Шинжлэх ухааны хичээлийг зөвхөн сурах бичиг, зураг, бичлэгээр хязгаарлаж ойлгож болохгүй. Сурагчид өөрийн гараар туршиж, бодитоор мэдэрч суралцах нь тухайн мэдлэгийг улам батжуулна. Гэвч сургалтын байгууллагуудын лабораторийн тоног төхөөрөмж хүртээмжгүй байгаа нь шинжлэх ухааны боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна.
Энэ тулгамдсан асуудлыг дотоодын үйлдвэрлэлээр шийдвэрлэхийг зорьж, сургалтын багаж болон лабораторийн тоног төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэж, хөгжүүлж буй нэгэн гарааны бизнес бол МУИС-ийн дэргэдэх гарааны "CreatiVision" Креативишн стартап компани юм. Тус компани нь шинжлэх ухааны боловсролд зориулсан лабораторийн төхөөрөмжийн дизайн, инженерчлэлийг шинээр хөгжүүлэх, зааварчилгаа боловсруулах, олноор үйлдвэрлэн сургуулиудад нийлүүлэх цогц үйл ажиллагаа эрхэлдэг.
Өөрөөр хэлбэл, гадаадаас өндөр өртөгтэй бэлэн тоног төхөөрөмж импортолдог байдлыг халж, монгол сурагч, оюутнуудын онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалтын багажийг эх орондоо үйлдвэрлэж, хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Тэдний зорилго бол зөвхөн тоног төхөөрөмж үйлдвэрлэх биш. Шинжлэх ухааныг зааж, сургах арга барилд өөрчлөлт авчрах. Чанартай тоног төхөөрөмж, ойлгомжтой заавар, хүртээмжтэй сургалтын орчин бүрдсэнээр хүүхэд бүр шинжлэх ухааныг өөрийн гараар туршиж, бүтээж, сонирхох боломжтой болно гэдгийг хэлж байв.
Энэхүү төсөл нь анх 2023 онд багш, оюутнуудын хамтарсан гарааны бизнесийн тэмцээнээс эхэлжээ. Тухайн үед МУИС-ийн Физикийн тэнхимийн оюутнуудын баг амжилттай оролцон хоёрдугаар байр эзэлснээр гарааны компани байгуулах эрх авсан байна.

МУИС-ийн дэргэдэх гарааны Креативишн компанийн гүйцэтгэх ахлах инженер Г.Бүрэнхангай компанийн үүсэл хөгжлийг дунд сургуулиудын физикийн хичээлийн туршилтын орчинтой холбон тайлбарлав. Тэрбээр "Урьд нь сургуулиуд лабораторийн тоног төхөөрөмжөө гадаадаас өндөр үнээр аван, эвдрэхээс сэргийлэн сурагчдад тэр бүр ашиглуулдаггүй байсан. Мөн импортын төхөөрөмжийн зааварчилгаа сурагчдад ойлгомжгүй байх тохиолдол цөөнгүй гардаг" гэв.
Харин Креативишн компанийн хувьд тоног төхөөрөмжөө өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэхийн зэрэгцээ ашиглах зааврыг нь мөн дотооддоо боловсруулдаг. Ингэснээр сурагчид зөвхөн багшийн тайлбарыг сонсох бус, тухайн хичээлээр үзэж буй онолоо өөрийн гараар туршиж, бодит үр дүнгээр нь ойлгох боломж бүрдэж байгаа юм.

МУИС-ийн Физик электроникийн тэнхимийн багш, тус компанийн гүйцэтгэх захирал М.Алтансүхийн хэлснээр, тэд бүтээгдэхүүний механизмаас эхлээд электрон болон программ хангамжийн хэсгийг 100 хувь дотооддоо хөгжүүлдэг. Мөн оюутнуудтай хамтарч, цалинжуулан ажиллуулдаг байна.
Зөвхөн өнгөрсөн зуны хугацаанд “Креативишн” компани “Интерсайенс” компанитай хамтран 10 төрлийн 350 ширхэг сургалтын багаж төхөөрөмж зохион бүтээж нийлүүлжээ.
Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн нэг компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс гадна оюутнуудын хувьд эзэмшиж буй мэргэжлээрээ бодит бүтээгдэхүүн хийж гүйцэтгэх туршлага, дадлага болж байна. Тухайлбал, МУИС-ийн Физик электроникийн III түвшний оюутан И.Энхмэнд нэгдүгээр курсын хавраас эхлэн тус компанид ажиллаж, шугаман тэлэлтийг хэмжих багажийн программ хангамж болон электроникийн хэсгийг боловсруулахад оролцжээ. Энэ нь түүнд мэргэжлийн мэдлэгээ практикт ашиглахын зэрэгцээ орлого олох таатай боломжийг олгосон байна.

МУИС-ийн дэргэдэх гарааны “Креативишн” компанийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэгч Б.Хишигсүрэн:
-Би энэ компанид оюутан байх үеэсээ ажиллаж эхэлсэн. Сургуулиа төгсөөд хөгжүүлэлт, судалгааны чиглэлээр ажиллаж байна. Манай компани 2023 оноос улсын физикийн олимпиадын туршилтын төхөөрөмжийг үйлдвэрлэж ирсэн. Энэ хугацаанд хүүхдүүдийн сэтгэл ханамж өндөр байсан учраас цаашид эдгээр бүтээгдэхүүнээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүргэхийг зорьж байна. Бидний гол зорилго бол физикийн хичээлийг зөвхөн самбар, шохой ашиглан заах аргаас илүүтэй туршилтад суурилсан байдлаар явуулах юм.
Хүүхдүүд өөрсдөө туршилт хийж, үзэж, хэмжиж, үр дүнг нь харж байж физикийн хичээлийг илүү сонирхолтой, хүртээмжтэй, чанартайгаар сурах боломжтой гэж бодож байна.
Мөн бид Боловсролын яамтай хамтран эдгээр сургалтын багаж, төхөөрөмжийг ерөнхий боловсролын сургуулиудад түгээх зорилготой байгаа. Хэрэв энэ чиглэлд яамны зүгээс дэмжлэг үзүүлбэл сургалт, судалгаа төдийгүй хүүхдүүдийн байгалийн шинжлэх ухааны мэдлэг, чадварт бодит ахиц, үр дүн авчирна гэж харж байна гэлээ.
Цаашид боловсролын асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллага, салбарын бусад түншүүдтэй хамтран ажиллаж, дотоодод үйлдвэрлэсэн сургалтын төхөөрөмжийг олон сургуульд хүргэхээр төлөвлөж байна. Энэхүү санаачилгыг бодлогоор дэмжвэл сурагчдын байгалийн шинжлэх ухааны мэдлэг болон практик чадварт бодитой ахиц дэвшил гарна гэдгийг тус компанийн хамт олон хэлж байлаа.








3,605.46





















































bmbrshhn 2026-10-09 66.181.178.74
Бахархаж байна чамаараа🎀
Нэргүй 2026-10-09 64.119.19.133
зөв ш дээ. өарсдөө хийхээс эхэлнэ
хүннү 2026-10-09 122.201.31.54
Сайн байна баяр хүргэе.
Дорж 2026-10-09 2.132.181.228
Монгол хэнийг толь бичигт Креативишн гэдэг үг олдсонгүй.
Монголоор юу гэж байгаа юм бол?
sadfsda 2026-10-09 172.226.43.254
англи зохиосон үг
Нэргүй 2026-10-09 103.212.162.217
дорж гэдэг үг бас олдсонгүй с** минь