрээр ажиллаад байдаг. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна. Төрөөс дэмжлэг үзүүлж ажиллахыг заахдаа яаж бодитоор хэрэгжүүлж, тооцох вэ. Шугамын өмчлөгч, эзэмшигчтэй холбоотой харилцааг анхаарах хэрэгтэй. Бид энэ хуулийн төсөлд өмчлөгчийн эрх үүргийг хэрхэн зохицуулж байна вэ. Шинээр баригдсан хотхон хорооллын салаа дулааны шугамыг ойрын конторт хариуцуулахаар хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбоотой ямар заалт тусгасан бэ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн хуулийн төсөлд статистикийн байгууллагын ажилтан, төрийн захиргааны албан тушаалтан байна, тухайн ажилтны албан тушаалын цалин хөлс, урамшууллыг Улсын Их Хурлаас тогтооно гэсэн нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуультай нийцэж буй эсэх, статистикийн мэдээллийг улс төрийн зорилго, агуулгаар боловсруулах, улмаар статистикийн үйл ажиллагаа эрхлэх, мэдээлэл тархаахыг хориглоно гэсэн нь олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай улсад хэр нийцэхийг тодруулсан.

photo_2026-10-15_13-20-01.jpg

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Үндэсний статистикийн хороо нь Улсын Их Хурлын харьяа байгууллага тул цалин хөлсийг тогтоож байгаа гээд, ер нь төрийн байгууллагууд ажлын ачаалал нь адил атлаа зарим нь бага цалинтай, эсвэл хаана ажиллаж байна гэдгээсээ хамаарч өөр өөр цалин, зэрэг дэвтэй байж болохгүй. Үүнийг нэгдсэн байдлаар тогтоох нь зүйтэй гэдгийг хариултдаа тодотгов. Мөн хуулийн төсөлд статистикийн байгууллагын зэрэг дэвийг тогтоож, үүн дотроо орон нутаг орхигдсон байсныг нэмэлтээр оруулж ирж байгаагаараа онцлог гэв.

Харин Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, тухайн хориглосон заалт нь албан ёсны болон албан бус буюу хувь судлаачид, хувийн хэвшлийн гаргаж байгаа судалгааны мэдээллүүд, мэдээлэл цуглуулалт, түүвэр судалгаа, академик судалгаануудад үйлчлэхгүй хэмээн нэмэлт хариултыг өглөө. Түүнчлэн тэрбээр улс төрөөс хараат бус, урьдчилж ийм үзүүлэлтээр статистик мэдээлэл гаргахгүй гэсэн нь олон улсад "жимс түүх" гэж ярьдаг гоё үзүүлэлтүүдээ түүж аваад статистикийн байгууллагуудаар гаргуулаад, муу үзүүлэлтүүдийг орхидог тэрхүү үзэгдлээс сэргийлэх, хараат бус байдлаар ажиллуулах зорилгоор оруулсан гэж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, О.Саранчулуун нар хуулийн төслүүдийн талаар дэмжсэн, дэмжээгүй талаар байр сууриа илэрхийлэв. Ингээд Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтсон.

photo_2026-10-15_13-20-32.jpg

УИХ-ын гишүүд үг хэлж дууссан бөгөөд санал хураалтыг 13.00 цагаас нэгтгэн явуулна.

 

10 : 55
2026-10-15

Хуралдаанд 126 гишүүнээс 65 гишүүн оролцож байна

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Хуралдаанд 126 гишүүнээс 65 гишүүн буюу 51.6 хувийн ирцтэй байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нарт төрсөн өдрийн мэнд хүргэж, ард түмний элч болсон та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн М.Мандахай нарын 39 гишүүн 2026 оны аравдугаар сарын 7-нд өргөн мэдүүлснийг БОХХААБХ-нд хуваарилсан. 

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ хийж байна. Танилцуулгын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцуулав. Эдгээр хуулиудын төслүүд нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 78.9 хувиар дэмжигдлээ. Гишүүдийн олонх дэмжсэн тул гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороодод шилжүүллээ. 

10 : 49
2026-10-15

Хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар, 

1.Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

2.Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 7 гишүүн 2026.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

3.Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 31 гишүүн 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-15 202.126.88.150

10 аймгийн Төсөл дампууруулсан Эрчим Хүчнийхэнд Хууль батлуулж үхсэнэээ хийнээ !!!

Avatar

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР НЭГ Л БИШ ЭЭЭ 2026-10-15 202.70.38.250

Гэр хороололд өчнөөн дэд төвүүд татварын мөнгөөр бариад бариад ашиглагдахгүй нөгөөх нь цоожтой хамаг тоноглол нь эвдрээд үнэгүйдээд бж бдаг…..Улс Төр оролцосн Төсөл бүхэн нэг л Бүтэлгүй….Төр Татварын мөнгөөр үнэтэй орон сууц барьж байгаа нь бүүр ч хачин………

Avatar

Нэргүй 2026-10-15 202.70.38.250

Дулаан хангамжийн хууль бүү батлагдаасай, учир нь УБДС ХК гэх байгууллага Авилгал Хулгайгаа Баталж авч бна

Avatar

УИХ-ын ТГ-ын ахмад ажилтан Ш.Раднаа 2026-10-15 66.181.176.144

Дулаан хангамжийн асуудал нь бүх шатандаа асуудалтай. Ийм чухал хуулийн төслийн хэлэлцүүлэгт хариуцсан сайд, яамны албан тушаалтнуудыг оролцуулах хэрэгтэй. УИХ хууль баталлаа ч энэ хүмүүс л хэрэгжүүлнэ.Улсын Бага Хурлын үед хариуцсан албан тушаалтнууд байхгүй бол чуулганы хуралдаан даргалагч тэднийг дуудаж ирүүлэхийг үүрэг болгоод хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуудаг байсансан. Одоо хамаагүй болсон юм уу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж