niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 18:04 UTC Эх: https://news.mn/r/2892952/ 3c86298a7ca5e47d… ← niitlelch.mn руу буцах

ХЗБХ: Б.Амартүвшин: Хилээр зугтаж гарсан тохиолдол байхгүй

LiveХЗБХ: Б.Амартүвшин: Хилээр зугтаж гарсан тохиолдол байхгүй

ХЗБХ: Б.Амартүвшин: Хилээр зугтаж гарсан тохиолдол байхгүй
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
17 : 55
2026-10-14

ХЗБХ: Б.Амартүвшин: Хилээр зугтаж гарсан тохиолдол байхгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Хоёр сул орон тоонд, дөрвөн нэр дэвшигч тунаж үлдээд буй. Нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд, иргэдийн асуусан асуулт, хариултыг хүргэе.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Б.Амартүвшин: –Томилогдсон тохиолдолд шүүгчийн бие даасан байдлыг хангахын тулд тогтолцооны улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, ил тод байхад санал санаачилгатай ажилана. Сонгон шалгаруулалтын журмыг хүний нөөцийн асуудал гэж харахгүй интитуцын хөгжлийн хувьд авч үзнэ.

Оролцогч О.Үлэмж: -Таны танилцуулга уншихад цагдаа ч юм шиг санагдаж байна. Ажил байдлын намтар түүх хууль зүйн өндөр шалгуурыг хангана үзнэ гэж байна уу. Хэрэв улс төрийн нөлөөлөл орж ирвэл татгалзсанаар тогтох уу, мэдээлэх.

Нэр дэвшигч Б.Амартүвшин:-Өөрийн ажлын туршлагыг практик түвшинд тэлж, өөрийн хүсэл эрмэлзлэлийн дагуу ажиллаж ирсэн. ЦЕГ-т хүсэлт гаргаж ХУД-т хэрэг бүртгэгчээр ажилласан нь үүнтэй холбоотой. Заавал хуулийн байгууллагад хандана

Оролцогч н.Тамир: -Та өмнө нь АТГ-т шалгагдаж байсан, хилээр зугтсан зүйл байгаа юу. Ийм мэдээлэл гарсан УИХ-ын дарга С.Бямбацогттой холбоо хамаарал бий юү.

Нэр дэвшигч Б.Амартүвшин: -Оролцогчийн асуултыг би өчигдөр л харсан. Дөрвөн оролцогчийн зургийг тавиад нэр ус байхгүйгээр түгээсэн байсан. Уг мэдээллийн агуулгыг харахад 2020 оноос өмнөх асуудал байсан. Мөн төрийн захиргааны алба хашиж байхдаа гэсэн. Би 2020 оноос өмнө төрийн захиргааны ажил хийж байгаагүй. УИХ-ын дарга С.Бямбацогттой ямар нэг харилцаа хамаарал байхгүй.

Оролцогч Х.Батсайхан: –АТГ-тай холбоотой, хилээр гарах замаар шалгах ажиллагаанаас зугтсан гэх мэдээллийг тодруулъя. Өмнө нь эрхэлж байсан ажил албатай холбоотой ийм асуудал нотлогдвол яах вэ.

Нэр дэвшигч Б.Амартүвшин: –Миний хувьд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан, тэр тусмаа хилээр зугтааж гарсан гэдэг асуудал огт байхгүй. Баттай хэлье. Хэрэв ийм асуудал илэрвэл нэр дэвшигчээс 100 хувь татгалзана.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Нэр дэвшигчийн боловсрол, танилцуулгыг харлаа. Би уг нь ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнд Шинжлэх ухааны докторын зэрэгтэй хүмүүс орж ажиллаасай гэж боддог юм. Шүүгчийн хараат бус байдалд ямар ажил төлөвлөж ажиллах вэ. Шүүгч хараат бус байна гэдэг ер нь хэнээс хараат бус байхыг хэлж байна гэж боддог вэ. Үлгэр домог шиг зүйлс иргэдийн дунд яригддаг.  Мөн та гэмт хэргийн хохирогч болж байсан түүх байгаа юу?.

Нэр дэвшигч Б.Амартүвшин: –ШЕЗ-ийг таван шүүгч, таван шүүгч бус гишүүн байх нь захиргааны байгууллага буюу шүүхийн “гал тогоо”-г илүү чадварлаг авч явах бололцоог олгосон юм болов уу гэж боддог. Түүнээс залйшгүй доктор бах нь зөв гэдэг дээр итгэл үнэмшилтэй биш байна. Тогтолцооны ил тод байдлыг дээшлүүлж, өөрийн туршлага дээр тулгуурлаж шүүхийн төсөв дээр анхаарч ажиллана. Шүүгчийн хараат бус байдлыг хангаж ажиллаж байгаа байдал Монголд тодорхой түвшинд гарсан гэж үздэг. Цаашид шүүгчийн сонгон шалгаруулалтын нээлттэй болгох нь зүйтэй. Нээлттэй нийгэм форумаас хийсэн шүүхийн индексийн судалгаагаар ёс суртахуун, мэдлэг ур чадвар, шүүхийн шийдвэрийн үндэслэл 55 хувиас дээш хувьтай гарсан. Сүүлийн асуултын тухайд, хохирогч болж байсан түүх вий. Ажлын байран дээр хэвийн бус сэтгэлзүйтэй хүн миний биед халдаж байсан.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: –Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Бүх шүүгчийн муу гэж байгаа юм биш. Гэхдээ тодорхой хэмжээнд шүүгчид нөлөөлдөг зүйл байгаа. Хэрэв ШЕЗ-ийн шүүгч гишүүнээр сонгогдвол үүнд анхаарч ажиллаарай гэж хэлье.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: –Байгаа эрх мэдлийн хүрээнд өөрийнхөө шийдэж чадах асуудлыг ярих хэрэгтэй. Түүнээс хэт ерөнхий зүйл ярьж болохгүй. ШЕЗ бол хуулийг хэрэгжүүлэгч байгуулага шүү. Төсөв санхүү дээр хууль санаачлагч эрх бүхий байгууллага дээр ямар механизм нэвтрүүлбэл шүүх байгууллага хуульд заасаан эрх мэдлээ хэрэгжих вэ. Тодорхой шийдэл хэлээч.

Нэр дэвшигч Б.Амартүвшин: –Нэг хүндрэлтэй асуудал бий. Хөрөнгө оруулалтын төсвийг 2014 он, 2021, 2022, 2023 онд багасгаж явж байгаад 2024-2025 оноос 30-50 орчим төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Ойрын 1-2 жилдээ хөрөнгө оруулалт, байр цахимжилттай холбоотой асуудлаа шийдэж чадвал цаашид хүндрэл бага үүснэ. Урсгалын зардлын тухайд бол тухайн жилийн төсвийг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх эрх зүйн хамгаалалт бий.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:- Төрийн жинхэнэ хаагч гэдэг нэршил маш асуудалтай. Худлаа төрийн албан хаагч гэж байх юм уу. Тэгэхээр ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн ч тангараг өргөх ёстой гэж боддог. Тэр нь шүүгчийн тангараг байх эсэх нь тусдаа асуудал. Энэ тал дээр ямар бодолтой байна?

Нэр дэвшигч Б.Амартүвшин: –Санал нэг байна. Тангаргаас гадна, ШЕЗ-ийн гишүүн захиргааны байгууллага нь. Тэгсэн мөртлөө өөрөө шүүхийнхээ хараат бус авч явах институт болж байгаа юм. Шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг, инситут хамгаалж байгаа ШЕЗ-ийн гишүүн бөглөхгүй байгаа нь анхаарал татсан.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: -2023 оноос өмгөөллийн “Шинэ эргэлт партнерс” компанид зөвлөх гэсэн байна. Энд хувь эзэмшил бий юү.

Нэр дэвшигч Б.Амартүвшин: -Гэрээний үндсэн дээр зөвлөхөөр ажиллаж байгаа. Хэрэв томилогдсон тохиолдолд энэ гэрээг цуцална. Мөн улс төрийн ажил албан тушаалд томилогдохгүй гэдгээ хэлье.

Сонсгол түр завсарлаад 14:15 минутаас үргэлжлэв.

“Нэр дэвшигч Ч.Отгонсүрэн нь 2010 онд “Улаанбаатар эрдэм судлал” дээд сургуулийг эрх зүйч бакалавр мэргэжлээр төгссөн. 2016 онд МУИС-ийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн. 2014 оноос хяналтын прокурор, 2023 оноос өмөөлөгч, 2024 оноос “Монголын төмөр зам”-д Хууль эрх зүйн газрын дарга, 2025 онд ИНҮТ-д газрын даргаар ажиллаж байсан” хэмээн хуралдаан даргалагч Г.Уянгахишиг танилцуулав.

Сонсголд оролцогч иргэд болон УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авлаа.

Оролцогч Х.Батсайхан: -2023 онд прокурорын байгууллагаас өөрийн хүсэлтээр гарсан гэж байна. Прокурорын байгууллагад байхдаа дээд шатны хүнтэй харилцаатай байсан гэдэг мэдээлэл байна. Мөн одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаа гэж ойлгож. Шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлтээ өгсөнөөс хойш хэдхэн сарын дараа яагаад өөр газар орсон бэ.

Нэр дэвшигч Ч.Отгонсүрэн: –Прокурорын байгууллагаас өөрийн хүсэлтээр гарсан үндэслэл миний ажлаас чөлөөлөгдсөн тухай тодорхой байгаа. Тухайн үед 85 настай ээжийгээ харж хандах шаардлагатай байсан. Шүүгч бус гишүүнээр сонгогдох итгэл үнэмшил байсан. Гэхдээ аливаа шинэ зүйлд хүчээ сорих хүсэлтэй. Тиймээс уул уурхайн салбарт өөрийгөө сорихоор ажлын саналыг хүлээж авсан.

Оролцогч О.Үлэмж: –Та сая ажлаа танилцуулахдаа “урилгаар” гэж их ярилаа. Хэн уриад байдаг юм. Иргэний нүдээр харахад албан тушаалын дараалал нь намын “цүнх баригч” шиг санагдлаа. Мөн институцийн хараат бус байдал,  шүүгчийн шийдвэр гаргах хараат бус байдлын ялгааг юу гэж хардаг вэ.

Нэр дэвшигч Ч.Отгонсүрэн: –Намын харьяалалтай юм уу, ТӨК-иудад урилгаар ороод байгаа юм бэ гэж байна. Байхгүй. Түрүүн хэлсэнчилэн, өндөр настай ээжийгээ асрах нэг жилийн хугацаанд ажил хийх боломж гарсан. Тийм учраас мэргэжлээрээ ажиллах саналыг хүлээж авсан. Хоёр удаа надаас үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас ажлаа чөлөөлөгдсөн. Шүүгчийн хараат бус байдлын хараат бус байдал нь хүний шударгаар шүүлгэх эрхийн баталгаа болж байдгаараа онцлог.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: –Оролцогчдодоо хандаж уриалахад орон даяар шууд дамжуулж байгаа сонсгол дээр хүний эмзэг хувийн мэдээллийг ёс зүйтэй, шүүлтүүртэй асуух хэрэгтэй. Таны бидэнд ирүүлсэн мэдээллийг харлаа англи хэдээр нуль алдаа. 10 үгийн 4-5 нь дүрмийн болон утгын алдаатай. Эрдэс шинжилгээний нийтлэл ийм хариуцлагагүй байж болохгүй. ШЕЗ-ийн үйл ажиллагаа идэвхтэй явуулахын тулд хөрөнгө оруулалт хэрхэн батлагдах вэ гэдэг агуулга түрүүн хэлсэн. Энэ яг юу гэсэн үг вэ.

Нэр дэвшигч Ч.Отгонсүрэн: -Шүүхэд тулгамдаад байгаа асудлыг шийдвэрлэх гарц нь улсын төсөв байгаад байна. Зарим тохиолдолд хэмнэлтээд төсвөөс хасагдах үе байна. Тиймээс бид эргээд гаднын хөрөнгө оруулалт буюу концессын гэрээгээр энэ асуудлыг шийдэж,  шүүх нь байртай, тоног төхөөрөмжтэй байх боломжтой юм болов уу.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: –Монгол Улс шударга ёс тогтоох шүүхийнхээ үйл ажиллагааг хангах хэмжээнд байрыг нь барьж өгөхгүй бол гаднын хөрөнгө оруулалт оруулна гэсэн үг юм уу.

Нэр дэвшигч Ч.Отгонсүрэн: –Үндсэн хуульд зааснаар шүүхийн санхүү эдийн засгийг төрөөс гаргахаар тусгасан. Үнэхээр боломжгүй байгаа бол Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах боломжийг судлъя гэж байгаа юм.

С.Эрдэнэболд: –Одоогоор ийм судалгаа явахгүй байгааг анзаарч байна уу. Төсөв дээр шүүхийн 700 гаруй төгрөгийн тэрбум санал орж ирсэн. Үүнээс 300 орчим нь явж байна. 50 хувь нв гэсэн үг. Шалтгаан нь шинээр хөрөнгө оруулалтын төсөл эхлүүлэхгүй, өмнөх төслүүдээ урагшлуулах. ОХУ-ын үл хөдлөхөд бүргэлтэй байсан Дарханы шүх бөөн юм болж, өөрийн гэсэн байртай болж байх жишээтэй. Мөрийн хөтөлбөр дэвшүүлэхдээ асуудлыг бодитой, гүнзгий судлах хэрэгтэй. Зээл авлаа гэхэд УИХ-ын маш олон процесс бий. Шууд болон шууд  бус утгаараа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай холбоотой асуудал шүү.

Үргэлжлүүлэн ШЕЗ-ийн шүүгч бус нэр дэвшигч Б.Даваажавын танилцуулгыг сонсож, хэлэлцэв. Хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл, хийсэн судалгааны ажлынхаа жагсаалт, холбогдох баримтыг бусад оролцогчидтой харьцуулахад дэлгэрэнгүй ирүүлсэн. Тухайлбал, Сонгуулийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал, Орон сууц хөлслөх гэрээний зарим асуудал, Монголын гэр бүлийн хүрээний эрх зүй, эрхзүйн процесс, олон практик сэдэвт бүтээлүүд байна. Эрхзүйч, багш, судлаачаар ажилласан туршлага өндөр байгааг илтгэгч гишүүн тэмдэглэв.

Оролцогч н.Сэргэлэн: -Таны танилцуулгад шүүхийн шинэ үеийн бодлогыг хэрэгжүүлж ажиллана гэсэн байна. Энэ ямар бодлого вэ.

Нэр дэвшигч Б.Даваажав: –Сүүлийн үед дэлхий нийтэд хиймэл оюун, мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байна. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, улмаар шүүхийн цахимжилтыг сайжруулахтай холбогдоно. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас шийдвэр гарагх хүртэл бүх үйл ажиллагаанд хйимэл оюун ухаанд суурилаад цахим болгохоор төлөвлөж байгаа юм билээ. Үүнд анхаарч, ач холбогдол өгч ажиллана. Энэ нь маш ач холбогдолтой. Хүнтэй харьцах нь буурахаар авлигын эрсдэл буурна. Иргэдийн итгэл үнэмшил дээшилнэ.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: -Хариултаа товч тодорхой өгөөд яваарай. Бидний мэдэж байгаа мэдээллийг хэт нуршаад байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Хувийн эрх зүйн судалгаа хийдэг гэжээ. Тэр өнцгөөс шүүхийн салбар дахь асуудлыг юу гэж харж байна. Хаана багшилж байсан. Одоо өмгөөлөгчөөрөө ажиллаж байгаа юу багшилж байгаа юм уу.

Нэр дэвшигч Б.Даваажав: –2018 он хүртэл Цагдаагийн академи, Хууль сахиулах их сургууль, ДХИС-д 10 жил багшилсан. Сургуулийн нэр өөрчлөгдсөн учраа тодотгож хэллээ. 2018 оноос өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж өмгөөллийн ажилдаа анхаарсан. Өнгөрсөн жил 175 мянган хэрэг маргаан шүүхээр шийдэгдсэний 95 мянга орчим нь иргэнийх. Арилжааны шүүх гэж төрөлжүүлэх хуулийн төсөл явж байсныг зүйтэй гэж харсан.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: -Надад тодруулах зүйл байна. Та өөрийгөө ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд тэнцэх өндөр мэргэшсэн байдал гэдгийг юугаар нотлох вэ.

Нэр дэвшигч Б.Даваажав: –Шүүхийн тухай хуульд хууль зүйн өндөр мэргэшил гэдгийг тодорхойлсон зүйл үгүй. Тавьсан шаардлагынх нь хүрээнд нэгтгээд харвал 10 болон түүнээс дээш жил эрхзүйч мэргэжлээрээ ажиллаж байгаа, хууль зүйн мэргэжил, мэдлэг ур чадвартай байхыг хэлж байна гэж ойлгож болно. Миний хувьд багшаар ажилласан, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсэн. Түүнчлэн хуульч, өмгөөллийн практик ажлыг тасралтгүй эрхэлсэн. Хууль зүйн салбарт 22 дох жилдээ ажиллаж байна. Хуулийн фирмийнхэнтэй 80 гаруй хэрэг дээр ажиллаж байна.

Сонсголын хүрээнд дөрвөн нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авч дууслаа. Зохих журмын дагуу сонсголын тайланг хоёр өдрийн дотор хаалттай хуралдаж, сонсголд оролцогчдын олонхын саналаар гаргах юм. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сул орон тооны сонгон шалгаруулалтыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдэх юм.

 

 

 

 

 

12 : 47
2026-10-14

ХЗБХ: Г.Эрдэнэбулган: Шүүгчийн сонгон шалгаруулалтын ил тод байдлыг дээшлүүлэх ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн |2026.10.14| хуралдаанаар "Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол"-ыг хэлэлцлээ. Хуралдаан 10:03 цагт 60.7 хувийн ирцтэйгээр эхлэв. Саналын дарааллаар эрэмбэлсэн. Нууц санал хураалт явуулж, Ажлын хэсгийн 11 гишүүн оролцоход 12 нэр дэвшигчээс

  • Г.Эрдэнэбулган -8
  • Б.Амартүвшин -6
  • Ч.Отгонсүрэн -6
  • Б.Даваажав 6 санал тус тус авсан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Журмын дагуу нэр дэвшигчдийг нэг нэгээр нь танхимд оруулж, хэлэлцэв. Эхний нэр дэвшигч Г.Эрдэнэбулган. Тэрбээр эрх зүйч мэргэжлээр 17 жил ажилласан, 2013-2015 онд Барилга хот байгуулалтын яаманд Хуулийн хэлтсийн дарга, 2015- 2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт  Хууль эрх зүйн газар Засгийн газрын референт, 2022-2023 онд  “Ханхөгшин” интернэшнл ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал, 2023-2025 онд ХЗДХЯ-д Хууль зүйн бодлогын газрын дарга, Сургалт сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга, 2026 он хүртэл Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар тус ажилласан туршлагатай аж. Сүүлийн таван жил улс төрийн болон намын удирдах албан тушаалд ажиллаж байгаагүй.  Шүүхийн тухай хуулийн 76.3-т заасан шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан байна.

УИХ-ын гишүүд Ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Өмнө нь ч ийм зарчмаар сонгон шалгаруулж ирсэн. Гэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй нүүр тулдаг, ажлын хэсгийн гишүүдэд дарамт шахалт гарсан гэдгийг өмнөх гишүүд ярьж байсан удаатай. Ийм зүйл тулгарав уу. Улстөрчдөөс шахалт үзүүлэх зүйл гарсан уу. Ажлын хэсэг байгуулахаас эхлээд алдсан шүү гэдгийг дахин хэлж, протоколд тэмдэглүүлье. Тодруулбал, УДШ-ийн судалгааны академиас нэр авсан. Хэд хэдэн байгууллагаас нэр авснаа таалагдсанаа сонгоод явдаг юм билээ. Ийм үзэмжээр шийддэг байдлаа халах ёстой. Цаашид Хууль зүйн байнгын хороо анхаарна биз. Зар тараагаад л өнгөрсөн болохоос хуульчдын дунд сонгон шалгаруулалт, сонсгол хэр нээлттэй байж чадсан бэ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Сонсгол явуулаад нэлээд хэдэн жил болчихлоо, улам сайжирч байгаа. Өмнөх сонсголууд дээр тиймэрхүү хэл ам гарсан юм билээ. Сайжруулсан журмын дагуу энэ сонгон шалгаруулалтыг хийсэн. Ажлын хэсэг дүрэм журмын дагуу ажлаа хийсэн, ямар нэг дарамт шахалт гараагүй. Анх 24 хүн сонгон шалгаруулалт орж ирснээс өнөөдөр дөрвөн хүн хоёр орон тоон дээр өрсөлдөөд сууж байна.

Илтгэгч гишүүн: Аливаа дарамт шахалт, сүрдүүлгийн чанартай зүйл гараагүй. Ажлын хэсгийн дотоод зохион байгуулалт ойлгомжтой байсан. Зарлан мэдээлэх агуулгын тухайд оролцоогүй учраас хариулт алга.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: –Шүүхийн ерөнхий зөвлөл бол маш чухал чиг үүрэг бүхий байгууллага. Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн аюулгүй байдал. Шүүмжлэгдээд байдаг хэсгүүдэд ажиллах ёстой. Имй юм шүүхэд хийнэ гэсэн хүсэл эрмэлзэл сонгон шалгаруулалт хэдэн хувийг эзэлдэг юм, хэрхэн үнэлдэг вэ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ажлын хэсгийн хуралдаан бүр дээр таны тавьсан асуултыг нэр дэвшигчийн шаардлага хангасан 12 хүнээс асуусан. Протокол нь байгаа, та шаардлагатай бол үзэж болно. УИХ-ын дарга ч дуудаж, сөрөг хүчнээс ахлагчийг нь сонгоё гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: -Асуултыг нарийвчилбал, 20 гаруй хүнээс дөрвөн хүнийг шигжишж оруулж ирэхэд шүүх тогтолцоог сайжуруулах, хийх хүсэл эрмэлзэл нь хэр өндөр үнэлгээ болдог вэ?

УИХ-ын гишүүн Д.Ганбат: –Шаардлага хангасан 12 нэр дэвшигчээс хэрэв томилогдвол юу хийх, хэрхэн ажиллах вэ гэдгийг асуусан.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:- Нэмж хэлэхэд, энэхүү сонгон шалгаруулалт 2026 оны дөрөвдүгээр сард батлагдсан шинэчлэгдсэн журмаар явж байгаа.  Үнэлгээний хувьд тусгайлсан энэ ур чадвар нь тэдэн хувь гэж заасан зүйл байхгүй. Тэгэхээр ажлын хэсгийн гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгсөн гэж ойлгож болохоор байна.

Хуралдаанд ажиглагчаар нэг, оролцогчоор таван иргэн оролцлоо. Оролцогчдын зүгээс асуусан “ХЗДХЯ, ЗГХЭГ зэрэг байгууллагад ажиллахдаа тусгай шалгалт өгсөн үү, Яагаад МУИС-аас ДХИС рүү шилжин суралцсан бэ, хэрвээ томилогдон ажиллах хугацаанд улс төрийн нөлөөлөл тулгарвал хэрхэх вэ, Б.Энхбаяр сайдтай ямар хамааралтай вэ зэрэг асуултад нэр дэвшигч хариулт өгөв.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган: –Шүүгчийн сонгон шалгаруулалтын ил тод байдлыг дээшлүүлэх ёстой. Хуульчийн мэргэжлийн ур чадварыг үнэлэхээс гадна шүүгчийн ёс зүй, зан төлвийн шалгуурыг ил тод болгох нь зүйтэй. Тэр хэрээр иргэдийн итгэл үнэмшил нэмэгдэнэ. Мөн нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж ирүүлэх тоо давтамж, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хувь хүнийхээ хувьд дагнасан шүүхийг дэмждэг, хуулийн хэрэгжилтийн үр өгөөжийг дээшүүлэхэд анхаарч ажиллана. 2013 оноос төрийн албанд ажилласан. Энэ хугацаанд ажилласан ажлууддаа зохих шалгалтуудыг өгч орсон. 2022-2024 онд магистрын зэргээр суралцсан. Суралцах явцдаа МУИС-аас ДХИС-д шилжсэн. Тухайн үед ХЗДХЯ-нд ажиллаж байсан учраас салбарын онцлогийг илүү таньж мэдэх, мэргэшсэн багш нараас хичээл сонсохыг хүссэн. ШЕЗ-ийн гишүүн хараат бусаар ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах ёстой. Улс төрийн нөлөөлөл ирвэл түүнийг бүртгэж, баримтжуулж мэдэгдэнэ. Хувийн харилцаа бүхий танил хүн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшвэл татгалзах ёстой. Б.Энхбаяр сайдтай ажил хэргийн харилцаатай явж ирсэн. Миний хувьд төрийн албанд мерит зарчмаар дэвшсэн. ХЗДХЯ үүний нэг нь. Яамны тухайд томилох чөлөөлөх, дотроо шилжин ажиллахыг ТНБД-ын тушаалаар шийддэг.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: –Таны цаасан дээрх танилцуулгатай харьцуулахад оролцогчдын асуултад хариулж байгаа чинь хангалтгүй байна. Би дахин тодруулж асууя. МУИС муу сургууль болохоор шилжсэн гэж байгаа юм шиг дутуу хариуллаа. Үүнд тодорхой хариулт авъя. Энд тараагдсан танилцуулга дээр таны эзэмшсэн боловсрол алга. Нэг л их хуулийн төсөл боловсруулахад оролцсон л гэсэн зүйл байна. Туршлага хангалтгүй. ШЕЗ-ийн гишүүнд дор хаяж хуульч мэргэжил эзэмшсэн, өмгөөлөгч хийгээд үзччихсэн хүн очих ёстой болов уу.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган: -2009 онд МУИС-ийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн, 2024 онд ДХИС-ийг эрх зүйн магистраар төгссөн. Анх МУИС-д элссэн. Магистрын хөтөлбөрийн хичээлүүдийг танхим болон цахимаар сонгон суралцсан. 2015 онд Хуульчдын холбооноос хуульчийн гэрчилгээгээ авсан. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвших шаардлагыг хангаж байгаа учраас нэр дэвшүүлсэн.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: –Бидэнд ирсэн мэдээлэлд эзэмшсэн мэргэжил, төгссөн он байхгүй байна. Ажлын хэсэг анхаарна биз. Ер нь бол асуултад тодруулгагүйгээр хариулаад явчих ёстой юм

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Аливаа хуулийн төсөл боловсруулахад ядаж эх бичигчээр ажиллаж үзсэн үү. Энд миний боловсруулсан Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн нарийн бичгээр ажилласан гэж бичжээ. Би гэхдээ өөрийг чинь хараагүй юм байна. Оролцогчийн болоод Б.Баярбаатар гишүүний асуултад он сартай хариулаад мухарлачих. ХЗДХЯ-д хэдэн оны хэддүгээр сард орсон, ДХИС рүү хэзээ шилжиж, төгссөн бэ. Би ХЗДХЯ-ны газрын даргын түвшинд оччихоод шууд удирдлага дахь ДХИС сурна гэдэг бол ашиг сонирхол. Чи юу гэж бодож байна. Ажил үүрэгтэй ямар ч холбоогүй асуудлаар дүгнэлт гаргаж, тэр нь улсын бүртгэл өөрчлөхөд нөлөөлж байсан гэж байна.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган: –Хэд хэдэн хуулийн төслийн эх бичигчээр ажиллаж байна. Төрийн албаны нэмэлт өөрчлөлтийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2016 оноос эхэлж байсан. Тухайн үед ЗГХЭГ, нийслэлээс хамтарсан ажлын хэсэг гарч, би  нарийн бичгээр ажилласан. Дараа нь ажлын хэсэг өөрчлөгдөөд явсан.  Хоёрдугаарт, 2023 оны аравдугаар сард ХЗДХЯ-нд томилогдсон. 2024 оны тавдугаар сард ДХИС-ийг төгссөн.  2024 оны нэгдүгээр сард МУИС-аас шилжин суралцсан, тэр хүртэл ихэнх кредитээ судалсан байсан. Энд ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Авлигатай тэмцэх үндэсний төлөвлөгөө боловсруулсан гэж танилцуулгад бичжээ. Авлига буурсан уу, энэ төлөвлөгөө хэр хэрэгжсэн. Тийм, үгүй гэдэг тодорхой асуулт хүсэж байна.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган: –Авлигын төсөөллийн индексээр манай улс байр ухарсан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг боловруулах ажлын хэсэгт оролцсон юм байна. Үр дүн гарсан уу.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган: –Хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн мэдүүлэгдчихсэн байгаа. Тогтолцооны хувьд донтсон иргэдийг эмчлэх чиглэл рүү явах ёстой.

С.Эрдэнэболд: Жагсаал цуглааны Үндсэн хуульд олгогдож байгаа улс төрийн эрхийг хангах нь зөв гэж итгэл үнэмшилтэй байдаг уу.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган: –Иргэний үндсэн эрхийг хангах нөхцөлийг төр бүрдүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд, 2026 оны тавдугаар сарын 1-ний УИХ-ын 15 тогтоолтой танилцаж байсан уу. Энэ тогтоолын хэрэгжилтийг дэмжих үйл явцыг та юу гэж харж байна.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган:- Уучлаарай, одоо шууд хэлж мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Шүүхийн хараат бус байдалд анхаарах, шүүгчийн ачааллыг бууруулах зэрэг дөрвөн чиглэлд анхаарч ажиллана гэж танилцуулгад дурджээ. Үүнийг өмнө нь хүмүүс зөндөө ярьчихсан. ШЕЗ-өөс гаргасан судалгаагаар иргэдийн итгэл үнэмшил муу байгаа. Одоо иргэд прагматик асуулт хүсэж байгаа. Шүүгчдийг авлигаас ангид байлгаж чадах юм уу. Та авлигатай тэмцэж чадах уу.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган: –Шүүгчийн цалин хөлс тогтмол мониторинг хийж ажиллах зүйтэй. Авлигаас ангид байхад голлох нөхцөл.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Хуралдаан даргалагчийн хувьд УИХ-ын гишүүдийн асуулт, хариулттай холбоотойгоор тодруулах зүйл байна. ХЗДХЯ-ны газрын даргын албан тушаалд магистрын зэрэгтэй байх шаардлага тавигддаг санагдаж байна.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган: –2023 онд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2024 оны аравдугаар сард тусгай шалгалт өгч, жинхлэн томилогдсон. Сургалт сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газар сонгуулийн дараа шинээр байгуулагдсан. Чиг үүргийн хувьд бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах. Арваннэгдүгээр сард энд томилогдсон. Диплом бичихгүйгээр үндсэн кредитээ судалж төгссөн.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: -Та ашиг сонирхлын зөрчилгүй гэж хэлж байна. Гэхдээ ёс зүйн талаасаа ч асуудалтай байна гэдгийг л оролцогчид хэлээд байгаа юм. Одоо ЗГХЭГ-т ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо. Хэрэв сонгогдоод ажилласан тохиолдолд энэ ажлаа яах билээ.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган: –ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 2026 оны тавдугаар сард нэрээ дэвшүүлсэн. Тухайн үед ХЗДХЯ-нд ажиллаж байгаад долоодугаар сарын 23-нд ЗГХЭГ-т шилжин томилогдсон. Хэрэв шүүгч бус гишүүнээр сонгогдон ажиллахаар болбол ажлаа өгнө.

Оролцогч О.Үлэмж: -Нэр дэвшигч төрийн албаны мерит зарчим гэж маш их ярилаа.

Та төрийн албанд хүнд суртал бугшсан бүх цаг хугацаанд ажиллажээ. Б.Энхбаяр гишүүн хаана явна тэнд яваад байсан харагдаж байна.

Төгссөн сургууль, боловсрол асуулт хариулт дунд л тодорхой болж байна. Гэтэл ажлын хэсэг хамгийн өндөр оноо өгчээ. Сая бас танилцуулга дунд “Нью прогресс” гээд УИХ-ын дарга ч ороод ирж байх шиг байна. Таныг нэрээ татаасай гэж хүсэж байна.

Үргэлжлүүлэн Б.Амартүвшингийн талаар хэлэлцэж эхэллээ.

П.ДАВААЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-14 202.21.104.2

Нэрээ тат.ч гэх шиг дураараа юм бэ. Нэг комедиан, энд тэндхийн жагсаал самарч явдаг тролл хүүхэн орж ирээд солиотой юм ярихаар нь УИХ-ын ажлын хэсэг хийсэн ажлаа үгүйсгээд л сууж байдаг юм гэж байх уу. Бас багцаатай амьдармаар байна шүү бүгдээрээ. Бүх пмыг харлуулах дон туссан юмуу хаашайн.

Avatar

Нэргүй 2026-10-14 202.21.104.2

Г.Эрдэнэбулганыг дэмжиж байна. Чадалтай залуу.

Avatar

Нэргүй 2026-10-14 59.153.112.28

фитнест явдиму, намын томилгоо гэдэг н шууд харагдлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж